x

Шатахуун нэвчсэн хөрсийг эрүүлжүүлэх ажил НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД шилжжээ

Дархан-Уулаас Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний есөн вагон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт унаснаас их хэмжээний түлш асгарч, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан явдал сар гаруйн өмнө болсон. Хамгийн аюултай нь осол болсон газраас 10 хүрэхгүй км-ийн цаана Орхон гол урсаж байв. Зарим байгууллагынхан, орон нутгийн хүмүүс тухайн үед “Хөрсөнд нэвчиж, тархсан шатахуун Орхон голд хүрсэн” хэмээн мэдээлж, агаараас авсан зураг цахим сүлжээнд нийтэлсэн бол Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс үүнийг үгүйсгэж, “Ослын газраас 500 метрийн зайд байсан борооны тогтоол усанд шатахуун орсон. Орхон голд хүрээгүй. Гурван газраас авсан дээжийн шинжилгээнд үндэслэн хорт бодисыг саармагжуулж, хөрс, усыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шат дараатай авна” гэж мэдээлсэн. БОАЖЯ, МХЕГ, УБТЗ зэрэг холбогдох байгууллагынхан ч ийм байр суурь, мэдээллийг өгсөн юм.

 

Энэ хэрэг явдлаас 10 гаруй хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Ононтой холбогдоход “Шатахуунтай долоон вагоны дөрөв нь хоосорч, 150.5 тонн түлш асгарсан. Бохирдсон газрын хэмжээ гурван га талбайг хамарсан. Хөрсний өнгөн хэсгээс 50 см хүртэлх гүнд шатахуун нэвчсэнийг лабораторийн шинжилгээгээр тогтоогоод буй. Хөрс, усны дээжийн хариуг эцсийн байдлаар ирүүлээгүй. Одоогоор бохирдсон хөрсийг хуулж, хорт бодисыг саармагжуулах, ариутгах ажлыг холбогдох мэргэжилтнүүд технологийн дагуу гүйцэтгэж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

150 тонн түлш гэдэг бол байгальд үлэмж аюул учруулахаар хэмжээ. Гурван га газар бохирдсон гэж тогтоосон нь мөсөн уулын орой төдий үзүүлэлт. Шатахуун зөвхөн хөрсийг доройтуулаад зогсохгүй хорт нэгдлээ агаар мандалд ч түгээж, гүний усыг бохирдуулан, тухайн орчны амьтан, ургамлыг устгадаг. Агаар дусал болон ундны ус, бэлчээрийн ургамлаар дамжин хүний эрүүл мэндэд ч аюул заналхийлдэг. Ийм олон замаар хоруу чанараа түгээж, хөрсөнд удах тусам нүүж, нэвчдэг учир шатахуун асгарсан газрыг хугацаа алдалгүй “эмчилж”, цэвэр шүүлэх ёстой гэнэ. Гэтэл дээрх ослоос үүдэлтэй ул мөрийг арилгах, цэвэршүүлэх ажил удаашралтай байгааг Орхонтуул сумын холбогдох албан тушаалтан хэллээ. Тэрбээр “Төмөр замын эвдрэлийг засаж, хөдөлгөөнийг хэвийн болгосон тухай л яриад буй. Тухайн хэсгийн газрыг хэзээ урьдынх шиг хэвийн болгож, эрүүлжүүлэх вэ гэдэг л чухал байна. Байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг хэрхэн тогтоосон нь ч тодорхойгүй. Уг нь орон нутгийнханд энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь өгөөд, ажлын үйл явцыг танилцуулах ёстой. Мэдэхгүй хүмүүс тэр хавьд нутаглаж, малаа усалж, идээшүүлэх вий гэдгээс эхлээд асуудал их” гэж ярьсан юм.

Ослоос хойш 10 гаруй хоног өнгөрөхөд хариуцсан байгаль орчны байцаагч нь шинжилгээний хариугаа хүлээж аваагүй, “Бохирдсон хөрсийг технологийн дагуу саармагжуулж, ариутгаж байгаа” гэхээс өөр мэдээлэлгүй суусан нь дээрх иргэний яриа үнэний ортойг батлах мэт.

Шатахуунаар бохирдсон хөрсийг голдуу механик болон физик-химийн аргаар цэвэршүүлдэг юм байна. Механик арга гэдэг нь газрын гадаргуу дээр тогтсоныг нь тусгай зориулалтын шахуургаар соруулж, нэвчдэстэй хөрсийг хуулж авахыг хэлдэг. Харин физик-химийнх нь хөрсийг тусгай бодисын уусмалаар, дараа нь усаар шүршиж, цэвэршүүлэхийг хэлдэг гэнэ. Элс, хөвд, модны үртэс, нунтаг керамзит (хүрмэн чулуу) зэрэг тос шингээх чадвар сайтай материалуудыг ашигладаг аж. Ховор тохиолдолд гуминий хүчил, бичил биет ашигладаг биотехнологийн аргыг хэрэглэдгийг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор Н.Байгаль хэллээ. Тэрбээр “Их хэмжээний шатахуун асгарч, тэр нь хөрсний өнгөн хэсгээс 50 см хүртэлх гүнд нэвчсэн бол механик аргаар цэвэршүүлж буй болов уу. Эрүүл болон нэвчдэс бүхий хөрсийг тусгаарлаж, бохирдлыг хязгаарлахын тулд хуулалт хийхээс өөр аргагүй. Манай улсад голдуу бохирдсон хөрсийг хуулж, сийрэгжүүлсний дараа эрдэс бордоогоор бордож, өвс, ургамал тарьдаг. 50 см хүртэлх хэсэгт нэвчсэн гэхээр нэлээд гүн бохирдсон гэсэн үг. Үе шаттай, нарийн технологийн дагуу эмчлэхэд багагүй хугацаа шаардана. Бас тууштай байдал чухал” гэв.

Энэхүү ажлын явц одоо ямар шатандаа яваа, хөрсийг хэрхэн эмчилж байгаа, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг хэрхэн тогтоосон талаарх тодорхой мэдээлэл авахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагынхантай холбогдоход нэг нь ч дорвитой зүйл хэлсэнгүй. Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрынхан “Мэдээлэл өгөх боломжгүй. Мэргэжлийн хяналтын газраас тодруул” гэв. Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Нансалмаа “Цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, байгаль орчин, төмөр замын байгууллагын 370 хүний бүрэлдэхүүнтэй баг ослын газарт ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан. Хөрс саармагжуулах, ариутгах шатны ажлыг гүйцэтгэсэн. Тухайн хэсгээс гурван удаа дээж авсан” гэв. Харин Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч н.Бат-Эрдэнэ “Бид чиг үүргийнхээ дагуу зорчих хөдөлгөөнийг хэвийн болгох арга хэмжээ авч, шатахуун нэвчсэн хөрсийг саармагжуулсан. Одоо тэнд хийж буй ажлын талаар мэдээлэх боломжгүй. Дууссаных нь дараа хэлье” гэв. “Хохирлын хэмжээг хэрхэн тооцож, үнэлсэн бэ” гэхэд “БОАЖГ, МХГ-ынхнаас асуу” хэмээсэн юм. Уг нь байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, хөрсний бохирдлыг цэвэршүүлэх ажлыг ингэтлээ нууцалж, цааргалах шалтгаан үгүй. Гагцхүү олон нийтийн зүгээс ирэх шүүмжлэлээс жийрхсэн хэн нэгэн даргын тушаал, болгоомжлол энэ асуудлыг “нууцын зэрэглэл”-д оруулсан байж болзошгүй.

Ачааны вагон осолдсон хэрэг гарах бүрт Зам, тээврийн хөгжлийн сайдаас авхуулаад УБТЗ-ын удирдлага гээд олон хүний сандал суудал ганхаж, “аюулгүй байдал” алдагддаг. Энэ удаагийн осол гарсан даруйд ч холбогдох байгууллагууд үгссэн мэт мэдэгдэл хийж, Л.Халтар сайд “Галт тэрэгний зам борооны усанд автаж, эвдэрснээс вагон унасан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс боллоо” гэж мэдээлсэн юм. Ослын шалтгааныг өөрөөсөө холдуулж, санаа амраад байтал асгарсан шатахуун нь гол руу нийлсэн, хөрс гүн бохирдуулсан, байгаль орчинд их хэмжээний хор хохирол учруулсан гэсэн мэдээлэл түгвэл сайд болон холбогдох бусад байгууллагын удирдлагын чихийг халууцуулах нь лавтай. Гал дээр тос нэмсэн хэрэг болох нь дамжиггүй. Энэ бүхнийг тооцоолсон уу, эсвэл зуны налгар өдрүүдэд орон нутагт ажил ийм байдлаар өрнөдөг үү, ямартай ч шатахуунд “түлэгдсэн” хөрсийг эрүүлжүүлэх, эмчлэх үйл явц бүрхэг, нууцлаг болжээ.

2019 онд баталсан Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрт “Хими, биологийн болон бусад төрлийн хорт бодисоор бохирдсон хөрс бүхий нийт газрын 50 хувийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, 20 хүртэлх хувийг бүрэн нөхөн сэргээж, дахин эргэлтэд оруулна” гэж заан, холбогдох журамд тусгасан юм билээ. Орхонтуул сумын Шар-Ус багийн нутаг дахь гурван га газрыг үүний дагуу орон нутаг нь хэзээ тусгай хамгаалалтад авч, холбогдох байгууллагууд бүрэн эмчлэхийг таашгүй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 9 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 11 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 11 цаг 37 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 14 цаг 14 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 15 цаг 47 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 16 цаг 29 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 16 цаг 36 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 16 цаг 43 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 16 цаг 48 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 16 цаг 53 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 17 цаг 0 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 17 цаг 9 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 17 цаг 18 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 17 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top