x

Т.Ням-Очир: Сурагчид дүрэмт хувцсаараа жигдэрнэ, цаашид ч энэ бодлого үргэлжилнэ

2021-2022 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Танхимын хичээл удахгүй эхэлнэ. Шинэ хичээлийн жилд дүрэмт хувцсыг тухайн сургуулийн зөвлөл, эцэг эхийн зөвлөл хамтраад шийдэх боломжтой гэж та яриандаа дурдсан. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юу?

-Цар тахлын улмаас сурагчид хоёр жил орчим хугацаанд зайнаас хичээллээ. Өрхийн орлого буурч тодорхой бизнес хумигдсан гээд зөвхөн боловсролын салбарт төдийгүй бусад салбарт ч сөрөг нөлөөллүүд олон гарсан. Тийм учраас бид тал талаасаа нөхцөл байдлаа маш сайн ойлгож, гол асуудлуудаа эрэмбэлж ажиллаа. Цаашид боловсролын үйлчилгээ тасалдвал хүүхдүүдийн сурч хөгжих, ирээдүйд эзэмших боловсрол, амьдралын чанарт нөлөөлөх сөрөг үр дагавруудыг тооцоолж 2021-2022 оны хичээлийг танхимаар эхлүүлэх гэж байна. Сүүлийн хоёр жил шахуу зайнаас хичээллэсэнтэй холбогдуулаад хүүхдүүдийн хуучин дүрэмт хувцас нь багадсан. Улмаар дахин шинэ дүрэмт хувцас худалдаж авах асуудал хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан яригдаж байна.

Танхимаар хичээллэх шийдвэр наймдугаар сарын 4-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гарсан. Үндэсний хэмжээнд батлагдсан стандарт, дүрэм журмын дагуу дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа, түгээлт тогтворжсон цөөн тооны компаниуд бий. Эдгээр компанид есдүгээр сарын 1-ээс өмнө Монгол орны өнцөг булан бүрд борлуулалтаа хүргэхэд цаг хугацааны асуудал тулгарна. Тийм учраас хэрэв хичээл эхлэхэд борлуулалт нь хүрч чадахгүй бол хүүхдүүдийг түр хугацаагаар цагаан цамцаар жигдрэх зэрэг асуудлыг тавьж байна. Биед эвтэйхэн, чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хувцас өмсүүлэх нь хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй учраас эцэг, эхчүүд маань ойлгоод нэг удаагийн ийм ажлыг дэмжинэ гэж найдаж байна. Түүнээс биш ашиг хонжоо хайж хүүхдүүдэд олон төрлийн үнэтэй, чанаргүй дүрэмт хувцас шахах асуудал байж болохгүй гэдгийг бид онцгой анхааруулсан. Жигдрэлт гэдэг бол хүүхдүүдийн ялгаатай байдлыг арилгаж, тэгш хамран сургах бодлогыг дэмждэг давуу талтай. Тэгэхээр сурагчид дүрэмт хувцсаараа жигдэрнэ, цаашид дүрэмт хувцасны бодлого үргэлжилнэ. 

-Хөдөө, орон нутагт есдүгээр сарын 1-н гэхэд дүрэмт хувцасны борлуулалт хүрч амжихгүй бол өөр хувилбараар жигдэрнэ ойлгож болох уу? 

-Хэрэв дельта хувилбар бүртгэгдээгүй бол бид долоодугаар сард "Ирэх есдүгээр сарын 1-нд танхимын хичээл эхэлнэ шүү" гээд хоёр сарын өмнөх зарлах боломжтой байсан. Гэтэл дэлхийн улс орнуудад дельта хувилбар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харж ажиллаа. Энэ хугацаанд дүрэмт хувцасны борлуулалт, түгээлттэй холбоотой асуудлаар үйлдвэрлэгч нартай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Борлуулалт хийхэд яах аргагүй цаг хугацаа алдах нөхцөл байдал үүсэж байлаа. Тэгэхээр дүрэмт хувцасны түгээлт очиж, борлуулалт тогтворжтол хүүхдүүд янз бүрийн илүү худалдан авалт хийхгүй байгаасай гэцагаан цамцаар түр хугацаанд жигдэрч болох юм гэдэг асуудлыг ярьсан. Тэгтэл дүрэмт хувцас шаардлагагүй гээд ашиг хонжоо хайсан нөхөд өөр чанаргүй, үнэтэй, хүүхдийн эрүүл мэндэд тохирохгүй хувцсыг тодорхой албан тушаалтнуудтай хуйвалдан шахах, хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохирохгүй загварыг санал болгох асуудлууд гарч байна. Боловсролыг ашиг хонжоо хайх талбар болгож болохгүй. Бүх хүүхэд тэгш хүртээмжтэй суралцах ёстой. Тийм учраас дүрэмт хувцасны бодлого үргэлжилнэ.

-Үйлдвэрлэгчид ур ухаанаа шавхан байж урласан дүрэмт хувцсаа борлуулах гэхээр Хятадаас яг адилхан загвар хийцтэйг оруулж ирээд "Үндэсний үйлдвэрийнх" гээд худалдаалах асуудал бий. Үүнд яамнаас хэрхэн хяналт тавьдаг вэ?

-ХХААХҮЯ Монгол орны, Монгол хүүхдийн онцлогт тохирсон стандарт загварыг баталж гаргасан. Энэ стандарт батлагдаагүй байхад хил гааль дээр стандарт, загварыг хянах, мэдэх боломжгүй тул хүндрэл учирдаг байсан. Одоо албан ёсны стандарттай болсон. Материал, өнгө, загвар ямар байх вэ гээд бүх тавигдах шаардлага нь албан ёсных болсон учраас мэргэжлийн байгууллагууд энэ асуудал дээр хамтарч ажиллах бүх бололцоо нээгдсэн. Мөн дээрээс нь хил, гааль дээр үйлдвэрлэгчид болон мэргэжлийн байгууллагууд хамтраад хяналт шалгалтыг явуулаад чанаргүй, дуураймал зүйлсийг илрүүлэхэд үр дүнд хүрч байгаа. Худалдан авагч, хэрэглэгчийн хувьд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нартаа хандаж зөвлөхөд үндэсний үйлдвэрлэгчдийн албан ёсны зөвшөөрөлтэй борлуулалтын цэгүүдээс худалдан авалтаа хийвэл хуурамч дуураймал, дороо урагддаг, бөөстдөг, хүүхдийн биед тохиромжгүй зэрэг дүрэмт хувцас худалдан авахаас сэргийлж чадна. Стандарт батлагдсан учраас жил ирэх тусам л асуудал цэгцэрнэ гэсэн үг. Мөн гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт, оюуны өмчийн байгууллагууд биднийг бүх талаас дэмжиж байгаа учраас илүү үр дүн гарна гэж харж байгаа. 

-Дүрэмт хувцас өмсөхгүй байж болно гэх ойлголт удахгүй дахиад хөл хорио тогтоож цахимаар хичээллэнэ гэх таамгийг ч дагууллаа. 

-БШУЯ-аас тавдугаар сарын 1-ээс эхлэн энэ хичээлийн жилийг эхлүүлнэ гэдэг бэлтгэлийг хангасан. Тухайн үед мутаци хувилбараас үүдэн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг таашгүй байлаа. Хэдий мутаци хувилбарууд бий болж байгаа ч гэсэн хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх байр суурин дээрээ БШУЯ баттай байна. Хичээл, сургууль эхлэх юм бол тасралтгүй явуулна гэдэг зарчим дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. 

-Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

-Энэ хичээлийн жил цар тахлын хүнд хэцүү үед эхэлж байна. Тэгэхээр бид цар тахалтай зохицож ажиллах хэрэгцээ шаардлага үүссэн. Мөн хоёр жилийн зайны сургалтын дараа эхэлж байгаа танхимын сургалт. Энэ утгаараа хүүхдүүдийн хоцрогдлыг арилгах, тэд сургуульдаа дасан зохицох, сэтгэл зүйч ажиллуулах зэрэг онцлогтой жил. Мөн сургалтын үйл ажиллагаа цэвэр хоцрогдол арилгахад чиглэж байна. Энэ чиглэлээр үндэсний цогц төлөвлөгөө батлагдсан. Үүний дагуу хичээл, сургалтууд явагдана. 

-Сургуулиуд сэтгэл зүйчтэй болох нь ээ?

-Z, Alpha үеийн хүүхдүүд ЕБС-д элсээд эхэллээ. Энэ хүүхдүүдийн анхаарал, төвлөрөл маш хурдан. Тэр хэрээр маш хурдан уйддаг. Мэдээлэл авч байгаа гол суваг нь дижитал суурьтай, цахим гэх мэтчилэн энэ хүүхдүүдийн онцлог их. Тийм учраас эдгээр хүүхдийн сэтгэлзүйг сургуулийн, танхимын сургалтын үйл ажиллагаанд дасан зохицуулахад өмнөх арга барилаараа яваад байх боломжгүй шинэ нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр хүүхэд болгоны онцлог, сэтгэлзүйн асуудалд нь тулгуурласан сургалт, үйл ажиллагаа явуулах нь бидний хамгийн том сорилт боллоо. 

-Нэг ангийн нэг хүүхдээс халдвар илэрвэл 14 хоногийн зайны сургалтад шилжүүлнэ гэх мэдээлэл цацагдсан. Энэ тухай тодруулбал?

-Энэ бол мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа дүгнэлт, шинжилгээний хүрээнд гаргаж байгаа хувилбар. Түр журамтай танилцаад үзвэл маш олон нарийвчилсан хувилбарууд байгаа. Жишээлбэл, 12-оос доош насныхан дархлаажуулалтад хамрагдаагүй. Тэгэхээр дархлаажуулалтгүй анги бүлгийн тухайн нэг хүүхдээс халдвар илэрвэл хэдий хугацаагаар танхимын сургалтыг зогсоох, дархлаажуулалттай анги бүлгээс илэрвэл яаж тусгаарлах, хаах гээд түр заавар дээр нарийвчилсан дүрмийг оруулсан.

-Яамнаас гаргасан энэ хичээлийн жилийн зорилго, зорилтод гадаа хичээллэх тухай дурдсан байна?

-ДЭМБ, мэргэжлийн байгууллагаас биеийн тамир, хөгжим зэрэг биеийн хөдөлгөөн шаарддаг хичээлүүдийг дулааны улиралд аль болох танхимын бусаар зай бариулан явуулах зөвлөмж зааврыг өгсөн. Тэгэхээр энэ хичээлүүдийн хуваарийг аль болох хамгийн сүүлийн цаг дээр тавьж, дулааны улиралд гадаа зай бариулж зохион байгуулах нь зөв ба түр журамд ч энэ талаар тусгасан. 

-12-оос  дээш насны хүүхдүүд хичээлдээ явахын тулд вакцинд заавал хамрагдсан байх ёстой юу?

-Хуулиараа бол вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ ямар нэг эсрэг заалтгүй бол  цар тахлаас хамгаалах хамгийн сайн зүйл нь дархлаажуулалт байна. Хөл хорио тогтоогоод бид эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын хувьд ч тодорхой эрсдэлүүдийг хүлээж байна. Тийм болохоор шинжлэх ухаандаа итгэж, ямар нэгэн сөрөг заалт, эрсдэлгүй бол дархлаажуулалтыг дэмжээд явахаас өөр хувилбар алга. Тэгэхээр аль болох олон хүүхэд хамрагдвал эрсдэл тэр хэрээр буурна гэж харж байна. 

-Нийслэлийн хэмжээнд энэ жил Баянзүрх дүүрэгт хамгийн олон хүүхэд элсэх мэдээлэл бий. Багтаамж, хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Улсын хэмжээнд энэ жил 80 орчим мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тооцоог гаргасан. Үүнээс 38 мянга нь нийслэлд элсэнэ. Үүний дийлэнх олонх нь хамран сургах тойргийн дагуу Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад бүртгүүлэх нөхцөл байдал үүссэн. Ер нь сургуулийн хүчин чадал хүрэхгүй асуудал нийслэлд цөөнгүй. Энэ бүгд дээр бид Төрийн боломжит олон аргыг хэрэглэж байна. Нэгдүгээрт, сургалтын зориулалтаар ашиглах боломжтой, эрүүл ахуй стандартын шаардлага хангасан байруудыг түрээсэлж хүүхдүүд аюулгүй хүртээмжтэй суралцах боломжийг олгож байна. Мөн шинээр баригдаж байгаа барилга байгууламжийнхаа хугацааг шахах ажлууд нэлээдгүй хийгдэж байгаа учраас тодорхой гарц гаргалгаанууд гарна. 

-Нийслэлд гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй гэсэн. Энэ боломжтой юу?

-Одоо байгаа хүчин чадлаараа гурван ээлжгүй хичээллэх боломжгүй учраас бид нэмэлт аргачлалуудыг хэрэглэж байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд есөн сургууль дээр эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан барилга байгууламжийг түрээслэхээр чиглэл өгч ажлын хэсэг гаран ажиллаж байна. 

-Хамран сургах тойргийн сургуулиа голоод хүүхдээ шилжүүлэх тохиолдол олон. Энэ тохиолдолд хариуцлагын асуудал яригдах уу? 

-Хаана сурах нь тухайн хүүхдийн эрх. Гэхдээ эцэг эхчүүд багтаамж байхгүй, ачаалал их сургуульд хүүхдээ сургана гээд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, бас бус арга хэрэглэдэг нь хэцүү. Үүнд эцэг, эхчүүд ухамсартай хандах ёстой. Нөгөө талаасаа хамран сургах тойргийн сургууль нь өөрөө ч ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал байна. Мэдээж хувийн сургуулиуд бол хүүхдүүдийг тойроггүйгээр элсүүлээд авах боломж нь бий. Төрийн голлох байгууллагууд нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бусад байрладгаас шалтгаалж ажил үйлчилгээгээ дагаж хүүхдийнхээ сургуулийг хотын төвд шилжүүлэх сонголт ихсэж байгаа хүндрэл мөн байдаг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. 

Эх сурвалж: GOGO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 17 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 17 цаг 36 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 17 цаг 45 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 19 цаг 40 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top