x

Н.Энхбаяр: Эдийн засагт нөлөөтэй мега төслөө хууль зүйн хүний нүдээр хараад байж болохгүй

"ТӨМӨР ЗАМ, ЭРЧИМ ХҮЧ, ШАТАХУУНЫ ХАМААРЛАА БУУРУУЛАХГҮЙ БОЛ ОХУ БИДЭНД ЦААШИД Ч ИНГЭЖ ХАНДСААР БАЙХ БОЛНО"

Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

-Оюу толгойн хэлэлцээр тойрсон асуудлууд халуун сэдэв хэвээр байна. Сая Засгийн зүгээс “Хөрөнгө оруулагч тал бидэнд буулт хийлээ" гэсэн агуулгатай мэдээлэл цацлаа л даа. Өнөө л засаг нь дээрээс харсан хандлага хэвээр байх шиг. Энэ янзаараа бол хэлэлцээр сунжирсан хэвээр явах нь ээ гэсэн болгоомжлол төрөөд байх юм...?

- "Рио Тинто" Африкт байгаа зарим төслөө зараад эхэлчихсэн.Төдийгөөс өдий хүртэл Оюу толгой гэдэг мега төсөлдөө дээрээс харсан хандлагаа үргэлжлүүлээд байвал Монголд хэрэгжүүлж буй Оюу толгой гэдэг төслөө зогсоох шиг амархан шийдэл хөрөнгө оруулагч талд байхгүй. Үндэстэн дамнасан компанийн гол эрсдэл нь энэ байдаг. Гэтэл Оюу толгой манай эдийн засагт ямар нөлөөтэй төсөл билээ. Энэ төслийг түр зогсоовол бид л хохирно.

Ер нь мега төсөл тойрсон элдэв мэдээллийг улс төрийн зорилгоор хиймээргүй байгаа юм. Цаг хугацааны хувьд харахаар Засгийн газрын донсолгоотой үе ч тохиож магадгүй харагдаж байна л даа. Тэгэнгүүт тэр мэдээллээс өрсөөд засаг мундаг ажиллаж байна шүү гэдэг мессэжийг өгөөд байх шиг. Гэрээ хэлэлцээрийг бизнесийн утгаар нь зөв явуулахгүй, улс төрийн зорилгоор мушгиж ашиглаад байвал гацаанд орно. Бидэнд айхавтар том хөзөр, өөр олон боломж байхгүй.

- Зэсийн экспорт багаслаа гэхэд нүүрс байна шүү дээ гэх байх л даа?

-Нүүрсний зах зээлд ч боломж хумигдаж байгаа. Их л сайндаа хоёр жилд 20-25 сая тонн гаргах боломж байна. Үүнээс цааш нүүрс гурав дахь түүхий эд болох байх. Тэгэхээр бид 2023, 2024 онд одоогийн экспортоо 7-8 тэрбум ам.долларт хадгалж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ.

ОХУ бүх түвшиндээ мэдэгдээд нүүрсний зах зээл рүү дайрч байна. Төмөр замаа барьж байна. Эльгагийн нүүрсний уурхайн хүчин чадал нэмэгдэж байгаа. Товчхондоо 2024 оны эхний хагас жил гэхэд бид нүүрсний зах зээлд маш том цохилт авах нь тодорхой болчихсон. Орос, Хятадын харилцаа ямар байгаа билээ. Жигтэйхэн зузаан харилцаатай яваа. Австралийн харилцаа эргэж сэргэхгүй бол Хятадын нүүрсний үлдэж буй орон зайг Орос, Индонез хоёр эзэлнэ.

-Тэгэхээр зэсийн экспорт дээр л бидэнд боломж байгаа гэж үү?

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо энэ хэвээр нь авч явах ганцхан боломж гэвэл зэс л байна. Бусад түүхий эд гэхээр манайд биет хэмжээг нь нэмэгдүүлэх боломжгүй. Олборлолоо гэхэд тээвэрлэх хүчин чадал байхгүй. Хилийн боомтын хүчин чадал ямар билээ. Тэгэхээр энэ бүх эрсдэлээ тооцоод гадаадын хөрөнгө оруулалттай том төслүүд дээр маш ухаалаг, болгоомжтой хандаж, улс төрийн элдэв тоглолт хийхээс татгалзах хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг хурдтай өсөхгүй байна. КОВИД нэг жилийн дараа дуусах эсэхийг хэн ч мэдэхгүй байна. Өрийн хамаарлаа улам ихэсгэж урд хөршийнхөө хараанд илүү гүнзгий орох гээгүй л бол одоо хэрэгжиж буй хэдэн төслөө л аятайхан авч явах хэрэгтэй.

-Тэгэхээр одоо хэрэгжиж байгаа төслүүдийнхээ хөрөнгө оруулагчидтай харилцан зөвшилцөж ойлголцоод явах нь бидэнд ашигтай ганц хувилбар гэсэн үг үү?

-Ерөөсөө л тэр шүү дээ. Оюу толгойн хувьд гэхэд л төслийн явцын мэдээллийг олон нийтэд цацахдаа нөгөө талтайгаа маш сайн ойлголцож байж цацах ёстой. Бизнесийн гэрээ гэдэг утгаар нь хандах хэрэгтэй. Ажлын хэсгийг Хууль зүйн сайдаар толгойлуулаад яваагийн учрыг би хувьдаа ойлгохгүй байгаа. Хоёрдугаарт, хувь улстөрчийн амбиц гэж том өнцөг байна. Юм л бол мэдэгдэл хийчих гээд байдаг хандлага их тод анзаарагддаг. Талбай дээр жагсаж байсан дүр төрх нь хэвээрээ байна л даа. Ямар сайндаа л Замын-Үүд дээр мафи илрүүллээ гэж ярих вэ дээ. Бизнесийн гэрээ хэлэлцээр дээр ингэж хандаж болохгүй. Үнэхээр энэ хүн болохгүй бол Сангийн сайд гэх мэт утга учрыг нь ойлгодог хүмүүсээр ахлуулах хэрэгтэй. Энэ мэт мэдэгдлүүд цаашид үргэлжилбэл төслийн цаашдын хувь заяанд маш хохиролтой.

-Ажлын хэсгийг ахалж байгаа Хууль зүйн сайд өмнө нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарахад бас мэдэгдэл хийсэн. Мань эр тэр мэдэгдлээ яг таны шүүмжилсэн өнгөөр хийсэн шүү...?

-Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийн хувьд би "Уолстрийт журнал", “Ройтерс" дээр гарсан мэдээллийг харсан. Тэнд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гээд 150 хуудас тайлан гарсан гэж мэдээлсэн байсан л даа. Одоогоор энд тэнд гараагүй. Юуны өмнө мэргэжлийн хүмүүсийн гаргасан гэх тэр тайланг үзэх ёстой. Геотехникийн нөхцөл гэх мэт нарийн юмс яригдсан учраас. Ийм нарийн зүйлийг хөндлөнгийн хуульч, эдийн засагч хүн шалгаж хянаад дүгнэлт гаргах боломжгүй. Уул уурхайн, тэр дундаа бүр гүний уурхайн нарийн мэргэжлийн юмс яригдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тайланг маш өндөр түвшний экспертүүд уншиж байж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Гүний уурхай байгуулах анхны төлөвлөлт зөв байсан эсэхээс эхлээд олон өнцгөөс нь харж тайлбар өгөх шаардлагатай.

-Таны хэлээд байгаа тайлбарыг уул уурхайн нарийн мэргэжлийн хүн өгөх ёстой гэсэн үг үү?

-Яг тийм.

-Уул уурхайн нарийн мэргэжлийн хүмүүс нь тайлбар өгч, цаад компани нь уншиж танилцаж үнэлэлт дүгнэлтээ хэлж байж олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх ёстой байтал улстөрчид нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээж авангуутаа мэдээлсэн нь хөнгөн гоомой алхам болжээ дээ?

-Тэгж хэлэх бүрэн үндэстэй. Улстөрчид нь засаг төлөөлсөн хүмүүс нь "Хөндлөнгийн шинжээч нь ингэжээ. ийм учраас та нар..." гэж дайраад эхлэх нь маш буруу. Засгийн газрын хувьд ийм тайлан гарсан гэж хэлэх нь зөв. Гэхдээ хөндлөнгийн шинжээчийн өгсөн мэдээлэл зөв үү. Рио Тинтогийн өгсөн мэдээлэл үнэн үү гэдгийг өнөөхөндөө хэн ч мэдэхгүй байна. Засгийн газрын хувьд Оюу толгой төслийн хувь эзэмшигч. Засгийн газар, Рио Тинто аль аль талдаа төслөө урагшлуулах сонирхолтой яваа. Тэр сонирхлоо ч хоёр тал мэдэгдэж байгаа. Тэгэхээр сүүлийн үед Засгийн газраас гаргаж байгаа үйлдлүүд төслийг урагшлуулахад нэмэр, дэмжлэг болох уу гэдгийг бодох естой.

Урагшлуулах уу, бул чулуу болоод гацаагаад зогсоочих болов уу гэдэг дээр ухаалаг хандах хэрэгтэй. Бүр тодруулж хэлбэл, дараа дараагийн алхмаа харсан ухаалаг бодлогоор урагшлахгүй бол өмнөх алдаагаа л давтана. Сүүлийн гурав, дөрвөн жил явсан замаа харахаар явж байсан машины дугуйны доор байсхийгээд чулуу ивээд гацаагаад явсан зураг анзаарагддаг. Хийж байгаа мэдэгдлүүд нь төслийнхөө үнэ цэнийг унагах чиг рүү хазайсан маягтай явсаар ирсэн бодитой үнэн л дээ. Тэгэхээр мэдээллийг хэзээ хийх вэ, энэ мэдээллийн дараа эдийн засгийн болон улс төрийн ямар үр дагавар гарах вэ гэх мэт талаа бодож дунд хугацааны бодлоготой хандмаар байгаа юм. Энэ төсөл буруу хэрэгжээд "Рио Тинто" компани буруугаа хүлээлээ гэж үзэхэд дараагийн шийдэх гарц нь юу вэ, урагшлуулахын тулд яах ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй. Эцсийн дүндээ 2023, 2024 он ер хэзээ ч бай энэ төсөл л урагшлах ёстой. Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах учиртай. Завсарт нь шийдэх ёстой асуудлаа аль аль талдаа хохирол багатайгаар, удаан хугацааны гацаа үүсгэхгүйгээр шийдээд явах нь л Монголын эрх ашигт нийцнэ. Харамсалтай нь эдийн засагтаа нөлөөтэй төсөлдөө түрүүн хэлсэнчлэн чулуу ивж байгаа мэт байдлаар хандаж, Монголд бүү хэл дэлхийд томд орох төслийг хууль зүйн хүний нүдээр хараад байна.

-Хууль зүйн хүний нүдээр гэдэг нь...?

-Факт гаргаж ирж шидээд байгааг хэлж байна л даа. Улс орны эдийн засгийг шийдэж байгаа мега төсөлд ингэж хандаж болохгүй. Үнэхээр чадахгүй бол чаддаг хүнд нь хариуцуулах хэрэгтэй.

-“Рио Тинто"-гийн мэдэгдэж байгаагаас анзаарахад энэ оны сүүлээр гүний уурхайн олборлолт эхлэх боломжтой, олборлолтыг эхлэхийн тулд улаар огтлолт гэсэн процесс бий. Улаар огтлолтыг хийхийн өмнө засгаас хамаарсан зарим асуудлыг шийдэх хэрэгтэй гэж ойлгосон. Нөгөө талд Засгийн газар эхлээд олборлолтоо эхлүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Ингээд харахаар үл ойлголцол мөддөө дуусахгүй байх вий гэсэн болгоомжлол тороод байна л даа...?

-Гүний уурхайн олборлолтыг блокчлон нураах гэсэн аргаар хийнэ. Би уул уурхайн мэргэжлийн бус хүн л дээ. Миний олж авсан мэдээллээр бол цахилгаан станц шиг, газрын тос боловсруулах үйлдвэр шиг тасралтгүй үйл явц болох юм билээ. Өөрөөр хэлбэл, ил уурхай шиг түр зогсооно гэсэн ойлголт байхгүй. Технологийнх нь энэ онцлогийг ойлгож байж шаардлагаа тавихгүй бол болохгүй. Ийм онцлог асуудал дээр өмнөх шигээ, төрийн өмчийн оролцоотой компаниуд шигээ санаж бүгдийг төрөөс гэсэн хандлагаар хандах гээд байна л даа. Цахилгаан станц дээр тог, цахилгаанаа ингэж тэгж үйлдвэрлэ гэж хөндлөнгөөс, төрөөс зааж зааварладаггүй. Цаашлаад Рио Тинто гэх мэт том компаниудад хэдийд зэсийн баяжмалаа нийлүүлэх вэ гэх мэт санхүү талаас нь бодсон зүйл ч өчнөөн бий. Төслийн санхүүжилт гэж том асуудал байгаа. “Рио Тинто" том компани. Оюу толгой бизнест нь хэчнээн хувь эзлэх вэ гээд харахаар маш бага хувь яригддаг. Бүр болохгүй бол Оюу толгой төслөө зогсоох “Рио Тинто"-д тийм хэцүү шийдэл биш. Хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөхөөргүй байвал зэсийнхээ нэг төслийг зогсооход асуудал байхгүй. Төмрийн хүдрийнхээ салбараас хангалттай хэмжээний ашиг олоод явбал компанийн хувьд Зэсийн группийнхээ үйл ажиллагааг сааруулах шийд гаргах эрсдэлтэй. Дахиад хэлэхэд, үндэстэн дамнасан компанийн аюул нь энэ. Тухайн компанийг удирдаж яваа хүний хувьд компанийн үйл ажиллагааг ашигтай явуулах үүргийг ТУЗ-өөсөө авчихсан ажиллаж байгаа. Түүнээс биш Монгол Улсын хувь заяаг бодоод явна гэж байхгүй. Нэгэнт эхлээгүй төслийг бага дээр нь зогсооё гэж хэлэхэд тийм хэцүү биш шүү дээ. Энэ үр дагаврыг бодож хэлэлцээрээ хийх хэрэгтэй.

-Хил боомт дээр гацсан бараа бүтээгдэхүүний асуудал өнөөдөр ч том зовлон хэвээр байна. Энэ асуудлын суурь шалтгаан нь юу юм бол оо?

-Дэд бүтцийн хувьд манай улсад бодлого алга. 2050 гэх мэт гоё юм ярих гэж байгаа бол гарааны цэг нь эхлээд дулаан цахилгаан хүрэлцээтэй байх ёстой. Дэд бүтэц хангалттай байх учиртай. Нүүрс тээвэрлэх төмөр зам хэрэгтэй байна. Үүнийгээ шийдэж чадахгүй байна л даа. Тяньжиний хувьд Монголын тээвэр ложистикийн л асуудал. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк аль тэртээ 2000 оны эхээр судлаад өчнөөн ярьж хэлсэн. Дэд бүтцийн саад чинь Монгол Улсын хөгжлийн гацаа болж байна шүү гэж удаа дараа сануулсаар өнөөг хүрсэн.

Энэ бүхнийг шийдэх арга замыг олох тийм хэцүү биш. Өргөн төмөр замаар ачаа ачиж буулгаад болохгүй байна аа даа. Яаж ч өргөтгөөд нэмэр алга. Хөгжлийн асуудлаа шийдье гэвэл технологийн хувьд шийдэж болно. Нарийн царигтай төмөр замаа Сайншанд хүртэл оруулаад ир л дээ. Орж ирж байгаа ачаагаа нарийн төмөр замаар саадгүй, зогсолтгүйгээр авъя л даа. Гарах талаа баялгаа урсгахгүй гэх мэтээр өөрөөр харна л биз. Энэ мэтээр ложистикийн асуудлаа мэргэжлийн хүмүүсээр шийдүүлж, Замын-Үүдээ гацаагүй болгох бүрэн боломжтой. Замын-Үүд нь ийм байхад Тянжинь дээр бөөгнөрөх нь аргагүй. Энэ бүх процесс тасралтгүй явж байж эдийн засгийн. мөнгөний эргэлт бий болно.

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг танхимаар хичээллээд эхэллээ. Энэ маягаараа явбал хэр эрсдэлтэй бол. Ер нь цаашдаа тахлын үеийн эдийн засагт ямар эрсдэлүүд байна вэ?

-Хавраас өөрчлөгдсөн нэг зүйл нь УОК-ын үүргийг жаахан багасгаад Засгийн газар дээр асуудлыг хэлэлцдэг боллоо. Миний хувьд ийм шийдлээр ажиллавал дээр гэдгийг хоёр жилийн турш ярьж, сануулсан. Гамшгаас хамгаалах хуулин дахь заалтыг даруйхан өөрчлөх хэрэгтэй. Ямар ч судалгаагүйгээр хуулийн өөрчлөлт хийгээд баллаад хаячихсан л даа. Хаа байсан УОК-т хамааруулсан нь буруу байсан. Харин одоо ЭМЯ-ндаа тулгуурлаж байна. Энэ бол зөв шийдэл. Гэхдээ яг шийдвэр гаргахдаа мэргэжлийн хүмүүсээ сонсож байна уу гээд харахаар бас эргэлзээтэй. Популист бодлого нь хэтрээд хилийн боомтоо нээе гэх эрсдэл бий. Хилийн боомт нээх нь эрсдэлтэй. КОВИД-ын дараагийн шинэ хувилбарууд ороод ирвэл дотроо хичээгээд байгаа энэ бүх оролдлогыг тарамдуулж хаяна. Ноднин гэхэд л арваннэгдүгээр сард гаднаас вирус оруулж ирсэн нь бидний том алдаа байсан. Гадна талд аюул хэвээр байна. Тэгэхээр гаднаас шинэ вирус оруулж ирэхгүй байхад л анхаарах хэрэгтэй. Хятад улсын голлон анхаарч яваа зүйл гэвэл энэ л байна. КОВИД-ын аюул дахиад нэг жилдээ лав сулрахгүй. Хичээл, сургуулийн хувьд холимог байдлаар явуулаад байвал аажмаар дасан зохицох байх. Шинэ хувилбар гарчихгүй, улирлын томуу дэгдчихгүй бол ангидаа ирж багшаасаа чигээ аваад нэг, хоёр сарын турш явахад аажмаар танхимд хичээллэх цагаа нэмээд явах боломжтой.

-Манай улс хойд хөрштэйгөө худалдааны ямар харилцаатай вэ гээд харахаар эрс тэс байдал анзаарагддаг. Тэд манайд шатахуун, цахилгаан, элдэв бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, гэтэл бид тэдэнд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэхээр өчнөөн хувийн татвар тавьчихаад хөдөлж өгдөггүй. Энэ хандлагын шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ОХУ-ын гадаад бодлогын талаарх материалуудыг уншихаар, нэгдүгээрт өөрийнх нь гаргасан бичиг баримт, хоёрдугаарт өрнөдийн орнуудаас Оросын баримталж байгаа бодлогын талаар гаргасан дүгнэлтүүдийг харахаар хойд хөршийн өнөөгийн баримталж яваа бодлого нь их гүрний том бодлого байдаг. Ялангуяа хөрш орнууддаа маш халтай бодлого баримталж байгаа. Орос Латви, Орос Эстони, Орос Польш. Орос Беларусь, Орос Украин гээд хөрш орнуудынх нь харилцааг харахаар нааштай харилцаатай улс тун бага. Оростой нааштай харилцаатай улс гэвэл хөрш орнуудаас нь Хятад, Казахстан, Төв Азийн Узбек, Киргиз гэх мэт дуугүй байхаас аргагүй жижиг улсууд байна. Латви, Литва, Эстони гэх мэт баруун талын хөршүүдтэйгээ ташраар нь асуудалтай. Хэвлэл мэдээллийг нь анзаарахаар хөршүүдээ байнга доош нь хийж, муулж байдаг. Жишээ нь, Монголд яаж ханддаг вэ гээд харахад дандаа л халдварт өвчин гардаг гэж ойлгуулж байдаг. Өөрсдөөс хамаарсан түймрийн талаар бол дуугарах янзгүй сууцгаадаг. Якутын түймрийг өчнөөн хоносны эцэст мэдээлэх жишээний.

Асуудал гарахаар л Польш гэж хэцүү улсаас болж тэглээ, Монгол гэж төвөгтэй орноос болж ингэлээ гэж мэдээлдэг нь нийтлэг үзэгдэл болчихсон. Гадаад бодлого нь ерөөсөө л ийм өнгөтэй гээд ойлгочихож болно. Уг нь миний бодлоор ерээд онд Москвагаас хамааралт байдлаасаа гарахдаа залгуулаад төмөр замын хамаарлаасаа гарчих байсан юм. Манай улсад хойд хөршөөс хамаарсан гурван гол асуудал бий. Төмөр зам, эрчим хүч, шатахуун. Энэ гурвын хамаарлаа бууруулахгүй бол ОХУ бидэнтэй цаашид ч ийм байдлаар хандсаар байх болно. Хөрш орнуудаа ямар нэг байдлаар баздаг, чангалдаг бодлогыг хойд хөрш олон зуун жил баримталсаар ирсэн. Үүнээс нь болж АНУ баруун Европ руу Оросын газыг нийлүүлэхгүй гээд шахаад байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 11 цаг 54 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 12 цаг 53 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 13 цаг 6 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 13 цаг 18 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 13 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 13 цаг 55 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Өчигдөр 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Өчигдөр 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Өчигдөр 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Өчигдөр 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Өчигдөр 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Өчигдөр 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Өчигдөр 11 цаг 31 мин Намууд ба хамууд Өчигдөр 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Өчигдөр 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Өчигдөр 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Өчигдөр 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Өчигдөр 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Өчигдөр 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top