x

Монголчууд бид цөөхүүлээ атлаа бие биенээ хайрлаж чаддаггүй!

Коронавирусийг дотооддоо алдан, улс даяар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Халдвар авсан хүмүүсийг үзэн ядах, ялгаварлан гадуурхах байдал үүсч, энэ хэрээр нийгэмд талцал гаарч байна. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн, 3 улс дамжин 171 хоногт карантинд байсан О.Цэцэглэнтэй ярилцлаа.

-Монголчууд дотооддоо коронавирус алдаад багагүй сандарч байна. Та олон оронд дамжин, удаан хугацаанд карантинд байсан. Ийм нөхцөлд тэдгээр орнуудад ямар арга хэмжээ авч байсан бэ? Тэндээс сургамж авах зүйлс юу байсан бол?

-Би олон улс тойрон ажиллах гэрээг урьдчилсан хийсэн байсан. Тэр ажлынхаа хатуу гэрээний дагуу энэ оны 2 сарын 27-нд Монголоос гарсан. Тэр үед нөхцөл байдал дэлхий даяар ингэж хүндэрнэ гэж мэдээгүй. Бидний очиж тоглолтоо хийх байсан улсуудад ковид гарсны улмаас очоод дөнгөж хоёр долоо хоногийн дараа 3500 жуулчин, 1500 ажилчинтай манай усан онгоц Дубайн эрэг дээр тусгай зөвшөөрөл авч, өөрсдийгөө тусгаарлаж ямар ч хүн усан онгоцноос буух ёсгүйгээр бүтэн зогсолт хийсэн. 3 сарын 12-нд манай хамгийн сүүлийн тоглолт болоод дууссан тул хоёрхон хоногийн дотор манай хөлөг онгоц бүх жуулчид, гэртээ шууд харих боломжтой ажилчдаа эх газар руу гаргаж нутаг руу нь буцаах үйл ажиллагааг зохион байгуулсан. 

Үймж бужигнаж олон хүн явсны дараа манай хөлөг дээр хил хаагдсаны улмаас шууд гэртээ харин боломжгүй, хэсэг хугацаанд хүлээх шаардлагатай 780 хүн үлдсэн. Энэ үеэс эхлээд манай хөлөг онгоц дээр ковидын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Миний хоолой тэр үеэс эхлэн сэрвэгнээд сонин болсон. Хөлөг онгоцны эмч дээрээ очиж үзүүлээд хоолойны цацлага авч, Монголоос авч ирсэн эмнүүдээ давхар уусан. Энэ шинж тэмдгийг би коронавирусийн халдвар авлаа гэж бодсон. Дубайн эрэг дээр зогсолт хийсний эхний долоо хоногт биднийг хот руу чөлөөтэй гаргадаг байсан. Тэр үед цагаан хамгаалалтын хувцастай хүн манай хөлөг онгоцноос дусал залгуулсан нэг хүнийг тэргэнцэр дээр түрээд гарч байхтай таарсан. Үүнийг хараад сэжиглээд дотор сонин болсон. Тэр үед хоолой ч бас өвдсөн байж таарсан. Үүний дараа биднийг хөлөг онгоцноос гарахыг хориглож, вирус дотор орж ирснийг хөлгийг ахмад зарласан. 

Улмаар хөлөг онгоц дээрх хоригийг бага багаар чангалж, хүн бүрт амны хаалт тараан заавал зүүхийг шаарддаг болсон. Улмаар 4 сарын 7-нд биднийг нэг нэгээрээ байх өрөөнд шууд хуваарилан, хатуу хөл хорионд орсон. Энэ үед би хэдийнэ хоолны дуршилгүй болоод, үнэрлэх мэдрэмжээ алдаад бараг 10 хоносон байв. Өрөөндөө карантилагдах үед би эдгээд, миний үнэрлэх, амтлах мэдрэмж сэргэчихсэн байсан. Манай хөлөг онгоц дээр 80 орчим хүнээс коронавирус илэрсэн. Тэр үед надаас шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Би өөрөө гайхаад сонин юм даа гэж дотроо бодсон. 

-Яг албан ёсоор шинжилгээ өгөөд тэр нь эерэг гарсан зүйл өөр дээр чинь байхгүй юм байна шүү дээ. Зөв үү?

-Надад шинж тэмдэг илэрч байх үед усан онгоц дээр шинжилгээ авах ямар ч боломж байгаагүй. Сүүлд боломж гараад шинжилгээ өгөхөд зүгээр гарсан. Өрөө карантинд би 4 сарын 7-нд ороод 5 сарын 16-нд гарсан. Дараа нь Монголдоо ирээд дахиж карантинд ороод, тэнд байхдаа эсрэг биетийн шинжилгээ өгсөн юм. Уг шинжилгээгээр надад эсрэг биет илэрсэн. Тэр нь би халдвар аваад эдгэсэн гэдгийг баталж байгаа юм. Тэр үед усан онгоц дээр надтай цуг байсан гадаад охин бас халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан. Тэр үед ямар шинж тэмдэг илэрч байгааг нь асуухад би үнэр л мэдрэхгүй байгаа. Амт мэдэрч байгаа, толгой жаахан өвдсөнийг би стресс, нуруу жаахан өвдсөнийг бэлтгэл хийснээс боллоо гэж бодсон, өөр ямар ч асуудал байхгүй гэж хэлж байсан юм. Тэр охин бараг надаас халдвар авсан байх гэж би дотроо бодсон. Би усан онгоц дээрээс л халдвар авсан. Намайг өрөө карантинаас гарахад хөлөг дээр 400 хүрэхгүй хүн үлдсэн байсан. Энэ 400 хүрэхгүй хүнээс 80 хүний шинжилгээ эерэг гарсан. Энэ халдвар авсан хүмүүс ямар ч эм хэрэглээгүй. Залуу, эрүүл чийрэг биетэй хүмүүс байсан тул 5 сарын сүүл гэхэд дархлаагаараа бүгдээрээ эдгээд хөлөг онгоцноос буусан. Энэ мэдээллийг хөлгийн ахмад зарлаж, үүний дараа бид буцаад хэвийн горимдоо орж, хамтдаа сууж хоолоо идэж, үзвэрээ үздэг болсон. Ямар ч эмчилгээ энэ хүмүүст хийгээгүй. Усан онгоц дээр би 3 сарын 14-ноос 7 сарын 13 хүртэл нийтдээ би 122 хоносон. Монгол хилээ хаасан байсан бөгөөд залуу, татлаа түтлээгүй хүн учраас намайг захиалгат нислэгт бүртгэж авахгүй байсан. 

Би Германы визтай байсан тул Голландаар дамжин Германд очиж өөрийгөө хоёр долоо хоног тусгаарласан. Тэр үед буюу 6 сарын 1-нээс эхлээд Европ гадаад иргэдийг авч эхэлсэн. Манай таньдаг хүмүүс энэ үеэр Грек, Франц руу аяллаар явж байсан. Нөхцөл байдал их аятайхан болчихсон байв. Хөлөг онгоц дээр байхдаа Монголоос дандаа сөрөг мэдээлэл аваад өөр ойлголттой байсан тул Европт очоод, Дубай руу ороод бужигнасан их хүн хараад үнэхээр гайхсан. Германд очиход ямар ч хүн намайг шалгаж байцаалгүй шууд оруулсан. Гэхдээ хөлөг онгоцноос гарах үед өөрийгөө болон өрөөлийг бодоод 14 хоног очсон газраа өөрийгөө тусгаарлаарай, энэ хооронд ямар нэг шинж тэмдэг илэрвэл энэ дугаар руу залгаарай гэсэн санамж бичиг өгсөн. Тэр дагуу нь Германд өөрийгөө тусгаарласан. Яг 14 дэх хоног дээрээ Монгол руу нисэх чартерт багтан ирж, карантинд орсон. 

Нийтдээ гурван улс дамжин 171 хоногт тасралтгүй би карантинд байсан.

Манай усан онгоц MSC Bellissima нэртэй Италийн хөлөг онгоц байсан. Энэ компани нийт 17 хөлөг онгоцтой бөгөөд 3 сарын 14-нд эдгээр онгоцууд дээр 19740 ажилчин үлдсэн байсан. Ганц сарын дотор 14 мянган ажилчнаа гэр руу явуулах ажлыг зохион байгуулж чадсан. Нэг хувийн компани пандемикийн үеэр 14 мянган хүнийхээ шинжилгээ, тээвэр, гэртээ очоод карантинд байх зочид буудлын бүх зардлыг нь даагаад гэрт нь хариулж чадсан. Энэ бүхнийг би нүдээрээ харсан болохоор Монголын нөхцөл байдлыг бодохоор гомдмоор байсан. Үнэхээр шинжлэх ухаанч биш хандлагатай байсан. Үүнд карантины хугацаа зэргийг онцолж хэлмээр байна.

-Чи өөрийгөө хэд хоногт эдгэрсэн гэж боддог вэ?

Миний санаж байгаагаар 10 хоног. Нэг өдөр талх үнэрлэх гээд үнэр мэдрэх чадваргүй болсноо гэнэт мэдэж гайхсан. Надад илэрсэн шинж тэмдэг бол амт, үнэр ялгахаа больсон. Анх эхлэхдээ хоолой сэрвэгнэж, ханиад хүрэх гэж байгаа мэт мэдрэмж авсан. Өөр зүйл байгаагүй. 

-171 хоног карантинд ганцаараа байх амар хэрэг биш. Энэ хугацааг яаж өнгөрөөж байсан бэ? Бид хатуу хөл хорионд ороод нэг хонож байна. Энэ хооронд бөөн юм болж байна. Бухимдаж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

-Хувийн зохион байгуулалт хамгийн чухал. Усан онгоц дээр тодорхой бус хугацаагаар өрөө карантинд ороод өөрийнхөө болон өрөөлийн төлөө дүрэм журмыг нь чанд сахисан. Энэ нөхцөлд би хүсээд хүсээд, яаж ч бухимдаж стрессдээд юу ч хийж чадахгүй. Би их тайван хүн. Тэр утгаараа энэ хугацаанд стресст орж, бухимдах шалтгаан надад гараагүй. Номоо уншиж, бэлтгэлээ хийдэг байсан. Энэ хугацаанд хэвтээд л байвал хүн хэвтээд л байна. Ингэх тусам бие нялхарч, хүн стрессддэг. Ийм учраас аль болох их ажил амжуулж хийхийг хичээсэн. 

Карантинд байхдаа хүүхдүүдэд зориулаад Монголдоо хандивын ажил хүртэл зохион байгуулсан. Нийт 10 гаруй сая төгрөгийн хандив босгож, хүнд нөхцөлд байхдаа 130 айлын хүүхдэд хүнсний бүтээгдэхүүн тараасан. 

-Карантинд олон хоног байж байгаад гарч ирэхээр соёлын шоконд орох юм уу? Ямар мэдрэмж авсан бэ?

-Гарч ирээд гайгүй байсан. Гэхдээ усан онгоц дээр олон хонохдоо сүүлийн өдрүүдэд оюун санааны хувьд үнэхээр сонин болсон. Өөр усан онгоц дээр карантилагдаж байсан Украин охин амиа хорлосон. Хүн жижиг өрөөнд байнга байхаар бие нь тэгтлээ ядрахгүй ч нойргүй болдог юм билээ. Карантин тавигдсны дараа ч гэсэн зомби шиг шөнө унтаж чадахаа больсон байсан. Нэг Хятад залуу лав галзуурах шахсан гэдэг яриа манай хөлөг онгоц дээр сонсогдож байсан. Хүний сэтгэлийн хатаас шалтгаалж байсан гэсэн үг. 

Карантинаас гарахад ямар гоё мэдрэмж төрсөн гээч. Гэхдээ тэр үед Арабд өдөртөө +40 хэм давж халж байсан тул гадаа гарахын аргагүй. Улмаар өрөө карантиндаа байгаагаасаа ялгаагүй болсон. Олон хоног ганцаараа карантинд байсан хүмүүс хорио тавигдсаны дараа ч гэсэн хоорондоо харьцах дургүй, зожиг болсон нь мэдрэгдэж байсан. Надад ч гэсэн аль болох хүнтэй уулзахгүй байх, өлсөж байсан ч хоолны дуршил төрөхгүй байх, шөнө нойргүй болох зүйлс тохиолдсон. Харин Германд очоод өөрийгөө тусгаарлахдаа угаасаа ганцаараа байсан тул хааяа гарч хүнсээ цуглуулна. Тэр үед гараад гудамжаар алхан, нар харж, салхи мэдрэн хүний эрх чөлөөг утгаар нь мэдэрсэн. Хүссэн газраараа алхаж, өөрийнхөө мөнгөөр дуртай зүйлээ худалдан авах үнэхээр гоё байсан. Карантинд олон хоног сонголтгүй байсан хүнд энэ асар сайхан мэдрэмж. 

Олон хоног карантины нэг хэвийн хоол идэж байгаад гарч ирээд Дубайн онгоцны буудал дээр бяслагтай бялуу идэж, кофе уугаад уйлах шахаж байв. 

Дараа нь Германд ирээд хүнд сонголт хийх боломж олгох, эрх чөлөөтэй байх гэдэг нь ямар эрхэм гэдгийг ойлгож, карантинаас гараад шоконд орохоос илүү амьдралыг илүү ихээр хайрладаг болсон. 

-Монголд яг хэзээ ирсэн юм бэ?

-7 сарын 27-нд ирээд зочид буудалд 21 хоног өрөөндөө ганцаараа тусгаарлагдсан. 

-Арабын Нэгдсэн Эмират Улс, Герман, Монголын карантинуудаар дамжжээ. Харьцуулаад харахад давуу, сул талууд нь юу байсан бэ?

-Монголын карантин яг шорон шиг байсан. Орчин гэхээс илүү харьцаа нь их муухай байсан. Нэгт, хоол их муутай. Хоёрт, хүмүүстэй яг шоронгийн хоригдол мэт харилцдаг байсан. Эргэлтээр хүнд хэрэгтэй зүйлсийг оруулахгүй атлаа чихэр, жимс, шоколад оруулдаг байв. Харьцаа муухай байсан. Үнэхээр таалагдаагүй. Тэр хүмүүс биднийг хүн биш вирус гэж хардаг байв. Би Монголд таван шинжилгээ өгөөд бүгд сөрөг гарсан. Нэг нь цусны эсрэг биетийн шинжилгээ, бусад нь хамарнаас дээж авдаг вирусын шинжилгээ. 

Онгоцноос буухаас авахуулаад л пасспорт, ачаа хурааж аваад, буудлын өмнө аваачаад гадаа хүлээлгэж их удаан зогсоосон. Энэ процессийн бүхэлд бид нартай яг л ялтан, гэмт хэрэгтэн шиг харьцаж байсан. Гадны улсуудад ийм зүйл огт байгаагүй. Тэнд хүний эрхэнд халдалгүйгээр 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаарай гэж зөвлөдөг. 

-Энд хөгжиж буй, хөгжилтэй улсуудын ёс зүй, ухамсар хариуцлага, соёл, хүмүүжлийн ялгаа гардаг байх л даа.

-Монголчууд бид тэгж ярьж өөрсдийгөө өмөөрдөг. Нэг халдвар тарвал дийлэхгүй ч гэдэг юм уу. Хүмүүст мөнгөө төлөөд тохитой, үйлчилгээ сайтай газар карантинд орох сонголт өгөх хэрэгтэй ядаж. Монголд 21 хоног карантинд байсан сүүлийн хоёр өдөр би юу ч идээгүй, кофе уусаар байгаад гарч ирсэн. Үнэхээр хоолыг нь идэж чадаагүй. 

-Анх халдвартай нь тогтоогдсон Франц хүн, саяны тээврийн жолоочийг нийгмээрээ ялгаварлан гадуурхах асуудал үүссэн. Ингэж ялгаварлан гадуурхаж, үзэн ядаад байгаа хүмүүст та юу гэж хэлмээр байна вэ? Энэ хүмүүст юуг ойлгуулмаар байна?

-Энэ бол ялгаварлан гадуурхаад байгаа тэдгээр хүмүүсийн буруу биш. Эдгээр хүмүүсийг цаанаас нь ингэж их айдаст хүчээр автуулж байгаа хүмүүсийн буруу. Үүнийг би бараг бодлогын чанартай гэж бодоод байна. Олон нийт хуйларч л байдаг. Харин үүнийг зөв зүг рүү чиглүүлэх ёстой. ЭМЯ жишээ нь коронвирус хэд хоногт эдгэрч байгаа, ямар эмчилгээ хийж байгаагаа ард иргэддээ ерөөсөө ярихгүй байгаа биз дээ? Энэ вирусаас болж амиа алдсан тохиолдолд одоогийн байдлаар Монголд гараагүй. Гэтэл энэ вирусыг тусвал гэдэг айдастай хүмүүс гадаадаас ирж байгаа хүмүүсийг зомби мэтээр хараад байна. Хүмүүс аминдаа хайртай. Тэдний буруу биш. 

Би энэ талын мэдлэг, мэдээллээ нэмэхийн тулд олон юм уншлаа. Вирус тодорхой циклтэй гарч ирдэг. Гахайн ханиуд, шувууны ханиад, H1N1 гэх мэт. Энэ дундаас хамгийн бага үхлийн хувьтай нь H1N1 байсан санаж байна. Тэр нь 0.07%. Коронагийн хувьд 2%. Харин гахай, шувууны ханиадуудын энэ хувь 6 бүр 10 давсан байсан. Энэ бүхнийг харьцуулаад харвал манайхан хийсвэрээр том айдаст автаад бие биенээ үзэн ядаад байгаа нь харагддаг. Ард иргэд угаасаа маш их стресстэй байгаа учраас ямар нэгэн зүйлд уур бухимдлаа гаргах хэрэгцээтэй байгаа шүү дээ яг үнэнийг хэлэхэд. Иймээс олон нийтийг шууд буруутгах аргагүй. Харин зөв мэдээллийг өгөх ёстой. 

ЭМЯ хангалттай мэдээлэл өгөхгүй байна. Вирус илрээгүй хүнийг 21 хоног хүчээр карантинд хийх нь хүний эрхийн зөрчил. Би бүр өөрийнхөө шинжилгээний хариуг арай гэж олж мэдэж авсан. Миний мэдээллийг яагаад надаас нуугаад байгааг ойлгоогүй. Энэ дахиад л хүний эрхийн асуудал. 

Нийт гарсан 400 гаруй кэйсээс хэдэн хүний бие нь хүнд, хэд нь амьсгалын аппаратанд байгааг бид одоо хүртэл мэдэхгүй л байна.

Ийм тодорхойгүй нөхцөлд хүмүүс айдаст автана шүү дээ. Олон хүн амиа алдаад байгаа Хятад, Европт настай хүмүүсийн хувийн жин их. Эдгээрийн дийлэнх нь ужиг, суурь өвчинтэй байх магадлалтай тул үхлийн хувь нь өндөр байгаа. Монголын хувьд залуусын хувь жин ихээс гадна үнэнийг хэлэхэд амьдралын нөхцлөөсөө болж “харх” шиг болчихсон хүмүүс шүү дээ. Тиймээс бусад орны статистиктэй өөрсдийгөө шууд харьцуулах шаардлагагүй гэж боддог. Хоёр хувийн үхлийн дундаж статистиктай энэ халдварын улмаас Монголд одоо хүртэл амь насаа алдсан золгүй тохиолдол гараагүй байна. Үүнийг бид эрүүлээр бодож, эерэгээр харах ёстой. Тэрнээс биш энэ вирусыг авсан л бол үхнэ, гадаадаас ирсэн хүмүүс халдвар тарааж биднийг алах гээд байна гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Би өөрөө таван настай охиноо хаяад хагас жил карантинд байсан. 

-Хатуу хөл хорио тогтоогоод нэг хонож байна. Нийгэм бараг л хоёр хуваагдсан байна. Таны байр суурь?

-Манай эрүүл мэндийн салбарын хүртээмж, бэлтгэл муу байгаа нь шууд харагдаж байна шүү дээ. Өчнөөн мөнгө гаднаас тусламжаар авсан атлаа юунд зарцуулсан нь ойлгомжгүй, харагдахгүй байна. Мэдээж үүсээд байгаа нөхцөлд хэсэг хугацаанд хатуу хөл хорио байлгүй яах вэ. Тандан судалгаагаа дуусгаж, эрсдлээ үнэлээд гайгүй бол хориогоо цуцлах хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засаг элгээрээ мөлхөж байна шүү дээ. Харин энэ чигээр нь хатуу хөл хориог удаан хугацаанд үргэлжлүүлээд байх вий дээ л гэж санаа зовж байна. 

-Хүмүүс айдастай байна. Коронавирус туссан хүнд өгөх таны зөвлөгөө юу байх вэ?

-Коронавирус бол ханиадны вирус. Гахай, шувууны ханиад, H1N1, Испани ханиадтай адил. Испани ханиадтай харьцуулбал үхлийн хувь бага, тэр тусмаа залуу хүмүүсийн хувьд харьцангуй аюул багатай. Иймээс бидэнд айдас хэрэггүй. Энэ вирусыг тусвал ханиад хүрч буй мэт мэдрэмжийг та мэдрэнэ. Харин дархлаагаа сайн дэмжих ёстой. Манай гадаад найз охин усан онгоц дээр шинжилгээ нь эерэг гарсан ч сарын турш бараг шахуу хамт байсан найз залуу нь сөрөг гарсан. Дархлаа сайтай бол тусахгүй байх боломжтой нь эндээс харагдсан. Надтай байнга цуг байсан Монгол охины шинжилгээний хариу бас сөрөг буюу зүгээр гарсан. Би тэр үед нь халдвар авсан байсан. Хүний дархлаанаас хамаарч байна гэсэн үг. Вирус олон нийтэд тарвал хэцүү зүйл нь хөгшин настай, ужиг өвчтэй хүмүүст хүнд тусна.

-Өөрт чинь эсрэг биет үүссэн юм байна. Дахиж энэ вирусаар халдварлагдах эрсдэл байх уу?

Ахиж тусах магадлалтай гэсэн. Гэхдээ ахиж би туссан ч хүнд тараахгүй. Учир нь надад үүссэн эсрэг биеттэй холбоотой юм билээ. 

Монголчууд бид цөөхүүлээ атлаа бие биенээ хайрлаж чаддаггүй. Худал мэдээлэлд хошуурч автахаа байж, хар, сөрөг байхаа л больмоор байна.

Хөлөг онгоц дээр коронавирус авснаа мэдрээд 4 сарын 1-нд би жиргээн дээр үүнийгээ бичсэн юм. Гэхдээ үүнийгээ бид Монголд ирээд баталгаажуулсан. Гэтэл хүмүүс маш эмзэг хүлээн авч, надтай яг үхэх гэж байгаа хүн шиг харьцаж, бүр ад үзсэн. Сүүлдээ би болохгүй зүйл бичсэнээ ойлгоод, аргаа бараад 4 сарын 1-ний наргиа болгосон. Яг үнэндээ би бодит байдлаа жиргэсэн байсан шүү. 

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.81)
    Ерөөлөөр болог Монголчууд минь эрүүл энх байг
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
  • Монгол (203.91.115.51)
    Юу хуцаад байгаам эх орон чинь халдвар авсан эсэхийг шалгах гэж тусгааралсан бна эх орноо муулаад байхаар тэр гоё улс орон луугаа зайлаач
    2020 оны 11 сарын 17 | Хариулах
  • From Swiss (178.192.47.9)
    Yag unen zuv medeelel, bodit zuil yarisan bnaa ene ohin. Bid bugdeere eruul enh, ene heseg hugatsaani haldvariig davan tuulaasai gej husen eruue!
    2020 оны 11 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 2 цаг 14 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 3 цаг 48 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 4 цаг 13 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 4 цаг 31 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 4 цаг 48 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 5 цаг 7 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 17 цаг 31 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 17 цаг 41 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 18 цаг 44 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 19 цаг 1 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 19 цаг 1 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 19 цаг 9 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 19 цаг 21 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 19 цаг 35 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 19 цаг 38 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 19 цаг 51 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 19 цаг 55 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 20 цаг 8 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 20 цаг 44 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 22 цаг 58 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр...
Top