x

Ү.Сарнай: С.Зоригийг хөнөөсөн хэргийг тойрсон эрх мэдэлтнүүдийн “зодоон” мөд дуусахгүй

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын эхнэр Ү.Сарнайтай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд тагнуулч Б.Хурцтай холбоотойгоор дэгдсэн дуулиант үйл явдлууд болон нөхөрт нь хэн юуны учир хилс ял тулгасан талаар хэвлэлд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Монголын алдартай тагнуулчийн эхнэр бүх үнэнийг ийнхүү дэлгэж байна.  


-“Б.Хурц гэдэг ганцхан сөрөг дүртэй энтертайнмент улс төр өрнөж байна. Энэ улс төрийн золиос нь манай гэр бүл боллоо” гэж та саяхан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын даргад илгээсэн шаардлагадаа дурдсан байсан. “Эрүүдэн шүүсэн” гэх дуулиант хэргийг Улсын Дээд шүүх хэлэлцэж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил хорих ял оноолоо. Хамгийн сүүлд хэзээ эргэж очсон бэ. Биеийн байдал нь ямар байгаа бол?

-Таны асуултад хариулахаасаа өмнө нэг зүйлийг залруулж хэлье. Манай хүн болон бусад хүнд прокуророос “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн”, “Эрүүдэн шүүсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Улсын Дээд шүүх энэ хэргийг хэлэлцээд “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” гэдгийг нь хэрэгсэхгүй болгож, “Эрүүдэн шүүсэн” гэдэг үндэслэлээр манай хүнд хорих ял оноосон. Тэр өдөр би нөхрөө дагаж 409 дүгээр хаалттай хорих анги дээр очсон. Биеийн байдал нь сайн байгаа. Өөрөө ч энэ бүхэнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Хорих ангид хөл хорио тогтоосон учраас дахиж очиж чадаагүй л байна.

-“Сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан” гэхээр ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан гэж үү?

-Үгүй дээ, мэдэрч байсан гэх нь зөв болов уу. Улсын Ерөнхий сайд нь Хууль зүй, дотоод хэргийн сайдтайгаа хамт “Мартын 8”-аар хаалттай хорих ангид очиж, тэр Т.Чимгээ гэдэг эмэгтэйтэй уулзсан. Т.Чимгээ нь сэтгүүлчдийн өмнө ил гарч “Би бол хэлмэгдсэн хүн” гэх мелодрамын гол дүрд тоглосон. Түүний дараахан “Т.Чимгээг тэд ингэж л эрүүдэн шүүж, тамлаж байж” гэдгийг харуулахын тулд гүйцэтгэх ажлын бичлэгээс хэсэгчилж үзүүлсэн. Т.Чимгээгийн ах нь Сүхбаатарын талбайд “Халдашгүй дархан эрхтэй”-ээр өлсгөлөн зарласан. Шүүх хурал болохын өмнөх өдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Т.Чимгээгийн ахын майхан руу мөлхөж очоод уулзсан. Яг энэ уулзалтын маргааш манай хүнд хорих ял оноосон. Энэ бүхнийг урьдчилж төлөвлөсөн улс төрийн зохион байгуулалттай сценари гэхээс өөр юу гэх вэ. Үнэнийг хэлснийх нь төлөө өөрт нь хонзогносон бүлэглэлийнхний дэглэсэн энтертайнмент улс төр ингэж өрнөнө гэдгийг манай хүн хэдийнэ мэдэрчихээд сэтгэл зүйн болон хувийн бэлтгэлээ хийчихсэн байсан.

-Хувийн бэлтгэл гэдгийг тодруулж болох уу?

-Цүнхтэй хувцас, ном, эм сэлтээ машиныхаа багажинд хийчихсэн байсныг нь би хорих анги руу хамт явах гэж байхдаа мэдсэн. Үнэхээр цочирдсон. Харин манай хүн “Миний хайрт санаа зовох хэрэггүй ээ” гээд ер бусын тайван байсан даа. Манай хүнийг 2019 оны хавар бас нэг сар саатуулсан шүү дээ. Тэр үед би гадаадад байж таарсан. Харин манай хүн том хүүгийндээ байсан юм. Хуулийн байгууллагын хоёр ажилтан зарлан дуудах өгөх гэж ирэхэд нь “Дулаан хувцсаа авах уу, яах вэ” гэж асуусан, нөгөө хоёр нь гайхаад “Бид мэдэхгүй шүү дээ. Зарлан дуудах л өгөх гэж ирлээ” гэсэн, харин манай хүн хүүгээсээ дулаан хувцас авангуутаа “Дайгдаад явчихъя” гэж хэлээд хамт явсан нь камерт бичигдэн үлдсэн байдаг. Түүнээс биш зарим хүн шиг оймсдуулж, бөхчүүдээр хамгаалуулаагүй. Манай хүн хууль, шүүхийн байгууллагын ажилд маш хүндэтгэлтэй ханддаг. Бид ч “Үнэн ялна” гэдэгт итгэж, өдийг хүртэл дуугүй байлаа.

-“Шүүх хурлын шийдвэр гармагц Б.Хурц нарыг ШШГЕГ-ын ажилтнууд гэрээс нь хорих анги руу авч явлаа” гэж зарим хэвлэлд мэдээлсэн. Цахим хурал болсон учраас тэр үү?

-Манай хүн хорих анги дээр өөрөө очсон. Бүх зүйлээ бэлтгэчихсэн учраас шүүх хурлын шийдвэр гармагц “За, хайрт нь явъя даа” гээд өөрийнхөө машинаар 409 дүгээр хорих анги дээр очсон. Мэдээж хэрэг, би, бас найзууд нь хамт явсан. Хорих ангийн үүдэнд очиход хоёр ажилтан нь нүд нь орой дээрээ гарах шахам гайхчихсан гарч ирсэн. Харин манай хүн “Эргээд ирлээ” гэсээр машинаасаа буусан. Ийм л явдал болсон юм.

-Хүүхдүүд тань аавтайгаа уулзаж амжсан болов уу?

-Амжсан. Хоёр том маань юмны учрыг ойлгох насандаа ирсэн. Харин би бага охиддоо л их санаа зовж байна. Аав нь хорих ял сонсчихоод явахдаа “Удаан хугацаагаар явах болох нь ээ. Миний охид ээжийнхээ үгэнд ороорой. Хичээлээ сайн давтаарай” гэж хэлээд духан дээр нь үнэрлээд гарсан. Тийм болохоор хоёр охин минь яг юу болсныг сайн мэдээгүй л байгаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Интернэтээс элдэв мэдээлэл олоод уншчихсан ч юм билүү, сэтгэл хөндүүр байна аа.

-Б.Хурц нарт ял оноосны маргааш нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө анхаарал татахуйц нэг зүйл ярьсан. Сэтгүүлч “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх бүхий л аргыг таныг хэрэглэж байна. Таны зохиолоор л энэ хэргийн хувь заяа яваа гэдгийг Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн” гэхэд Ц.Нямдорж “Харин би Б.Хурц, Г.Эрдэнэбат нар зохиолыг бичсэн гэж шулуухан хэлнэ” хэмээн хариулсан байна лээ. Тэр хүн яагаад тийм итгэлтэй байгаа юм бол?

-Үнэнийг хэлэхэд, би зурагт ч үзэхгүй байгаа. Тийм учраас Ц.Нямдорж манай хүний талаар дахиад юу гэж худлаа ярьсныг мэдэхгүй юм. Гэхдээ та бод доо. Б.Хурц гэдэг хүнд С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх ямар сонирхол, шаардлага байх вэ. Тэгээд бүр зохиол бичээд үү. Энэ бол ор үндэслэлгүй гүтгэлэг. Манай хүний эсрэг улс төр ид өрнөж, “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэсэн биш гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихлээ. Тэдэнд хилс ял тулгаж, эрүүдэн шүүжээ” гэх мэдээллийг Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Төрийн ордонд хийж, өдгөө ял эдэлж буй хүмүүсээс болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байсан шүү дээ. Түүний дараахан “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шоронгийн камерт тамлаж, ялтнуудаар дарамтлуулсан юм байна” гээд бичлэгийг нь дэлгэсэн.

Мэдээж хэрэг, “Энэ бүхний гол зохион байгуулагч, буруутан нь Б.Хурц” гэж зарласан. Тэгэхэд би нөхрөөсөө асууж байсан юм. “Та нар энэ хүмүүсийг үнэхээр хэлмэгдүүлчихсэн юм биш биз. “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх нэрийдлээр улс төрийн хэлмэгдүүлэлт явууллаа” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хүртэл юу яриад байна вэ. Арай тийм аймшигтай зүйл хийгээгүй биз дээ” гэж. Харин манай хүн өөдөөс “Тэднийг хэлмэгдүүлээд барьж хориод эрүүдэн шүүх ямар шаардлага надад байх вэ” хэмээн маш тайван хариулсан. Энэ явдлаас хойш би хэргийн талаар дахиж юу ч асуугаагүй. Учир нь манай хүн төрийн нууц хадгалах тангараг өргөсөн тагнуулч.

Өөрийнх нь хэлснээр, Б.Хурц цааш нь ярих хориотой. Харин Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар цааш нь задруулах эрхтэй мэт аяглаж, хавтаст хэрэг яриад төрийн нууцыг энтертайнмент улс төр болгон ашигласаар байна шүү дээ. Улс төрд хууль, дүрэмгүйгээр яаж тоглож болдгийг тэд хангалттай харуулж байна.

-Өнгөрсөн сарын 31-нд буюу танай нөхрийн шүүх хурал болдог өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Маргааш нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мөн л энэ тухай ярьсан. Гэхдээ хэзээ яаж олон түмэнд танилцуулах нь тодорхойгүй байна. Ер нь энэ хэргийг нууцаас гаргаж, ард түмэнд үнэнийг мэдүүлж чадах болов уу?

-Хэдийгээр надад маш олон эргэлзээ байгаа ч 23 жил улс төрийн тоглоом болсоор ирсэн энэ хэргийг улсын нууцаас гаргах ёстой. Манай хүн ч тийм хүсэлтэй байгаа.

С.Зоригийг хөнөөсөн хэргээс гадна “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас гаргавал олон зүйлийн учир зангилаа тайлагдана. Тийм учраас би эдгээр хэргийг улсын нууцаас гаргуулах хүсэлтээ төр засаг, холбогдох албаныханд тууштай гаргасаар байх болно. С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэрхэн хэлэлцэж, тэдгээр хүмүүсийг ямар нотлох баримтад үндэслэн ялласныг ард түмэнд ил болгох хэрэгтэй. Гүйцэтгэх ажлын явцад тэдний гэм буруутайг нотлох ямар ноцтой баримтууд цугларсан юм бэ. Тэр л чухал шүү дээ.

Анхан, давж заалдах, Улсын Дээд шүүх дээр энэ хэргийн гүйцэтгэгчид гэх хүмүүс хэргээ хэрхэн хүлээж, гэрчүүд юу гэж мэдүүлж, прокурорууд ямар нотлох баримтад үндэслэн яллах дүгнэлт үйлдсэнийг Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Түүнээс биш бичлэг тасдаж цацсанаараа хэдэн улстөрчид хожиж, албан тушаалаар шагнуулаад байх нь шударга бус. Ер нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх хүсэл үе үеийн эрх баригчдад байсан уу гэдэг ч эргэлзээтэй. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажиллахдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө яг юу хийсэн юм бэ. Ёстой хуруугаа ч хөдөлгөөгүй нь үнэн биз дээ. Ж.Батзандан, Лу.Болд хоёроор “Хүүхэлдэй” хийж, С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийн хэргийг замхруулчихаж байгаа юм биш үү. Т.Чимгээгийн ахтай Сүхбаатарын талбайд очиж уулзахдаа “Захиалагчийн хэргийг хаасан” гэж ярьсныг нь сайтууд мэдээлсэн байна лээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч гэсэн, дөрвөн жил дүлий дүмбэ царайлсны эцэст манай хүний болон хамт шүүгдсэн хүмүүсийн өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас хүссэн байсан. Мэдэхгүй юм даа. Бүхэл бүтэн 23 жилийн туршид илрүүлэх хүсэлгүй байсан атлаа гүйцэтгэгчдийг нь илрүүлэхэд сандралдаж, захиалагчийнх нь хэргийг мөрдөн шалгахад саад хийж, ажил үүргээ гүйцэтгэсэн тагнуул, прокурорынхонд “Эрүүдэн шүүсэн” гэх хилс ял тулгасан хүмүүс үнэнийг ил болгож чадна гэж үү. Би хувьдаа итгэл муутай байна. Үсрээд хэдэн бичлэг тасдаж цацан нийгмийг айдаст автуулж, сонгуулийн шоу хийснээр энэ хэрэг дахиад замхрах биз.

-“Эрүүдэн шүүсэн” гэдгээр шийтгэсэн нь хилс ял гэж үү. Яагаад тэр вэ?

-“Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг бол манай хүнд зориулж улстөрчдийн бичсэн зохиол. Би ингэж л хэлнэ. Тэр бичлэгийг та бид бүгдээрээ үзсэн. Гэхдээ Б.Хурц шоронгийн камерт хүн тамлаад эрүүдэн шүүж байхыг тэр бичлэгээс хэн ч хараагүй. Тэгээд яахаараа “Эрүүдэн шүүсэн” гэх хэргээр буруутгаж ял оноодог юм бэ. “Гэмт хэрэгтэн л гэмт хэргийг нуун дарагдуулж чаддаг” гэдэгчлэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг илрүүлэхэд дургүй байгаа хүмүүс хонгилынхоо шүүгчдэд захиалга өгөөд хилс ял тулгасан нь энэ мөн биз. Ардчилсан нийгэмд хэн нэгнийг эрүүдэн шүүж, мөрдөн байцаалтын явцад тамлан тарчлааж болохгүй. Тэр тусмаа ардчиллын алтан хараацайн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг илрүүлсэн тагнуул, хууль хяналтын байгууллагынханд “Та муусайнууд илрүүлчихэв үү. Одоо та нартай үзэлцэнэ ээ” гээд хилс хэргээр ял оноодог байж бүр ч таарахгүй. Энэ хэргийг ч гэсэн улсын нууцаас гаргах хэрэгтэй. Үнэнээс юунд айна вэ, эрх мэдэлтнүүд. Дахин хэлэхэд, хэн нэгнийг эрүүдэн шүүнэ гэдэг маш буруу, хэзээ ч ямар ч тохиолдолд ийм балмад бурангуй үйлдэл гаргаж болохгүй. Тэр хэргийн тухайд, “Хаана хэн ямар алдаа гаргав” гэдгийг шалгаж нягтлаад явж байтал Ц.Нямдорж “Монголд урьд өмнө нь ийм аймшигтай яргалал гарч байгаагүй” гэсэн. Эсрэгээрээ “Ц.Нямдоржийн Эрүүгийн “хар” хууль” гээчийн балгаар Монгол шоронжсон улс болсон түүх саяхных. Гар утас хулгайлсан хүнд арван жилийн хорих ял оноогоод л, тийм биз дээ. Бас тэр эрүүдэн шүүх сандлыг өч төчнөөнөөр захиалсан “Цаад эзэн”-ээр хүмүүс Ц.Нямдоржийг нэрлэж байсан. Одоо ч тэгж хэлж, бичиж харагддаг. Ёстой жинхэнэ яргалал үйлдэх зориулалттай сандалнуудыг ийнхүү оруулж ирж, мөрдөн байцаалтад ашиглахыг Х.Тэмүүжин болиулсан санагдана.

Гэтэл Ц.Нямдорж нэг их өрөвч царайлж уйлан донгодоод байгаа нь хэр зохимжтой юм бол. Өөр нэгэн зүйлийг хэлэхэд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Т.Чимгээгийн судсаар мансууруулах бодис шахсан” гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээгийн охины амийг бараг л зохион байгуулалттайгаар хөнөөсөн мэт мэдээллийг олон нийтэд өгсөн нь тун хариуцлагагүй үйлдэл. Ерөнхий сайдын мэдэлд тагнуул, Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяанд цагдаагийн байгууллага бий. Тэр яриад байгаа зүйлээ хуулийн дагуу шалгуулаад гэм буруугийн явдлыг нотлох баримтаар тогтоох ёстой гэдгийг надаас илүү мэдэх ёстойсон.

-Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат танай нөхөртэй хамт ял сонсохоосоо өмнө “Бидний хэрэг Б.Баасанцогтын зурсан схемээр явагдсан” гэж мэдэгдсэн нь одоо ч сонирхол татдаг. “Б.Баасанцогтын төлөвлөгөө” гээчийг та харсан уу?

-Хашир туршлагатай хуульчийн хувьд, Г.Эрдэнэбат учрыг гадарласан байх л даа. Би тэр төлөвлөгөөг хэвлэлээс харсан. “Б.Хурц нарын шүүх хурал 2020 оны зургадугаар сарын 08. Шүүх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, ингэснээр цагдан хорих, эсвэл шүүхийн харьяалал өөрчлөх, хэрвээ шүүсэн нөхцөлд хэргийг С.Зоригийг хөнөөсөн хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож шийдвэрлэх” гэсэн схем байсан шүү дээ. Г.Эрдэнэбат энэ схемийг улс төрийн нөхцөл байдалтай холбож анализ хийгээд “Бидний есөн хүнийг “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэгт холбогдуулах нь анхнаасаа зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй өрнөсөн юм байна” гэж хэлсэн болов уу. Үнэхээр ч үйл явдал тэр дагуу өрнөж байна.

-Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй нэг зангилаа үүсгэдэг. Хамгийн сонирхолтой нь улстөрчдийн “Зүү”-ний үзүүр танай хүн рүү чиглэдэг. Яагаад?

-“Яагаад вэ” гэдгийг Ц.Нямдорж нараас асуух хэрэгтэй. Гурван өөр тодотголтой ч нэг л учир сэжмээр холбогдох улсын нууцад хамаарах хэргүүд. Үйлдсэн хүмүүс нь ч өөр өөр. Манай хүн огт хамаагүй. Гэсэн атал улстөрчид манай хүнээс өс хонзонгоо авах хэрэгсэл болгож, ёстой л “Гүтгээд бай, гүтгээд бай. Нэг л өдөр үнэн мэт болно” гэдэг технологио хэрэгжүүлсэн. Тагнуулч Б.Хурцын хувь тавилангаар тэд ингэж тоглож, амьдралыг нь золиосоллоо. Хүмүүс сайн мэдэхгүй. Манай хүнийг 20 жил ингэж тарчлааж байна шүү дээ. Энэ он жилүүд бидэнд дахиж хэзээ ч эргэж ирэхгүй. Харин би сүүлийн үед “С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай уран сайхны кино хийе” гэж бодох болсон. Өнгөрсөн 23 жилийн туршид хэчнээн хүн хэлмэгдэж, улстөрчид энэ хэргээр яаж тоглож ирсэн, хэргийг хэрэг биш болгохын төлөө одоо яаж улайрч байгаа тухай баримт түшиглэн кино хийх санаа байна. Энэ бодол маань улам лавшрах боллоо.

-Уучлаарай, олон нийтийн сүлжээгээр “Б.Хурц гэж хулхи генерал” гэх мэдээлэл үе үе түгдэг. Магадгүй, зориуд түгээдэг ч байж мэдэх. Ц.Нямдорж танай нөхрийн шүүх хурлын дараа өгсөн ярилцлагадаа “Энэ бүхнийг Ц.Элбэгдоржийн даалгавраар хийсэн. Б.Хурц чинь Барилгын техникум төгссөн. Орост дипломыг замбараагүй зарж байх үед хоёр жилийн курс төгссөн гэх дипломтой болсон л хүн. Хүн яргалж, хэлмэгдүүлснийхээ шагналд генерал цол хүртсэн” гэх утгатай зүйлийг дурдсан. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Тагнуулч байна гэдэг хувь тавилан. Төрийн нууц хадгална. Энэ бол няцаж ухрах ёсгүй тангараг нь. Тагнуулч хүнд “Миний, хувийн” гэх зүйл байхгүй. Бие нь, сэтгэл нь, зүрх нь, хамаг амьдрал нь эх орных байдаг. Тагнуулч хүн диплом горилдоггүй. Тагнуулч болох хүмүүсийг удам судраас нь эхлээд эд, эсээр нь судалж, сонгож, бэлтгэдэг юм. Олон аавын шилдэг хөвгүүд, охид ийм сорилтыг туулж байж тагнуулч болцгоодог. Диплом өвөртөлсөн болгон тагнуулч болчихдог юм биш. Тагнуулчийн чадварыг дипломоор хэмждэггүй. Яагаад гэвэл, энэ чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нүд, чих болсон байгууллага шүү дээ. Дотор газрын хүмүүсийн бэлэг сэлтэнд бялуураад хангамж юуг нь эдлээд нанчид хүртэж тасарч унаад нөлөөллийн агент болохоос тэс өөр зүйл. Нэг нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж байгаа бол нөгөө нь эх орноосоо урваснаас юуны ялгаа байх билээ. Хулхи ч гэнэ үү, хуурамч дипломтой ч гэнэ үү, манай хүнийг олон жил гутаан доромжилсон. Одоо ч үргэлжилж байна.

Харамсалтай нь тэд үнэнд гүйцэгдсэн шүү дээ. Манай хүний сурч байсан сургууль руу лавлагаа шаардсан бичиг хүртэл явуулж байсан. Мэдээж “Б.Хурц манай сургуулийг төгссөн нь үнэн болно” гэдэг албан ёсны хариу Москвагаас ирсэн. Нэр бүхий улстөрчид тэгэхэд улс дамнасан бүтэлгүй улс төр хийсэндээ ичээд нүүр хийх газаргүй болцгоосон байх. Генерал цол хүртсэн тухайд товчхон хэлэхэд, ТЕГ-ын даргад генерал цол олгодог хуультай юм. Албан тушаалаар шагнуулсандаа тулах юм бол харин ч эсрэгээрээ. УИХ-ын сонгуульд ялагдсан Ц.Нямдорж ЗГХЭГ-ын дарга болсон. Угтаа МАН-ын дүрэмд “УИХ-ын сонгуульд ялагдсан гишүүддээ улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” гэж заасан байдаг тухай сэтгүүлчид бишгүй л бичсэн санагдах юм. Гэтэл МАН энэ Ц.Нямдоржид ямар өртэй юм бэ. Эсвэл тэгтлээ барьцаалагдчихав уу. Үнэндээ Ц.Нямдорж МАН-д ч, энэ Засгийн газарт ч их гай болно.

АН-ыг хагалж, сонгуульд ялагдахад нь түлхэц үзүүлж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэрэг биш болгохын төлөө хамгийн их орилж, Ц.Нямдоржийн гар, хөл болсныхоо шагналд Ж.Батзандан Австралид Элчин зөвлөх, Лу.Болд Ерөнхийлөгчийн зөвлөх болж Ерөнхийлөгчөөс шагналаа авсныг энд хэлэх хэрэгтэй байх.

Ц.Нямдорж өөрийгөө Монголын хамгийн мундаг, шударга, боловсролтой хуульч мэтээр өргөмжилдөг. Харин түүнийг таньж мэдэх хүмүүс “Энэ Ц.Нямдорж “Ленинградын их сургуулийн хуулийн ангийг төгссөн” л гэдэг. Гэсэн хэрнээ оросоор огт ярьдаггүй нь хачирхалтай” гэж ярьдаг нь нууц биш.

-Лу.Болд ХБНГУ-д Элчин сайдаар томилогдох сурагтай. Ж.Батзандангийн хувьд, Австралид хэдийнэ очсон ч цаанаас нь оршин суух зөвшөөрөл өгөхгүй байгаа гэх мэдээлэл бий?

-За, мэдэхгүй дээ. Тэр талаар сонирхсон ч үгүй. Шуудхан хэлэхэд, бидэнд падгүй. Бүх зүйл цаг хугацаатай. Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар хэзээ нэгэн цагт хуулийн өмнө очно. Үүнд би итгэлтэй байна.

-Б.Хурц гэж ер нь хэн юм бэ. Тагнуулч, генерал биш, зүгээр л Б.Хурц гэдэг хүнийг та л сайн мэднэ дээ?

-Дүүрэн хүн. Ойлгож байна уу. Хүнийг хайрласан шиг хайрладаг, хэлсэндээ байж чаддаг, зовж, ядарсан найз нөхдөдөө сэтгэлийг нь дүүртэл тусалдаг, тийм л өгөөмөр хүн. Аав, ээж, ах дүүс, хань ижил, үр хүүхдүүдээ дүүрэн  жаргалтай байлгаж чаддаг, жинхэнэ эр хүн. Хүүхдүүдээ их эрхлүүлнэ, хамт тоглоно. Харамсалтай нь улстөрчид нийгэмд “Яргачин Б.Хурц” гэж манай хүнээс тэс өөр, шал эсрэг зохиомол дүрийг өөрсдийнхөө хүсэл, зоргоор бүтээчихээд ард иргэдийн тархийг олон жил угааж байна. Гэр бүл, ойр тойрныхон нь “Манай Б.Хурц тийм хүн биш ээ” гэж мянга хэлээд ч нэмэргүй тийм л зузаан “хөрс”-ийг бүрдүүлж, үр дүнд нь хорих ял оноолгож чадлаа. “Шударга бусын хонгил” л гэнэ. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярын үеэс схемийг нь бүрдүүлсэн энэ хонгилын хамгийн том золиос бөгөөд хохирогч нь манай хүн. Төрийн даалгавраар Дамирангийн Энхбат агсныг Европоос авчрахаас эхлээд өнөөдрийг хүртэл манай хүний эсрэг зохион байгуулалттай улс төр яаж өрнөв. Одоо бас яаж байна.

Өнгөрсөн, өдгөөгийн түүхийг хамтад нь харвал манай хүн яах аргагүй золиос нь. Тэд үнэхээр чадлаа. Улайрсаар, гүтгэсээр, нийгэмд хар хорын мэдээллүүдээ цацсаар байгаад манай хүнд хилс ял захиалгаар тулгуулсан. Ингэж хэлэхээсээ би огтхон ч айхгүй байна. “Хөшиг”-ний цаана тийм “хор” гүйлгэснийг ч сайн мэдэж байна. Ц.Нямдорж нэгэнтээ “Аав, ээж хоёр”-оо дуулаад би Н.Энхбаярын шоронд орно оо” гэсэн байдаг байх аа. Харин манай хүн л насан буурал аав, ээж, алаг үрсээ орхиод Ц.Нямдоржийн шоронд орлоо доо.

-“Манай хүн ямар ч үед цэргүүдээ орхидоггүй” гэж та ярьсан. “Эрүүдэн шүүсэн” гэх хэргээр цэргүүд нь хамт шүүгдсэн. Тэднийг яаж хатуужуулж байсан бол?

-“Үнэн ялна” гэдэгт манай хүн болон цэргүүд нь итгэлтэй байгаа. Манай хүн сэтгүүлчид “Цэргүүдээ орхидог генерал гэж байхгүй. Хариуцлага хүлээх юм бол хамт хүлээнэ. Зугтахгүй. Манайхан чинь зарим нь бас хэцүү шүү дээ, амьдрал нь” гэж ярьсан байсан. Үнэхээр “Тэр минь, энэ маань” гэж байнга л санаа тавьж, тусалж дэмждэг.

-Өнгөрсөн өвөл батлан даалтад гарахдаа баахан захидалтай гарч ирсэн гэдэг. Тэр юун захидлууд вэ?

-Хамт хоригдож байсан залуус нь ар гэрийнхэндээ бичсэн захидал юм. Манай хүн халаас дүүрэн захидалтай ирсэн. Тэгээд холбогдох ёстой хүн бүр рүү өөрөө залгаж, хэл дуулгасан. Хэдийгээр хамт хоригдож байсан ч манай хүн тэр хүмүүсийг сайн танихгүй. Гэхдээ л захиасыг нь биелүүлж, ар гэрийнхэнтэй нь холбоо барьсан. Залуус хар тамхины хэрэгт их холбогдож байна. Манай хүн үүнд маш их санаа зовдог.

-“Тагнуулч Б.Хурцыг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар ил байлгахгүй байх “хор”-ыг Төрийн ордонд найруулж, тэр нь Улсын Дээд шүүх дээр биеллээ олсныг хэрсүү ард түмэн маань хэдийнэ ойлгосон…” гэж та төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн шаардлагадаа дурдсан. Тэгэхээр танд тодорхой мэдээлэл байна гэсэн үг үү?

-Б.Хурцын эсрэг хурц тавилттай улстөржилтийн сценари олны нүдэн дээр ил өрнөсөн. Одоо ч мөн адил. Жирийн иргэд биш юм гэхэд улс төрийн хүрээнийхэн бүгд л үүнийг гадарлаж байгаа. Зарим нь доторлох ч байх. Юм гэдэг учиртай шүү дээ. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манай хүнийг “Хар сав”-нд далд хийж авдаг нь санамсаргүй явдал огтхон ч биш. Үйл явдал яаж эхэлсэн, “гал” хаанаас ассан, хэрхэн өрнөсөн, манай хүний эсрэг хэн хэзээ яаж хөдөлсөн бэ гээд ерөнхийд нь зураглаж харвал хэнд ч ойлгомжтой бус уу.

-Та шууд нэрлэхээс цааргалаад байх шиг байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж… “Б.Хурцыг шоронд хийх тухайд энэ хоёр хүний ашиг сонирхол нэгдсэн” гэх мэдээлэл байдаг л даа. Гэхдээ юуны учир тэр вэ. Энэ л хариултгүй асуулт шиг… “Дунд нь хэзээ ч “гал” авалцахад бэлэн хоёр хүн Б.Хурц дээр яагаад хүч хавсрах болов” гэж хэвлэлийнхэн ч их сонирхож байна?

-Яасан айхтар тулгасан асуулт вэ. Та надаас их л өндөр түвшний мэдээлэл шаардаад байх шиг. Үнэндээ би улс төр огт сонирхдоггүй. Тэгэхээр таны энэ асуултад хариулж мэдэхгүй.

-Баттай бус ч бас нэг сонин мэдээлэл бий. “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь зохиомол хэлмэгдүүлэлт. Гол зохион байгуулагч нь Б.Хурц” гэх медиа акцийн санхүүжүүлэгч нь УИХ-ын гишүүн асан О.Содбилэг. Энэ акцийг анх эхлэхэд хэвлэл, сошиалд 600 сая төгрөг зарцуулсан” гэж. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Үгүй, огт дуулаагүй юм байна.

-Б.Хурц генерал Ц.Нямдоржтой нэг нутгийнх гэсэн байх аа?

-Хадам аав маань Ц.Нямдоржтой нэг нутаг. Манай хүний хувьд, Улаанбаатар хотын Дөчин мянгатын унаган иргэн.

-Ер нь яг юунаас болж муудалцсан юм бол. Ц.Нямдорж танай хүнд ингэтлээ хонзогнох ямар шалтгаан байна вэ?

-Хүмүүс янз бүрийн л нөхцөл байдлаас болж түнжин хагардаг. Ажил, амьдрал дээр зөрчилдөх бол байдаг л үзэгдэл. Харин Ц.Нямдорж манай хүнд өсөрхөж, “Шударга тав”-аараа ноцуулж, Төрийн ордонд нээлттэй сонсгол хийх нэрийдлээр хууль бус тархи угаалт явуулсан нь нөгөө алдарт хэвлэлийн бага хурлын дараахнаас өрнөсөн үйл явдал шүү дээ. Манай хүн ТЕГ-ын дарга байхдаа хэвлэлийн бага хурал хийж “Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийг цагдаагаас дандаа салгасан байдаг. Ямар санаа зорилготойг мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах ёстой. Гэтэл өнгөрсөн 19 жилийн хугацаанд арван удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан шүү” гэж мэдэгдсэн. Тэр ч байтугай “Ц.Нямдорж ерөөсөө хоёрхон л сэдэвтэй. Нэг нь “Эрдэнэт”, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг. Хүү Н.Анхбаяраараа “Эрдэнэт”-д шахаа хийлгэдэг. Хуурай дүү С.Анхбаяраараа дамжуулж, 42 сая ам.долларын бараа материал шахсан” гэх утгатай мэдээлэл хийсэн нь Ц.Нямдоржид зуугдах шалтгаан болсон байх. “Хятадын тагнуул”-ын хэргийг ТЕГ шалгаж байсан нь ч бас нэрмээс болсон болов уу. Тэр хэвлэлийн бага хурлын дараа Ц.Нямдорж Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “ТЕГ-ын даргыг удахгүй солино” гэж хэлсэн. Удалгүй манай хүн ч ажлаа өгсөн.

-Тэгвэл Б.Хурц генерал Ц.Элбэгдоржтой яг ямар холбоотой юм бэ. “Б.Хурцыг Германд хоригдож байхад нь Ц.Элбэгдорж суллуулсан. “Яг одоо надтай хамт Монгол руу буц. Ажилдаа ор” гэж хэлсэн” гэх зэрэг худал, үнэн нь мэдэгдэхгүй олон мэдээлэл байдаг шүү дээ. Одоо ч нэр холбогдсон хэвээр. Таны нөхрийг Англи, Германд хоригдоод эх орон руугаа буцахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онгоцоор хамт ирсэн нь санамсаргүй тохиолдол байв уу, аль эсвэл…?

-Энэ тухай ташаа мэдээлэл хэвлэлээр их гардаг. Тэр бол 2011 оны есдүгээр сард болсон явдал шүү дээ. Манай хүнийг Германы талд шилжүүлэх шийдвэр Английн шүүхээс гарахад би Улаанбаатар руу буцаж, Германы виз хөөцөлдөж байсан юм. Виз гарахыг хүлээх зуураа Сөүлд хоёр нялх охинтойгоо түр ирчихээд байх үед нэг өдөр утас дуугарлаа. Утсаа авсан чинь албаны хүн “Энд нэг хүнтэй ярь даа” гэж байна. Гайхаад “За” гэлээ. Тэгсэн чинь манай хүн “Би байна аа, суллагдчихлаа” гэж хэлсэн. Гайхах ч хэцүү, уйлах ч хэцүү болсон. Манай хүн Германд суллагдсан тэр өдөр бол 2011 оны есдүгээр сарын 16-ны өдөр байсан юм. Удалгүй манай хүн Сөүлд бидэн дээр ирээд эмнэлэгт үзүүлж хэсэгтээ байлаа. Яг тэр үед тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийсэн айлчлалаа өндөрлөөд Сөүлээр дамжин Монгол руу нисэх гэж байгааг мэдсэн юм. Ингээд “Нислэгээ хойшлуулдаг ч юм билүү” гэтэл экс Ерөнхийлөгчтэй хамт явж байсан хүмүүс “Ямар хамаатай юм бэ. Явдгаараа яваач” гэсэн.

Үнэнийг хэлэхэд, бид тэр үед маш хэцүү нөхцөлд ч гэж хэлмээр юм уу, тийм байдалд ирсэн. Учир нь бага охин маань улаан нялзрай. Чих нь өвдсөн үү, яасан онгоцонд уйлаад ер зогсохгүй байсан. Онгоцны үйлчлэгч нар сандралдаад л. Удалгүй Монголдоо газардсан. Онгоцны буудал дээр баахан сэтгүүлч, зураглаачид цугларчихсан байсан тул бид Ерөнхийлөгчийг тосохоор ирсэн төрийн хамгаалалтын машинуудыг дагаж гэрийн зүг давхицгаасан даа. Экс Ерөнхийлөгчтэй онгоцонд тааралдсан түүх ийм юм. Түүнээс биш манай хүн эх орондоо ирэнгүүтээ Ц.Элбэгдоржид шадарлан зүтгэж, ажил хэрэг, амин хувийн ашиг сонирхлын сүлжээ үүсгэж байгаагүй. Манай хүнийг экс Ерөнхийлөгчтэй зориуд холбож улстөржүүлдэг мелодрам олон жил үргэлжилж байна.

-Таны нөхөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга байхдаа буюу 2010 оны есдүгээр сарын 17-нд Лондон руу томилолтоор яваад “Хитроу” нисэх буудалд саатуулагдсан. Энэ тухай та хэзээ мэдсэн бэ?

-Бид хоёр ханилаад 32 жил болж байна. Энэ хугацаанд манай хүн хаана л явна, тэр газраасаа байнга холбогддог байсан. Гэтэл тэр өдөр гэнэт таг чиг болчихсон. Би ч гайхаад урьдын адил утас дуугарахыг хүлээгээд л байлаа. Гэсэн ч чимээ алга. Ингээд л “Юу болов” гээд асууж сураглаад Лондонд саатуулагдсаныг нь мэдсэн. Тэр үед манай хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргын хувьд Англи улс руу албан томилолтоор явсан юм. Дипломат паспорттой зорчиж явсан шүү дээ. Гэтэл тийм явдал болсон. Хоёр улсын хооронд дипломат маргаан ч дэгдсэн.

-“Б.Хурц Англид очих гэж байна шүү” гэсэн мэдээллийг Английн хууль хяналтынханд хэн өгсөн байж таарах вэ. Баримттайгаар батлагдсан ч юм уу, аль эсвэл ямар нэгэн сэжиг таамаг байдаг уу?

-Би хувьдаа “Монголоос тэр тухай мэдээллийг дамжуулсан” гэж харддаг. Энэ хардлага үнэний ортой байж магадгүй. Учир нь манай хүнийг Монгол дахь Английн ЭСЯ-аас анх виз хүсэхэд нь соёлтойгоор татгалзаж болох байсан. Гэтэл тэгээгүй, виз өгсөн. Виз өгөнгүүтээ Англи руу мэдээлсэн. Манай хүнийг Лондонд газардахад нь саатуулсан. “Аэрофлот”-ын онгоцноос буух гэж байхад онгоцыг нь нэлээд удаан зогсоосны эцэст маш олон хүн орж ирж авч явсан юм. Ёстой кино шиг үйл явдал болсон. Гэхдээ хууль бус л даа. Олон улсын хуулиар “Өөр орны авиакомпанийн онгоцонд ийм ажиллагаа явуулна гэдэг тухайн улсын хуулийг зөрчсөнөөс ялгаагүй” гэж тооцдог. Нэг ёсондоо, Английн хууль хяналтынхан ОХУ-ын агаарын хилийг зөрчсөн гэсэн үг. Харин манай хүнтэй холбоотой мэдээллийг цааш нь дамжуулсан нь тухайн үеийн Английн Элчин сайд, хөүм оффисийн ажилтан, Английн ГХЯ-ны нэгэн ажилтны хамтарч хийсэн ажил. Английн тал манай хүнийг саатуулсан явдлаас болж Монгол дахь Элчин сайдаа 24 цагийн дотор яаралтай татсан нь ч ийм учиртай. Уг нь англичууд манай хүнийг баривчлангуутаа Германы талд шилжүүлэх ёстой байсан.

Гэсэн ч шилжүүлээгүй. Яагаад гэвэл, Монголын Засгийн газар “Дипломат паспорттой, халдашгүй эрхтэй хүнийг баривчилсан. Танай улсын хууль хяналтынхан Б.Хурцыг баривчлах ёсгүй. Хүнээ авъя. Та нар энэ хүнийг Германы талд шилжүүлж болохгүй” гэсэн зарга үүсгээд Английн Засгийн газрыг шүүхэд өгсөн. Монголд ажлын хэсэг ч байгуулсан. Түүнээс биш “Б.Хурц Европоос хүн хулгайлсан” гэдэг асуудлыг хэлэлцэх шүүх хурал Лондонд огт болж байгаагүй. Харьяалал нь ч биш.

-“Б.Хурц шүүх хурал дээр “Энэ бол доромжлол” гэж оросоор хэлжээ” гэх мэдээлэл тухайн үед хэвлэлүүдэд гарч байсан. Шүүх хурал яагаад тэгж сунжирсан бэ?

-Шүүх хурал Лондонд арав гаруй удаа болсон. “Баривчилгаа зөв үү, буруу юу. Дипломат статустай хүнийг баривчилсан нь хууль зөрчсөн үү, үгүй юү” гэдгийг л энэ үеэр хэлэлцсэн. Шүүх хуралдаан яагаад нэг жил үргэлжилсэн бэ гэхээр, тус улс жишгийн хуультай. Тиймээс жишгийн хуулиасаа шалтгаалж, тэгж олон удаа хуралдсан юм. Хамгийн сүүлд болсон Дээд шүүхийн хуралдаан дээр шүүгч нь ГХЯ-аа буруутгасан. Яагаад гэвэл, түрүүнд миний нэр дурдсан гурван хүний хоорондоо харилцаж байсан и-мэйл нь гарч ирсэн. Үүнээс болж Английн ГХЯ ч маш эвгүй байдалд орсон. Эцсийн эцэст энэ нь төрийн байгууллагын доод шатны ажилтнуудын алдаа байсан нь нотлогдсон юм. Английн тал ч алдаагаа хүлээн зөвшөөрч, манай хүнийг 11 сар саатуулсны эцэст Германы талд шилжүүлэх шийдвэр гаргасан. Хэдийгээр англичууд ийнхүү алдаагаа хүлээн зөвшөөрсөн ч цаад утгаараа том гүрэн буруутай байх ёсгүй учраас л манай хүний асуудлыг ингэж шийдвэрлэсэн хэрэг.

-Танай нөхрийн хувьд, анхнаасаа л Англид биш, Германд асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байсан гэдэг. Явуулахгүй байсан шалтгаан нь юу байв?

-Тэр үед амтай болгон “Б.Хурцыг Германы талд шилжүүлбэл тэгээд л өнгөрнө. Өчиггүй 20 жилийн ял онооно” гэж шуугиж байлаа. Гэсэн хэдий ч манай хүн “Герман руу явъя” гэдэг байр суурьтай байсан. Удаа дараа ийм хүсэлт уламжилсан ч Монголын тал явуулаагүй. Эсрэгээрээ Английн талаас “Хүнээ авъя аа” гэж шаардсаар байсан юм. Энэ нь ч зөв.

-Германд хэр удлаа?

-Манай хүн Германд нэг сар болсон. Тус улсын хууль хяналтынхан манай хүнийг яагаад сулласан бэ гэвэл, баривчилгаа нь хууль бус байсан. Хууль үйлчилдэг газарт баривчилгаа нь хүртэл зөв байх ёстой байдаг юм байна. Түүнээс биш хүмүүсийн ярьж, бичээд байдагчлан Ц.Элбэгдорж Ангела Меркель рүү утсаар яриад шийдүүлэх ямар ч боломжгүй шүү дээ. Үүнийг бас залруулаад хэлчих нь зүйтэй байх.

-Яруу найрагч Ц.Хулан нэгэн сэтгүүлд “Манай Ү.Сарнай Лондонд нөхрийнхөө төлөө декабристуудын эхнэрүүд шиг тэмцсэн” гэж ярьсан удаатай. Харь оронд саатуулагдсан нөхрийнхөө араас хэзээ явав, очиход ямар нөхцөл байдал угтав, тэнд яажшуухан амьдарч байсан бэ гээд асуух зүйл олон байна?  

-Үнэнийг хэлэхэд, би тэр үед яахаа мэдэхгүй байсан. Зөвхөн “Англид очих ёстой. Хайртынхаа хажууд байх ёстой” л гэж бодож байлаа. Ингээд Монгол дахь Английн ЭСЯ-д виз мэдүүлсэн. Гэвч “Та жирэмсэн юм байна. Тэнд төрөх болбол эмнэлгийн зардлыг тань хэн даах нь тодорхойгүй байна” гэдэг хариу өгсөн. Тийм учраас би нэлээд хэл ам хийж, хөөцөлдсөний үр дүнд виз авч, хүүхдүүдтэйгээ хамт Англи улсыг зорьсон. Шекспирийн эх оронд анх удаа хөл тавьж байгаа минь тэр шүү дээ.

Арванхоёрдугаар сарын сүүлчээр очсон учраас цас, бороо, шороо холилдсон, хүйтэн, харанхуй… Нэг тийм орчин угтсан. Лондонд очингуутаа байр түрээсэллээ. Нөхрийнхөө хоригдож байгаа газар руу явахад Англи дахь Монголын ЭСЯ-аас унаа гаргаж өгдөг байсан. Аль эсвэл би таксидчихдаг байлаа. Том охин маань хичээлтэй болохоор аавтайгаа уулзаад удалгүй эх орон руугаа буцсан. Харин би том хүү, дунд охинтойгоо Лондонд үлдсэн. Хавар нь том хүүгийн маань хичээл эхлэх гээд мөн л Монгол руугаа явж, миний хувьд хоёр бага охинтойгоо байх болсон юм.

-Нөхөртэйгөө ойр ойрхон уулзах боломж олдож байв уу?

-Долоо хоногт 2-3 удаа уулздаг байсан. Тэгэхэд би нөхрийнхөө өмнө нэг ч удаа уйлж байгаагүй. “Бүх зүйл сайхан болно оо” гэж урам зориг, итгэл найдвар өгдөг байсан. Тэр үед манай хүн надад юу гэж хэлдэг байсан бэ гэвэл, “Монголын төр намайг авна. Миний хайрт тайван байгаарай” гэдэг байлаа. Харин ганц захидаг байсан зүйл нь ном. Ном, ном, ном… Тийм болохоор би Монгол руу ном захиж, Англиас орос ном цуглуулах ажилтай байсан. Эргэж очих болгондоо 2-3 ном өгнө. Манай хүн тэнд байх хугацаандаа Английн шоронг номын сантай болгоод гарсан.

-Нөхөр нь хүний газар хоригдчихсон, өөрөө хөл хүнд, учир мэдэхгүй нялх охинтойгоо… Хүн болгонд тэр бүр тохиолдоод байдаггүй амьдралын хүнд нугачааг та даван туулсан. Бага охиноо Лондонд төрүүлсэн, тийм үү?

-Тийм ээ, миний охин Лондонд төрсөн. Бөөн юм болсны эцэст төрөх цагаа эмнэлгээс автал манай хүний дараагийн шүүх хурлыг товлосон. Тэгэхэд миний тэвчээр үнэхээр алдарсан даа. “Эхнэр нь Лондонгийн нэг дүүрэгт хоёр яс салах гэж байхад нөхрийнх нь шүүх хурал нөгөө дүүрэгт болж байдаг” гэж. Англид дөнгөж төрсөн хүүхдийнхээ хүйг аав нь дэргэд нь байж хайчилдаг уламжлалтай. Тийм учраас “Манай хүнийг батлан даалтад гаргачих байх” гэж найдсан боловч талаар болсон. Ингээд би эмнэлэгт хэвтсэн. Том хүү маань дэргэд байсан л даа. Намайг төрөхийн орон дээр гарчихаад байх үед утас нь дуугарсан. Миний хүү “Ээж ээ, аав “Ярья” гэж байна” гэхэд нь би нөхрийнхөө дууг сонсоод асгартал уйлсан. Эмч нар маш их сандарч “Өвдөж байна уу” гээд л гүйлдээд байсан. Үнэндээ тэгэхэд миний бие биш, сэтгэл л маш их өвдөж байлаа. Аавыгаа орлож ах нь дүүгийнхээ хүйг хайчилсан.

-Бага охиноо аавд нь анх хэзээ харуулсан бэ?

-Охиноо төрөөд дөнгөж гурав хонож байхад ааваар нь нэрийг нь шивнүүлэх гэж хоёр настай охиноо хөтлөөд шоронгийн тэр олон төмөр хаалгыг дамжсан. Нэг, хоёр, гурав… (тоолов.сурв). Уулзалтын өрөөнд орохын тулд зүрх зүсэм чихарсан муухай дуутай зургаан том төмөр хаалгаар орж өнгөрөх ёстой байдаг юм. Ингэж явсаар аав дээр нь очсон. Манай хүн охиныхоо нялх хонгор үнэрийг үнэрлээд “Бүх юм тогтуун болог” гээд “Тогтуун” гэдэг нэрийг шивнэсэн. Уулзалтын өрөө пиг дүүрэн. Арваад хүн нэг дор уулзалт хийнэ. Охин маань уйлаад би хөхүүлэх гэхэд хянагчид сандарч гүйж ирцгээсэн. Дан хоригдлууд дунд байсан болохоор тэр л дээ. Энэ хорвоо дээр нялх хонгор дуугаа хадааж мэндэлсэн миний бяцхан охин аавтайгаа анх Английн шоронд ингэж л уулзаж байсан. Өрөвдүүлэх гэсэн юм биш шүү. Бидний амьдралд тохиолдсон үнэн түүх гэвэл энэ.

-Том охин нь аавтайгаа уулзаад буцсан гэсэн. Тийм байдалд байгааг нь хараад яаж хүлээж авсан бол?

-Мэдээж хэрэг, сэтгэл зүйн хувьд хэцүү байсан. Гэсэн хэдий ч би охиндоо “Аавтайгаа уулзахдаа уйлж болохгүй шүү” гэж захиж, миний охин ч маш мундаг тэвчээр гаргаж чадсан. Харин харь газар эрх чөлөөгөө хасуулсан аавтайгаа уулзчихаад нөгөө аймаар төмөр хаалганууд хаагдахад өр өвдөж, зүрх сэтгэл урагдмаар айхтар уйлсан. Гэхдээ л ээжийнхээ захиасыг биелүүлж, аавтайгаа уулзахдаа уйлахгүй гүрийж байгаад л гарч ирсэн, миний муу охин. Бяцхан охидоо тэврэхийг нь тэврээд хөтлөхийг нь хөтлөөд аав руу нь очиж байсан тэр аймшигтай төмөр хаалганууд бидний ой санамж, зүрх сэтгэлд “Гаслангийн дуутай хаалга” л болж үлдсэн. Тэр хүнд хэцүү цагт бидэнд анхаарал тавьж, сэтгэлийн дэм өгч байсан хүмүүст “Баярлалаа” гэж хэвлэлээр дамжуулан хэлэх боломж одоо надад олдож байна. Тухайн үеийн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар гээд Монголын талын холбогдох албан тушаалтнууд манай хүний төлөө үнэхээр чин сэтгэл гаргаж ажилласан. Сайн ч хөөцөлдсөн. Бас гадаад, дотоодод амьдран суугаа олон сайхан найз маань байна. Тэд үргэлж л санаа тавьж, утсаар ярьж, мессэж бичиж, манай гэр бүлд сэтгэлийн дэм өгцгөөж байсан. Англид байхад миний болон манай хүний найзууд маш их эргэж ирж байлаа. Тэр хол газар замын зардлаас эхлээд асар өндөр өртөгтэй шүү дээ. Тэгэхэд л зориод ирнэ.

Улстөрчдийн ярьж, гүтгээд байгаачлан манай хүн хамаг л болохгүй, бүтэхгүйг хийдэг байсан бол ийм олон сайн найзтай байхгүй байсан байх. Сая хоригдоход бүх найз нь ирсэн. Английн шоронг номын сантай болгох хэмжээний тэр олон номыг найзууд нь явуулдаг байв. Тэр ч бүү хэл боов, боорцог, борц хүртэл илгээдэг байсан. Лондонд ирмэгцээ цаг аваад шоронд эргэж очицгоосон. Тэгэхэд би нөхрөөрөө бахархаж байлаа. “Хүнд чин сэтгэл гарган тусалж, дэмжиж, дэмнэж чаддаг шигээ сэтгэлээр баян сайхан найзуудтай юм” гэж. Биднийг Англид байхад сэтгэл санааны дэм хайрласан, тусалсан, манай гэр бүлийн төлөө гудамжинд гарч тэмцсэн гээд хүн болгоны нэрийг дурдвал энэ ярилцлага тэр чигтээ хүмүүсийн нэр болох биз. Амьдралын хүнд хэцүү нугачааг гэр бүлээрээ даван туулж байх тэр үед хамт байсан бүх хүнд “Баярлалаа” гэж хэлье.

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр танай нөхрийг эргэж очсон нь үнэн үү?

-Н.Энхбаяр гуай “Б.Хурцыг эргэе” гэж хэлүүлсэн байсан. Гэхдээ манай хүн “Уулзахгүй” гэдэг хариу өгсөн. Англи дахь Монголын ЭСЯ-аар дамжуулан надтай уулзъя гэж хэлүүлсэн. Би бас уулзаагүй. Нялх хүүхдүүдтэй, тэгээд ч танихгүй, уулзах шаардлага байгаагүй учраас тэр.

-Танай нөхрийг 20 шахам жил салахгүй дагаж байгаа сэдэв бол Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг. Энэ болгоныг уншиж, сонсоод байх танд ч хэцүү санагддаг байх?     

-Манай хүний нэр нь Б.Хурц. Эргэн тойронд нь үүсч буй асуудлууд ч мөн хурц. Тухайн үед би тийм явдал болсныг сонсоод үнэхээр их эмзэглэж, шаналсан. Гэхдээ манай хүн төрийн нэрийн өмнөөс харь улсад даалгавар биелүүлэхдээ ганцаараа яваагүй нь тодорхой шүү дээ. Дамирангийн Энхбат агсан тухайн үед бусдынх нь нэрийг тогтоож амжаагүй юу, “Хурц” гэдэг содон нэрийг л сайн тогтоож авсан юм шиг байгаа юм. Тэгээд мэдүүлэгтээ “Хурц” гэж нэр заасан. Тийм учраас төдийгөөс өдийг хүртэл манай хүнд хонзогносон улстөрчдийн тархи угаалтын сэдэв нь энэ хэрэг болсоор ирсэн. С.Зоригийг хөнөөсөн хэргээс дутахгүйгээр улстөрчдөд олз болж, эрх мэдэлд хүрэх хэрэгсэл, тагнуулч Б.Хурцаас өс хонзонгоо авах зэвсэг болж байна. Гэсэн хэдий ч улсын нууц учраас манай нөхөр энэ талаар ямар ч тайлбар, залруулга хийх эрхгүй. Хууль нь тийм юм. Тухайн үед Монголын төр тусгай албаны ажилтнуудад онц ноцтой сэжигтнийг авчрах даалгавар өгч явуулсан. Төрийн нэрийн өмнөөс даалгавар биелүүлж байсан учраас тэр залууст алдаа гаргах эрх байгаагүй. Тийм учраас юун яргалах, өндөг адил болгоомжтой хандаж авчирсан гэдэг. Мэдээж хэрэг, талийгаачийн ар гэрийг буруутгах аргагүй. Тийм учраас би энэ талаар огт  ярьдаггүй. Нөхөр маань сая хоригдохоосоо өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анх болсон процессийн тухайд, намайг Унгар дахь Монголын ЭСЯ-д нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байхад “Монголоос Д.Энхбатыг баривчлах гэж төвөөс хүмүүс ирнэ. Д.Энхбат тийм газар байх шиг байна. Улаанбаатар руу авч явахад нь тэр хүмүүст туслах хэрэгтэй” л гэсэн. Миний оролцоо Францаас барьж, Монгол руу нисгэх хүртэл үргэлжилсэн. Юун тэр эрүү шүүлт” гэж тодорхой дурдсан шүү дээ.

Тэгэхээр Д.Энхбатыг Монголд авчрахад нь хүлээж аваад эрүүдэн шүүсэн нь үнэн бол ШШГЕГ, цагдаагийнхан л хариуцна. Энэ талаар өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан Л.Санжаасүрэн гуайгаас асуусан нь дээр байх. Хэрэг явдал өрнөж байх үед Л.Санжаасүрэн гуай “Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн байна шүү дээ” гэдэг асуудал гаргаж тавихад Ц.Нямдорж занасаар байгаад шоронд суулгасныг хэвлэлүүд мэдээлж л байсан. Л.Санжаасүрэн гуай энэ тухай захидал хүртэл бичиж, олон нийтийн сонорт хүргэсэн биз дээ. Гэтэл “Эрүүдэн шүүсэн” гэх асуудлыг сөхөж тавьсан өмгөөлөгчийг шоронд хийлгэсэн Ц.Нямдорж өнөөдөр шал өөр дүрд тоглоод сууж байна.

-Д.Энхбат агсныг цагдан хоригдож, эмнэлэгт хэвтэж байхад биеийг нь олон удаа үзэж байсан эмч, академич Б.Цэдэндаш хүнд өвчний учир таалал төгссөнийг нь хэвлэлд ярьсан байсан. Гэхдээ л “Б.Хурц Европоос хулгайлж авчирсан, тамласан…” гэх мэдээлэл эцэс төгсгөлгүй үргэлжилж, танай нөхрийг буруутгасан хэвээр байна. Та тэр эмчийн ярилцлагыг уншсан уу?

-Миний хувьд, “Манай хүн талийгаачийг Монголд хүргэж ирээд албаныханд хүлээлгэж өгснөөс цаашгүй. Үнэн мөн нь олдох биз. Худлаа шуугихыг алийг тэр гэх вэ” гээд эхэндээ нэг их ач холбогдол өгдөггүй байсан. Тэгээд ч “Талийгаачтай холбоотой хэргийн талаар элдэв зарга үүсгээд хэрэггүй” гэж боддог байлаа. Гэвч манай хүн рүү чиглэсэн улс төрийн “Хар сүүдэр” улам томорч, гэр бүлийг маань нөмөрч эхэлсэн. Тиймээс би “Дамирангийн Энхбат гэж хэн байв. Яргалуулж тамлуулаад нас барсан нь үнэн үү” гэж судалж, хэвлэлд гарсан эрэн сурвалжлах чиглэлийн материалууд болон бусад баримтыг шүүж үзсэн л дээ. “Ардын эрх” сонинд 2011 оны есдүгээр сард “Д.Энхбат агсан олон хэрэгт холбогдож, нийт 47 жил зургаан сар хорих ял сонссоноос 16 жилийн ялыг биеэр эдэлсэн. Өвчний учир ял хойшлуулах шийдвэр 1996 онд гарч суллагдсан. Эрүүл мэндийн шалтгаанаар ял хойшлуулах шийдвэр гарах үед талийгаачийн элэг хатуурах, амьсгал нь бачуурах шинж тэмдгүүд илэрч эхэлсэн гэдэг. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байхдаа эрүүл мэндийн байдал нь улам доройтож, архаг хууч нь сэдрэн амь насаа алдсан гэдгийг мэргэжлийн эмч нар баталж байна. Гуурсан хоолойн багтраа, элэгний церроз нь хүнд шатандаа орохдоо шууд үхэлд хүргэдэг болохыг анагаахын шинжлэх ухаан баталжээ” гэж бичсэн байсан.

Б.Цэдэндаш гэдэг эмч Д.Энхбат агсны биеийг Зайсан дахь хорих ангийн эмнэлэгт очиж үзэн шүүхийнхэнд танилцуулдаг байсан тухайгаа ярьсныг ч уншсан. Тэр эмч “Д.Энхбат агсан гуурсан хоолойн багтраа, элэгний церрозтой байсан. Холбогдох хүмүүст би “Ийм өвчтэй, өвчин нь хүндэрсэн, ял эдлэх боломжгүй” гэж хэлж байсан. Бие нь хөхөрсөн байхаар нь “Чамайг хүн зодсон уу” гэхэд “Үгүй, зодоогүй” гэж хариулж байсныг тод санаж байна. Өвчин нь хүндэрсний шинж тэмдэг л дээ” гэж ярилцлагадаа дурдсан байсан. Д.Энхбат агсны хувьд, эрүүл мэндийн шалтгаанаар хугацаагүй ял хойшлуулсан байх үедээ хүний бичиг баримтаар хил даваад өөр хүний нэрээр тухайн улсаас иргэншил хүссэн байсан тухай учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.         

-Таны хувьд, энэ хэргийг улсын нууцаас гаргуулах хүсэлтэй байгаагаа төрийн гурван өндөрлөгт нэг бус удаа бичгээр хүргүүлсэн. Хариу ирсэн үү?

-2019 оны хавар, 2020 онд, сая нөхрөө хоригдоход энэ тухай хүсэлтээ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын даргад илгээсэн. Бараг гурав дахь удаагаа тэдэнд ийм хүсэлт тавив уу даа. Гэвч ямар ч хариу ирээгүй. Намайг ийм хүсэлт, шаардлагыг төр засагт тавихаас өмнө манай хүн 2017 оны арванхоёрдугаар сард тухайн үед ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлд “Д.Энхбатын хэргийг улсын нууцаас гаргаж өгнө үү” гэдэг хүсэлтийг бичгээр өгч байсан. Өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Зөвхөн энэ хэрэг гэлтгүй С.Зоригийг хөнөөсөн хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг ч улсын нууцаас гаргах хэрэгтэй. Ц.Нямдорж тэр жил “С.Зоригийг хөнөөсөн хэрэг бол ахуйн шинж чанартай хүн амины хэрэг. Юуг нь нууцлаад байгаа юм бэ” гэж хэвлэлийнхний өмнө хэлж байсан. Харин одоо “С.Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагчийг зарлана” гэж Ж.Батзандан, Лу.Болд та гурав мөн ч их популизм хийсэн дээ. Тэгээд яагаад зарлахгүй байгаа юм бэ. Хэргийг бүхэлд нь ил болгож чадахгүй байж өөрсдөдөө ашигтай хэдэн бичлэг тасдаж, олон түмний тархийг угаах ямар хэрэгтэй юм бэ. Энэ хэрэгт дөрөөлж тагнуул, хуулийнхныг хэлмэгдүүлэх чинь та нарын гол зорилго байсан уу” гэж Ц.Нямдоржоос Монголын ард түмэн асууж, үнэнийг нэхэх цаг болсон.

-Хэдийгээр нөхөр тань тусгай даалгавраа Монголд газардсанаар дуусгавар болгосон ч “Д.Энхбатыг яргалсан” гэх хэргийн хамгийн тод дүр, гол буруутан болж үлдсэн. Гомдолтой санагддаг уу?

-Гомдолтой гэхээсээ илүү хяслантай санагддаг. Яагаад гээч.

Д.Энхбат агсантай холбоотой хэрэг одоо болтол улсын нууц. Тийм учраас манай хүн Монголд авчирсных нь дараа тэр хүнд юу тохиолдсоныг огт мэдэхгүй. “Улсын нууцаас гаргаад өгөөч” гэсэн ч таг чиг. Хяслантай биш үү. Тэгсэн хэрнээ Ц.Нямдорж “Д.Энхбатыг хулгайлж авчирсан хүн чинь Б.Хурц” ч гэж байх шиг. Тэр хүн яагаад ингэж улсын нууц задруулаад суудаг юм бэ.

Төрд байгаа хэд Ц.Нямдоржийн “Хар дэвтэр”-т бүгдээрээ багтчихаагүй бол улсын нууцыг улаан цайм задруулаад улстөржиж суухад нь яагаад ямар ч хариуцлага тооцдоггүй юм бэ. “Надад эрүүгийн таван хэрэг үүсгэсэн” гэж Ц.Нямдорж өөрөө хэлж байсан. Тэр хэргүүд нь хаана очоод замхарчихдаг юм бэ. Хачирхалтай биш үү. Үндсэн хуульд “Хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалт байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажилласан Ц.Нямдорж манай хүнтэй адил төрийн нууцыг чандлан хадгалах тангарагтай. Гэтэл тангаргаа зөрчиж, Монголын тагнуулын байгууллагатай тэрсэлдэж, даргаар нь ажиллаж байсан хүмүүсийг ээлж дараалан шоронд хийлгэж өс хонзонгоо авч байдаг нь маш сэжигтэй. Төрийн нууцыг удаа дараа задруулж, онц ноцтой гэмт хэргүүдээр улс төрийн ашиг хонжоо олох тоглолт хийдэг Ц.Нямдорж өнөөдөр ЗГХЭГ-ын дарга, харин төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, улсын нууцыг цааш нь ярих хориотой манай хүн элдвээр гүтгүүлж эцэст нь шоронд сууж байна. Энэ тэгээд шударга ёс уу.

-Б.Хурцыг хэн илчилсэн бэ… Энэ асуулт сонирхол татдаг. Танай нөхөр хэний дургүйг тэгтэл нь хүргэсэн юм бол. Та юу гэж боддог вэ?

-Дээр би хэлсэн. “Манай хүн найз нөхдөөр баян хүн” гэж. Тэгээд ч хувь хүний характер нь хэн нэгэнтэй өс зангидах нэгэн биш. Яривал ярьчихдаг, хэлбэл хэлчихдэг, ийм л эр хүн. Харин ажил алба нь ёстой л нэр шиг нь хурц асуудал дагуулдаг гэхэд болно. Тагнуул, хуулийн байгууллагын ажил ер нь хэцүү. Манай хүн АТГ-ын дэд дарга байхдаа ажилтнууддаа “Эмч, багш нартай холбоотой “Набор, дарс бэлгэнд авсан” гэх мэт матаасны хэргүүдэд ач холбогдол бүү өг. Харин төрд бугшсан авлигатай тэмц. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж буй эрх мэдэлтнүүдэд хууль сануулж, хууль сахиулах үүргээ нэр төртэй биелүүлцгээ” гэж хэлдэг байсныг мэдэх юм байна.

Тэр хэрээр өөртөө олон “дайсан” хураасан байж мэднэ. ТЕГ-ын дарга байхдаа ч ялгаагүй. “Улсын нууц” гэх дардастай хэргүүд дээр чухам хэн гэдэг улстөрчдийн гар, хөл хүрчих гээд байгааг анзаарч, эсрэгээр нь мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу эрчимжүүлж, Монголын тагнуулчдын сүлд хийморийг хүссэн болгоноор нь гутаалгаж, унагачихгүйн төлөө л өдөр, шөнөгүй зүтгэсэн, тэмцсэн. Д.Энхбат агсантай холбоотой хэргийн хувьд, хэн нэгнийг золиослох ашиг сонирхол зарим улстөрчдөд байдаг байж болзошгүй. Тэр золиос нь манай хүн болж таарсан. Өөрсдөө “Шударга бусын хонгил” гэж суртал ухуулга явуулах зуураа үнэн хэрэгтээ манай хүний зүг шоронгийн түлхүүр эргэлдүүлж суусан нь хилс ял тулгасан явдлаас тодорхой харагдана. Ер нь төрийн нэрийн өмнөөс даалгавар биелүүлсэн тусгай албаны ажилтнаа нэр устай нь илчилдэг улс Монголоос өөр хаана байна вэ. Тэгээд улс төрийн өс хонзонгийн “Хар нүх” рүүгээ түлхчихдэг. Ийм шударга бус байж болохгүй. Тийм учраас би нөхрийнхөө нэрийг цэвэрлэхийг хүсдэг. Д.Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргахыг шаардсаар байх болно. Үхэн үхтэлээ шаардана. Н.Энхбаяр тэгэхэд Монголын улс төрд ид хаанчилж байсан.

Харин Дамирангийн Энхбат агсантай холбоотой дуулиан тэр үед ид өрнөж байхад Ц.Нямдорж “АН-ынхан сонгуульд даргагүй яаж орохыг харна аа” гэж сөрөг хүчнийхнээ заналхийлж байсан гэдэг байх аа. Лавтайяа “Энэ хоёр хүний үед л Д.Энхбат агсныг Европоос авчирсан, Монголд хүргэж ирмэгц нь цагдаагийнхан авч явж эрүүдэн шүүсэн” гэсэн яриа байдаг. Цагдаа, ШШГЕГ Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа байгууллагууд. Эндээс харвал, Д.Энхбат агсныг онгоцны буудал дээр хүлээлгэж өгсөн манай хүн биш, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж л тэр үед чухам юу болсныг сайн мэдэх учиртай. “Монголд 1970-аад оноос хойш гарсан бүх том хэргийг би мэднэ” гэж ярьдаг хүн шүү дээ.

-Танай нөхөр улстөрчдөд зуугдах болсон нэг шалтгаан нь “Гааль”-ийн Х.Баатарын хэрэг. Энэ тухай та мэдэх үү?

-Нарийн учрыг сайн мэдэхгүй. Гэхдээ гадарлана. Яагаад гэвэл, “Гааль”-ийн Х.Баатарын хэргийг шалгах үед манай хүн ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга байсан юм. Авлигын энэ том хэргийг илрүүлснийхээ төлөө манай хүн улстөрчдөд зуугдсан. Ажлаасаа ч “хусагдсан”. Гэхдээ нөгөө “Дэвшүүлэн зайлуулна” гэдэг билүү, тэр технологио тухайн үеийн МАХН-ынхан хэрэгжүүлж, БНСУ руу явуулсан. Монголд эргэж ирэнгүүт нь АТГ-т хэрэг үүсгээд “Хувийн бизнес болох жимс, цэцгийг МИАТ-ийн онгоцоор үнэгүй зөөсөн” гээд шалгалт оруулсан. Шалгаж болно л доо. Гэхдээ жимс, цэцгийг улсын хил, гаалиар зүгээр ч нэг нэвтрүүлчихдэггүй. Хил, гааль, хорио цээр, мэргэжлийн хяналт гээд маш олон шат дамжлагаар шалгуулж, хянуулсны эцэст оруулж ирдэг. Төлөх ёстой төлбөрүүдээ төлчихсөн байсан учраас тэр үед яаж ч чадаагүй. Гэвч манай хүнээр оролдсоор л байсан. Яаж вэ гэхээр, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч байхдаа онгоцны зорчигчдын илүү ачааны төлбөрийг завшсан байж болзошгүй” гээд дахиад шалгасан. Бүр хоёр сая ам.долларын асуудлаар гээд бод доо. Арай ч дээ. Онгоцоор тээвэрлэх тэр их ачааны мөнгийг нэгтгэж тооцвол том тоо гарах нь тодорхой. Хэдийгээр манай хүн мөнгөтэй харьцдаг ажил хийж байгаагүй ч энэ хэргээр бүтэн жил шалгуулсан. Бид тэр үед бас л юу ч дуугараагүй. “Нэгмөсөн шалгуулъя. Сайн шалгаад өгөөсэй” л гэж бодоцгоож байсан. Хууль хяналтынхан манай гэрийг хоёр удаа нэгжсэн. Лав нөгөө хоёр сая ам.доллароо хайгаагүй. Өөр ноцтой юм л хайсан байх. Би тэгж харддаг.

-Таны хувийн дансыг хүртэл шалгасан гэдэг биз дээ?

-Бид хуулийн байгууллагынхны ажилд маш хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Гэтэл тэр өдөр АТГ-ын мөрдөн байцаагч миний хувийн дансны хуулгыг өмнөө тавьчихаад маш хүйтэн харьцахад нь би дургүйцсэн. Прокурорын зөвшөөрөлгүйгээр хувийн дансны хуулгыг маань гаргаж өгсөнд би тухайн банкуудад гомдол мэдүүлж байлаа. Ер нь манай хүнийг шалгах, манайхыг нэгжих нэрийдлээр хууль зөрчсөн олон үйлдэл гаргасан. Яривал их юм бий.

-Таны нөхрийг ТЕГ-ын даргаас чөлөөлөгдөж, БНСУ-д Элчин сайдаар томилогдох тухай ид ярьж байх үед Ж.Батзандан, Лу.Болд нарын санаачилгаар Төрийн ордонд нээлттэй сонсгол хийсэн. “Б.Хурцад дургүй, Б.Хурцад гомдолтой, Б.Хурцаас болж хэлмэгдсэн” гэх олон хүн оролцсон тэрхүү нээлттэй сонсголын үеэр Д.Энхбат гэдэг хүн “Эхнэрийнх нь компанид татварын шалгалт хийснээсээ  болж, шоронд орж хэлмэгдсэн” гэж ярьсан. Яг юу болсон юм бэ?

-Тэр нээлттэй сонсгол бол манай хүний эсрэг хийдэг нөгөө л суртал ухуулгын нэг хэсэг байсан. Төрийн ордны нэг танхимыг энтертайнмент улс төрийн тайз болгож, хөлсний этгээдүүдийг олны хэсэгт тоглуулсан жүжиг. Хэн дэглэж, найруулсан нь ч ойлгомжтой. Манай хүнийг харлуулах хууль бус ажиллагаа байсныг учир мэдэх хүмүүс бүгд л ярьцгааж байсан. Ер нь Б.Хурцаас зуурч “од” болох гэсэн попууд, Б.Хурц руу ноцож мөнгө олох гэсэн хөлсний арми цаагуур чинь дүүрэн байгаа юм биш үү. Төв аймгийн шүүхийн гадаа юу боллоо. Хэн хэн гэдэг хөлсний этгээдүүд хэний захиалгаар тэнд очиж, өдөр, шөнөгүй хашгичлаа. Дэндүү тодорхой биш үү. “Татвар”-ын Д.Энхбат гэдэг хүнийг бид танихгүй. Гэтэл энд, тэнд очоод худлаа ярьж, элдвээр гүтгээд явдаг. “СарнайХ” компанид 200 гаруй сая төгрөгийн торгууль тавьж төлүүлснийхээ төлөө би хэлмэгдэж шоронд орсон” гэж гүтгэсэн. Үнэндээ ТЕГ-аас шалгалт хийж, 70 гаруй сая төгрөгийн торгууль тавихад бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс 11 сая төгрөг болгон шийдвэрлэж байсан юм. Д.Энхбат удаа дараа ийм гүтгэлэг явуулсан учраас манай хүн шүүхэд хандаж, гүтгэлгийн хэрэг байсан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2019 онд тогтоогдсон. Гэвч тэр Д.Энхбат гэдэг хүн одоо болтол уучлалт гуйгаагүй. Уг нь манай компанийг татварт ямар хэмжээний өртэй байсан, тийм акт тавиулсан эсэхийг татвараас лавлагаа аваад шалгачихаж болно. Ер нь тэр хүний гүтгэсэнчлэн манай компанид татвараас 200 гаруй сая төгрөгийн торгуулийн акт огт тавьж байгаагүй.

Тийм явдал болоо ч үгүй. Үнэхээр тийм торгууль тавьсан юм бол тэр мөнгө нь хаашаа орсон бэ, Д.Энхбат тийм мундаг ажилласан юм бол “Манай компаниар төлүүлсэн” гэх 200 гаруй сая төгрөгийг яг яасан бэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Д.Энхбатын хувьд, цагдаад ажиллаж байгаад татварт очсон юм шиг байна лээ. Тэгээд татварын талаар ойлголт муутай. Гэхдээ манай хүний талаар их эвгүй гүтгэлэг зохиож ярьсан л даа. “Шоронд хоригдож байхад нь Б.Хурц эхнэрийг нь “Централ тауэр”-т дуудаж уулзсан” гээд. Түүн шиг худлаа юм байхгүй. Д.Энхбатын эхнэр сонинд ярилцлага өгч манай хүн рүү дайрч л байсан. Бид тэр ярилцлагыг нийтэлсэн сонинд зарга мэдүүлэхэд сэтгүүлч нь эхнэртэй нь уулзаад учир явдлыг асууж, эцэст нь тэр хүн буруу зөрүү ярьсандаа хүлцэл өчиж залруулга хийж байлаа. Хамгийн аймшигтай нь “Хүүхдийнх нь дугуй алга болоод дараахан нь хүүхэд нь бас алга болж, өмгөөлөгч нь нас барсан” гэх гүтгэлэг. Ёстой аймшгийн кино зохиож ярьсан. Манай хүн ингэж гүтгүүлснийхээ төлөө шүүхэд хандаж, цагдаагийн байгууллагаас “Тэр өдөр тийм хүний хүүхэд алга болсон уу” гэж лавлахад ямар ч бүртгэл, тэмдэглэл байгаагүй. Хүүхэд нь алга болчихоод байхад цагдаад мэдэгдэхгүй байна гэж байхгүй биз дээ.

-Тэр хүний ярьсанчлан танай нөхөр хувийн өс хонзонгоо авч, шоронд хийлгэсэн нь худлаа гэсэн үг үү?

-Худлаа. “Татварын” Ч.Гансүх нарын гэх дуулиант хэргийн нэг оролцогч нь Д.Энхбат байсан юм билээ. ТЕГ-ын хэлтсийн дарга, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан энэ хүнийг хууль бусаар хөрөнгөжсөн, онц их хэмжээний татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэргээр шалгаж, шүүхээс ял оноосныг хэвлэлээс уншсан. Энэ хэрэгт холбогдсон бүх хүний нэр ус, ямар гэмт хэрэг үйлдээд ял сонссон болохыг тухайн үед хэвлэлүүд маш тодорхой мэдээлж байсан. Тийм атал Д.Энхбат эрүүл ухаанд багтамгүй, ёстой л галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг “юм” зохиож ярьсан.

-Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарын бичсэн захидал 2014 онд хэвлэлүүдэд гарч ихээхэн дуулиан дэгдээсэн. Тэрхүү захидалд танай нөхрийг барилгын нэгэн компанийн барьж буй байрны цахилгааны подстанцыг шатаах, эсвэл дэлбэлэх үүргийг ТЕГ-ын хэлтэс, тасгийн дарга нарт өгч байсан тухай бичсэн нь бий. Энэ бол маш ноцтой мэдээлэл. Тагнуулынхан яагаад хоорондоо ийнхүү зөрчилдөж, захиа занаа бичихдээ тулав?

-Д.Цогтбаатарыг би мэдэхгүй. Эхнэртэй нь Дөчин мянгатад тоглож өссөн багын найзууд. Хэдийгээр нарийн учрыг сайн хэлж мэдэхгүй ч Монголд их хэмжээний евротой орж ирээд алга болсон герман хүний хэргийг мөрдөн шалгасантай холбоотойгоор л асуудал үүссэн болов уу. Миний нөхөр телевизийн ярилцлагад орохдоо “Яагаад ч юм бэ наад Цогтоо чинь алга болсон герман хүний гар утас, унаж байсан машиныг нь хэрэглэж байсан. Өөр шинэ нөхцөл байдлаар шалгах боломжууд ч бий. “Шанага” М.Ганболд ЭЦГ-ын дарга, би ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга байсан. “Хоёр талаасаа шалгая” гээд ажилтнууддаа хариуцуулсан. Манайхаас хариуцсан хүн нь Цогтоо” гэж хэлж байсан удаатай. Харин тэр захидалд дурдсан асуудлаар Д.Цогтбаатарыг манай хүн шүүхэд өгч, ор үндэслэлгүй гүтгэлэг болох нь тогтоогдсон. Дам сонсоход, Д.Цогтбаатарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч алга болсон герман хүний машин, гар утсыг хэрэглэж байсан нь тогтоогдсон гэдэг. Гэсэн атлаа “Би тэгэхэд байгаагүй. Тэр бол санамсаргүй тохиолдол” гээд манай хүнийг шүүхэд өгсөн нь одоо ч эцэслэгдээгүй.

-Ж.Батзанданг УИХ-ын гишүүн байхад танай нөхөр “Хувь хүний болон ажил хэргийн нэр хүндэд халдаж, гутаан доромжилсон” гэж шүүхэд нэг бус удаа өгч байсан. Экс гишүүнийг шүүхээс эрэн сурвалжлах шийдвэр гарсан тухай хэвлэлүүд мэдээлж байлаа. Энэ юу болсон бэ. Монголын шүүх, цагдаа Ж.Батзанданг олж чадсан уу?

-Ж.Батзандан манай хүнийг гүтгэж, гутаан доромжлоогүй сэдэв ер нь үлдсэн юм уу. “Дамирангийн Энхбатыг Франц, Германаас хулгайлсан” л гэнэ. “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн” л гэнэ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ХХБ-д авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан” л гэнэ. Сүүлдээ бүр хар тамхины наймаачин болгочихсон билүү… Манай хүн онц ноцтой гэмт хэрэгт удаа дараа ор үндэслэлгүй гүтгүүлснийхээ төлөө өөрийгөө өмгөөлж, шүүхээр үнэн мөнөө дэнслүүлэх эрхтэй. Тийм ч учраас Ж.Батзанданг УИХ-ын гишүүн байхад нь хэд хэдэн удаа шүүхэд өгсөн. УИХ-ын гишүүн хүн Төрийн ордонд бусдыг баримтгүйгээр гүтгэж, нэр төрд нь халдсан нь ч шүүхээр тогтоогдсон.

Хамгийн инээдтэй нь Ж.Батзандангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “Дээрх мэдээнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил нийтэд илэрхий болсон, нэгэнт тараагдсан мэдээнүүд байсан” гэж мэдүүлсэн байдаг. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Ж.Батзандан “Хар тамхины наймааны ард тагнуулын байгууллага байгаа. Б.Хурцын бүлэглэл гэж тодорхой хэлье” гэж увайгүй улс төр хийсэн. Үүний дагуу манай хүн шүүхэд өгсөн ч Ж.Батзандангийн оршин суугаа хаяг тодорхойгүй байсан учир түүнийг эрэн сурвалжлах шийдвэр шүүхээс гарч байсан. Өнгөн дээрээ шударга дүр эсгэж, бусдын нэр хүндэд эрээ цээргүй халдчихаад “Үнэн мөнөө шүүх дээр олъё” гэхээр ингэж зугтдаг. Одоо тэр хүн Ерөнхийлөгчөөс албан тушаалын шагнал аваад Австралид байгаа сурагтай. Зөвхөн манай хүний эсрэг улс төр хийж “Бусдын бизнесийг булааж дээрэмдсэн” гэж хүртэл гүтгэсэн Ж.Батзандан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа “Надад тийм хүмүүсээс ийм олон өргөдөл ирсэн” гэж хэвлэлийнхний өмнө сүржигнэдэг байсан. Тэгээд тэр хүмүүсийнхээ асуудлыг яг яаж шийдсэн юм бэ. “Тэгж шийдлээ” гэж эргэж мэдээлээгүй биз дээ. Ийм л “жүжигчин”.   

-“Найрамдал” зуслан орчимд газар эзэмшдэг 62 иргэний дунд танай нөхрийн нэр байсан. Бас “ТЕГ-ын дарга Б.Хурц 53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй” гээд л тухайн үед шуугиж байсан. Хэдийгээр “Б.Хурцын” гэх тодотголтойгоор мэдээлж, бичээд байгаа ч таны өвөө, Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн үлдээсэн өв гэж сонслоо?

-Миний өвөө Монголын уран зургийн ертөнцөд зуун зуунаар дуурсагдах хосгүй бүтээлүүдийг туурвисан зураач. “Өвгөн хуурч”, Чингисийн хөргөөс эхлээд бүтээл туурвилуудыг нь ард түмэн сайн мэднэ. Өвөө маань уран бүтээлээ туурвихын зэрэгцээ түүхийн хосгүй өвийг хадгалж, хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө их зүйлийг хийсэн. Манай хүнийг “53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй” гэж шуугидаг ч үнэн хэрэгтээ тэр бол өвөөгөөс үр, ач нартаа өвлүүлэн үлдээсэн хосгүй өв. Бид өвөөгийнхөө захиасыг биелүүлж, тэдгээрээс огтхон ч зарж, үрэлгүйгээр нандигнан хадгалж, хамгаалж байгаа. Өвөө маань Монгол цамын дэг соёлыг ч уран бүтээлийнхээ нэг хэсэг болгож, хойч үедээ өвлүүлсэн. Ю.Цэдэнбал гуай өвөөг Занабазар хийцийн бурхдаас эхлээд нэн ховор бүтээлүүд цуглуулдгийг нь мэддэг байсан. Гэсэн хэдий ч “Болохгүй шүү, нөхөр минь” гэж нэг ч удаа хэлж байгаагүй гэдэг. Таних, танихгүй хүмүүс Монголын түүхтэй холбоотой бүтээлүүдийг өвөөд авчирч өгдөг байсан. Өвөө маань тэр болгоныг засахыг нь засч, бурхдыг өөрөө аравнайлдаг байлаа. Өөрийнх нь хэлснээр, “Гаднаа нам, дотроо лам” хүн байсан даа. Бага байхад надад жижигхэн ногоон дарь эх бурхан бэлэглэж билээ. “Охин минь орой үдэш харанхуй орцонд орохдоо айгаад байвал “Ум дари дүдари дүри суха” гээд уншчихаж байгаарай” гэж зааж өгч байсан. Намайг өглөө бүр сургуульд маань хүргэж өгнө. Миний өвөө дээл, малгай, гутал гээд үндэсний хувцсаа маш сайхан өмсдөг хүн байсан. Өглөө бүр ийм хувцастай өвөө нь хүргэж ирэхийг харсан манай ангийн орос хүүхэд надаас “Энэ хүн өвлийн өвгөн юм уу” гэж асуухад би маш их ичиж, өвөөдөө “Та одоо намайг дахиж хүргэж өгөх хэрэггүй” гэж хэлж билээ. Хайрт өвөө минь ач охиноо өглөө бүр хичээлд нь хүргэж өгчихөөд торойгоод хоцордог байсан тэр замаар одоо явахад тэгш сайхан дүр төрх, дулаахан инээмсэглэл нь нүдэнд харагдах шиг болдог.

“Найрамдал” зуслангийн тэр газарт өвөө, эмээ маань амьдралынхаа хамгийн нандин үеүдийг өнгөрүүлсэн. Ийм нэртэй зуслан сураг ч үгүй байхад буюу бүр 1940-өөд оны дундуур миний өвөө, эмээ тэнд зусдаг байсан. Эгэл даруухнаар оршиж, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй мөнхийн бүтээлүүдээ туурвиж, хүний хорвоог хамтдаа туулж, сүүлчийн амьсгалаа татсаныг нь гэрчлэх газар бол энэ юм. Үр, ач бид нь өвөө, эмээтэйгээ үргэлж хамт байж, эрхэлж, тоглож өссөн дөө. Өвөө биднийг дагуулаад уул хадаар их явна. Шоргоолжны үүрэн дээр гишгэж болохгүйг сургаж, уул ус, байгаль дэлхийгээ хайрлаж хүн байхын утга учрыг маш энгийнээр ойлгуулдаг байсан. Хайрт эмээ маань Люня гээд орос хүн байсан. Гэсэн хэдий ч дандаа монгол дээл өмсөнө. Хойч үедээ зээгт наамлыг өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Харамсалтай нь “Найрамдал”-ын газар эзэмших эрхийг цуцалсан. Бид буцааж авах талаар хөөцөлдөж амжаагүй л явна. Угтаа бол Монгол түмний хайртай зураач Ү.Ядамсүрэн гэдэг хүний амьдралын түүхийг өгүүлэх газар юм. Өвөөгийн маань аж төрөн сууж, алдартай бүтээлүүдээ туурвиж байсан байшин одоо ч бий.

-Та бол өвөө, аав хоёрынхоо өвөр дээр эрхэлж өссөн охин нь шүү дээ. Таны аав Төрийн шагналт зураач Я.Үржнээ ардчилсан хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож байсныг сонсож байсан юм байна. Аавынхаа тухай бидэнд ярьж өгнө үү?

-Би өвөө, аав хоёрынхоо хайрлаж өсгөсөн охин нь. Хуучнаар Ленинград хотод төрсөн улаан нялзрай охиноо тэврээд аав минь Монголд ирж байсан. Миний аав төрийн хэмжээний концертуудын тайз, хувцасны эхүүдийг хийдэг байлаа. Тэр болгонд нь би аавыгаа дагаад явдаг байсан. Гоё гоё даавууны өөдөс сэлтхэнээс илүү гарвал өөртөө хувцас оёод өмсчихдөг охин байлаа. Аав маань хүмүүсийн сайн мэдэх “Хүүхдийн хуанли” цуврал бүтээлүүдээс гадна Зөвлөлтийн дайчдад зориулсан “Зайсан” хөшөө, Лениний музейн фасадын зэс хөөмөл, ГХЯ-нд байдаг Чингис хааны чулуун шигтгэмэл, МҮЭСТО дахь Янжинлхамын зээгт наамал гээд олон бүтээл туурвисан. Ардчилсан хувьсгалын үед гарсан нэгэн яриа байдаг. “Да.Ганболд, Я.Үржнээ нар монгол дээл өмссөн хэрнээ хоорондоо оросоор ярьдаг байсан” гэж. Ер нь их бүтээлч сэтгэлгээтэй, сэргэлэн авхаалжтай, нийгмийн идэвхтэй сэхээтэн байлаа. Миний аав, өвөө, эмээ, авга эгч нар маань энэ хорвоод ёстой л ерөөлөөр учирч, нэгэн халуун амь болж, уран бүтээлээ туурвиж байсан ховорхон хувь тавилангийн эзэд. Одоо тэд минь тэнгэрийн орноо нэгэн дор цугларч, урлахуйн үйлстээ шамдаж байгаа биз ээ. Хамгаас хайрт хүмүүсийнхээ талаар би ингэж л төсөөлж, залбирч суудаг.

-Хүүхдүүд тань бас зурдаг. Хүүхдийн хувцасны брэнд хүртэл гаргасан биз дээ?

-Манайх гэрээрээ зураач. Бяцхан охид минь ч тэр авьяасыг өвлөж төрсөн. Тийм учраас тэднийхээ нялх балчир байх үед зурсан зургуудаар хүүхдийн хувцасны “PEKASO” брэндийг бүтээгээд багагүй хугацаа өнгөрч байна. Миний охид бол Монголын хамгийн бяцхан дизайнерууд. Жаахан охин маань алдарт зураач Пикассогийн нэрийг “Пэкасо” гэж хэлдэг байснаас санаа аван ийм нэртэй брэнд гаргасан. Дөнгөж л үсэг бичиж сурч байсан миний охин “PEKASO” гэж бичихдээ К үсгийг нь буруу харуулж бичдэг байсан учраас энэ брэнд буруу харсан К үсэг бүхий логотой болсон юм.

-Танай хүнтэй холбоотой сэдэвтээ эргэн оръё. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа телевизийн нэгэн нэвтрүүлгийн үеэр “Үржнээгийн Отгонбаяр гэж Б.Хурцын эхнэрийн дүү” гэж ярьсан. Танд тийм дүү байдаг юм уу?

-Байхгүй, тэр эндүүрэл байсан. Манай гэр бүлээс нэг ч хүн төрийн албанд ажилладаггүй. Ц.Нямдорж үнэнийг мэдье гэвэл холбогдох газар руу нь утасдаад мэдчихэж болох байсан шүү дээ. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд хүн телевизээр тийм “жижигхэн” зүйл ярьж, худлаа гүтгэсэнд харамсаж л суусан.

-Ингэхэд Улсын Дээд шүүхийн шийдвэр албажиж гарсан уу?

-Хараахан гараагүй байна. Хэдийгээр манай хүнд хилс ял тулгасныг би хүлээн зөвшөөрөхгүй ч Монголын шүүхэд хүндэтгэлтэй хандана. “Та нар манай хүнийг хэлмэгдүүлчихлээ, сулла” гэж хэзээ ч хэл ам, хэрүүл зарга хийхгүй. Харин манай гэр бүл сүүлийн 20 шахам жил сэтгэл зүйн эрүүдэн шүүлтийг жинхэнэ утгаар мэдэрч байгаагийн хувьд С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг шийдсэн гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь ил болгуулахын төлөө хатуу тэмцэх болно. С.Зоригийг хөнөөсөн хэргийг сонгуульд ашиглах зэвсэг болгож, өчнөөн хүнийг хэлмэгдүүлдэг. Тиймээс энэ шударга бус байдлыг яг одоо л таслан зогсоохгүй бол болохгүй. Хорин гурван жилийн туршид улстөрчдийн тоглоом болсоор ирсэн энэ хэргийг улсын нууцаас гаргаж, хөндлөнгийн хуульчдаар дүгнэлт хийлгэх учиртай. Тэгж байж ард түмэнд үнэн мөнийг ойлгуулна. Түүнээс биш дээр хэлсэнчлэн бичлэг тасдаж үзүүлээд сошиалд шуугиан дэгдээснээр Монголын ард түмэн үнэнийг мэдэж чадахгүй. Ц.Нямдорж мэтэд ашигтай тоглолт л болж хувирна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг тойрсон эрх мэдэлтнүүдийн “зодоон” ч мөд дуусахгүй.

-Нөхөр тань “Эрүүдэн шүүсэн” гэх хэргээр хууль, шүүхийн байгууллагад дуудагдаж, эцэст нь ял сонсохдоо танд юу гэж хэлсэн бэ?

-Манай хүн “Хэзээ нэгэн цагт цагаадна” гэдэгтээ маш итгэлтэй байгаа. Хүнд хэцүү сорилтын өмнө цэх шулуун зогсож чаддаг цэрэг хүний хувьд, учирсан бэрхшээлийг даваад л гараад ирнэ. Хамгийн гол нь бид үнэн мөнийг олж мэдмээр байна. Ц.Нямдорж тэргүүтний хэлээд байгаачлан С.Зоригийг хөнөөсөн хэргээр зохиол бичиж, гэмгүй номхон ардуудыг хэлмэгдүүлсэн эсэхийг нотлох баримттай нь харахыг хүсдэг. Монголын ард түмэн ч гэсэн энэ хэрэг илрэхийг, бас үнэнийг мэдэхийг 23 жил хүлээлээ шүү дээ.

-Таны хувьд, дээрх хэргүүдийг улсын нууцаас гаргахыг шаардаж, иргэдийн дунд гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Хүмүүс хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Цахимаар, мөн биечлэн гарын үсэг зурах хөдөлгөөнийг саяхан эхэлсэн. Үнэнийг мэдэх гэсэн ард иргэд олноор нэгдэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэх хүмүүсийг суллуулахаар 10 мянган хүний гарын үсэг цуглуулсан гэсэн. Сайд нь прокурор, шүүхийнхээ эрх мэдлээс давж, тэднийг суллуулах гэж гарын үсэг цуглуулдаг юм бол би бодит үнэнийг мэдэхийн төлөө гарын үсэг цуглуулж байна. Дахиад л хэлье. С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Д.Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргахгүй бол сонгуулийн шоу болоод л дуусна. Ер нь Монголын ард түмэнд үнэнийг мэдүүлэхийн төлөө хэдэн хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй вэ. Тэр болтол би тэмцлээ үргэлжлүүлнэ. Одоо надад алдах юм байхгүй. Энэ тэмцэл гарын үсэг цуглуулснаар дуусахгүй. Тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно. Ц.Нямдоржийн “Хонгил”-ын хамгийн том хохирогч, цор ганц золиос нь манай хүн Б.Хурц боллоо. Манай хүний хэлснээр, Ц.Нямдоржийн бузар булайг түүх шүүх биз. Бүх зүйл цаг хугацаатай.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЭМЯ: Биеийн байдал маш хүнд 104 хүн байна 7 минутын өмнө КОВИД: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө 12 минутын өмнө Х.Баттулгад энэ намд эргэж ирэх нүүр хэрэгтэй 26 минутын өмнө Балетын үндэсний сургууль уралдаан зарлалаа. Шагналын сан 23 сая төгрөг! 1 цаг 2 минутын өмнө Б.Цэрэн: Дархлаажуулалтын хоёрдугаар тунг хийлгэх иргэдийн идэвх муу байна 1 цаг 19 минутын өмнө Ардчилагдсан нь II 1 цаг 59 минутын өмнө Өнөөдөр суурин болон явуулын 124 цэгт вакцин хийнэ 2 цаг 20 минутын өмнө Өнгөрсөн Гуравдугаар сард 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөгийг ЭМДС-гаас олгожээ 2 цаг 41 минутын өмнө С.Аригуун: Автобусны буудлуудыг 4-5 удаагийн давтамжаар угаан, халдваргүйжүүлж байна 2 цаг 50 минутын өмнө Нийслэлийн 30 байршилд шинээр барилгажуулах төслийг сонгон шалгаруулна 3 цаг 4 минутын өмнө Монголбанк өнгөрсөн сард 1.3 тонн үнэт металл худалдан авчээ 3 цаг 21 минутын өмнө Бямба гаригаас ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орно 3 цаг 35 минутын өмнө Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлнэ 18 цаг 15 минутын өмнө Ч.Өнөрбаяр: Тамганы маргаан дууссан. Нэгдэх цаг ирлээ 18 цаг 48 минутын өмнө Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих гүйцэтгэгчийг сонгох тендер нээгдлээ 19 цаг 11 минутын өмнө Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулан ганцаарчилсан сургалтын арга зүй нэвтрүүлнэ 19 цаг 15 минутын өмнө Э.Оюунболдод унасан бөхчүүдэд цол олгох хүсэлт гаргалаа 19 цаг 20 минутын өмнө "Израил улсад манай улсын 60 орчим иргэн оршин суудаг бөгөөд дийлэнх нь эмэгтэйчүүд" 19 цаг 29 минутын өмнө Он гарсаар 19 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна 19 цаг 33 минутын өмнө Канадын Ерөнхий сайд Трюдотой холбоотой ёс зүйн алдааг цэвэрлэв 19 цаг 37 минутын өмнө
iИх уншсан
УДШ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах боломжгүй Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын дурсгалд зориулах нэгэн м... Аллагын гүйцэтгэгчдийг суллаад захиалагчийг нь хайж болох уу... МАХН-ыг татан буулгаж МАН-д нэгтгэнэ Б.Энхбаяр: Хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржто... Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарыг үлдээж, Э.Бат-Үүлийг нэрлэс... "Мэдээллийн урсгал" хэмээх найрын дараа: 100 чухал сэдэв ба ... Б.Энхбаяр: Шүүх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “алуурчид биш... Ч.Өнөрбаяр: Тамганы маргаан дууссан. Нэгдэх цаг ирлээ Өлсөөгүй гишүүдийн өлсгөлөнг зогсоосон үнэн шалтгаан Ц.Оюунгэрэл гарман дээр морио сольж, намаа хорлов Ерөнхий сайдын НОМЫН ДАЙЛЛАГА ба ДАБЛЬ СТАНДАРТ ЦЕГ-ын ХМТ-ийн мэргэжилтэн М.Мөнхшүрд сахилгын шийтгэл ноог... АН-ын тамганы маргааныг М.Тулгатын талд эцэслэн шийдвэрлэлээ... Э.Бат-Үүл: Ц.Нямдорж Монголын төрд гаднаас шургалсан хорт мо... ХӨСҮТ-ийн эмч А.Амбасэлмааг Гавьяат эмч цолоор шагнана Ц.Анандбазар гишүүнд ёс зүйн хариуцлага тооцож, улс төрийн э... Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаар болл... Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг "ТЕГ-аас шалгаж байгаа" гэх ... Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг “Эрдэнэт" үйлдвэрээс холдуулахы...
Top