x

Сая гарсан Цэцийн шийдвэр Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Баяр нарт шууд хамаатай

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан өнгөрөгч баасан гаригт /2021.06.11/ болж, 2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ-аар баталсан "Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон билээ. Энэ асуудлаар хуульч, өмгөөлөгч Б.Баяраатай ярилцлаа.


-Үндсэн хуулийн цэц их суудлаараа хуралдаж, "Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийг бүхэлд нь хүчингүй болголоо. Цэц ямар шалтгаанаар энэ хууулийг хүчингүй болгосон хийгээд үүнтэй холбоотой таны байр суурийг сонсмоор байна?

-Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэхийг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь "хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хэлмэгдүүлж болохгүй гэсэн зарчмаас үүдэлтэй. Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хууль хүчин төгөлдөр болсон цагаасаа мөрдөгдөж эхлэх зарчимтай. Урьд нь болоод өнгөрсөн өөр хуулийн үйлчлэл бүхий цаг хугацаа руу хөөж, нөхөн үйлчлэх үндэслэл байдаггүй. Ер нь иргэнийхээ эрх зүйн байдлыг хүндрүүлэх замаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх жишиг дэлхий нийтэд байдаггүй. Коммунист СССР-ийн үед ч маш цөөн тохиолдолд хэрэглэж байсан. Н.Хрушевийн даалгавраар валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг дамын наймаа эрхэлсэн гэж цаазалсан түүх бий.

Тухайн үеийн хуулиар дамын наймаа эрхэлбэл дээд тал нь найман жил хорих ялтай байсан. Гэтэл Зөвлөлтийн эрх баригчид Эрүүгийн хуулийг хоёр ч удаа буцаан хэрэглэж, шоронд байхад нь хуулиа өөрчилж 15 жил болгож нэмээд хэсэг хугацааны дараа цаазаар авах ялтай болгож буудан хороох хууль баталж байсан. Энэ кейс одоо ч дэлхий нийтэд гашуун сургамж болж яригддаг. Харамсалтай нь ардчилсан Монгол Улс Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хуулийг 2020 онд баталсан нь сая Үндсэн хуулийн цэцийн их суудлын шийдвэрээр хүчингүй боллоо.

-Цэцээр хүчингүй болсон хуулийн гол агуулгыг тодотгож болох уу?

-УИХ "албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх" нэрийдлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг архиваас гаргаж сэргээн шалгах, нэхэн ял шийтгэхийг даалгасан хууль баталсан. Зөвхөн албан тушаалын хэрэгт төдийгүй бусад бүх төрлийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч заавал шүүхээр оруулан ял шийтгэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон. Энэ бол иргэнийхээ эсрэг Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна гэж үзэхээс өөр аргагүй үйлдэл. Зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй НҮБ-ын гишүүн орны хувиар олон улсын хэд хэдэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Энэ хуулийн тухайд эрүүгийн эрх зүйн хамгийн муу жишээ болж сурах бичгийн судлагдахуун болох байх гэж бодож байна.

-Хуулийг баталсан улстөрчдийн тайлбараас үзэхэд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусчихаад хэрэгсэхгүй болоод байна гэдэг. Үүнд үнэний хувь, үндэслэл бий юу?

-Цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн хувьд албан тушаалын болон бусад гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв гэдэгтэй огт маргадаггүй юм. Ер нь сайхан гэмт хэрэг гэж юу байхав, гэмт хэрэгтэй тэмцэхийг хэн ч буруутгах боломжгүй. Гэхдээ хуулийн дагуу тэмцэх ёстой. УИХ албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүсэл зоригтой бол эрүүгийн ял шийтгэлийг чангатгах замаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, мөн төрийн өндөр албан тушаалтан халдашгүй бүрэн эрхтэй байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг түр тасалдуулах зэрэг олон улсад өргөн хэрэглэгддэг үр нөлөөтэй аргуудыг хэрэглэх нь зүйтэй.

Гэтэл үүнээс хамгийн муу хувилбар болох Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх замаар тэмцэнэ гэдэг нь Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг шууд зөрчсөн хууль бус үйлдэл юм. Нэг үгээр бол хууль зөрчих замаар тэр дундаа Үндсэн хууль зөрчиж гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй. Тухайн гэмт хэрэг шалгагдах үеийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол шүүх, прокурорын байгууллага хуулиа дээдлэн хэрэгсэхгүй болгох нь зүйн хэрэг. Гэтэл УИХ нь нэгэнт хуулийн дагуу шийдэгдсэн хэргийг дахиад сэргээн шалгаад нэхэн ял шийтгэхийг шүүх, прокурорт шинээр даалгах нь шүүх эрх мэдэлд хууль тогтоох эрх байгууллагаас нөлөөлж байгаагаас өөрцгүй хэрэг юм.

Хууль тогтоогч өөрийнх нь баталсан хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүхийг буруутгах нь утгагүй. Үндсэн хуульд “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлнэ”, “шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зохицуулалт байгаа. Шүүх нэг хэргийг хоёр удаа хоёрөөр хуулиар шийдвэрлэж болохгүй.

-Эрүүгийн хуулийн суурь зарчим нь шалгагдаж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүйгээс гадна хэрэг шийдвэрлэхэд эргэлзээ төрвөл сэжигтэняллагдагчид ашигтай шийдвэрлэх зарчимтай байтал яагаад үүний эсрэг хууль гаргасан юм бол?

-Зөвхөн Эрүүгийн хууль төдийгүй аль ч хууль, тэр бүү хэл гэрээний харилцаанд ч оролцогч талын эрх, үүрэг дордуулахаар бол хуулийг буцаан хэрэглэдэггүй. Энэ бол хуулийн суурь зарчим. Эрүүгийн хуульд заасан үндсэн зарчмыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай буюу хуулийн бэлтгэл ажил хангах хуулиар шууд үгүйсгэж зөрчиж болохгүй.

-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр олон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдогЭрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа байх нь гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болж байна уу?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хуулиар олгосон боломж юм. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж тодорхой хугацаанд үгүйсгэгдэж байдагтай холбогдуулан гэмт хэргийн ангиллаас шалтгаалан харилцан адилгүй хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Тухайлбал, хөнгөн гэмт хэрэгт бага хугацаа тоолдог бол хэрэг хүндрээд ирэхээд хугацааг уртасгадаг зохицуулалттай. Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах тохиолдолд тодорхой хуулийн хугацаа заавал байдаг. Тэгэхгүй бол хэдэн сар жилээр улсын хилээр гаргахгүйн зэрэгцээ цагдаа, хүчний байгууллагад цаг наргүй шалгуулж,өдөр бүр цагаа бүртгүүлж, нэг ёсондоо хэрэгт шалгагдахаас илүүтэй хэт сунжирсан урт хугацааны залхаан цээрлүүлэлт болох аюултай. Шүүхээр гэмт буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Чухам хуулийн байгууллагыг хугацаагүйгээр хэрэг шалгаж иргэний эрхийг зөрчүүлэхгүй байх үүднээс хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Нөгөө талаар хуулийн байгууллагыг хэргээ хурдан шалгах үүрэг хүлээлгэн хариуцлагажуулж байна гэсэн үг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн чухал ач холбогдолтой хуульд заавал байдаг зохицуулалт юм.

-Тэгвэл Цэцийн энэ шийдвэрийн дараа гарах үр дагаврын талаар ярилцъяПагаж мөрдөх журмын тухай хуулиар сэргээн шалгаж байгаа эрүүгийн хэргүүд хэрэгсэхгүй болох уу?

-Хэрэг бүртгэлтийн шатанд байгаа хэрэг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татагдсан эрүүгийн хэрэг, шүүхийн шатанд шүүгдэгчээр шийдвэрлүүлж байгаа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол эрүүгийн хэрэг шууд хэрэгсэхгүй болох үндэслэл болно. Одоогийн хуулиар яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож байгаа. Харин Цэцийн шийдвэр гарсанаар гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн буюу өмнөх хуулийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолуулах эрхээ эдэлнэ гэсэн үг.

-Шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг яах вэ?

-Бүх шатны шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тухайд ял оногдуулах үндэслэл болсон хуулийн нөхцөл өөрчлөгдөх тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах хуулийн үндэслэл болно. Үндсэн хууль, бусад хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаардаг. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд ч Үндсэн хууль зөрчсөн хуулийн үр дагаврын талаар зохицуулахдаа “Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэсэн нь энэ тохиолдолд шууд хамаарах юм.

Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдвэрлэгдээгүй хэргийн хувьд хуулийн боломжоо эдэлж хожоотой үлдэх, харин шүүхээр шийдвэрлэгдсэн нь хохирч ял эдлэх замаар иргэдээ үндэслэлгүйгээр ялгаварлах хуулийн үндэслэлгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг шүүхээр орсон эсэхээс үл шалтгаалан хэрэгсэхгүй болох нь Үндсэн хуулийн хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлын зарчимд бүрэн нийцнэ. Шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг алагчилж, ялгаварлаж эдлүүлэх нь зохисгүй. Ер нь Үндсэн хууль зөрчсөн хуулиар иргэн хүнд ял өгөх үндэслэл байхгүй.Эцэст нь хэлэхэд, иргэдийн дунд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завшиж байна гэсэн буруу ойлголт байдаг. Энэ бол ял завших биш хуульд заасан боломжоо эдэлж байгаа явдал юм. Мөн эрүүгийн хэрэг цагаатгагдахаас өөр үр дагавартай.

Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэм буруутай гэсэн хуулийн үр дагавар үлдэх тул цаашлаад нийтийн албан хаших болон бусад эрхийг хязгаарлана, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бусаар олсон орлогыг хураах зэрэг хуулийн үр дагаврууд үлддэг. Иймд зарим иргэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдээ сэргээлгэж шүүхээр гэм буруугүй болохоо тогтоолгож цагаатгахыг илүүд үздэг, энэ нь зөвддөг тохиолдол олон бий.

-Бүр тодорхой хэлбэл одоо шоронд ял эдэлж байгаа С.БаярМ.Энхсайхан нарын улстөрчдийг суллах үндэслэл болно гэсэн үг үү?

-Шуудхан хэлэхэд тийм. С.Баярын тухайд Оюу толгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, М.Энхсайханы хувьд 2015 оны Таван толгойн батлагдаагүй гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар буруутгагдсан. Аль алиных нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шууд хязгаарласан хуулиар ял оногдуулсан. Иймд Үндсэн хуулийн Цэцийн саяны гаргасан шийдвэр одоо хоригдож байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарт шууд хамаарна. Үүнээс илүү чухал зүйл гэвэл зөвхөн албан тушаалын гэхгүй бусад бүх төрлийн эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаагүйгээр шалгагдаж заавал шүүхээр ял шийтгүүлэхээс аргагүй болоод байгаа хэдэн зуун иргэдийн хуульд заасан боломж, шударгаа шүүхээр шүүлгэх эрх сэргээгдэж байгаагаараа ач холбогдолтой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Мөнх (59.153.114.178)
    Хэрэг хийсэн бол хэзээ ч ялаа эдлэх нь шудрага зарчимд нийцнэ. Юун хөөн хэлэлцэх хугацаа энэ тэр вэ? Харин хуулиар ямар ял оноох нь шал өөр асуудал.
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Irgen (70.181.121.107)
    Huuli nereer uls ornoo hudaldsan alban tushaaliin gemt hergee nuun daragduuj boldog yumuu.alban tushaaltnuudad huuli yilchlehgyi bol huuli yarih hereg baina uu
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Филиппин улс анхны алтан медалиа Токиогийн зуны Олимпоос хүртлээ 3 цаг 51 минутын өмнө БНСУ-д оршин суугаа монгол иргэдийг вакцинд хамруулахад тус улсын Засгийн газраас дэмжлэг хүсжээ 3 цаг 58 минутын өмнө КОВИД: Өвдөөд эдгэрсний дараах зөвлөмж 4 цаг 11 минутын өмнө Хүүхдийн дэлгэцийн цаг ба давуу тал 4 цаг 13 минутын өмнө ТАНИЛЦ: Багахангай дүүргийг ингэж хөгжүүлнэ 5 цаг 24 минутын өмнө ТАНИЛЦ: Багануур дагуул хотын ерөнхий төлөвлөгөө 5 цаг 57 минутын өмнө "Ковид-19"-ийн халдвараар оношлогдсон иргэний тархины эдийн мэс заслыг амжилттай хийжээ 8 цаг 39 минутын өмнө “Гавьяат”-ын нээнтэг 8 цаг 41 минутын өмнө Б.Сүхбаатар: Батлан хамгаалахын их сургуулийн хашаан дахь орон сууцны орц, гарцыг шийднэ 9 цаг 3 минутын өмнө БНСУ-д зорчих иргэдийн АНХААРАЛД! 9 цаг 29 минутын өмнө Дундаж монгол Долгорын мөрөөдөл 9 цаг 59 минутын өмнө Репо арилжаагаар банкуудад нийт 140 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ 10 цаг 45 минутын өмнө Франц улс маргаантай Ковидын хуулийг баталжээ 11 цаг 5 минутын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Японы талд өгсөн “учиртай урилга” 11 цаг 24 минутын өмнө БАЙРШИЛ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд 11 цаг 39 минутын өмнө Дуу цахилгаантай аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 11 цаг 52 минутын өмнө Вэй Фөнхө: БНХАУ-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үр ашгийг хөрш Монгол Улс ч хүртэж, хамтдаа хөгжинө гэж найдаж байна Өчигдөр 17 цаг 50 минутад Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Олимпийн зарим тоглолт хойшиллоо Өчигдөр 17 цаг 43 минутад Үерт автсан Лондонгийн эмнэлгүүд өвчтөнүүдээ гэртээ байхыг хүсчээ Өчигдөр 17 цаг 20 минутад ЮНЕСКО: Мадридын Пасео дел Прадо, Ретиро паркийг өв сангийн жагсаалтад орууллаа Өчигдөр 17 цаг 13 минутад
iИх уншсан
Олимп ба монголчууд: П.Цагаанд төлсөн өр Шатахуун нэвчсэн хөрсийг эрүүлжүүлэх ажил НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ш... Х.Тэмүүжин: МАН сонгууль сайн хийж чадаж байна, муу юмандаа ... КОВИД: Энэтхэгт вирусын нас баралтын тоо 10 дахин их байж ма... Унгар улсаас хандивласан амьсгалын аппаратыг авчрах асуудлаа... Ухаалаг гар утасны заавар нь шинэхэн аялагчдыг аюулд оруулж ... Манай “Данх” юм үзээгүй болохоороо... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Японы талд өгсөн “учиртай урилг... Дундаж монгол Долгорын мөрөөдөл Дундаж монгол Долгор Зовлонгийн далай болсон УЛААНБААТАР Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл Коронавирусийн ДЕЛЬТА хувилбараар өвдсөн үед ямар шинж тэмдэ... УОК-оос 128 бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуул... "Ковид-19" өвчнөөр аавыгаа алдсан бүсгүй Улсын эмнэлгүүдэд х... Олимпод оролцох Монголын баг тамирчдын тэмцээний ХУВААРЬ Улс орнууд ковидтой хэрхэн дасан зохицож амьдарч сурч байна ... ХЯТАД: Төмөр зам болон авто замууд усанд живж олон мянган хү... ЭМЯ: Вакцины гурав дахь тунг Наймдугаар сарын сүүлээр эхлүүл... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахалтай тэмцэх чиглэлээр Япо...
Top