x

Э.Эрдэнэбаатар: Цагаан сараар айл хэсэж, золголт хийвэл 500 мянган төгрөгөөр торгоно

Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 11-нээс 23-ны 06:00 цаг хүртэл нийслэлийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд шилжүүлэх шийдвэрийг УОК-оос гаргасан билээ.

Үүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногт иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлахаар төлөвлөсөн. Өмнө нь манай улс хоёр удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ удаагийнх юугаараа онцлог байх бол. Хөл хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлахын тулд ямар ямар ажил хийх вэ?

-Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын идэвхтэй 21 голомт байна. Засгийн газраас сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж буй. Өмнө нь тогтоосон хөл хорионы арга хэмжээг энэ удаад ч үргэлжлүүлнэ. Гэхдээ арай өөр, онцлог байдлаар ажиллана.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүх нийтийн бэлэн байдал зарласан. Буцаад хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнийг та бүхэн мэдэж байгаа. Одоо гурав дахь удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар, УОК-оос “Нэг хаалга, нэг хүн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нийслэлд 412 000 орчим өрх бий гэсэн тооцоо судалгаа бий. Бид энэ сарын 11-нээс эхлэн 420 000 хүнээс шинжилгээ авахаар тооцон, бэлтгэлээ хангаж эхэлсэн. Нийслэл, дүүрэг, Улсын онцгой комиссын Шуурхай штаб шинжилгээ авах ажлыг хэрхэн зохион байгуулахаа төлөвлөлөө. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ямар эрх, үйл ажиллагааг хязгаарлахыг нарийвчлан тодотгож байгаа. Нийслэлийн иргэдийн хөдөлгөөнийг 90 орчим хувиар бууруулж байж өвчний тархалтыг хумьж, голомтыг цөөлнө. Өмнө нь хэрэгжүүлсэн бүх нийтийн бэлэн байдлын үеийн арга хэмжээнээс илүү хатуу чанга байхаар зохион байгуулна.

-Энэ удаагийн хөл хорио сар шинийн өдрүүдэд таарах учраас иргэдийн дунд эргэлзээтэй асуулт олон байна. Тухайлбал, өөр дүүрэгт амьдарч буй аав, ээждээ золгож болох уу. Иргэд золгохоор гэрээс гарсан тохиолдолд торгох ч юм уу, хариуцлагын ямар нэг арга хэмжээ авах уу?

-Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэдийн хөдөлгөөнийг хорино гэдгийг дахин хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгнө. Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно.

Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна.

Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 000, аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй. Үүнийг таслан зогсооно.

-Гэвч иргэд аав, ээждээ ямар нэгэн байдлаар очиж золгоно гэцгээж байна. Ахмад настнууд сар шинийн бэлтгэлээ базааж, гарын бэлэг зэхэхээс эхлээд зах, худалдааны төвүүдэд хөл хөдөлгөөн их байна шүү дээ. Хөдөлгөөн бүрийг хянах боломж бий юү?

-Хэв журам сахиулах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн удирдах газраас хамгаалалт гаргаж, бүх төрлийн хөдөлгөөнийг хорих чиглэлд хяналт тавина. Автомашины хөдөлгөөнийг Тээврийн цагдаагийн албаныхан хянана.

-Эл хугацаанд хүнснийхээс бусад төрлийн бараа, үйлчилгээний бүх газрын үйл ажиллагааг зогсоох уу?

-Хоёр янзаар төлөвлөж байгаа. Одоогоор албан ёсны шийдвэр гаргаагүй учраас тодорхой хэлэх боломжгүй. Ер нь төрийн байгууллагын ес, аж ахуйн байгууллагын 10 салбар үйл ажиллагаа явуулна. Харин иргэдийг аль болох гэрээсээ гаргахгүй байхаар зохицуулна. Иргэд зөвхөн эмнэлэг, эмийн сан орох, хүнсээ цуглуулах, түлш, ус авах, оршуулгын үйл ажиллагаанд оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл, иргэдэд гэрээсээ огт гарахгүй байх шаардлага тавина. Нийтийн тээвэр тусгай чиглэлд цагийн хуваарийн дагуу зорчих юм. Иргэд автобусаар үйлчлүүлэхгүй. Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн алба хаагч, ажиллагсад нийтийн тээврээр үйлчлүүлнэ. Зайлшгүй шаардлагатай хүнсний түгээлт, нийлүүлэлтийн автомашин, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийг ажиллуулна. Мөн эм, хэрэгсэл, цахилгаан дулаан, усан хангамж зэрэг 10 орчим байгууллага хэвийн ажиллах юм. Үүн дээр тусгайлсан чиг үүргийн мэргэжлийн байгууллага буюу стратегийн ач холбогдол бүхий объектууд нэмэгдэнэ. Одоо хэвийн ажиллаж байгаа ахуйн болон барааны дэлгүүр, үйлчилгээний газрууд ажиллахгүй.

-Хөл хорионы үед төрийн байгууллагынхан ямар зохион байгуулалтаар ажиллах вэ. Хэд орчим хувийг нь ажиллуулах бол?

-Одоогийн байдлаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын 30 хүртэлх хувь нь ээлжээр үүрэг гүйцэтгэж байна. Хөл хорионы үед төрийн байгууллагын албан хаагчдын ажиллах хуваарийг тодорхой шийдвэрийн дагуу зохицуулна. Та бид хоёр эцсийн шийдвэр гараагүй (хоёрдугаар сарын 6) үед ярилцаж буй учраас дандаа төлөвлөлтийн талаар хэлж байгааг ойлгох хэрэгтэй. Эцсийн шийдвэр гарч, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажсан тохиолдолд төрийн албан хаагчдын хэдэн хувийг ажиллуулах нь тодорхой болно.

-Нийтийн тээвэр 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлэх юм байна. Энэ хугацаанд зайлшгүй шаардлагатай газрын ажилчид л зорчих уу. Тухайлбал, эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүн автобусаар зорчиж болохгүй гэсэн үг үү?

-Бид өмнө нь нийтийн тээврийг хэвийн горимын дагуу явуулж байсан. Энэ удаа үйлчилгээний цагийг нь хязгаарлана. Ажилчин, албан хаагчид ажлын үнэмлэхээ үзүүлж зорчино. Замын хөдөлгөөнд оролцоход автомашинуудад QR код олгохгүй, ажлын үнэмлэх, ажлын газрын тодорхойлолт буюу тусгай зөвшөөрлийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулна. Иргэдийн хувьд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь хязгаартай. Эмнэлгийн байгууллагад хандаж, тусламж авах боломжтой. Гэхдээ автобусаар үйлчлүүлэхээс өөр аргагүй нөхцөлд бол зөвшөөрнө. Иргэддээ анхааруулж хэлэхэд аль болох дэглэмээ баримтлан, автобусаар үйлчлүүлэхгүй байхыг хүсье.

-Жирэмсэн эмэгтэйчүүд, хавдрын эмчилгээ, бөөрний диализ аппаратад ордог иргэд болон яаралтай тусламж шаардлагатай иргэд хувийн унаагаар явж болох уу?

-Зайлшгүй тохиолдолд хувийн унаагаар зорчуулна. Бид энэ чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нэн шаардлагатай иргэдийн нэрсийн жагсаалт, судалгааг гаргасан. Дүүрэг бүрт бөөрний диализ, хавдрын эмчилгээнд орох болон жирэмсэн эмэгтэйчүүдийн тоог гаргасан. Тухайлбал, диализ аппаратад ордог өвчтөн тодорхой өдрүүдэд тогтмол цагт эмнэлэгт очдог учир бичиг баримтыг нь үндэслэж нэвтрүүлнэ.

-Өмнө нь яаралтай тусламж хэрэгтэй өвчтөнийг гэр лүү нь буцаасан, эмнэлэг нь хүлээн аваагүй зэрэг асуудал гарч, хүний амь хохирч байв. Энэ удаа эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай иргэдийг чирэгдүүлэхгүй гэж найдаж байна.

Бид ийм асуудал дахин гаргахгүйн тулд дүүрэг бүрээр судалгаа мэдээллийг нь гарган, цагдаагийн байгууллагынханд энэ талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлсэн. Үүрэг аваад цэгт зогсож буй цагдаа даргынхаа тушаалын дагуу ажиллаж байгаа. Тэд мэдээлэл дутуу авснаас болж алдахыг үгүйсгэхгүй. Тиймээс хөл хорионы хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэнэ.

-Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач зэрэг ажилтнууд ажлын үнэмлэхээрээ хувийн машинаараа зорчиж болох уу. Эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэх юм уу?

-Үйл ажиллагааг нь явуулахыг зөвшөөрсөн байгууллагын ажилтнуудад хувийн унаагаараа зорчих боломж олгохоор одоогоор төлөвлөсөн. Цаашид эл төлөвлөгөөг улам нарийсган, арга хэмжээг чангаруулж ч магадгүй. Тодруулбал, хувийн автомашины хөдөлгөөнийг бүрэн зогсоохыг ч үгүйсгэхгүй. Хөдөлгөөнийг бүрэн зогсоох нарийн төлөвлөгөөг ч бид боловсруулж байна. Энэ бүхэн тухайн үеийн нөхцөл байдал, шийдвэрээс шалтгаална.

-Мөн зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагын жагсаалтад багтаагүй харуул хамгаалалтын болон ээлжээр хонож ажилладаг хүмүүс яах вэ. Тэд хувийн унаагаар зорчиж болох уу?

-Тусгай зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллагынхан үйл ажиллагаа явуулж болно. Ажлын үнэмлэхийн дагуу ээлжээ солилцож явна. Ингэхдээ дуут дохиолол бүхий шуурхай албаны жижиг тэргийг зорчуулна. Харин ажилчид нь нийтийн тээврээр зорчино.

-Хүнсээ цуглуулахаар гарах иргэдэд ямар шаардлага тавих вэ. Гэрийнхээ ойр гэхгүй өөр хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх боломж бий юү?

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжингүүт PCR шинжилгээг аль нэг дүүргээс эхэлж авна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг 97 мянган өрхтэй. Өрх бүрийн нэг хүнээс шинжилгээ авахад гурван өдөр зарцуулна. Энэ хугацаанд дүүргийн нутаг дэвсгэр дэх хөдөлгөөнийг зогсооно. Шаардлагагүй үед хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн үг. Иргэд өөрт хамгийн ойр хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зарчим баримтлах ёстой. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт шинжилгээ авч дуусаж, Хан-Уул руу шилжсэний дараа иргэдийн хөдөлгөөн тухайн газартаа хэвийн үргэлжилнэ.

-Дүүрэг дотроо иргэдийн хөдөлгөөн хэвийн байна гэлээ. Тэгвэл Чингэлтэй дүүргийн захын хороонд амьдардаг иргэн “Бөмбөгөр” худалдааны төвөөр үйлчлүүлж болно гэсэн үг үү?

-Үгүй ээ. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн XIX хороо, Салхитад амьдардаг иргэн байлаа гэхэд өөрт хамгийн ойр хүнсний дэлгүүр, худаг, түлш худалдах цэг, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлнэ. Гэмтэл, мэс засал, хавдар, диализийн эмчилгээнд орохгүй л бол гэрийнхээ ойр орчмын газруудаар үйлчлүүлнэ.

-Мэргэжлийн байгууллагынхан тухайн хүний гэрт нь очиж шинжилгээ авах юм уу, тодорхой цэгүүдэд иргэд өөрсдөө очих уу. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Дүүргүүдэд явуулын болон түр 160 цэг байгуулж байна. Үүнээс 60 цэгийг байнгын үйл ажиллагаатай байлгана. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт шинжилгээ авах өдрүүдэд байнгын 60 цэг ажиллана гэсэн үг. Лабораторийн хүчин чадал нь өдөрт 40-42 мянган хүний шинжилгээний хариуг гаргах. Тиймээс үүний дагуу бүх тооцоо судалгааг гаргасан. 10 хоногт багтаан шинжилгээг авч дуусгахаар төлөвлөсөн. Баянзүрх дүүрэгт мөн адил гурав хоног шинжилгээ авна, бусад дүүргийн тухайд нэг нэг хоногт багтаах юм. Нэг дүүрэгт байнгын 60, явуулын 100 цэг ажиллана гэсэн үг. Бид аль болох хөдөлгөөнийг хязгаарлаж, иргэдийн хол явуулахгүй, бөөгнөрөл үүсгэхгүйн тулд оршин суугаа газар, гудамж, талбайд нь шинжилгээний цэг байгуулахаар төлөвлөсөн.

-Орон нутгийн иргэдийг буцаах ажил ямар шатанд явна вэ?

-УОК-ын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухайн орон нутгийн Шуурхай штабаас ирсэн нэрсийн жагсаалт буюу гэрийн хаягт үндэслэн иргэдийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж, шинжилгээ авч байна. Одоогоор НОК-ын Шуурхай штабт 7600 орчим иргэний нэр ирсэн. Зургаан дүүргийн 23 цэгт шинжилгээ авч байгаа. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэнийг Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрүүлнэ. Аймгаас нь нэр ирсэн иргэдийг хувийн унаагаар нийслэлээс гаргаж байгаа. Мөн хувийн унаагаар явах боломжгүй иргэдийг орон нутгаас нь нийтийн тээврээр татан авч байна. Бид нийслэлээс гарах иргэдийн шинжилгээ болон нийтийн тээвэрт суулгах ажлыг хариуцах юм. Энэ сарын 10-наас өмнө орон нутгийн иргэдийг гаргана.

-Орон нутгийн харьяалалгүй иргэд хотоос гарах боломжгүй хэвээр биз дээ?

-Улаанбаатарын харьяалалтай иргэд албан томилолт, эрүүл мэндийн шалтгаан, оршуулгын үйл ажиллагаанд оролцохоос өөрөөр орон нутаг руу явах боломжгүй. Харин шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээврийг хэвийн явуулж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав 20 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 20 цаг 33 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ 20 цаг 42 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна 22 цаг 37 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Уржигдар 19 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа Уржигдар 19 цаг 09 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа Уржигдар 19 цаг 03 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа Уржигдар 19 цаг 01 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо Уржигдар 18 цаг 59 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ Уржигдар 15 цаг 46 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав Уржигдар 15 цаг 43 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ Уржигдар 15 цаг 42 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна Уржигдар 15 цаг 42 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа Уржигдар 15 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан Уржигдар 15 цаг 39 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ Уржигдар 15 цаг 39 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ Уржигдар 15 цаг 39 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... Уржигдар 15 цаг 38 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ Уржигдар 15 цаг 36 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ Уржигдар 12 цаг 17 мин
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top