x

Олборлох салбарын төрийн ба орон нутгийн өмчит компаниуд: Хэн нь хэн бэ?

Уул уурхай тойрсон олон жилийн маргаан тэмцлийн дараа харахад Монгол Улс ашигт малтмалын том ордуудаа стратегийн хэмээн зарлах замаар аль болох төрийн мэдэлд байлгах, гадны хөрөнгө оруулагчидтай хамтарлаа ч ахиухан хувь эзэмших нь өнөөдөр төрийн албан ёсны бодлого төдийгүй дагаж мөрдөх хууль болжээ. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчийн ийм компаниуд дээр шинийг нэмж байгуулсаар байна. Улс төрчид тэдгээр компанийг даргалах, томилох, улмаар ашиг орлогыг нь хуваарилж түгээх үндсэн ажилтай боллоо. Мөнгөний бэлэн уурхайтай эрх баригчид Улсын Их Хурлын сүүлийн гурван удаагийн сонгууль бүрийн өмнө ээлжлэн хувь, хишиг тараав. Ард иргэд үүнд дасч, сонгууль дөхөхөөр хүлээдэг болсон байна.

Уг нь төрийн мэдлийн аливаа компани, түүний эзэмшдэг орд газрууд бол тэртээ тэргүй Монгол улсын бүх иргэдийн өмч. Гэтэл Эрдэнэс–Таван толгойн хувьцааны нэгээхэн хэсгийг нийт иргэдэд дахин хуваан эзэмшүүлсэн нь хамгийн багаар бодоход давхардсан хэрэг юм. Гэтэл 2011-2012 онуудад нийт хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн тус бүрт 1072 хувьцаагаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх, мөн 10 хүртэлх хувийг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдахаар шийдвэрлэсэн билээ. Үүний цорын ганц зорилго бол тухайн мөчид эрх барьсан нам, улс төрчид “би, бид өгсөн, яг төдийг өгсөн” гэж тоо харуулаад сонгуулийн саналын хуудсан дээрх нэрээ дугуйлуулах явдал байв. Үүнээс хойш тохиосон хоёр удаагийн сонгуулийн өмнөхөн ногдол ашиг биш ч тэр хувьцааг зааж байгаад өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө олгох, “Сайн хувьцаа” хөтөлбөр, оюутны сургалтын төлбөр гэх зэргээр яаж ийгээд амсуулжээ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс-Таван толгой ХК-ийн хувьцааны 85 хувийг төр (үүнээс 20 хувийг Засгийн газар гадаадын хөрөнгийн биржэд арилжаалах зорилгоор тусгаарласан гэж ойлгогддог) эзэмшиж, 14.5 хувь нь Монгол улсын 2.5 сая иргэний, бас 0.5 хувь аж ахуйн нэгжүүдийн нэр дээр байгаа ажээ.

Төрийн өмчийн хувьцааг давхар эзэмшүүлэх, хөрөнгө оруулаагүй хүмүүст ногдол ашиг тараах, тэтгэврийн зээл тэглэх зэрэг шийдвэрүүд бодлогын хувьд маш буруу гэдгийг ямар ч эдийн засагч хэлдэг. Хэрвээ Халтмаагийн Баттулга 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд иргэдийн зээлийг тэглэнэ гэж дуугараагүй бол ийм юм болохгүй байсан. Ердөө л нэг хүний амбиц, хувийн ашиг сонирхол энэ бүхний эхлэлийг тавьжээ. Яг үнэндээ Таван толгойгоос ногдол ашиг тараах байтугай ерөөсөө хүн бүрт 1072 хувьцаа олгохыг иргэд, олон нийтийн зүгээс учир зүггүй шаардсан явдалгүй. Улс төрчид сонгуулийн өмнө иймэрхүү санаа гаргаад уралддаг, өрсөлдөгчид нь хоцрохгүй гээд дагаж давхидаг, ингээд бүх нийтээрээ ингэж болдог, одоо бүр тэгэх ёстой юм шиг хүлээн зөвшөөрчээ. Энэ бол улс төрчдийн холион бантан, харин гай буюу тэдний аз таарч тэд мөнгөний уурхайтай болчихсон байлаа.

Хоёр.

Төрийн өмчийн, тэр тусмаа олборлох салбарын компанийн эцсийн өмчлөгчид нь Монгол Улсын нийт иргэд. Энэ утгаараа бүгд тэгш эрхтэй. Гэхдээ илүү тэгш эрхтэй хэсэг хүмүүс байна. Тэд бол тухайн компанийн удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд юм. Бас ажиллагсдыг хэлж болно.

Саяхан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтан, ажилчин бүрт 2019 оны үр дүнгийн урамшуулалд компанийн дундаж цалин болох 2 490 000 төгрөгөөр тооцож  дөрвөн сарын буюу 9 960 000 төгрөгийн урамшууллыг олгосон байна. Бас бүгдэд 13 дахь сарын цалин болгож нэг сарын үндсэн цалинг дансанд нь шилжүүлэн хачирлажээ. Мөн 21 удирдах албан албан тушаалтан, долоон захирал (гүйцэтгэх захирал, тэргүүн дэд ба таван дэд захирал) бүрт илүү урамшуулал олгосон сураг дуулдсан ч худлаа бололтой.

2019 онд “Эрдэнэс-Таван толгой” өндөр ашигтай ажилласан нь компанийн удирдлага болон ажиллагсдын хичээл зүтгэлээс илүүтэйгээр зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байсны үр дүн гэж өөрсдөө ч хэлдэг. Компанид ажиллаж буйн хувьд хөлс хөдөлмөрөө үнэлүүлж цалин хөлс, бас шагнал урамшуулал авах нь зүйн хэрэг боловч дээрх тоонуудыг харахад, арай хэтрээд байна уу гэж асуухад хүрнэ. Энд ямар нэгэн хэм хэмжээ тогтоосон дүрэм журам байдаг уу? Эсвэл Төлөөлөн удирдах зөвлөл өгөөмөр загнаад шийдвэрлэсэн үү?  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн өөрсдийнх нь урамшууллын талаар мэдээлэл алга. Хоосон хоцроогүй болов уу? 

Гурав.

Төрийн өмчийн компанийн төлөөлөн удирдах зөвлөл гэж нэрс нь дуулдахаас цаашгүй хагас хаалттай хэсэг хүмүүс үеийн үед байсан, одоо ч байна. Тэд ихэнхдээ төрийн төлөөлөл учраас яам, тамгын газрын дарга, удирдах албан тушаалтнууд байж ээлжлэн томилогддог. Үүнийгээ зарлах дургүй бөгөөд өөрсдийгөө танилцуулж сурталчлахдаа бараг дурддаггүй. Бас багагүй урамшуулал авдаг дуулддаг ч тоо хэмжээ нь маш нууц.

2016 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн ОХУ-ын талд байсан 49 хувийг манай Худалдаа, хөгжлийн банк ямар нэгэн аргаар худалдаж авсныг 2017 онд төрийн мэдэлд хураан авсан билээ. Үүний дараа тус банкны төлөөлөл Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар гурвыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргаж орны хүмүүсийг томилсноор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваадорж, ТӨБЗГ-ийн дэд дарга А.Дагвадорж гэсэн бүрэлдэхүүнтэй болжээ. Энэ бол 2018 оны мэдээлэл. Харин одоо “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэр байтугай бүтэц, бүрэлдэхүүний мэдээлэл хаана ч алга.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын албан ёсны сайтын “ТУЗ-ийн гишүүд- удирдлага” гэсэн цэсний цаана хов хоосон. Өөр эх сурвалжийн мэдээллээр 2018 онд ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн В. Дарханбаатар, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжав, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал (ТУЗ-ийн дарга), Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, ТӨБЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтуул, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга З.Энхболд нарын гишүүнтэй байжээ. Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат ядахдаа мэндчилгээ дэвшүүлээгүй ч нэгэн мэдээнд нэр, зураг хоёр гарч ирсэн нь сайн хэрэг.

Аливаа төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус гишүүд байх ёстой гэж ойлгогддог ч дээрх хоёр компанид алга.

Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ын удирдлагын нэрсийг компанийн сайтад жагсаажээ. 2020 оны 2-р сарын байдлаар Засгийн газрын ХЭГ-ийн тэргүүн дэд дарга Б.Ганбат (ТУЗ-ийн дарга) Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун, СЯ-ны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, Засгийн газрын ХЭГ-ийн Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр, тус компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар төрийг төлөөлдөг ажээ. Харин хараат бус гурван гишүүний нэр бичигдсэн байгаа нь Д.Энхжаргал, Б.Амарсанаа, Д.Нацагдорж нар юм. Даанч ТУЗ-ийн даргын намтар цээж зурагтайгаа тавигдсан хэрнээ бусад гишүүдийн ажил албан тушаалаас өөр мэдээлэл байхгүй, хараат бус гурван гишүүний үндсэн ажил, албыг ч бичилгүй “мартжээ”.

Тэгвэл “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нэр, ажил, албан тушаал, ТУЗ дахь чиг үүргийг сайтдаа оруулсан байна. Төрийн төлөөлөл нь Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан (ТУЗ-ийн дарга), УУХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баяраа, Засгийн газрын ХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, С.Наранцогт, Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нар юм.

Хараат бус дөрвөн гишүүн нь Монголын Хуульчдын Холбооны тамгын газрын дарга Ц.Ганболд, МоЭнКо ХХК-ийн төслийн инженер П.Өлзийнаран, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн Р.Бурмаа, “Дорнод газар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Болор-Эрдэнэ нар юм. Энэ хүмүүсийн гэрэл зураг, бас намтар алга. Лав гурав нь гарцаагүй улс төрийн зөвшилцлөөр томилогджээ. УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг бүгд мэднэ. П.Өлзийнарангийн тухайд МАН-ын гишүүдийн Цэгцрэх хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, бас МоЭнКо компанний төслийн менежерээр ажилладаг гэнэ. Сонирхлын зөрчилтэй гэсэн үг үү? Харин Х.Болор-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү бөгөөд хэд хэдэн бизнес эрхэлдэг Дорнод аймгаас ирж хуралдаа оролцдог бололтой. Үүнээс гадна дэргэдээ өөр хаана ч байхгүй олон нийтийн зөвлөлтэй. Гишүүд нь Н.Онон, Э.Бадар-Ууган, Г.Ундрал, Г.Золжаргал, Ч.Лодойравсал, Н.Соронзонболд, М.Батбилэг, Р.Сэргэлэн, Д.Билгүүн, Ц.Ширэндэв, Б.Зандраа, Ү.Хүрэлбаатар гээд урлаг соёл, спорт, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн зүтгэлтнүүд. Тэд хоёр жилийн өмнө бөөн шалгаруулалт болж сүр дуулиантай сонгогдсоноос хойш сураг тасарчээ. Харин цалин урамшуулал авдаггүй гэж дуулдсан.

Багануур ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Эрдэнэс Монгол ХХК-ийн захиргаа хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар (ТУЗ-ийн дарга), УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, СЯ-ны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Г.Золбоо, Эрдэнэс Монгол ХХК-ийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Санхүү хариуцсан дэд захирал Г.Ганболд, Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал Ц.Батсайхан  нараас гадна Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав , Ц.Сүхбаатар (бизнес эрхлэгч), Ургах наран ТББ-ийн тэргүүн Х.Гэрэлт-Од, Монгол эрмэлзэл ТББ-ийн тэргүүн Б.Очбадрах нарын хараат бус дөрвөн гишүүн ордгийг компанийн албан ёсны сайтад жагсаажээ. Гэхдээ Б.Осоргаравыг эс тооцвол хараат бус гишүүдийн тухай тодорхой мэдээлэл олдсонгүй.

Шивээ овоо ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн талаархи мэдээлэл олдохгүй, албан ёсны сайт нь ажиллахгүй байна. Зөвхөн ОҮИТБС-ийн 2018 оны тайланд Эрдэнэс Монгол ХХК-ийн стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал асан О.Одбаяр, Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга асанЛ.Болдхүү, Засгийн газрын ХЭГ-ийн зохион байгуулалтын газрын дарга Д.Ганболд, СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, УУХҮЯ-ны Эдийн засаг, хөрөнгө оруулалтын судалгааны хэлтсийн дарга Д.Дамба нар төрийг, бусад хувьцаа эзэмшигчдийг БиДиСек ҮЦК ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн  төлөөлж, харин өмгөөлөгч Г.Атармаа, өндөр настны тэтгэвэрт суугаа дулааны инженер мэргэжилтэй Л.Цэцгээ, Монгол Ураниум Ресурс ХХК-ийн дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий менежер Ц.Амартүвшин гурав хараат бус гурван гишүүн гэжээ. Энэ бол 2019 оноос өмнөх мэдээлэл. Түүнээс хойш ямар өөрчлөлт гарсныг мэдэхгүй.

Дээр дурдсанаас гадна төрийн өмчит ба төрийн өмчийн оролцоотой бусад том жижиг олон компани, төрийн өмчит үйлдвэрийн газар бий. Гэтэл тэдгээрийн төлөөлөн удирдах зөвлөлийн тухай бүрэн дүүрэн мэдээлэл хаана ч алга. Ялангуяа шинэ томилгоо, чөлөөлөлтийг огт мэдээлдэггүй. Төрийн өмчийн бодлого, төлөвлөлтийн газар ч Төлөөлөн удирдах зөвлөлүүдийг огт танилцуулдаггүй, ил тод болгохгүй байна. Тэр тусмаа бөөн сонгон шалгаруулалтыг давж төлөөлөн удирдах зөвлөлд олон нийтийн өмнөөс орж суусан хараат бус гишүүд бүр сураггүй байна.

Дөрөв.

Баялгийн эзэддээ хамгийн ойр бөгөөд нэг хэсэг нь тусгайлан эзэмшдэг уул уурхайн компанийн сонгодог жишээ бол Тавантолгой ХК юм. Бүр социализмын үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт нүүрсний жижигхэн уурхай ажиллаж эхэлсэн нь Тавантолгойн асар том орд газрын бараг голд нь байж таарсан. 1990-ээд онд түүнийг хувьчилж 51 хувийг Өмнөговь аймгийн өмчид өгч, үлдсэнийг тус аймгийн иргэдэд тараажээ. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрөхөд өнөөдөр орон нутгийн өмчийн хувь хэмжээ хэвээрээ, харин 49 хувь нь ихээхэн төвлөрч 2019 оны байдлаар Ажнай корпораци ХХК 19,69 хувь, Шандас импекс ХХК 16,71 хувийг тус тус эзэмшдэг болжээ. Үлдсэн 12 орчим хувь нь эсрэгээрээ тарж дэлхийн 23 орны 2000 орчим хувь хүн, хуулийн этгээдийн эзэмшилд очсон байна.

Одоо цэгцтэй тайлагнасан тоо байхгүй ч зарим жил 4 сая хүртэл тонн нүүрс олборлож, жилдээ зуу гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг, үүнээс хэдэн арван тэрбумын цэвэр ашиг олдог тус компаниас чухам хэн хичнээн ашиг хүртэж байгаа нь эзэмшлийн хувь хэмжээнээс хамаарах нь мэдээж. Ногдол ашгийн 51 хувь нь Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний төлөөлдөг 65 мянган иргэнд аймгийн төсвөөр дамжиж очно. Үүнээс гадна үе үе янз бүрийн хувь хишиг хүртээдэг. Тухайлбал, арваад жилийн өмнө аймгийнхаа иргэн бүрт 500 мянган төгрөгийг “Нутгийн хишиг” нэрээр тараасан удаатай. Ноднин гэхэд өрх бүрт 3 тонн нүүрс үнэгүй өгчээ.

Ажнай корпораци ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ 100 хувь эзэмшдэг бол Шандас импекс ХХК-ийн лав 75 хувиас дээш хувь нь манай сэтгүүлчдийн эрэн сурвалжилж тогтоосноор С.Мөнхжаргалынх юм. Тэднийг нутгийн иргэдийн хувьцааг зөв буруу аргаар цуглуулсан гэж шүүмжилдэг ч өнөөдөр хувь хүнээрээ бол хоёр том ногдол ашиг хүртэгчид хэвээр байна. Хамгийн гол нь тэд тухайн жил хэр ногдол ашиг хуваарилах болон бусад шийдвэрт шууд нөлөөлч чаддаг хүмүүс юм.

Учир нь Өмнөговь аймагт орон нутгийн сонгуулиар аль нам Иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхи болсноос Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн хамаарч иржээ. Хоёр жишээ авья.

2008 онд Ардчилсан нам орон нутгийн сонгуульд ялалт байгуулсны дараах Засаг даргын орон тооны бус зөвлөх Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын төлөөлөгч А.Идэрцог, ИТХ-ын төлөөлөгч А.Жаргалсайхан, Цогтцэций сумын Засаг дарга Г.Цог-Өрнөх, ИТХ-ын төлөөлөгч С.Сумъяа, Ажнай корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Тавантолгой транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, Ээрмэл ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал, Ээрмэл ХК-ийн ажлын албаны дарга О.Оюунбат нарын есөн хун ТУЗ-ийн бүрэлдэхүүнд оржээ. Тэднийг ажил, албан тушаал, намтраар нь хөөж үзвэл, долоо нь хувьцааны цөөнх буюу 49 хувийг эзэмшигчдийн төлөөлөл, эсвэл хамааралтай хүмүүс байжээ. Хамгийн сонирхолтой нь Ажнайн гэгдэх Д.Бат-Эрдэнэ цөөнх хувьцааг эзэмшдэг хэрнээ Засаг даргын зөвлөх нэрээр Өмнөговь аймгийн 51 хувийг давхар төлөөлөн ТУЗ-д ороод зогсохгүй даргаар сонгогдсон түүх үлджээ.

Тэгвэл 2016 онд байгуулагдсан Тавантолгой ХК-ийн ТУЗ нь хувьцааны эзэмшлийн хувь хэмжээнд үндсэндээ тохирсон харьцаатай болжээ. Аймгийн засаг даргын орлогч С.Мөнхбаяр (ТУЗ-ийн дарга), ИТХ-ын төлөөлөгч, Даланзадгад сумын Засаг дарга Т.Алтансүх, ИТХ-ын төлөөлөгч, Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар, ИТХ-ын төлөөлөгч Д.Батзориг, ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат нар сонгуульд ялсан МАН-ын төлөөлөл бол Ажнай корпораци ба Шандас импекс тус бүр хоёр төлөөллөө оруулсан юм. Гэхдээ нэг асуудал дээр тэд олонхи цөөнх, намын харъяалал энэ тэрийг огоорон бусдаас “илүү тэгш эрх”-тэйгээр өөрсөддөө хувь хүртээж байгааг 2017 оны үр дүнгийн урамшууллаар ТУЗ-ийн есөн гишүүн тус бүр 125 сая төгрөг буюу нийт 1,125 тэрбум төгрөг авсан хэрнээ уурхайн 117 ажилчин тус бүрт 2,1 сая, нийлээд 250 сая төгрөг олгосон тухай дуулиан харуулж байна.

Тав.

Чухам ийм учраас халаасандаа уул уурхай хэмээх мөнгөний уурхайтай байх хүсэл орон нутгийн эрх баригчдад халдварласан бололтой. Цаагуураа ямар яриа хөөрөө явсныг бүү мэд, 2017 оны эхээр Уул уурхайн сайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” хэмээн нэмсэн билээ.

Ингээд аймгууд уул уурхайн компанитай болох давалгаа эхлэв. Хэд хэдэн аймаг орон нутгийн өмчтэй компанийг яаралтай байгуулж дээрхи журмын дагуу хязгаарлагдмал буюу хаалттай шахам тендерээр эхний ээлжинд арав шахам талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авч амжсан. Урьд нь аймаг, сумдын удирдлага дэл сул газар нутгаа компаниудаас харамлаж тусгай хамгаалалтад авсан байсан бол энэ удаад шуурхай чөлөөлсөн байна. Орон нутгийн өмчийн компани байх учраас иргэд нь талархан дэмжсэн гэж бодмоор. Гэвч тэгсэнгүй. Аймаг, сумын удирдлага төсөв мөнгийг хэрхэн захиран зарцуулдгийг мэдэх учраас, бас байгаль орчин, нутаг бэлчээрээ авч үлдэх гэсэн үүднээс малчид, тэднийг дэмжсэн төрийн бус байгууллагууд заргалдаж байж дээрх журмыг цуцлуулж, дөнгөж эхэлсэн тэр давалгааг зогсоов. Гэвч нэгэн байгуулсан компани, нэгэнт олгосон тусгай зөвшөөрлүүд хэвээр үлджээ.

Орон нутгийн нэрээр гарч ирсэн эдгээр компани бүгд ямар нэгэн хэлбэрээр бусадтай хамтарсан, өөрөөр хэлбэл цаана нь хувийн компаниуд байж таарав.

Сэлэнгэ байгалийн нөөц ХХК нэрнээсээ хаанахын гэдэг нь танигдана. Аймгийнхаа Баянгол сумын нутаг дахь Чулуут хэмээх газрын алтны ордод хайгуулын тусгай зөвшөөрөл авсныгаа одоо ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ. Бас Орхон сумын нутагт авсан хайгуулын тусгай зөвшөөрөл нь ээлжээ хүлээн нам гүм байна. Тус компани 2017 онд яг ямар эзэмшилтэйгээр байгуулагдсан нь тодорхойгүй (хуулийн этгээдийн улсын бүртгэлд түүх үлддэггүй), харин 2019 оны 6-р сард шинэчилсэн бүртгэснээр Сэлэнгэ баялаг ирээдүй ХХК, Баянгол хөгжлийн гүүр ХХК, Сэргээгдэх байгалийн нөөц ХХК, бас иргэн Батбаярын Чөдөр-Эрдэнэ гэсэн дөрвөн хувьцаа эзэмшигчтэй болжээ. Жинхэнэ эзэн нь байх учиртай Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Сэлэнгэ баялаг ирээдүй ХХК-ийн цаанас гарч ирлээ. Тэгвэл Баянгол хөгжлийн гүүр ХХК-ийн цаана тус аймгийн Баянгол сумын ИТХ байна. Газар нутгаасаа өгсөн учраас хувь орсон хэрэг. Сэргээгдэх байгалийн нөөц ХХК хэмээсэн эко нэртэй компанийн цаана Чойдоржийн Энхбаатар байна. Харин Чөдөр-Эрдэнэ хувь хүнийхээ хувьд аймагтайгаа түншилсэн нь сонин.  

Аймаг төдийгүй сум өөрөө уул уурхайн бизнес эрхлэхийг хүссэн байна. Баянгол сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тусдаа компани байгуулж дээрх журмын дагуу өөрийн нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нь “Баян хишиг хараа” ХХК юм. Гэхдээ дангаараа биш, Кристал Топ Майн Групп ХХК хэмээх хувийн компанитай хамтарчээ.

Орон нутаг компанитай болох нэг хэрэг. Түүнийгээ офшор маягийн үл танигдах нэр, эзэмшлийн бүтэцтэйгээр байгуулсан нь анхаарал татлаа. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Степ Вест ХХК-тай хамтран “Корунд гео” ХХК-ийг байгуулж Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй эзэмшиж байна. Харин Степ Вест ХХК-ийн эзэмшигчээр Канадад бүртгэлтэй Steppe Gold Limited гэж бичигдсэн байна. Баянхонгор-Канадын уул уурхайн түншлэл содон харагдана. Нутгийн юм олдоогүй юм болов уу?

Дорноговь аймгийн уул уурхайн компанийн нэр дутахааргүй нууцлаг– Аттика констракшн ХХК. Хувьцаа эзэмшигчид нь Дагвын Буянбадрах гэдэг хувь хүн, аймгийн өмчтэй Дорноговь байгалийн баялаг ОНӨААТҮ хоёр юм. Эзэмшигч нь Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Тэгснээ Хатанбулаг сумын нутаг дахь Эргэл-Халивийн өргөтгөл хэмээх газарт авсан хайгуулын тусгай зөвшөөрлөө Вольф ресурс ХХК нэртэй компанид шилжүүлж, тэр нь өнөөдөр дэвшээд ашиглалтын болсон байна. Харин Вольф ресурс ХХК-ийн цаана хэн байгааг үзвэл ард нь Дорноговь байгалийн баялаг ХХК, гэхдээ дангаараа биш Хишигдоржийн Батхишиг, Чулуунбаатарын Болдсүх гэсэн хоёр хүн гарч ирлээ. Тэд дахиад нэг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Тал талаасаа эрх мэдэл, тусгай зөвшөөрөл, хөрөнгө мөнгөөрөө нийлсэн бололтой.

Дорноговийн өмчтэй дараачийн нөхөрсөг компани бол Фрэндли майнинг консалтинг ХХК. Алтанширээ, Дэлгэрэх сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. Хувьцаа эзэмшигчид нь Дорноговь Байгалийн Баялаг ОНӨААТҮГ өөрөө, бас иргэн Гомбын Батмөнх.

Төв аймгийн өмчтэй Эрдэнэсийн эрэг ХХК сүүлийн 2-3 жилийн турш ихээхэн шуугиулсан байгаа. Заамар сумын нутагт хоёр газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсны нэгийг нутгийн малчид эсэргүүцэж тэмцээд хураалгасан ч нөгөө нь үлдсэн.  Хувьцаа эзэмшигчид: Төв Эрдэнэс ОНӨААТҮГ (Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал) – 34 %, Голд харбор ХХК- 64 % юм. Энэ бол орон нутгийн эзэмшлийн хувь хэмжээ тодорхой болсон цорын ганц тохиолдол. Бусад компаниудад тухайн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хичнээн хувьтайг огт зарлаагүй. Эрдэнэсийн эрэг ХХК-ийн жишээнээс харахад орон нутгийн эзэмшил гуравны нэг, энэ утгаараа ашиг хүртэгч жинхэнэ эзэд нь аймгийн иргэдээс илүүтэйгээр хувийн компани юм. Орон нутгийн нэрийг ашиглаж тусгай зөвшөөрөл аваад орон нутагт багахан хувийг үлдээсэн гэж ойлгогдож байна. 

Ер нь орон нутаг өмчөө мэдээд тусгай зөвшөөрлөө бүрэн эзэмшээд оператор компани хөлслөөд хайгуул, олборлолт явуулахад хөрөнгө санхүүжилт хэрэгтэй, гагцхүү тэр нь орон нутагт байхгүй учраас хувийн компанитай, бүр хувь хүмүүстэй хамтрахаас өөр аргагүйд хүрдэг гэж ойлгож болох юм. Гэхдээ орон нутаг төрийг дууриаж уул уурхайд хувь эзэмших ёстой юу, ерөөсөө ийм компани байгуулах нь зөв үү, аймаг, сум бүр баялгаа өмчилж "тусгаар тогтноод" эхэлбэл юу болох вэ?

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХӨЛ ХОРИОНЫ хугацааг долдугаар сарын 31-нийг дуустал СУНГАВ 19 цаг 1 минутын өмнө Тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэд татан авалтыг эрчимжүүлнэ гэв 19 цаг 7 минутын өмнө Л.Баярсайхан: Аав, ээж нь хүүгээ алдсан, дээрээс нь эмнэлгийн төлбөрт унаж, хүнд байдалд орчихоод байна 19 цаг 17 минутын өмнө ОХУ-ын Холбооны Хурал "Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ"-г баталжээ 19 цаг 26 минутын өмнө 1990-ээд оны хамгийн шилдэг киногоор Форест гампыг нэрлэжээ 19 цаг 32 минутын өмнө Гадаадад байгаа монголчууд онгоц хөлслөөд ирэх нь ИЛҮҮ ХЯМД 19 цаг 48 минутын өмнө Г.Занданшатар: Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд минь дэлгэр сайхан наадаарай 22 цаг 27 минутын өмнө Байнгын хороодын дарга нарыг сонгов 22 цаг 33 минутын өмнө Баярын амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгүүд 24 цагаар ажиллана 22 цаг 39 минутын өмнө Орон нутгийн замд автомашин онхолдож 7 хүн амиа алджээ 22 цаг 46 минутын өмнө Онгоцонд мэндэлсэн ХОЁР ИХЭР охины биеийн байдал сайн байна 23 цаг 16 минутын өмнө Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа  23 цаг 36 минутын өмнө Истанбул-УБ чиглэлийн тусгай онгоцонд нэгэн эх амаржиж ИХЭР ОХИНТОЙ болжээ Уржигдар 21 цаг 13 минутад Д.Одбаясах: 20 жил дэлхийн алдартай 100 тайзан дээр тоглож байж авсан миний шагнал Соёлын тэргүүний ажилтан... Уржигдар 17 цаг 44 минутад "Үндэсний их баяр наадмаар Төрийн шагнал олгохгүй" Уржигдар 17 цаг 35 минутад БНСУ-д нутаг нэгт дөрвөн залууд зодуулсан монгол залуу нас баржээ Уржигдар 17 цаг 23 минутад Алт цэвэршүүлэх нэрээр мөнгө угаах төслийг ҮАБЗ мэдсэн үү? Уржигдар 16 цаг 46 минутад Н.Номтойбаярыг ял авахад “ТОПОР” ахтайгаа муудалцсан нь нөлөөлсөн болов уу? Уржигдар 16 цаг 35 минутад Заавал нэг хулгайчтай байж засаг барьсан болдог Уржигдар 16 цаг 27 минутад Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сум чиглэлийн зам эвдэрч, усанд автжээ Уржигдар 16 цаг 03 минутад
iИх уншсан
Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл Заавал нэг хулгайчтай байж засаг барьсан болдог Ц.Баттуяа: Нас барсан хүнээр санал өгүүлсэн Сонгуулийн хороо... Эрх баригч нам томилгоондоо оруулж ирвэл төрд хэрэгтэй зайра... Хэлсэн үг хийсэн ажил нь зөрдөг МАН Н.Номтойбаярыг ял авахад “ТОПОР” ахтайгаа муудалцсан нь нөлө... Монгол улс ажиглагчаас ахиж, ШХАБ-д жинхлэх цаг болсон уу? Алт цэвэршүүлэх нэрээр мөнгө угаах төслийг ҮАБЗ мэдсэн үү? Л.Баярсайхан: Аав, ээж нь хүүгээ алдсан, дээрээс нь эмнэлгий... Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол Гадаадад байгаа монголчууд онгоц хөлслөөд ирэх нь ИЛҮҮ ХЯМД БНСУ-д нутаг нэгт дөрвөн залууд зодуулсан монгол залуу нас б... С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нар батлан даалтаар гар... У.Хүрэлсүх: Би үхэхээс бусдыг үзсэн парламентын гишүүн. Би э... Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ял оноолоо Д.Сарангэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Х.Нямбаата... УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ... Ялагдлаас өндийж, улс төрийн хүчирхэг институцийн хувьд эргэ... Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Засгийн газрын ийм хувилбаруу... С.Эрдэнэ Ц.Туваанд АН-ын тамгыг хоёр удаа шилжүүллээ 
Top