x

Б.Наранцэцэг: Виртуал хөрөнгийн үйлчилгээнд хэт өндөр шаардлага тавих нь үйлчилгээг хориглосноос ялгаагүй

Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын байгууллага (FATF)-ын “саарал жагсаалт”-аас гарсан хэдий ч тус байгууллагын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах үүрэг хүлээсэн хэвээр байгаа. Тус зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын чуулганы зургадугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүд, салбарын оролцогч, бизнес эрхлэгчдийн дунд хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнөж, байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа энэ үед мэдээллийн технологийн компаниудад хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Өмгөөллийн Фиделитас Партнерс” ХХН-ийн Гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Виртуал хөрөнгийн талаарх ойлголт олон нийтэд төдийлөн танил биш. Гэтэл үүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагааг хуульчлах асуудал хэлэлцэгдээд эхэллээ. Тэгэхээр виртуал хөрөнгө гэж чухам юуг нэрлээд байгааг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Хүмүүс биткойны тухай олон удаа сонсож, арилжаанд оролцсон хэсэг нь ойлгодог болсон байх. Биткойн нь криптовалютын нэг төлөөлөл бол, криптовалют нь виртуал хөрөнгийн нэг төрөл юм. Виртуал хөрөнгө гэж энэ гээд үзүүлэх боломжгүй эдийн бус хөрөнгийн талаар ярилцаж байгаа тул үндсэн ойлголтуудыг тайлбарлах нь зүйтэй байх.

Програм хангамжийн тусламжтайгаар бүтээгдсэн, цахим орчинд буюу интернэт сүлжээнд ашиглах боломжтой; эдийн засгийн хувьд үнэ цэнтэй буюу арилжаалах, солилцох боломжтой; цахим орчинд эрх (digital right) үүсгэх шинжүүдийг нэгэн зэрэг хангасныг виртуал хөрөнгө гэж тодорхойлох боломжтой.

Мөн аль нэг улсын төв банк хянадаггүй, албан ёсны мөнгөн тэмдэгтийг төлөөлөхгүй байх нийтлэг шинжтэй.

УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2021 оны Тавдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийн тус хувилбарт “Аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглагдах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг” виртуал хөрөнгө гэж тодорхойлсон.

Тодруулбал, манай улсын албан ёсны мөнгөн тэмдэгт буюу төгрөг, мөн үнэт цаас биш боловч төлбөр төлөх, хөрөнгө оруулалт хийх боломжтой үнэ цэн бүхий хөрөнгө гэж ойлгохоор байна. 

-Виртуал хөрөнгө, эдийн бус хөрөнгө, дижитал илэрхийлэл гэх зэрэг нэр томьёо яригдаж байна. Хөрөнгийг олон янзаар нэрлээд байна гэж ойлгох уу?

-Манай улсын Иргэний хуульд эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг “хөрөнгө” гэж тодорхойлсон. Тодруулбал, хөрөнгө нь эдийн болон эдийн бус гэсэн хоёр төрөлтэй. Эдийн бус хөрөнгөд эзэндээ ашиг өгөх, эрх, оюуны үнэт зүйлс хамаарахаар хуульчилсан тул виртуал хөрөнгө нь түүнийг эзэмшиж буй этгээдэд ашиг өгөх, эрх олгох шинжээрээ эдийн бус хөрөнгөд хамаарч байгаа юм.

Харин нэр томьёоны хувьд цахим мөнгө, виртуал хөрөнгө зэрэг нь дижитал хэлбэрээр илэрхийлэгдэх тул дижитал хөрөнгө нь эдгээрийг багтаасан өргөн агуулгатай гэж хэлж болно. 

Хуулийн төсөлд виртуал хөрөнгийг FATF-ийн зөвлөмжид дурдсан тодорхойлолтыг шууд орчуулах байдлаар тодорхойлохдоо “дижитал” гэж нэр томьёог 3 удаа дурдсан. Үүнийг Хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын урьдчилан тандан судалгаанд “дижитал гэснийг тоон гэж орчуулах нь манай улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт Олон улсын ойлголтоос зөрүүтэй гэж үзээд дижитал гэж орчуулсан” гэж тайлбарласан. Энд 2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуульд хэрэглэсэн цахим, тоон гэх нэр томьёонд нийцүүлэх, эсхүл 2021оны Тавдугаар сарын 19-нд УИХ-д өргөн барьсан "Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга"-д "дижитал" гэх нэр томьёог хэрэглэх замаар нэр томьёог нэг мөр орчуулах, болон нэршлээс үүдэлтэй ойлгомжгүй байдлыг арилгах боломжтой байсан.

Гэхдээ "Virtual" гэх нэр томьёог хэрэглэх эсэх дээр улс орнууд нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Тухайлбал, энэ төрлийн харилцааг хуулиар зохицуулсан анхдагч улсуудын нэг, FATF-ийг үүсгэн байгуулагч, гишүүн Япон улс 2020 оны Тавдугаар сараас үйлчилж эхэлсэн “Төлбөрийн үйлчилгээний хууль/Payment Service Act”-ийн нэмэлт, өөрчлөлтөөр “Virtual Currency” гэх нэр томьёог “Crypto Asset” гэж өөрчилсөн байх жишээтэй.

Аливаа шинэ төрлийн харилцааг дотоодын хууль тогтоомжоор зохицуулахдаа нэр томьёог харьцуулсан судалгаанд тулгуурлаж буюу Олон Улсад хэрэглэгдэж байгаа ойлголтоос зөрүүлэхгүйн зэрэгцээ дотоодын хууль тогтоомжид нийцүүлж тодорхойлох нь чухал байдаг. Тиймээс энэ хуулийн төслөөр хязгаарлагдахгүйгээр биет бусаар илэрхийлэгдэх хөрөнгийн бүрэлдэхүүн, тэдгээрийг оноож нэрлэх нэр томьёог судлах шаардлага судлаач хуульчдын өмнө гарсаар байна.

-Судлаач хуульчийн хувьд хуулийн төслийн сул болон давуу талыг хэрхэн харж байна вэ?

-Манай хуулийн фирм үйлчлүүлэгч компаниуддаа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн анхаарах асуудлаар мэдээлэл, тодруулга бэлтгэж өгөх хүрээнд Хууль зүйн яамны сайтад байршуулж санал авч байсан анхны хувилбараас нь эхлээд төслийг судалж, анхаарал хандуулж ирсэн.

Сүүлд 2021 оны Тавдугаар сарын 12-нд УИХ-д өргөн барьж, нэгдсэн чуулганаас хэлэлцэхээр шийдвэрлэсэн хувилбар дээр 3 бүлэг асуудлаар нийт 39 зохицуулалт дээр анхаарах асуудлыг тодорхойлсон дэлгэрэнгүй мэдээллийг тус хуулийн төслийг ойлгож, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа УИХ-ын нэр бүхий гишүүдэд хүргүүлсэн байгаа. Учир нь энэ хуулийн төсөлд манай баг мөн шүүмжлэлтэй хандаж байгаа.

Хуулийн төслийн хувьд, Нэгдүгээрт, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлэх хүсэлт гаргахад, түүний удирдлага, эрх бүхий албан тушаалтанд болон харилцагчтай байгуулах гэрээнд угаасаа хэрэгжүүлэх боломжгүй олон шаардлага тавьсан. Хоёрдугаарт, Санхүүгийн зохицуулах хороо бүртгэх эсэх хүсэлт шийдвэрлэх, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үеүдэд болон хариуцлага хүлээлгэж, арга хэмжээ авах хүлээн зөвшөөрч боломгүй хязгааргүй эрх хэмжээ хэрэгжүүлэхээр хуульчилсан. Гуравдугаарт, Хариуцлагын зохицуулалт буюу Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хүлээлгэх хариуцлага, Иргэний хуулийн хохирол барагдуулах нийтлэг журмыг хэрэгжүүлэх үндэслэл, хүрээ хязгаартай холбоотой анхаарах асуудлууд бий.

Технологийн шийдэл, Бизнесийн ашигт ажиллагаа талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй зохицуулалтуудыг энэ салбарын судлаач, бизнес эрхлэгчид идэвхтэй ярьсан байсан. Миний хувьд “Виртуал хөрөнгө”-ийн эдийн засгийн ач холбогдлыг бууруулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж харж байгаа 3 зохицуулалт дурдъя.

Тухайлбал,

  1. Хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын судалгаанд виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын туршлага болгож судалсан Япон, Австрали, Малайз, Сингапур, Ирланд зэрэг улсуудад хуулийн төслийн 6.2-т “Виртуал хөрөнгийг аливаа хуулийн этгээдийн хувьцаанд хөрвүүлэхийг хориглоно” гэж заасантай ижил зохицуулалт байхгүй. Үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, зөвшөөрөл олгож буй ихэнх улсуудад үнэт цаасаар баталгаажсан токен нь үнэт цаас гаргаж байгаатай ижил зохицуулалттай байна. Тухайлбал, Япон, Сингапур, Хонконг, Израйл зэрэг улсуудад үнэт цаасаар баталгаажсан токен олон нийтэд гаргахад үнэт цаасны харилцааг зохицуулах хууль тогтоомжуудад заасан шаардлагуудыг хангасан бол зөвшөөрдөг. Ингэхдээ виртуал хөрөнгийн биржийн үйлчилгээ үзүүлэгч болон токен гаргаж буй этгээдийн хувьд ялгаатай шаардлагуудыг тодорхойлсон. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэхийг хориглоогүй, дэмжиж байгаа бусад улсуудад тухайлсан зохицуулалтгүй боловч үнэт цаасаар баталгаажсан токен гаргахыг “шууд” хориглосон тохиолдол байхгүй.
  2. Хуулийн төслийн 3.2-т “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч болон түүний харилцагчийн хооронд хийгдсэн гэрээ, хэлцлээс үүсэх маргаантай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй” гэж заасан боловч 9 дүгээр зүйлээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн харилцагчтай байгуулах гэрээнд заавал тусгах 13 нөхцөлийг тусгаж хэм хэмжээний зөрчилдөөн үүсгэсэн. Энгийнээр тайлбарлавал, талууд гэрээний заалттай холбоотой маргах тохиолдолд шүүхэд тус хуулийг хэрэглэхгүй болох нь. Тэгвэл яагаад гэрээний шаардлагыг хуульчилж байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй. Хуулийн төсөл дэх тус заалтыг хэвээр баталвал талуудын маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийг баримтлах, цаашлаад энэ хуулийг хэрэглэхгүй юм бол хуулиар зохицуулаагүй харилцаа гэж үзэх үү гэх зэрэг олон тодорхойгүй бөгөөд эргэлзээ дагуулсан асуудлыг үүсгэх юм. 
  3. Хуулийн төслийн 7.1.16-д виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэхэд хангасан байх 15 шаардлага, 7.2.5-д хүсэлт гаргагчийн гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтан хангасан байх 4 шаардлага дээр Санхүүгийн Зохицуулах Хороо нэмэлт шаардлага тогтоохоор заасан. Мөн хуулийн төслийн 7.3-т виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн өөрийн хөрөнгийн хэмжээнд тавигдах шаардлагыг Хороо тогтоох, 10.10-д хүсэлт гаргагчийг бүртгэх эсэхийг шийдэхдээ нэмэлт шаардлага тавьж болохоор заасан. Эдгээр нэмэлт шаардлагын хамрах хүрээ, үндэслэлийг хуулийн төсөлд тодорхойлоогүй ба хангаж ажиллаагүй тохиолдолд Хороо үйл ажиллагааны онцлог, зөрчлийн шинж байдлыг харгалзан үйл ажиллагааг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах, зогсоох, эсхүл бүртгэлээс хасах арга хэмжээ авахаар зохицуулсан. Улс орнуудад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэхэд шаардах баримт бичиг, шаардлагуудыг жагсаасанд Мөнгө угаах, Терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх, хэрэглэгчийг таньж мэдэхтэй холбоотой нийтлэг шаардлага байна. Зарим улсад ямар тохиолдолд бүртгэхээс татгалзах талаар хуульдаа тодорхой заасан. Жишээ нь: Япон улсын “Төлбөрийн үйлчилгээний хууль/Payment Service Act”-д бүртгэхээс татгалзах 10 гаруй үндэслэлийг хуульчлах замаар бүртгэх байгууллагын эрх хэмжээ хэрэгжүүлэх хүрээ, хязгаарыг тодорхой болгосон.

-Гэхдээ давуу тал байгаа биздээ? Нэг талаас Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарах үндсэн шаардлагаа хангаж байгаа хэрэг. Нөгөө талаас энэ хуулийг баталснаар виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгч нарт боломж олгож, дэмжлэг үзүүлж байна гэж үзэх үү?

-Мэдээж виртуал хөрөнгийг эдийн бус хөрөнгө гэж баталгаажуулж байгаа нь давуу тал мөн. Гэхдээ, нэн шинэ сарбарт мэргэшсэн хүний нөөц, програм хангамжийн хэт өндөр шаардлага тавьсан, мөн Хорооны шийдвэр гаргах хугацаа 1 жил, улсын тэмдэгтийн хураамж 50-100 сая төгрөг байгаа нь тухайн үйлчилгээг хориглосноос ялгаагүй үр дагавартай.

Тухайлбал, Монгол Улсад банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтэд 480 мянгаас 1.2 сая төгрөг төлж байгаа шүү дээ. Үүнээс гадна зохицуулалтын үйлчилгээний хөлсийг Хорооны тогтоосноор төлөхөөр байгаа.

-Тэгвэл ер нь энэ салбар зохицуулалттай байх шаардлага байна уу? Зохицуулалтгүй орхивол үүсэх эрсдэл бий юу?

-Зохицуулалттай байхыг FATF шаардсан учраас зохицуулж байна гээд байгаа. Тиймээс FATF-ийн шаардлага зөвхөн хууль батлахыг шаардсанаас яг одоо хэлэлцэгдэж байгаа агуулгаар хууль гаргахыг шаардаагүй гэдгийг дурдах нь зөв байх.

Мөн виртуал хөрөнгөтөй холбоотой харилцааг бүхэлд нь хуульчлах боломжгүйг ойлгох шаардлагатай. Тус үйлчилгээ нь санхүүгийн үр ашигтай бөгөөд хүртээмжтэй байдлыг цахим орчинд гуравдагч этгээдийн оролцоогүй, өндөр нууцлалтай, түргэн шуурхай, зардал багатайгаар нэмэгдүүлэх технологийн шийдэл. Гэтэл, Засгийн газар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр хүсэлт гаргагчид Татварын ерөнхий хуулийн 28.2-т заасан стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэх шаардлага тавьсан хууль өргөн бариад явж байна.

-Хуулийн төслийг сайжруулахын тулд нэн яаралтай өөрчлөх шаардлагатай зүйлийг юу гэж харж байна вэ?

-Ганцхан зүйлийг өөрчлөөд энэ хуулийн төслийг батална гэвэл дээр хэлсэнчлэн хэт чанга зохицуулалт хэрэгжихээр байгаа. Харин ач холбогдлоор нь дараалуулбал, Хорооны эрх хэмжээг хумихаас эхлэх байх. Хуулийн төсөл виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх зорилготой атал Хорооны эрх хэмжээ хэт өргөн хүрээтэй байгаагаас зөвшөөрөл олгох харилцаа шиг болсон. Тухайлбал, Эцсийн өмчлөгч, эрх бүхий албан тушаалтан солих тохиолдолд Хорооноос баталсан журмын дагуу урьдчилсан зөвшөөрөл авахаар хуульчилсан. ТУЗ-ийн нарийн бичгийн даргаа солихын тулд зөвшөөрөл авч таарахаар болсон гэх мэт өөрчлөх шаардлагатай зүйлс олон бий.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Уянга

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 19 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 19 цаг 9 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 19 цаг 18 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 21 цаг 13 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top