x

М.Энхсайхан: Нүүрснээс ашиг хийдэг олон хүний "хөл дээр гишгэсэн" гэдгээ л ухаарч байна

Ерөнхий сайд асан М.Энхсайханы өнгөрөгч гуравдугаар сард /2020.03.24/, шүүхийн шийдвэрээр цагдан хоригдохын өмнөхөн "25-р суваг" телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэр энэ ярилцлагаараа коронавирусын улмаас манай эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг урьдчилан харж, түүнээс гарах арга замын талаар дэлгэрэнгүй ярилцсан байдаг юм. Мөн өөрт нь тохсон "эрүүгийн хэрэг" гээч нь юу байсан тухай...

-Сүүлийн үед дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас улс орнууд эдийн засгаа аврахын тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Манай улсын Засгийн газар ч бас зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэж байгаа боловч тэр нь төдийлөн үр дүнгүй, гал унтраах төдий юм шүүмжлэл гарч байна. Эдийн засагч хүний хувьд энэ талаарх таны бодол?

-Нэгдүгээрт коронавирусын аюулыг дутуу үнэлээд байх шиг харагдаж байна, ерөнхийдөө. Гэхдээ энэ үнэлгээ эмч, эмнэлгийн байгууллагууд болон онцгойгийнхонд хамаарахгүй. Тэд үргэлж халдвартай тэмцэж, гамшгийг сөрж ирсэн учраас аюулын мэдрэмж өндөр байгаа. Хамгийн гол нь улстөрчид, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд энэ аюулын мэдрэмж маш бага байна. Дутуу үнэлж байгаа учраас авч байгаа арга хэмжээнүүд нь ч гэсэн дутуу болоод байна.

Дэлхий нийт, Европын болон хөгжингүй орнууд коронавирусын сөрөг нөлөөг “дайны байдал үүсчихлээ” гэж үнэлж байна. Дэлхийн I, II дайны үед жишээ нь хамаг хүчээ хүн рүүгээ хандуулахаас өөр аргагүй нөхцөл байдал өөрийн эрхгүй үүсдэг. Тэр үүднээс би “хүн рүүгээ бодлогоо хандуулаач” гэдэг анхааруулгыг өөрийнхөө сайт болон нийгмийн сүлжээгээр өгсөөр байгаа. Өөрөөр хэлбэл, хүмүүсийнхээ цалин, орлогыг хамгаалаач ээ гэж байгаа юм. Зөвхөн төрөөс өгч байгаа цалин, тэтгэвэр, тэтгэмж биш, хувийн хэвшлийн өгч байсан цалин, орлогыг төр хамгаалах хэрэгтэй гэдгийг ойлгуулах гээд хичээгээд байна.

-Яаж хамгаалах вэ? ААН-үүд чинь орлогогүй болчихлоо. Хүмүүсээ халах уу, цомхотгох уу, эсвэл дампуурлаа зарлах уу л гэдэг сонголт дээр ирээд байна шүү дээ?

-Ямар ч байсан 2020 ны турш төр, хувийн хэвшил байхаас үл хамаараад бүх байгууллагуудын өгч байсан цалин, орлогыг төр хамгаалах ёстой. Тогтвортой байлгах ёстой. Тийм бололцоо байгаа юу гэвэл байгаа.

-Мөнгө байхгүй л гээд байна шүү дээ?

-Мөнгө байхгүй гэдэг чинь коронавирусын аюулыг дутуу үнэлж байгаагийн л илрэл. Дутуу үнэлсэн учраас хэдэн ААН-ийг хамгаалах тухай л яриад байна. Хүнээрээ дамжуулж ААН-ээ хамгаалах ёстой. Яагаад жишээ нь АНУ-д хүн болгонд 1000 ам доллар өгч байгаа юм? Тэр чинь популизм биш. Хүнээр нь дамжуулж жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм. Цалин, орлогогүй болчихсон хүн жишээ нь гэрийн хорионд суугаад байж чадах уу? Үр хүүхдээ тэжээхийн тулд гадагшаа гараад, ажил хайгаад янз бүрийн контактад орохоос аргагүй болно биз дээ.

Тиймээс эрүүл мэндээ хамгаалах бодлого, эдийн засгийн бодлого хоёр бие биенээ дэмжсэн байх шаардлагатай. Цалин авч байгаа хүн цахилгаан дулааныхаа мөнгийг төлж таарна. Цахилгаан дулааныхаа мөнгийг төлнө гэдэг чинь цахилгаан станцаа унагаахгүй гэсэн үг. Цалин авч байгаа хүн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хандана. Тэгэхээр эмнэлгүүдээ хамгаална гэсэн үг. Хүнсээ авч таарна, тэгвэл хүнсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрүүдээ хамгаална. Цалин орлогоо баталгаатай хамгаалж чадвал үр хүүхдэдээ, сургууль, боловсролд нь мөнгө зарцуулж таарна. Тэгвэл сургууль, боловсролын байгууллагуудаа хамгаалж чадна. Тийм учраас цалин орлогыг зайлшгүй хамгаалах ёстой.

-Швед улсад жишээ нь хувийн хэвшлийнхээ өмнөөс цалингийнх нь тодорхой хувийг төрөөс олгож эхэллээ гэж байна?

-Коронавирус эдийн засагт сөрөг нөлөөтэй юм байна, эдийн засгаа хамгаалахын тулд хүнээр нь дамжуулах ёстой юм байна гэдгийг ойлгочихвол үүнийг хийхэд асуудал байхгүй. Хэн хийх ёстой вэ гэхээр УИХ хийх ёстой. Хамгийн түрүүнд төсвөө тодотгох ёстой. Цемент, элдэв шавар шохойнд зарцуулдаг мөнгөө хүн рүүгээ хандуулах ёстой. Хэрвээ санхүүгийн энэ бодлогыг УИХ нь зөв шийдээд, төсвийн тодотголоо хийгээд явчихвал Монголбанкны мөнгөний бодлого, араас нь худалдааны бодлого өөрчлөгдөөд явна. Бусад бодлогуудаа дэмжээд явж болно. Хамгийн эхний алхмаа хийж чадахгүй байна л даа.

-Төв банк өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд бодлогын хүүгээ ганц нэг хувиар бууруулж байна. Энэ нь дэмжлэг болж чадахгүй байна. УИХ нь Онцгой нөхцөлд үйлчлэх хуулиа батлаагүйгээс болоод бусад асуудал нь хүлээгдээд байна уу?

-Уламжлалт арга нэртэй ердийн хямралын үед авдаг арга хэмжээнүүдээ л аваад байна шүү дээ. Бодлогын хүүгээ бууруулна гэх мэт. Энэ бол коронавирусын үед ажиллахгүй. Өөрөөр хэлбэл нөлөөлөхгүй.

-Дайны нөхцөл гэдгийг манайхан ойлгохгүй байна. Ядаж л бодлогын хүүгээ нэг хувиар биш, бүр хоёр дахин бууруулах ёстой гэж зарим эдийн засагчид ярьж байна. Таны бодлоор?

-Дайны нөхцөлд байна гэдгээ манайхан ойлгочихвол хийх ажил нь их тодорхой болоод ирнэ. Хууль нь хүртэл өөр байх ёстой. Европын холбоо жишээ нь маш хүнд нөхцөлд байна. Италийн ерөнхий сайдын хамгийн түрүүнд хэлсэн үг нь “Вирусын улмаас нэг ч хүний цалин, орлого тасалдах учиргүй. Нэг ч хүн ажлын байраа алдах ёсгүй” гэсэн. Хамгийн түрүүнд хүн рүүгээ хандаж байна. Европын холбоо бол асар их мөнгө гаргаж байгаа. Коронавирусын эсрэг зардалд төлөвлөөд, зарцуулалтыг нь нээлттэй болгоод ажиллаж байна. Хэрвээ мөнгө хүрэхгүй бол Цар тахлын бонд гаргана гэж ярьж байна. Тэр бондоороо Төв банкнаасаа мөнгө гаргаад хүмүүсээ дэмжинэ гэж байна. Бид ч гэсэн тэр хэмжээнд коронавирусын аюулыг ойлгох ёстой. Одоохондоо зөвхөн халдвар, өвчин талаас нь хараад уламжлалт аргаа л яриад байна. Тэр арга нь өнөөдрийн нөхцөлд ажиллахгүй.

-Сая Засгийн газраас банкны зээлийн хүү болон эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ бас нэг оролдлого мөн үү?

-Их инээдтэй юм болж байна. Засгийн газар нь Монголбанктайгаа зэрэгцэж зогсч байгаад хүмүүст “Гурван сарын хугацаанд зээлээ битгий төл өө” гэчихсэн. Тэгсэн хэрнээ банкуудад өгсөн удирдамж энэ тэр байхгүй. Зүгээр л популизм хийж амаараа ярьсан болохоос шийдвэр нь банкууд дээр очоогүй. Албан ёсоор шийдвэр гаргаагүй гэсэн үг. Тийм учраас банкууд хөдлөхгүй, хөдлөх бололцоо ч байхгүй. “Би үхэхээр чи үх” гэдэг шиг банкууд руугаа хэргээ чихсэн байдалтай л явж байна шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ асуудал Засгийн газраас өөрөөс нь эхлэх ёстой. Засгийн газар санхүүгийн бодлогоо бүтэн өөрчлөөд, хүн рүүгээ чиглүүлж чадвал дараа нь банкуудын ажил явна.

-Засгийн газар банкуудаа дэмжээд заавал байлгах нөөцийг нь хоёр хувиар буурууллаа. Үр дүнд нь 300 тэрбум төгрөг гараад ирлээ гэж яриад байгаа?

-Тэр бол түр зуурын асуудал. Банкууд өөрийнхөө чадамжаар нэг, хоёр сар тэсэх тухай л асуудал байхгүй юу. Гэтэл коронавирусын эдийн засагт үзүүлэх нөлөө 18 сар ба түүнээс дээш хугацаатай шүү гэдгийг анхааруулаад байгаа. Тэгэхээр бодлого маань сууриараа өөрчлөгдөх ёстой гэсэн үг. Яахав, сарвалзаад байна, зүтгээд байна гэдэг утгаар нь л энэ арга хэмжээнүүдийг зөвшөөрч байгаа. Түүнээс биш ахархан хугацаатай, үр дүнгүй зүйл. Тийм учраас том харсан бодлого явуул. Хүн рүүгээ хандсан бодлого явуул, бүх хөрөнгөө тийш нь дайчил. Хэрвээ тэр мөнгө чинь хүрэхгүй байгаа бол гаднаас тусламж ав.

Гаднаас тусламж авах эх үүсвэр нь бэлэн байж байгаа. ОУВС жишээ нь хөгжиж байгаа улс орнуудад тусламж үзүүлэх фондоо, яаж түргэн санхүүжүүлэх вэ гэдэг арга зүйгээ зарлачихсан, яаж энэ фонд руу хандах вэ гэдгийг хүртэл заагаад өгчихсөн байгаа. Ганцхан тийм мөнгө хэрэгтэй гээд хүсэлт тавихын тулд тооцоо судалгаа хэрэгтэй, бодлоготой байх ёстой. Тэр бодлогоо зохиож чадахгүй бол гаднаас мөнгө гуйж чадахгүй. Мөнгө гуйх чинь хүртэл өөрөө бодлоготой, дараалалтай. Тэрийгээ хийхгүй байгаа нь харамсалтай. Хийх л байх л даа. Гэхдээ заавал үхэл хагацал үзэж байж хийх гээд байдаг нь өөрөө буруу.

-Эхний ээлжинд тэвчиж болох зардлуудаа хэмнэе гээд УИХ дээр ажлын хэсэг гараад явж байна. 2020 оны төсөвт туссан зардлуудаасаа танахад дор хаяж 500 тэрбум төгрөг гарч ирнэ. Энэ мөнгөөрөө эдийн засгаа дэмжинэ гэж ярьж байна?

-Цемент, барилга байшингийнхаа зардлуудыг танахад хүн рүү харсан ажлаа хийчхэж чадна. Хүрэхгүй бол дараа дараачийнхаа мөнгийг гаднаас гуйхад хэн ч туслахад бэлэн байгаа. Коронавирусын аюулыг монголчууд л дутуу үнэлээд байгаа болохоос дэлхий нийт бол тов тодорхой үнэлээд, шуурхай арга хэмжээ аваад байна. Коронавирусыг зөвхөн өвчин гэж хараад, эдийн засаг гэж үнэлэхгүй байгаа нь манайхны хамгийн их буруу.

-УИХ, Засгийн газар бол “мөнгө хаана байна?” гээд хайгаад байх шиг байна. Аргаа бараад Ирээдүйн өв сангаасаа мөнгө гаргах, хуулийг нь өөрчлөх тухай ярьж байх шиг?

-Бүх бололцоог дайчлах ёстой. Гэхдээ хүмүүсийнхээ орлогыг төрийн, хувийн харгалзахгүй хамгаалах бодлого дээрээ эхлээд төвлөрөх чадвал энэ зохицуулалт ажиллана. Бодлого нь байхгүй зүгээр дэл сул мөнгө хаана байна, хэмнэе гэж гүйгээд, хэмнэсэн мөнгөө хүндээ зарцуулахгүй ААН, банкуудыг, хэсэг бүлэг хүмүүсийг дэмжих хэлбэр лүү явчихвал түүн шиг том алдаа байхгүй.

-Гаднаас санхүүжилт олж ирээд, түүнийгээ ААН-үүддээ хүүгүй зээл маягаар өгвөл нэг төрлийн дэмжлэг биш үү? Бага хүүтэй, урт хугацаатай зээл ч юм уу. Зүгээр өгнө ч гэж байхгүй байх л даа?

-Дайны байдал гэж ойлговол зүгээр өгсөн ч болно. Зарим оронд цалин, тэтгэвэр гэх мэт хүн рүүгээ хандсан бодлого дээр хувийн хэвшилдээ хүүгүй зээл олгож байна. Дайны байдал гэж үзэж байгаа учраас дараа нь тэр асуудал шийдэгдэнэ. Хүүтэй байх уу, хүүгүй байлгах уу, хэнд нь өгөх вэ гэдгийг шударга байлгах зарчмууд бас байна. Үүн дээр толгой өвдөх юм байхгүй. Тэртэй тэргүй хувийн ААН-үүдэд өмнө нийгмийн даатгал төлсөн түүх нь байгаа. Үүнийг нь хараад хуваарилалтуудыг хийх бүрэн бололцоотой.

-Ядаж л НДШ болон орлогын албан татвараа авахгүй байж болох уу?

-Их жижигхэн зүйл шаардаад байна л даа. Ийм арга хэмжээ эдийн засагт нөлөөлөхгүй. Сар, хоёр сарын тухай л яриа болоод байна шүү дээ. Би бол наад зах нь 18 сарын хүндрэл яриад байна. Судлаачид, эрдэмтдийн хэлж байгаагаар халдварт өвчин ганц давалгаагаар явахгүй, ахиж давтагдана гэж байна. Эхний давалгаан дээр тайвшралгүй, 2-3 давалгаа явна гэдгийг харж чадвал бодлого тогтвортой, холыг харсан байх ёстой.

-Эрүүл мэндийн салбараа хамгийн түрүүнд дэмжих ёстой байх. Гэтэл “Уушиг орлуулах аппарат оруулж ирэх гэсэн чинь мөнгө байхгүй” гээд өмнөх ярьдгаа л яриад байна шүү дээ?

-Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол эрүүл мэнд, онцгойгийнхонд санхүүжилтийг максимальный төлөвлөх ёстой. Дараа нь төсвийн бололцоо байвал хүмүүсийн цалин, орлогыг хэвшил харгалзахгүй олгох ёстой. Цаана нь жаахан мөнгө үлдвэл хүнсний үйлдвэрлэл болон наад захын шаардлагатай үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Дээр нь үндсэн хэрэглээний хүнс, эм, эмийг бүтээгдэхүүнийг бүгдийг нь импортын татваргүй болгох хэрэгтэй. Зах зээл дээр дутагдаж байгаа үндсэн бараануудыг оруулж ирэхэд хувийн хэвшлээ дайчилж ажиллуулах ёстой. Хил дээр элдэв бэрхшээл учруулдаг хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Татварыг нь тэглэчихэд л тэнд байгаа хүнд суртал байхгүй болчихно. Үүнийг хийх боломжтой.

Яагаад би үүнийг зоригтой хэлж чадаж байна гэхээр 1996 онд Ерөнхий сайд болоод үүнээс дутахгүй хүнд нөхцлийг амсаад, туулаад ирсэн. Тэр шилжилтийн үед Монгол Улс өлсгөлөнд байсан шүү дээ. Түүх давтагдаж ирж байна. Тийм учраас би үүнд анхаарал хандуулах гэж оролдоод байна л даа. Удаан ч гэсэн үг маань хүрэх байх. Хүргэхийн тулд дуугарч байх нь хамгийн чухал.

-УИХ-ын ажлыг хэсэг дүгнэлтээ гаргах байх. Тэрнээс шалтгаалаад ээлжит бус чуулган хуралдах, хуралдахгүй нь шийдэгдэх байх. Арай л удаан ажиллаад байна аа даа?

-Бусад орны туршлагаас харахад ерөөсөө хурд хэрэгтэй л гэж байна. Түүнээс гадна коронавирусын дараа ерөөсөө эдийн засаг, бизнесийн харилцааны загварчлал ч гэсэн өөрчлөгдөх байх. Улс орон өөрөө өөрийгөө тээж явахгүй бол болохгүй юм байна, харилцан хамаарлаа багасгах ёстой юм байна гэх мэтчилэн. Манайхны бас нэг алдаатай бодол нь коронавирус тэгсгээд арилчихна, түүний дараа худалдаа, эдийн засгийн уламжлалт харилцаа маань эргээд сэргээд ирнэ гэж ойлгоод байна. Тийм юм байхгүй.

-Бараг л дөрөвдүгээр сарын 30 гэхэд бүх юм жигдэрчихнэ гэж ойлгоод байх шиг?

-Наадах чинь алдаа. Хамгийн том алдаа. Эдийн засаг эргэж тийм хурдан сэргэхгүй. Хятадын байдал арай жаахан дээрдлээ гэж яриад байна. Гэтэл дотоодынх нь халдвар багассаны дараа үйлдвэрүүд нь сэргэж байна уу гээд үзэхээр ерөөсөө 10-15 хувиар л сэргэж байна. Тэр үзүүлэлт 50, 100 хувь болтлоо өдий. Манайх жишээ нь нүүрсээ гаргаж эхэллээ л гэж байна. Гэтэл хуучин гаргаж байсан хүчин чадалдаа хүртэл бас өдий. Тийм бололцоо байхгүй. Эрэлт нь багасч байна.

Коронавирусын эдийн засагт үзүүлж байгаа нөлөө нь эрэлт, нийлүүлэлт хоёрт хоёуланд нь цохилт өгч байна. Аюулыг мэдэж байгаа улс орнууд “юу ч болоо билээ” гээд хэмнэлтийн горимд шилжчихдэг. Хэмнэлтийн горимд шилжихээр нийлүүлэлт багасаад, илүүдэл болоод эхэлдэг. Тэр хэмнэлтийн горимд шилжиж байгаа сэтгэл зүйг удирдах арга нь хүмүүсийнхээ цалин, орлогыг хамгаалах явдал. Юмаа мэдэж байгаа орнууд бүгд тэгж хийгээд байхад бид тэгж бодохгүй байгаа нь хамгийн харамсалтай.

Нэг зүйлд битгий хуурт гэж би хэлмээр байна. Дэлхийн эдийн засаг 4-5 хувиар унах юм байна. Хятадын эдийн засаг 1-2 хувиар унах юм байна гэж яриад байгаа. Энэ бол макро эдийн засгийн үзүүлэлтээр тооцсон уналт. Түүн дотор хүмүүсийн харилцаа, бие биендээ түүхий эд нийлүүлдэг нийлүүлэлтийн харилцааг тооцоогүй. Тэр нуралт тийм хурдан босч ирэхгүй. Босч ирсэн ч хуучнаараа босч ирэхгүй. Тийм учраас хохирол нь их урт хугацаанд. Өвчин өөрөө олон давалгаатай циклээр явах учраас эдийн засгийн үр дагавар нь маш ноцтой. Их хариуцлагатай байгууллагуудын судалгаагаар “2020-2022 онд маш хүнд байдал үүснэ. 2023 оноос нэг хонгилын үзүүр дэх гэрэл харагдах байх” гэж байна. Том судалгаанууд тэгж гарч байгаа. Тэрийг олж харахгүй, үзэхгүй бол бид асар буруудна.

-Засгийн газар бол банкуудтайгаа зөвшилцөх гээд, та нар минь хүүгээ бууруулаач энэ тэр гээд гуйгаад байна. Бизнес эрхлэгчид болохоор “Банкуудыг гуйх биш, хуулиар хатуу үүрэг өг” гэж байна. Тэгэх боломжтой юу?

-Боломжгүй. Коронавирус хүмүүс, ААН-үүдэд цохилт өгөхөөсөө гадна банкуудад цохилт өгч байгаа. Гэтэл яахаараа банкуудаас мөнгө нэхээд сууж байх юм. Тэдэнд ч гэсэн мөнгө байхгүй, цохилт авчихсан учраас. “Форс мажор” буюу давагдашгүй хүчин зүйл гэж бид ярих дуртай. Гэтэл коронавирусын үед давагдашгүй хүчин зүйл гэдэг ойлголт байхгүй. Бүгдээрээ цохилт авчихсан учраас бүгдээрээ давагдашгүй хүчин зүйлд орчихсон. Нэгэнд нь ч давуу тал байхгүй гэсэн үг. Нэгэнд нь давуу тал бий болчихоод нөгөө тал нь “давагдашгүй хүчин зүйл” яриад нөхөн олговор авдаг байсан бол өнөөдөр тийм юм байхгүй.

-Хэрвээ та өнөөдөр Ерөнхий сайд байсан бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах байсан бэ?

-Би санал болгоод, бичээд л байгаа. Өнөөдөр ч бас нийгмийн сүлжээнд тавьсан. УИХ хамгийн түрүүнд төсвөө тодотгооч ээ, хүн рүүгээ хандсан бодлогод шилжээч ээ гэж. Төсвийн бодлого зөв тодорхойлогдож байж дараа нь мөнгөний бодлого зөв гарч ирнэ. Мөнгөний бодлого нь төсвийн бодлогоо дэмжиж хийгддэг болохоос биш Монголбанк, арилжааны банкууд руугаа заагаад “Тэг, ингэ” гээд суудаггүй. УИХ нь, Засгийн газар нь ажлаа хийхгүй бол хэн ч ажлаа хийхгүй.

-Төсөв тодотголоо гээд олигтой эх үүсвэр гарч чадах уу? Одоо бол нэг 500 тэрбум төгрөгийн тухай л яриа яваад байгаа шүү дээ?

-Чадах уу, чадахгүй юу гэдэг яриа байх ёсгүй. Чадна гээд л ажлаа хийх ёстой. Түүний төлөө төр байдаг, УИХ, Засгийн газар байдаг.

-Хоёр их наядын алдагдалтай төсөв баталчихсан байгаа шүү дээ?

-Алдагдалтай төсөв баталсан гэдэг чинь тэр алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг хаа нэг газар нь төлөвлөсөн л байгаа. Тэр их үүсвэрээ хүн рүүгээ хандуул. Цемент шохой битгий болго.

-Улс орнууд эдийн засгаа хамгаалахын тулд бонд босгоод эхэллээ гэж байна. Манайх харин Тавантолгойн орд дээр IPO  хийнэ гэж яриад, тэр нь улстөржсөн маргаан болоод дууссан. Аргаа ядаад Засгийн газар нь “энэ удаад хойшлууллаа” гэж байх шиг байна. Нөхцөл байдлыг та юу гэж харж байна?

-Тэр бол коронавирусгүй үеийн яриа. Коронавирустай үед магадлал байхгүй. Үнэндээ байхгүй учраас “байхгүй” гэж хэлсэн байх. Угаасаа мөнгө нь босохгүй юм чинь. Яагаад гэвэл бүх улс орнууд өөрсдөө санхүүгийн хүнд байдалд орчихсон байгаа. Болохгүй бол тэр Европын холбоон дээр яригдаж байгаа Цар тахлын бондын тухай ч дотроо бодож, болгоож байхад гэмгүй.

-Манайх Цар тахлын бонд гаргах боломжтой юу?

-Бүх улс орнууд бонд гаргаж өр үүсгэх замаар энэ хүндрэлээс гарах бодлого явуулна гэдгээ зарлаад байгаа. Европын мөнгөтэй улс орнууд ярьж байхад яагаад бид ярьж болохгүй гэж. Байгаа эдийн засгийнхаа бүтэц, хүчин чадлыг хамгаалж авч үлдэж чадсан нь коронавирусын дараах бизнесийн ертөнцөд арай түргэн босч ирэх бололцоо үүснэ.

-Таныг Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээн дээр ажиллахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан, улсад хохирол учруулсан, хорлон сүйтгэсэн гэдэг зүйл ангиар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн тухай сонссон. Хөрөнгө оруулагч нарт давуу байдал үүсгэсэн гэсэн үг үү?

-Ямар ч давуу байдал байхгүй. Яагаад гэвэл нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй, төсөл хэрэгжээгүй. Энэ асуудлаар улс төр хийгээд, хуулийн хяналтынхан гэнэт татаж шалгаад байгааг би хоёр өнцгөөс харж байна. Нэгдүгээрт тухайн үед хийгдэх гэж байсан гэрээ өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад ашигтай юу, ашиггүй юу гэдэг асуудал. Хоёрдугаарт, хуулийн байгууллага шалгалтаа хуулийн дагуу зөв явуулж байна уу, үгүй юу? Нэгэнт байгуулагдаагүй гэрээг гэмт хэрэг гэж үзэж болохгүй шүү дээ. Хохирол учраагүй.

-Хохирол учруулахаар зардсан гэж үзээд байгаа юм биш үү?

-Завдсан гэдэг зүйл анги Эрүүгийн хуульд байхгүй. Гэрээ байгуулагдаагүй учраас прокурорын байгууллага УИХ-д өргөн барьсныг нь гэмт хэрэг гэж үзээд байгаа. Гэмт хэрэг гэж ойлгуулахын тулд “Элбэгдорж, Сайханбилэгтэй хуйвалдаж хийсэн. Элбэгдорж, Сайханбилэгийн хэргийг тусгаарласан. Хорлон сүйтгэгч нь энэ байна” гээд шүүхэд шилжүүлээд явж байгаа.

-Ордыг 100 жилийн хугацаатай гадныханд өгөх гэж байсан, үнэгүй өгөх гэж байсан гэж яриад байгаа шүү дээ?

-Тийм юм ерөөсөө байхгүй. Угаасаа Тавантолгойн гэрээний гол зорилго нь бид өөрсдөө түүхий нүүрсээ олборлоод баяжуулах байсан. 30 сая тонн нүүрсийг баяжуулаад төмөр замаар тээвэрлэхэд нэг тонн нүүрсний тээврийн зардал 9-10 доллар. Машинаар тээвэрлэхэд 30-40 доллар. Нүүрсээ баяжуулаад хямд тээвэрлэж чадвал үнэ цэнэ, бидэнд үлдэх ашиг нь өснө биз дээ. Гадныханд үнэгүй өгөх гэж байсан энэ тэр бол нүүрсэн дээр ажиллаж, ашиг хийдэг улстөрчдийн, бүлэглэлийн яриа. Нүүрсээ баяжуулаад дэлхийн зах зээлийн үнээр өгье л гэдэг төсөл байсан шүү дээ.

-З.Энхболд дарга бол огт өөр л юм яриад байгаа, тухайн үед УИХ-ын дарга байгаад гэрээг зогсоосон хүн шүү дээ?

-З.Энхболдын амаар явдаг юм гэж юу байх вэ. Үнэн хэрэгтээ би өөрийнх нь гаргасан тогтоолыг л хэрэгжүүлсэн байхгүй юу. УИХ-ын 2014 оны 34-р тогтоол гэж бий. Тогтоолд З.Энхболд өөрөө гарын үсэг зурсан. Тавантолгойн орд газраас гаргаж байгаа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээ, түүхийгээр нь гаргахаа боль, монгол ажилчдаа ажиллуул, олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуул, ганц Хятадын зах зээлд битгий зараад бай... гэсэн утгатай тогтоол бий. З.Энхболд өөрөө тогтоол гаргачихаад тогтоолынхоо эсрэг л ажилласан хүн шүү дээ.

-Та тэр тогтоолынх нь эсрэг ажиллачихсан юм биш үү?

-Батлах нотлох баримт, бичиг нь бий. Гэрээний төслийг Ч.Сайханбилэг УИХ-д өргөн барьсан, Засгийн газрын төсөл.

-Ч.Сайханбилэг та хоёрын боловсруулсан төсөл гэж ойлгоод байгаа шүү дээ?

-Тэгж өөрсийгөө өндрөөр үнэлж болохгүй. Манай маш олон яамдын маш олон чадварлаг залуучууд ажилласан.

-Монголын талд тийм, ийм ашигтай байсан гээд та өнөөдөр хэлж чадах уу?

-Чадалгүй яахав. Тооцоо хүртэл бий. ЭТТ компани өнөөдөр түүхийгээр нь, сорчилж олборлоод, машинаар тээвэрлээд, хүний амь нас, байгаль орчин сүйтгээд, тэгээд жилийн эцэст 800 тэрбумын ашиг оллоо, тэрбум долларын орлого олчихлоо гэж яриад байна. Хэрвээ гэрээ байгуулагдсан бол гээд тооцоолоод үзэхээр бид өнгөрсөн хугацаанд 14 тэрбум доллар алдчихсан байна гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс хийсэн. Хэрвээ миний Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барьсан төсөл хэрэгжсэн бол өнөөдрийн энэ орлого дээрээ нэмээд 14 тэрбум долларын орлого олох байсан гэсэн үг.

-Монголын талын хувь оролцоо ямар байсан юм бол? Стратегийн орд учраас 51 хувийг нь ядаж төр эзэмшихээр байсан биз дээ?

-Гэрээн дотор байгаа. Нүүрс өмчлөх эрх гэж тусгай заалт бий. Тавантолгойн орд бол төрийн өмч, төрийн өмчийг ашигласны төлөө төлбөр төлнө гээд заачихсан. Үндэсний 650-иад компани ажиллах, ДНБ-ий өсөлтийг 10 хувьд хүргэх тооцоотой, улсын төсвөөс нэг төгрөг гаргахааргүй хийгдсэн төсөл. Төсөвт орох орлого нь болохоор татваруудаа оролцуулаад 14 их наяд төгрөгийн орлого алджээ гэж хэлээд байна. Өнөөдрийг хүртэл олсон орлогоосоо гадна шүү дээ. Тэр тооцоо удахгүй танилцуулагдана.

-Баяжуулаад зарсан бол өнөөдөр жишээ нь зах зээлийн үнэ ямархуу түвшинд байна?

-Одоо хүрсэн үнэ нь 170 доллар. Өнөөдөр Тавантолгой дээр болж байгаа бас нэг аюултай зүйл гэвэл ЭТТ компани нүүрсээ сорчилж олборлоод байна. Нэг хэсэг нүүрсийг нь “чанар хангахгүй байна” гэж овоолго үүсгээд, чанартайг нь дундаас нь сорчилж Хятад руу ачуулаад байна. Сорчилж олборлохын аюул нь овоолсон нүүрс байгаль дээр өөрөө шатдаг. Том шаталт үүсвэл олон сая тоннын овоолгууд баларна биз дээ. Сорчилж олборлосноос болж ордын нас богиносдог.

Бидний хийх гээд байсан төсөл бол ийм овоолго үүсгэхгүй. Сайн, муу нүүрсээ бүгдийг нь холиод, угаагаад дундаж стандарт үүсгээд өндөр үнээр зарах. Тэгсэн тохиолдолд ордыг ашиглах нас уртасдаг.

-Таны боловсруулсан төсөлд төмөр зам байсан, баяжуулах үйлдвэр байсан, дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарна гэсэн. Гэхдээ гуравдагч зах зээл нь байсан юм уу?

-Байлгүй яахав. Гурвалсан консерциумд Япон, Хятад, Монголын компани байсан. Японы “Сумитомо” компанийн үүрэг нь нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах байсан. Машинаар тээвэрлэж байхад гуравдагч зах зээлд хүрэх боломжгүй. Хятадын нутгаар нүүрс тээвэрлээд далайн боомт хүрнэ гэдэг хоосон мөрөөдөл. Хэрвээ төмөр замаа барьчихсан бол далайн боомт хүрээд гуравдагч зах зээлд гаргана. Сая жишээ нь, коронавирус эхлээд л бид ачилтаа зогсоосон. Одоо эргээд ачилтаа сэргээсэн ч өмнөх хэмжээнд хүргэхэд хэцүү. Төмөр замтай байсан бол шал ондоо. Дээр нь нөгөө 1072 хувьцаа байна. 1072 хувьцаа чинь үндсэндээ үхмэл хувьцаа шүү дээ. Хэнд ч хэзээ ч мөнгө олгогдож байгаагүй.

-Одоо олгож эхлэх гээд байгаа юм биш үү?

-Яриад л байна. Дээр нь коронавирус ороод ирчихлээ. Өгөх үү, өгөхгүй юу гэдэг хэцүү. 1072 хувьцааг амилуулах хэрэгтэй гэдгийг бид 2015 онд бодчихсон байсан. Амилуулахын тулд орд ашигласны төлбөр төл гэдэг саналыг төслийн компаниуддаа тавьсан. Одоо баяжуулсан нүүрс 170 доллар болчихсон тохиолдолд бидний авах орлого 5-6 хувь хүрчихсэн байх байлаа. 2015 онд хийсэн тооцоогоор нэг хүнд ноогдох ашгийг 100 доллар болгоё гэж ярьж байсан. Төсөл хэрэгжүүлж байгаа компаниасаа төлбөр аваад ноогдол ашгийг жил бүр өгдөг байя гэж. Хэрвээ төсөл хэрэгжсэн бол шүү дээ. Төсөл хэрэгжээгүйн алдаа юу байна гэвэл 1072 хувьцаа амилж чадаагүй, өнөөдрийг хүртэл ноогдол ашиг авах уу, үгүй юу гэж маргаад, төмөр замгүй учраас коронавирус биднийг гацаагаад сууж байна.

-Өнгөрсөн жил хувьцааны ноогдол ашигт 50 мянган төгрөг өгье гэсэн чинь төмөр зам барьчихсан шүү дээ?

-Яахаараа? Бас хаашаагаа?

-Яахав, ганцхан зах зээлтэй байхаар хоёр тийшээ гарцтай байя гээд л зүүн тийшээгээ төмөр зам барьж байгаа байх л даа?

-Биднийг төмөр зам барина, барихгүй гэж гацааж байх хооронд оросууд Хятад руу төмөр замаа нарийн царигаар бариад, нүүрсээ гаргадаг экспортоо нэмээд... Хэн хожиж байна, оросууд л хожиж байна. Өрсөлдөгчдөө зайгаа тавьж өгсөн энэ бодлого хэний бодлого вэ? Монголын бодлого мөн үү? Би бол эргэлзэж байна.

-Хятад руу төмөр зам тавьчихвал Хятадаас 100 хувь хамааралтай болчихно гэсэн бас нэг болгоомжлол яваад байдаг?

-Бид чинь хоёрхон хөрштэй. Тиймээс Хятадаас хийж байгаа хөрөнгө оруулалт манай эдийн засагт хэр их нөлөө авчирах вэ? гэдэг тооцоог хүртэл тэр үед хийсэн. Хэрвээ төсөл хэрэгжээд Хятадын талын хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд Хятадын хөрөнгө оруулалтын манайд үзүүлэх нөлөө ердөө 30 хувь л юм билээ. Яагаад гэвэл Оюутолгой гэдэг барууны том хөрөнгө оруулалт манайд ороод ирчихсэн. Хятадын хөрөнгө оруулалт 30 хувь юм байна. Оросын талаас Улаанбаатар төмөр зам гэх мэтийг оролцуулаад тооцоход 30 хувиас хэтрэхгүй байсан. Хэрвээ чи аль нэг орноос харааралтай болохоос айж байгаа бол өөр бусад орноос хамааралтай болох ёстой. Бидэнд өөр бусад арга зам байхгүй.

-Таныг буруутгаж байгаа үндэслэлд “Албан тушаалаа урвуулан ашиглаж, Шинхуа, Энержи Ресурс болон Сумитомо корпарацийн түншлэлд давуу байдал олгосон” гэсэн байна?

-Прокурор, АТГ-ынхны хийж байгаа дүгнэлт л энэ л дээ. Мөрдөгч нар нь эдийн засгийн ойлголтоор их маруухан шүү дээ, хөөрхий. Эхний хэдэн удаад би бас ойлгуулах гэж нэлээд хичээсэн. Бүр арга ядаад “Надаас байцаалт аваад яах юм. Нэгэнт л хэрэг бүрдүүлэх гэж байгаа бол Сумитомо, Шинхуа, Энержи Ресурс бүгдээс нь байцаалт аваач” гэхээр хийхгүй байгаа. Сүүлд тагнуулын төлөөлөгч нэг л удаа мэдүүлэг авсан. Нөгөө “хорлон сүйтгэх” гэдэг зүйл анги руу оруулахын тулд. Хэрвээ “хуйвалдаж хийсэн” гэж байгаа бол Элбэгдорж, Сайханбилэгээс ч мэдүүлэг авах хэрэгтэй биз дээ. Би бол ердөө Засгийн газрын өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажилласан хүн. Засгийн газар нь хэлэлцэж сайшаагаад УИХ-даа өргөн барьсан. Тэр нь одоо хэрэг болчихсон сууж байгаа хүн.

-Тэгвэл үүрэг даалгавар өгсөн, сайшаан дэмжсэн Засгийн газар ч бас буруутах ёстой биш үү?

-Тэгэлгүй яах юм. Өгсөн үүрэг даалгавар, гаргасан тогтоол шийдвэрийг нь мөрдөж ажиллачихаад би яахаараа бурууддаг юм.

-УИХ-ын дарга асан З.Энхболд өнөөдрийг хүртэл “Хятадын талд алдах гэж байсан стратегийн ордоо төрд 100 хувь авч үлдсэнээрээ монголчууддаа ноогдол ашиг хүртээх боломжтой боллоо” гэж яриад байгаа шүү дээ?

-Нэгдүгээрт энэ бол худлаа мэдээлэл. Хоёрдугаарт сүүлийн үеийн нөхцөл байдал, үйл явдлын өрнөлийг харах юм бол З.Энхболд өөрөө л “Страто” ч билүү компани байгуулаад, баяжуулах үйлдвэр бариулаад, Хятадаас мөнгө хөрөнгө оруулчихсан юм байна лээ шүү дээ. Тавантолгойн хөрөнгө оруулалтыг гэрээг зогсоосон шалтгаан нь хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн хэсэг хүмүүсийн л ажил байсан байна гэж миний нүдэнд харагдах болсон. Эдийн засагч Л.Наранбаатарын тагнуул, цагдаад өгч байгаа гомдлыг харах юм бол өмнө хийж байсан бүх мэдэгдлүүд нь бүгд өөрсдийнхөө хувийн эрх ашгийг гүйцээх гэсэн арга саам байжээ гэж надад харагдаж байгаа. Тийм учраас тагнуул, цагдаа, АТГ шалгасны дараа энэ асуудлыг ярих ёстой байх.

-“Страто” надтай огт холбоогүй, надад ямар нэг хувийн эрх ашиг байхгүй, нүүрсний нэг ч машин байхгүй гэж яриад байгаа?

-Өөрөө юу гэж хэлэх нь нэг хэрэг. Хууль хяналтын байгууллага шалгаад яаж тогтоох нь өөр хэрэг. Зүгээр нийгмийн сүлжээ, зарим нэг телевиз, сонингоор гарч байгааг нь харвал бараг баримтаар тогтоогдчихсон юм билээ шүү дээ. Албан ёсны дүгнэлтийг нь хуулийнхан хэлэх биз.

Нэг зүйлийг хэлэхэд би энэ төслийг төмөр замтай, баяжуулах үйлдвэртэй, орчин үеийн төсөл болгох гэж зүтгэснээрээ нүүрс зөөж, мөнгө хийдэг олон хүний хөл дээр гишгэчихсэн юм байна гэдгээ л ухаарч байна.

-Албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг дотор Toyoto Lexus 570 автомашиныг 55 сая төгрөгөөр илүү үнэлэн худалдаж авч, улсад буюу яаманд 130 сая төгрөгийн хохирол учруулсан гэж байна. Та энэ машиныг хувьдаа авчихсан юм уу?

-(Инээгээд) Мэдээж хувьдаа машин авсан асуудал байхгүй. 2013 онд “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжид Lexsus 570 маркийн машин авсан. Зөвхөн Улаанбаатарт ажил явахгүй, газар дээр нь очиж үзэх шаардлага гарна. Хөрөнгө оруулагч нартай үйлчилж байх хөдөө явдаг машин хэрэгтэй байсан. ЭХЯ-наас төсөв төлөвлөж өгсөн. Тухайн үед Lexus 570 машин 160 сая төгрөгт багтах юм байна, энэ мөнгөнд багтаагаад ав гэсэн. Авсан үнэ нь 130 сая, харин ч 30 сая төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн үг. Гэтэл АТГ 2013 онд авсан машины үнийг 2019 оны үнээр үнэлчихэж байгаа юм. Явсан гүйлт, үйлдвэрлэсэн оныг нь бодсон ч гэсэн үнэ нь унана биз дээ. Бас л зохиомол хэрэг.

Хуулийнхан өөрсдөө надад хэлж өгсөн л дөө. Үндсэн хэрэг нь Тавантолгой. “Наалтуур хэрэг” гэж бас зохиодог юм гэнэ. Нөгөө “хонгил” гэдэг юмаа ажиллуулахын тулд. Тэгээд наалтуур хэрэг нь наад машины чинь хэрэг болж байна л даа. Аль аль нь нотлогдохгүй. Энэ бол хуулийнхны хувьд маш буруу практик.

-Хонгил гэж үнэхээр байдаг гэсэн үг үү?

-Би уг нь “хонгил” үүсгэсэн, барьсан гэдэг энэ ярианд их дургүй байсан юм. Хууль хяналтынхан ажлаа хийж байхад нь буруутгаад дэмий шүү дээ л гэж боддог байсан. Тэгсэн чинь хонгил үүсгэдэг бас аргатай юм байна. Сая С.Баяр Ерөнхий сайдын Ерөнхий прокурорт бичсэн захидлыг үзлээ. Тэнд бичсэн зүйл над дээр  ч бас болсон. Прокурор бол босоо удирдлагатай байгууллага. Дээд шатны прокурор нь доошоогоо хяналт, шалтгалт тавьдаг. Гэтэл миний асуудал Нийслэлийн прокуророос дээшээ ерөөсөө явахгүй байгаа. Ерөнхий прокурорт гомдол тавихаар “Над дээр ирээгүй. Нэгэнт шүүх рүү явчихсан учраас би хяналт тавих боломжгүй” гэдэг. С.Баярыг ч тэгсэн, намайг ч тэгсэн.

-Хонгил эндээс үүсч байна гэж үү?

-Тийм. Үүнийг С.Баяр хэлсэн, би ч бас хэлж байна.

-Шүүх яаж шийдэх бол? Шударгаар шийдэж чадах болов уу гэсэн эргэлзээ байна уу?

-Мэдээж байгаа. Миний хэрэг дээр Оюунчимэг, Болдбаатар, Мөнх-Эрдэнэ гэж гурван шүүгч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр хэргийг шийдэх гээд хэрэгтэй танилцаад сууж байгаа. Сүүлд авсан нэг мэдээллээр шүүх хурал даргалахаар томилогдсон Оюунчимэг шүүгч миний хэргийг хэлэлцэхээс татгалзсан байна лээ.

-Яагаад?

-Татгалзсан шалтгаанаа тов тодорхой хэлсэн байна лээ. Миний төрсөн дүү М.Энхсайхан гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан. Тэр үеэс би энэ хүнийг мэднэ. Мэдэхээр барахгүй би уг хүнийг хүндэтгэж явдаг. Ийм учраас шүүх ажиллагаанд оролцохгүй гэдгээ хэлээд татгалзсан. Татгалзсан саналыг нь аваад энэ шүүгчийг шүүх бүрэлдэхүүнээс хассан байна лээ. Шүүх дотор ч бас шударга хүмүүс байдаг юм байна. Хэн нэгний заавар, даалгавраар ажиллахгүй гээд өөрийгөө хэргээс зайлуулж байгаа юм боловуу гэж бодож байна. Сайн талаас нь харахад шүү дээ. Муу талаас нь харвал “хонгил” үүсэх гээд байна уу, яах гээд байна. Гэхдээ би үүнд санаа зовохгүй байна. Бүхий л юмаа ил тавьж байгаад явна гэж бодож байгаа.

-Таны учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр тооцоолж гаргасан юм уу?

-Тийм юм байхгүй. Зүгээр л сайхан улс төр хийгээд явж байгаа. АТГ өөрөө эксперт томилсон, тэр нь мега төслийн ямар ч ойлголт байхгүй. Та нар өөрсдөө хийж чадахгүй байгаа бол ОУВС-нд хандаад эксперт ав, эсвэл мэргэжлийн компаниудад ханд гэдэг хүсэлтийг би тавьсан. Миний хүсэлтийг авч үзээгүй. Ядаж “Эксперт авья, мөнгө төгрөг гаргаж өгнө” үү гээд Засгийн газартаа хүсэлт гаргаач. Засгийн газар чинь гаргаж өгөхгүй гэвэл би дуугүй сууя гэж хүртэл хэлсэн. Гэтэл тийм үйлдэл ч хийгээгүй.

Ер нь бол УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан хүмүүсийг АТГ-аас эксперт томилоод тэдний дүгнэлтээр буруутгаад, прокурор нь “хорлон сүйтгэсэн байна” гээд яллах дүгнэлт бичиж байгаа бол хууль ёсыг уландаа гишгэж байгаа, ертөнцийг ёс жаягийг ойлгоогүй, өнөөдөр биднийг элдэвлэж байгаа ч хожмоо өөрсдөө хариуцлага үүрэх гэмт хэрэг юм шүү дээ, уг нь бол.

-Ярилцсанд баярлалаа.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (64.119.16.222)
    Ер сайдаас огцороод өөр нам байгуулж бсан. Сүүлдээ төрд гомдож зөвхөн өөрийнхээ ашигийн төлөө ажилласан.улс төр унадаг босдогийг хэн ч мэдэх ёстой.төр бхадаа бузрыг цэвэрлэхгүй бол тэр бузар толгойг нь ороодог .тэр жам..мэдлэг сайнтай төр ашиглаж чадсангүй дээ.с.баярын ,,хүн нь бвал үйлчлэх зүйл анги олдоно ,,гэдэг онолыг Хүрэлсүх хэрэгжүүлж бнаа
    2020 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.23.241)
    Энэ одоо тэргүүн математикч уу, өмч хувьчлалыг хамгийн буруу, мэдлэггүй явуулсан, далимд нь бүгдийг өөрөө биш ч их юм тогшсон авилгач. Нялх нял гэсэн эрэгтэй хүнд зохисгүй яриатай, нүд амаа татаж давхраа оёулсныг нь харахад дотоод хүн нь нэг их олигтой, хэвийн амьтан биш ээ, энэ, сэжгийн өвгөн.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Уншигч (64.119.26.180)
    Өнөөдрийн харанхуй байдлын бодит жишээ энэ дээ. Ямар их хэлмэгдүүлэлт эхэлж үргэлжилж байна аа. Манайд гуравдагч орны эрх ашиг ус агаар шиг чухал байгааг ямарч тэнэг ойлгохоор маш тодорхой тайлбарлаж өгсөн байна. Сайхан цаг тун удахгүй ирнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа шүү ард түмний нилээд хэсэг нь. Тэвчээртэй хүлээх л үлдэждээ хэлмэгдсэн байгаа эрхэм нөхөд минь.
    2020 оны 11 сарын 18 | Хариулах
  • Монгол (202.9.46.242)
    Энэ ямар ч хэрэг хийгээгүй. Улс орны төлөө явж байсан хүн шүү. Дэлхийн хэмжээний эдийн засагч шүү. МАН аас ганц гайгүй толгой Баяр байсан юм. Монголчууд азгүй юмаа. Дээрээс нь оросууд их нөлөөлж бна даа. Яг хэлмэгдүүлэлтийн жүжгийн тавилтаар явж бна
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
    • Баяр бол эдийн засгийн мэдлэггүй..улс төрийн хоронд мэргэшсэн архины донд орсон цус сорогч
      2020 оны 11 сарын 17
  • unshigch (66.181.176.209)
    saihan yariltslaga boljee
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.73.156)
    Энхсайхан, Баяр,Баярцогт нарыг суллаж улсаа удирдуулмаар юм.Булчинтай попуудыг харж цөхөрлөө
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 9 цаг 1 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 9 цаг 11 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 10 цаг 14 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 10 цаг 31 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 10 цаг 31 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 10 цаг 39 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 10 цаг 51 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 11 цаг 5 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 11 цаг 8 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 11 цаг 21 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 11 цаг 25 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 11 цаг 38 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 12 цаг 14 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 14 цаг 28 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 14 цаг 32 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 15 цаг 39 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 16 цаг 36 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 17 цаг 10 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 18 цаг 3 мин ОРОС дахь АЛЛАГА 19 цаг 0 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top