x

Б.Энхбаяр: Шүүхэд итгэх итгэл унаж буйн жинхэнэ хохирогч нь иргэд

УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай ярилцлаа.

-Намрын чуулганаар шүүхийн салбарт реформ болсон том хуулийг барьж авч батлууллаа. гэхдээ хуульд алдаа завхрал байж болохгүй. энэ хуулиар шЕЗ, сахилгын хорооны гишүүдийн дийлэнхийг нь УИХ-аас томилохоор зохицуулсантай холбоотойгоор нийгэмд хардлага, сэрдлэг байна.

Тодруулбал, улстөрчид Шүүхийн сахилгын хороогоор дамжуулж шүүгч нарыг өөрийн эрхшээлдээ байлгах, Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг гэгддэг шүүх Ерөнхийлөгчөөс бус олонх болсон намаас хараат болчихож байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Үүнээс яриагаа эхлэх үү?

-Шүүхийн тухай хуулийг батлахдаа өнөөдөр парламентад суудалтай намуудын хүчний харилцаа, эсвэл Ерөнхийлөгч хэн байна, аль намаас нэр дэвшиж сонгогдсон гэдгээс үл хамаарч баталсан. Ер нь шуудхан хэлэхэд цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч батлахыг хүссэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН-аас өөр нам парламентад олонх болж л байсан. Хамтарч засаг барьж байсан ч үе бий. Ерөнхийлөгчийн тухайд ч мөн адил.

Бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгосон, ажиллуулж байна. Улирч ажилласан, улираагүй ч Ерөнхийлөгч байгаа. Хуулийг батлахдаа голлон баримталсан гурван зүйл бий. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн үзэл санааг шингээж суулгасан. Үндсэн хуулийн үзэл санаа юу вэ гэхээр аль нэг эрх мэдэл, үнэмлэхүй жин дарж нөгөө эрх мэдэлдээ оролцохыг нэг талаас хязгаарлаж өгдөг. Өөрөөр хэлбэл, хэнд ч хянагдахгүй, хэнд ч дийлдэхгүй бүхнийг дарангуйлагч бий болох нөхцөлийг хязгаарласан байдаг. Тиймээс төрийн эрх мэдлийн харилцан зарчим гэж бий. Энэ зарчмыг барьж баталсан Үндсэн хууль гэж байгаа.

Шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн шууд удирдлага дор буюу босоо удирдлагатай тогтолцоо руу оруулчихсан. Гэтэл шүүх эрх мэдэл гэдэг нь хууль тогтоох, хуулиа хэрэглэж, хэрэгжилт буюу гүйцэтгэх эрх мэдлийг илүүтэй хянадаг. Хууль зөрчсөн янз бүрийн алдаа завхрал гарвал хэнээс ч үл хамаарч ял шийтгэлийг ногдуулж байх ёстой. Ийм л засаглал шүү дээ. Гэтэл Ерөнхийлөгчийг шүүх эрх мэдлийнхээ хаан болгочихсон. Хаанаар өргөмжлөхдөө бүр хэмжээгүй эрхт хаан болгочихсон.

Яагаад ингэж хэлж байна гэхээр Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид шүүх эрх мэдэлд оролцдог хоёр эрх бий. Нэгдүгээрх нь, бүх шатны шүүгчдийг томилж чөлөөлнө. Хоёрдугаарх нь, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилно. Үндсэн хуульд заасан энэ эрх мэдлийг нь Шүүхийн тухай хуулиар хөндөөгүй шүү дээ. Хэвээрээ байгаа. Хүмүүс УИХ бүх эрх мэдлийг авчихлаа гэж хараад байгаа юм. Ерөнхийлөгчид бүх шатны шүүгч нарыг томилж, чөлөөлөх эрх мэдэл нь хэвээрээ бий.

Тодорхой хэлбэл, шүүгч нарын томилгоо, Шүүхийн Ерөнхий зөвлөл буюу шүүгч нарыг сонгон шалгаруулдаг байгууллагын томилгоо, Шүүхийн ёс зүйн хороо буюу шүүгч нарт хариуцлага тооцдог байгууллагын томилгоо бүгд Ерөнхийлөгчийн мэдэлд 100 хувь байгаа. Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдэд ямар хүмүүс ажилладаг вэ гэдгийг жишээлбэл би мэдэхгүй. Ямар хүмүүс ажилладаг, ямар шалгууртай, яаж сонгон шалгаруулдаг юм бэ бүү мэд. Ерөнхийлөгч өөрийн дур зорго, үзэмжийн асуудлаар томилдог. Иймээс л хэмжээгүй эрхт гээд байгаа юм. Ард иргэд битгий хэл хууль тогтоогчид ч мэдэхгүй, танихгүй байна. Хаалттай хаалганы цаана ханцуйн дотор юм болоод байна шүү дээ.

Дэлхий нийт болоод манай сонгогчид өөрчлөгдөж байна. Хууль тогтоогчид бид ч манлайлж өөрчлөхийг хүсч байна. Дараа гэж аргалах юм байхгүй. Байгаа үедээ байсан шиг байгаад бодитойгоор өв үлдээхийг хүсч байна. Тиймээс энэ асуудалд амбицтай хандаж байгаа юм. Шүүхийн хуулийг Ерөнхийлөгчийн сонгуулийг бодож гаргаагүй шүү дээ.

Жишээлбэл, манай намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүн ялж болно. Тиймээс нам харгалзаж хэнд нь ч давуу эрх өгөөгүй байгаа биз дээ. УИХ давуу эрх мэдэл авсан гээд байгаа бол ямар давуу эрх мэдэл авсан юм бэ. УИХ Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг санал болгоогүй. Нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ гэж байгаа юм. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн хүн бүр оролцох эрхтэй. Иргэддээ боломж олгох гээд байна. Нээлттэй, хяналттай, ойлгомжтой, тодорхой болгох гээд байгаа юм.

Шүүгч нарын ёс зүй алдагдсан асуудал нийгэмд дуулиан болж байхад хүмүүс ёс зүйн хороо гэж ямар байгууллага байдаг, хэн ажилладгийг мэдэхгүй байгаа юм. Би ч мэдэхгүй байна. Сая хэлсэн. УИХ, Засгийн газар шүүхийн томилгооны асуудалд оролцдоггүй. Гэхдээ хамгийн гол нь оролцох гээд байгаадаа биш. Шүүгч нарыг сонгон шалгаруулдаг ШЕЗ, хариуцлага тооцдог Сахилгын хорооны гишүүдийн 50 хувийг томилох процессыг олон нийтийн хэлэлцүүлгээр оруулах гээд байгаа юм. Нээлттэй сонгон шалгаруулалт хийж ард иргэдэд мэдээлэл өгөх гээд байгаа юм. Ямар хүн болох гээд байна, цэвэр ариун намтартай, хүний барьцаанд орохооргүй мэдлэг туршлагатай, хар мөргүй ийм хүмүүс ажиллаг гэж л УИХ нээлттэй сонсгол хийх гээд байгаа юм.

УИХ гэдэг чинь ч ганц олонх биш. Цөөнх ч байгаа. Энэ удаагийн парламент цөөнхийн бүлэгтэй. Бие даагчийн төлөөлөлтэй. Эрдэнэтээс бие дааж сонгогдсон Н.Алтанхуяг гишүүн энэ хуулийн ажлын хэсэгт маш идэвхтэй, олон санаачилга гаргаж, ажил хэрэгчээр оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр амралтын өдрүүдэд ч амраагүй. Энэ мэтээр хяналттай явдаг. Нэг дарга хэлэнгүүт “Мэдлээ гүйцэтгэе” гэсэн зүйл байдаггүй. Хүмүүс тэгж хардаад байдаг юм шиг байгаа юм. УИХ-д биеэ зассан хүмүүс орж ирдэг. Биеэ зассан хүмүүс чинь өөрийн гэсэн толгойтой хүмүүс. Бас ч гэж зүрх, тархиныхаа сонсголыг ялгадаг хүмүүс орж ирж байгаа юм.

-Сахилгын хорооны гишүүд хэн нэгний барьцаанд орохооргүй бие даасан байх нь чухал болчихоод байна л даа. Шүүгч нар нэгнийхээ но дээр нь дөрөөлөөд өөртөө ашигтайгаар ажиллуулдаг байдал газар авчихсан гэгддэг. Тиймээс Сахилгын хорооны бие даасан байдлыг хангах, хорооны гишүүд бусад шүүгчдэд нөлөөлөхгүй байх нөхцөлийг яаж хангаж байгаа вэ?

-Шүүх нь шударга ажиллаж олон улсын загвар болж байгаа тэргүүн туршлагыг нэвтрүүлэхийг эрмэлзсэн. Хуулийг батлахдаа сайнаас гадна мууг бодож байж батлах ёстой байдаг. Таны асуусан шиг шүүгч нарыг дараа нь нээнтэглээд, Сахилгын хороо гэж бас нэг “хадны мангаа” гарч ирээд нөгөөдөхөөрөө дамжуулж шүүгч, шүүх эрх мэдлийг барьцаанд авчих вий гэдэг болгоомжлол бидэнд бүгдэд нь байсан. Би лав маш их болгоомжилж байсан.

Жишээлбэл, Италийн шүүхийн хууль, системийг судалж байхад шүүгч нар зөвхөн хуульд заасан үндэслэл, заалтыг зөрчвөл хариуцлага тооцно гэдгийг хуульдаа маш тодорхой бичсэн хатуу хуультай юм байна лээ. Ингэхдээ тов тодорхой хэдэн үндэслэл, заалт бичсэн байсан. Яагаад ийм зохицуулалттай юм бэ гэхээр Италийн бүлэглэлүүд үгэнд орохгүй шүүгч нарыг их устгасан. Ялангуяа 1980-аад оны сүүлээр мафийнх нь 400 гаруй гишүүнийг баривчилж шийдсэн хоёр шүүгчийг хоёуланг нь устгасан. Тиймээс шүүгч нарыг зоригтой, шударга шийдвэр гаргах үүднээс хамгаалах ёстой.

Ингэхийн тулд “Таныг хуульд зааснаас өөр үндэслэлээр хариуцлага ногдуулж, нээнтэглэхгүй. Хуульд заасан 40 заалтыг ёстой яс мөрдөх ёстой шүү” гэдгийг нэн тодорхой бичсэн. Тиймээс шүүгчид тэдгээр заалтыг зөрчөөгүй л бол хэнээс ч айхгүйгээр шүүхийн шийдвэрээ гаргах боломжийг нь олгож өгсөн.

-Энэ хуулиар Сахилгын хорооны шийдвэр эцсийнх байна. Тус хорооноос гаргасан тухайн шийдвэрт гомдол гаргах ямар нэг процесс байхгүй байхаар зохицуулсан нь Үндсэн хууль зөрчиж байна гэж зарим шүүгчид шүүмжилсэн. Энэ талаар?

-Үүнийг Дээд шүүхийнхэн их ярьсан. Шүүхийн тухай хуулийн төсөл яригдаж байхад ч, хэлэлцүүлэг хийж байхад ч их яригдсан. Насны залуугийнх байсан уу, эсвэл асуудал руугаа гүн орсных уу, үнэхээр ийм том хэмжээний асуудлыг хууль эрх зүйгээр дамжуулан шийдэх боломж олон гарахгүй гэж бодсоных уу би их шатаж тэмцэлдэж, ёстой “бэлтгэл цөмөрч” гэдэг шиг янз бүрийн эмоци гаргаж хатуу хөтүү үг хэлсэн нь энэ асуудал дээр байсан. Яагаад гэхээр дээр хэлсэн Шүүхийн ёс зүйн хороо гэдэг нь байна уу, үгүй юү.

Ажлын хэсгийг ахалсан хүний хувьд янз бүрийн л юм сонсож байсан. Ёс зүйн хорооны гишүүдээс шүүгч нарыг дарамталдаг “Чиний хувь заяа миний гарт байна шүү. Ингэхгүй бол чамайг тэгнэ шүү” гэж оролддог, шийдвэрт нь нөлөөлдөг гэсэн зүйл сонсож л байсан. Ер нь ёс зүйн сахилга алдаж шийтгүүлж байсан шүүгч нарын тоо хэд ч байгаа юм. Даам гарчихсан хэдэн шүүгч байгаа шүү дээ. Би бүх шүүгч гэж хэлэхгүй. Демокритын “Хэрвээ юм байх ёстой хэмжээнээсээ дээшээ, эсвэл доошоо халивал сайхан биш болдог” гэсэн үг байдаг. Үүн шиг шүүгч нартай хариуцлага тооцдог байдал маш сул. Үүний нэг шалтгаан нь шүүгчийн ёс зүй сахилга алдсан шийдвэрийг шүүх өөрөө хянадаг байсантай холбоотой. Өөрөө өөрийгөө шүүж чадахгүй байна шүү дээ.

Тиймээс сайндаа ч биш аргаа бараад Шүүхийн сахилгын хороо гээд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Үндсэн хуулийн байгууллагыг байгуулсан. Тиймээс ерөнхийлөгч дуртай үедээ өөрчилж сольдог одоогийн нөхцөлөөс нь салгаж Үндсэн хуулийн байгууллага болгож олон нийтэд танилцуулагдаж, шүүлтүүрээр орж сайн, муугаа хэлэлцүүлж байж тодорхой эрх дарх, хамгаалалттайгаар Сахилгын хороо гэх байгууллагад Шүүхийн хуулиар эрхийг нь өглөө. Сахилгын хорооны шийдвэр эцсийн байх ёстой. Ингэж байж шүүгчид айдаг болно. Тэгэхгүй бол өөрсдийн сахилга алдсан асуудлыг өөрсдөө хянадаг байснаас болж “намайг хэн хэлж нохойг хэн саах юм бэ” гэдэг хэмжээнд очсон нь ил боллоо шүү дээ.

-Шүүхийн тухай хуулийг батлах үеэр унагаах гээд, гацаагаад байгаа лобби бүлгийг хэлнэ гэдгээ та мэдэгдсэн. Ямар бүлгүүд тэгж гацааж байсан юм бэ. Та ил хэлье гэж байсан?

-Хуулийн хэлэлцүүлгийн шатанд өөрсдийгөө зарлачихсан шүү дээ. Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг 17 цаг хуралдаж рекорд тогтоолоо. “Монголын гениссийн ном”-д орно гэдэг шиг тасралтгүй 17 цаг хуралдсан анхны тохиолдол Шүүхийн хуулийг хэлэлцэж байхад гарлаа. Хуралдаан яагаад ингэж сунжирсан бэ гэхээр манай олон гишүүн, мөн дээд шүүх, шүүхийн оролцоо нөлөөлөл байсан. Байнгын хорооны хуралдаан ил явсан болохоор өөрсдөө ил гарсан. Хэн ямар байр суурьтай байна. Хэн хэний эрх ашгийг төлөөлж хамгаалж байна гэдэг нь ил болсон.

-Саяхан гурван шүүгч биеэ үнэлэгч авсан гэдэг асуудлаар сошиалд шуугиан дэгдээгээд байна. Энд хүний эрхээс гадна шүүгчийн сахилга хариуцлагын асуудал үүсэх үү?

-Өнөөдрөөс (өчигдрөөс) Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна. Тиймээс энэ хуулиар хориглож байгаа заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Үүнээс өмнө ямар байсан бэ гэхээр шүүгчид ёс зүйн дүрмээ өөрсдөө баталдаг байсан. Энэ зөв үү. Мөн дээрээс нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг нь шүүгчид дундаасаа томилдог. Санал хураахад хэн нь олонх болох вэ. Шүүгчид өөрсдөө биз. шүүгчид өөрсдөдөө хир халдаадаггүйн учир нь энэ.

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар ажлын бус цагаар ч биеэ зүй зохистой авч явах ёстой гэсэн дүрэм байгаа. Тиймээс энэ дүрмээ барьж Шүүхийн ёс зүйн хороо ажлаа хийх ёстой шүү дээ. Мэдэхгүй гэх зэргээр хачин юм ярьж болохгүй. Хоёрдугаарт, хууль, ёс суртахуун хоёрт маш том ялгаа бий. Хууль бол албадаж буюу тухайн холбогдсон, холбогдоогүй хүмүүсийн хүсэл сонирхлоос үл хамаарч албадаж биелэгддэг онцлогтой. Ёс суртахуун бол албадуулахгүйгээр өөрийн зүрх, тархиа сонсож шийдвэр гаргадаг онцлогтой.

Энэ асуудлын хохирогч нь тэр шүүгчид бус шударга ёс болчихоод байгаа юм. Шүүгчийн, шүүхийн нэр хүнд гэж яриад байгаа. Үүнтэй хамт шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж байна. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийн нэр хүнд буюу шударга ёсны нэр хүнд унаж байгаа юм. Шударга ёсонд итгэх ард иргэдийн итгэл унана гэдэг нь хамгийн том аюул, хохирол. Тиймээс хамгийн том хохирогч нь ард иргэд.

-Авлигын эсрэг лобби бүлэг байгуулагдсан. Яагаад ийм бүлэг байгуулав. Энэ бүлэг авлигатай яаж тэмцэх вэ. Ямар арга барил байгаа юм бэ?

-Авлигын эсрэг лобби бүлгийг манайд хамгийн анх 2008-2012 онд Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Х.Тэмүүжин гэсэн гурван гишүүн байгуулж байсан юм байна лээ. Тэр үед их үр дүнтэй ажиллаж байсан гэж би үздэг. Бидний яриад байдаг Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг энэ бүлгийн гишүүд санаачилж батлуулсан байдаг. Энэ хууль нь ч үр дүнгээ өгч байгаа. Хууль батлах, тогтоох явцад янз бүрийн авлига ч юм уу, эсвэл албан тушаалаа ашиглах боломж олгосон, зүй бус үйлдлийн эсрэг зогсох манлайлах, түчээлэх, дуудах нь бол улс төрийн манлайлал. Байр сууриа илэрхийлж ажиллана гэдэг нь өөрөө үлгэрлэл.

Бидэнд тодорхой хууль эрх зүйн реформыг хийх нэгдсэн нэг хүсэл эрмэлзэл байгаа. Нэгдүгээрт, Шүүхийн тухай хуульд сая хэлсэнчлэн лобби бүлгийн гишүүд анхнаасаа маш хатуу зогссон. Зүгээр ч зогсоогүй манлайлсан. Ингэхдээ ажлын хэсгийг ахалж, орж ажиллахдаа түүчээлсэн. Санаачилсан, орж ажилласан хуулиа батлуулчихаад “Боллоо, ажил дууслаа” гэсэн зүйл байхгүй. Хууль батлах нь зорьсон ажлынхаа 50 хувьд ч хүрэхгүй. Тиймээс хуулийн хэрэгжилтэд анхаарна. Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг энэ долоо хоногт байгуулна гэж бодож байгаа. Үүнд Авлигын эсрэг лобби бүлгийн гишүүд орно.

Мянга сайн хууль баталдаг анхнаасаа буруу зөрүү хүмүүс санаатай, санамсаргүй, зарим нь зориуд эс үйлдэл гаргаж хэрэгжүүлэхгүй байх, дуугүйд хүчгүй болгох, эрч хүчийг сааруулж унтраах зорилготой хүмүүс байгаа. Тиймээс ийм боломжийг тэр хүмүүст олгохгүй, баталсан хуулийнхаа араас нэхэл хатуу явна. Анхнаасаа бодсон санасан зүйлээ хэрэгжүүлэх үүднээс хэрэгжилтэд ч анхаарна.

Угтаа хуулийг хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт байдаг. Гэхдээ “Засгийн газар одоо ажлаа хийнэ. Засгийн газар хэрэгжүүлэх юм аа” гээд хаяхгүй. Тэнд өмнө нь зүгээр сууж, худлаа улстөржиж байсан хүмүүс байгаа. 20, 30 жил шударга ёс ярьсан, тэгж байгаад сайд болсон хүмүүс бий. Тийм хүмүүсийн амны улс төр болгохгүй, бодитой хэрэгжүүлэх үр дүнг шахаж ажиллана.

-Тэр дундаа ЗГХЭГ хэрэгжилтэд илүүтэй анхаарч ажиллана биз дээ. ЗГХЭГ-тай л түлхүү хамтарч ажиллах нь?

-Тийм. Тэр хэрэгжилтийг зохион байгуулах хүн нь тэр хүн шүү дээ.

-Х.Баттулга Ерөнхийлөгчийг 2021 оны сонгуульд дэвших боломжтой, боломжгүй хэмээн яригдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн гаргалгаа яригдаж байх шиг байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр яаж шийдэгдэх вэ, дэвших үү?

-Би Үндсэн хуулийг батлагдахаас нь өмнө төсөл байхад нь буюу 2019 оны долдугаар сарын 2-ны өдөр isee.mn сайтад өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Одоог хүртэл миний байр суурь хэвээрээ байгаа. Хуульчийнхаа хувьд “Ийм асуудал яваад байна шүү. Дараа нь үл ойлголцох зүйл гарах вий” хэмээн байр сууриа илэрхийлж байсан.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 40 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 54 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 2 цаг 0 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 2 цаг 47 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 3 цаг 5 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 5 цаг 10 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 6 цаг 54 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 7 цаг 21 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 10 цаг 3 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 10 цаг 14 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 10 цаг 30 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 10 цаг 42 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 10 цаг 48 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 10 цаг 54 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 10 цаг 58 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Өчигдөр 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Өчигдөр 13 цаг 29 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ Өчигдөр 13 цаг 11 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ...
Top