x

Р.Эрдэнэбүрэн: Бүх сумд ингэж шинэчлэгдвэл хот руу чиглэсэн их нүүдэл зогсоно

Дундговь аймгийн Гурвансайхан сумын 100 малчин УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг дэмжиж, тус бүр нэг сая төгрөг тус намд хандивлажээ. Энэ мөнгөөр Р.Эрдэнэбүрэн АН-аас сонгуульд нэр дэвших дэнчингийн мөнгөө төлсөн байна. Р.Эрдэнэбүрэн нь Дундговь аймгийн Гурвансайхан суманд иргэдийн оролцоотой шинэчлэлийг зохион байгуулсан юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Гурвансайханы 100 малчин Р.Эрдэнэбүрэнг сонгуульд нэр дэвшихийг дэмжиж, дэнчингийн 100 сая төгрөгийг төлсөн гэсэн мэдээлэл цацагдсан. Олон хүн үнэн юм уу гэж гайхаж зарим нь ч хардаж байна лээ. Яг юу болсон юм бэ?

-Үүнийг яривал урт түүх. Улстөрчид мөнгө тарааж байснаас биш иргэд улстөрчид мөнгө өгч байгаагүй учраас зарим хүн хүлээж авахад хэцүү байж магадгүй. Гэсэн ч энэ бүхэн хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх ёстой. Гэхдээ энэ өөрчлөлтийг эхлүүлж байгаа хүн элдэв эргэлзээг туулах байх.

Япон, барууны орнуудад сонгогчдын хандиваар санхүүждэг. Японд жишээлбэл далайчид, загас агнуурын хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байгаа нэр дэвшигчийг загасчид нь хандив цуглуулж дэмждэг. Бодлогын өрсөлдөөн болдог. Тийм учраас би 100 сая төгрөгийн дэнчинг буруу гэж бодохгүй байна. Энэ нь нэр дэвшигчдийг бодлогоор өрсөлдөж, дэмжигчдээсээ хэн нь дэмжлэг авч чадахыг шалгаж байгаа хэрэг. Намын санхүүжилтийг ил тод болгосон нь зөв. Яагаад гэхээр одоогоор намуудын санхүүжилтэд зориулдаг төсвийн санхүүжилт бага.

Малчид сонгууль болохоор гэнэт мөнгө цуглуулсан ч юм биш. Гурван жилийн өмнөөс мянгат малчид нэгдэж сан байгуулсан. “Мянгатын сан”-гаасаа сумын төвийн шинэчлэлд мөнгө хандивлаж ирсэн.

Малчид Р.Эрдэнэбүрэнг дэмжиж 100 сая төгрөг хандивлав

-Танай суманд мянгат малчид хэр олон байдаг вэ, тэд яаж 100 саяыг цуглуулсан юм бол?

-Гурван жилийн өмнө 60 гаруй мянгат малчинтай байсан. Ноднин 80 гаруй болсон. Энэ жил яг 100 болоод байгаа юм. Өвөл малын тооны үеэр хүмүүс надаас асуусан. “Юу болж байна аа, нэр дэвших гэж байна уу, яаж байна” гэсэн. “Өө нэр дэвших хэцүү байна, 100 сая төгрөг нэхээд байна” гэсэн. Тэгсэн чинь мал тооллогоор явж байсан улсууд ярьцгаасан юм билээ. “Цаад Бүрнээ чинь яаж байна” гээд “Нам нь нэр дэвшигчийн дэнчин гэж 100 сая төгрөгийн татвар авах юм байна” гэсэн чинь нөгөөдүүл нь “Тэртээ тэргүй бид жил болгон хандивладаг. Цаад нөхрийг чинь дэмжиж байгаад гаргачихъя л даа” гэсэн яриа явсан гэж сонссон.

-Та зохион байгуулаагүй гэсэн үг үү?

-Би Гурвансайханд наймдугаар сард л очсон. Тэд хоёрдугаар сард цуглаад, энэ жилийнхээ мөнгийг цуглуулдаг. “Энэ жилийнхээ хандивыг танай намд манай нэр дэвшигчийн дэнчингийн мөнгө гээд хандивлаж байна шүү” гээд сая гарын үсэг зурж авчирч өгсөн.

2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Гурвансайханд зочлов

-Дундговийн Гурвансайханы иргэдийн оролцоотой шинэчлэл шинэ жишиг тогтоосон. Иргэд яагаад таныг ингэж дэмжих болсон талаар яриач?

-Сумын төвийн шинэчлэл зургаан жилийн өмнө эхэлсэн. Сумд шинэчлэгдэх нь Улаанбаатарт ч нөлөөлнө. Гэр хороололд нүүж ирэгсдийг цөөрүүлэхийн тулд орон нутагт хүн амьдрахад тохиромжтой нөхцөл бүрдүүлэх нь чухал. Тэгэхгүйгээр гэр хорооллыг багасгана гээд баахан орон сууц барьдаг. Гэр хорооллынхон авч чадахгүй, хөдөөнөөс орж ирсэн хүмүүс авах нь түгээмэл. Орлого сайтай малчид том хүүхдэдээ хоёр өрөө байр авч өгөөд, нэг приустэй явуулангуутаа араас нь дүү нарыг нь дагуулж байгаа юм. Тэгээд л Улаанбаатарт сургууль хүрэлцэхгүй, зам түгжрээд байна. Гэр хороолол нь бахь байдгаараа үлддэг.

2014 онд Гурвансайханд 180 хүүхэдтэй байсан сургууль одоо 340 хүүхэдтэй болсон. 20 хүүхэдтэй байсан цэцэрлэг 200 хүүхэдтэй болсон байна. Энэ хүүхдүүд хаанаас гараад ирэв гэхээр сумынхан хүүхдээ аймаг, хот руу явуулахаа байсан. Яагаад гэхээр суманд сайн багш, эмч нар тогтдог болсон. Сумын сургууль халуун, хүйтэн устай, тохилог жорлонтой. Үүнд иргэд дуртай байгаа. Улс даяар сумд нь ингэж шинэчлэгдвэл хот руу чиглэсэн их нүүдэл зогсоно. Үүний дараа гэр хорооллын хөрс, агаарын бохирдлыг бууруулах тухай яривал илүү үр дүнтэй. Би төрийн нарийн бичгийн дарга байхдаа ингэж л ойлгосон.

-Таныг БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа ашиглаад, сумандаа хөрөнгө оруулсан байх гэсэн хардлага бас сошиалд явж байна лээ?

-Сумын төвийг шинэчлэх санаа бүр 2007 оноос эхтэй. Тэр үед би Дундговьд нэр дэвших санаатай сумдаар явсан. Сумын төв өнгө муутай, гундуухан харагдлаа. Гаднын байгууллагаас мөнгө төгрөг гуйж байгаад гадна гэрэлтүүлэг хийсэн. Хүмүүс тоож байгаа юм алга. Кабелийн шуудууны нүх ухах ажлыг хүртэл хотоос хүн аваачиж хийлгэсэн. Сумын төвд хорь, гучин гэрэл асаахаар харанхуй байсан газар гоё болж байгаа юм. Хүлээлгэж өгөх гэсэн чинь хүн цуглаагүй. Хотоос уран бүтээлчид аваачиж концерт тоглууллаа. Гурван сарын дараа очихдоо гэрэлтэй болгосон юм чинь гоё угтах байх даа гэсэн чинь бүгдийг нь унтраачхаж. “Гэрлийнх нь мөнгийг хэн төлөх юм бэ” гэсэн. Нэгэнт асахгүй болохоор хэдэн сарын дараа гэрлийн шонгууд нь ч алга болсон. Сонгууль болоход намайг гэрэлтүүлэг хийсэн гэж санаж байгаа ч хүнгүй.

Тэгэхэд би иргэдийг өөрсдийг нь оролцуулахгүй бол гадны санхүүжилт, улсын төсвөөр хийгдэж байгаа ажлууд ч үр дүнгүй өнгөрч байгааг ойлгосон. Том Соёлын төв бариад өгдөг. Төлөвлөлт хийж, дэд бүтэцтэй нь хамт шийдэж чадаагүйгээс урсгал зардал өндөр болдог. Ялангуяа суманд амьдарч байгаа иргэдийн хашаанд өөрчлөлт ирдэггүй. Ингээд явж байтал 2012 онд төрийн нарийн бичгийн дарга боллоо. Энэ үеэр хэд хэдэн сумын төвийн шинэчлэл эхэлсэн.

Одоогийн Ерөнхийлөгчийн санаачилгаар Баянхонгорт хоёр сум шинэчлэгдсэн. Аймгуудаас нэг нэг сум сонгож, таван тэрбум төгрөг өгсөн. Манай Дундговиос Өлзийт сум таван тэрбумд орлоо. Тэгж байтал Гурвансайханыхан 2014 оны цагаан сарын өмнөхөн ирээд, нутгийн зөвлөлийн дарга болооч гэсэн. “Чи сумынхнаас арай гайгүй албан тушаалтай, цагаан сараа хийх гэсэн чинь мөнгө байдаггүй” гэсэн. Нутгийн зөвлөлийн хурал дээрээ хэллээ. “Сумд хөгжиж байна. Сумандаа сайхан замтай, амьдрах орчноо сайжруулмаар байна” гээд ярилаа. Нэг их тоодоггүй ээ.

Цагаан сарын дараа хоёрдугаар сарын 15-нд Гурвансайханд очсон. Сумын төвийн шинэчлэлийн тухай ярина гээд нэлээд зарлуулж очлоо. Гэтэл гуравхан хүн сууж байна. Яагаад хүн цуглаагүй юм бол гэсэн чинь “Концерт ирэхгүй бол цуглахгүй шүү дээ” гэсэн юм. Ирсэн гурван хүнтэйгээ бас ярилаа. Нэг нь босч ирснээ “Сум яах вэ. Хятад, Америкийн зөрчил болохоо байлаа. Үүнийг юу гэж бодож байна” гэснийг мартаагүй. Одоо бол манай сумынхан цуглаад ярихаараа Хятад, Америк битгий хэл аймгийн тухай ч ярихгүй. Сумынхаа мод зүлэг, шугам сүлжээний асуудлыг ярьдаг байхгүй юу.

Одоо зарим суманд очиход яг таван жилийн өмнөх манай сумынхан шиг ярьдаг хүмүүс таардаг. “Оффшорчдыг цаазлах хэрэгтэй” гээд огт өөр юм ярьдаг. Тэнд хүмүүс нь итгэл үнэмшил, мөрөөдөлгүй байна гэсэн үг. Эхлээд энэ хүмүүсийг итгэл үнэмшилтэй, мөрөөдөлтэй, зорилготой болоход нь туслах хэрэгтэй. Дараа нь энэ улсуудаа нэгтгэх учиртай. Тийм учраас эхлээд маш сайн ярих хэрэгтэй. Би гурван хүнтэй уулзалтынхаа дараа дахиад сумандаа очсон. Долоо хоногийн дараа арваад хүн ирсэн байлаа. Дараагийн удаа нэмэгдээд л байсан, яриад л байсан. Сүүлдээ танхим дүүрдэг боллоо.

Иргэдийг хүрээд ир гэхээр оролцоо бий болдог юм биш. Иргэдээ оролцуулж төлөвлөлт хийсэн. Хашаандаа байшинтай болно, байшиндаа жорлонтой, халуун, хүйтэн устай болно, хотынхноос дутах юмгүй амьдарцгаана гэж ярилцсан. Шинэчлэлийн ажлын 70 хувь нь сумынхаа бүх хүний саналыг авч, сум хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг гаргах байлаа. Дараа нь бүх зүйлийг хурдтай хийж болдог юм билээ.

-Сумын өвөө, эмээ нар “Бүрнээ, танай хашааг бульдозероор түрэх юм шиг байна лээ шүү” гэж ярьдаг байсан гэл үү?

-Хүн аминдаа тулсан юман дээр ирдэг байхгүй юу. Шугам сүлжээ оруулах, зам тавихын тулд хашаануудыг цэгцэлсэн. Тэгж байж дэд бүтцийн зардал багасна. Хашаа бүрийг нэг бүрчлэн ярина, хэмжээ дамжааг нь тогтоно. Ногоон байгууламж, хашааны өнгөн дээр хүртэл ярилцана. Өнгө сонгоход хүртэл хэрүүл маргаан болно. Эхлээд ягаан хашаатай байхаар тохирсон чинь “Янагийн ягаан хашаа гэж ярьж байна. Сумаараа онигоонд орох нь” гэсэн. Тэгээд ногоон болсон.

Төлөвлөлтөө хийсний дараа ажлын зураг гаргахад мэргэжлийнхэн оролцсон. Ажлын зураг гарахад суманд иж бүрэн жишиг дэд бүтэц бий болгоход 3,5 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Эхний санхүүжилт нь Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая төгрөг байсан. Хашааны мөнгө иргэдээс гарсан. Бүгд араараа битүү бетон, өврөөрөө бетон суурин дээр төмөр сараалжин хашаатай болсон. Олон улсын байгууллагынхныг сумандаа урьж аваачлаа. Сумынхан хөрөнгө оруулалт авахын тулд зочдыг угтаж авах, зочлоход гаршлаа. Хандивлагчдын уулзалт хийж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, ЖАЙКА, Мерси Кор зэрэг олон улсын байгууллага, АНУ, Канад, Франц, Япон, Австралиас ирсэн төлөөлөгч нийт 200 хүн оролцсон. Энэ улсуудыг сумынхан маань тосно. Алга ташна, концерт тоглоно, ямаа бооно, бэсрэг наадам маш олон хийсэн. Энэ санхүүжилт сумын иргэдэд үнэхээр чухал юм байна гэдгийг тэд доноруудад ойлгуулсан.

Сумынхан бидэнд тэдэн төгрөг байгаа, эндээс төдөн төгрөг орж ирсэн. Нийт хөрөнгө оруулалт төд гэдгийг бүгд ойлгоно. Хандив босгож хөрөнгө оруулалт хийхэд дуртай болсон. “Бид ч бас чадах ядахаараа оролцъё л доо” гэх боллоо. Тэр үед Спорт цогцолбор байхгүй. Малчдаас анхны хандив авсан юм. Соёл, Спортын цогцолборын спорт заал нь 300 сая, Соёлын төв нь 200 саяар боссон. Үүний 100 саяыг нь сумынхан босгосон доо. 250 хүний суудалтай ийм Соёлын төвийг улсын төсөвт тэрбум 500 мянган төгрөг, спорт заалыг нь дөрвөн тэрбумаар төсөвлөдөг. Улсад мөнгө байна. Үүнийгээ дэд бүтэцдээ зориулаад, хүмүүсийнх амьдрах орчныг л сайжруулмаар байгаа юм. “Мянгатын сан”-гийнхаа хөрөнгөөр ажлын байр барьсан.

Ингээд доноруудаас мөнгө олдсон. Ажил эхэллээ. Анхны төлөвлөсөн ажлуудаа бид гуравхан сарын дотор хийсэн. Яагаад ийм богино хугацаанд хийж чадав гэвэл ямар ч эсэргүүцэл, саад гараагүй. Бүх хүн мэдээлэлтэй байсан. Долоо хоногийн дотор бүгд хуучин хашаагаа нураасан. Үүнийг л би иргэдийн оролцоо гэж хэлэх гээд байгаа юм. Авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг хийсэн. Шинэ сургууль, цэцэрлэгийн барилга төсөвт суусан, баригдаж байсан. Угаалгын газартай болсон. 6 кг-ын багтаамжтай цүнх айлуудаар тараасан. 2000 төгрөгөөр угаачихдаг. Үүндээ манайхан маш хурдан дассан.

Сумын төвд усан сан, цэвэрлэх байгууламж, дулааны эх үүсвэр гурваа л зөв хийж чадвал шугамаа тавиад л боллоо. Манайд хамгийн хэцүү байсан нь ногоон байгууламж. Шавар хөрстэй учраас зүлэг ургах боломжгүй гэсэн. Сумынхан бүгд 100 км-ээс хөрс авчирч, дэлгэх ажилд оролцсон. Гудамж гудамжаараа жагсаад л хүрээд ирнэ, бараг цэрэг шиг. Зовж тарьсан мод, зүлгээ өөрсдөө арчилж, усалсан. Сумын фэйсбүүк групп идэвхтэй. Түүндээ зургаа тавина. Тэнд “Мод руу мал орлоо” гэсэн хэрүүл голдуу өрнөдөг. Сумын төвийн шинэчлэлд малчид оролцож эхэлсэн.

Уржнан жил улсын аварга болсон залуу малчин гэр бүл баяраа тэмдэглэж найр хийхийн оронд мод авч тарья, “Бархасын нэрэмжит төгөл байгуулъя” гэсэн юм. Одоо манай сумын эмнэлэгт очвол энэ өрөөг тэр мянгат малчин тохижуулав, энэ аппаратыг тэр мянгат малчин авч өгөв гэсэн бичиг бий. Төгсөх ангийн сурагчид ч хүмүүст хэрэгтэй зүйл яаж хийх вэ гээд ходоодны өвчлөл ихтэй газар учраас ус цэвэршүүлэх аппарат авах төсөл бичсэн байна лээ. Бүх байгууллагад үүнийгээ тавьсан байна.

Иргэдийг идэвхжүүлбэл сумдыг шинэчилж болох юм байна. Хийсэн ажлаа цааш нь авч явах чадвар суух юм байна. Одоо бол Гурвансайханы гэр хорооллын гудамжуудад шугам сүлжээ хүрсэн. Байшингууд руугаа холбох зардлыг иргэд өөрсдөө гаргаж байгаа. Байшинтай айлууд паартай, цэвэр устай, дотроо жорлонтой болж байна. Иймэрхүү л юм болсон.

-Та одоо ямар ажил хийж байна?

-2017 оноос эхлээд намайг энэ ажлаа манай суман дээр ирж ярьж өгөөч, хийж өгөөч гэдэг боллоо. Энэ тухайгаа ярьж явсаар байгаад сүүлдээ энэ сэдвээрээ “өвчлөөд”, зөвлөх үйлчилгээний компани байгуулсан. Ажлын зураг, төлөвлөлт хийдэг. Бид одоо Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн арван хэдэн сумын төлөвлөлт дээр ажиллаж байна. Гурвансайханы шинэчлэлтэй бусад аймаг, сумдаас хүмүүс очиж, танилцдаг. Одоо сумынхан маань төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг болсон. Хоол унд, байр саваар үйлчилж, концерт тоглож үзүүлдэг.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.64.251)
    Сонгуульд зориулан ярьж байгаа нь илт урьд нь ярихгуй яасийн нусгай чинь Хууртаж ханадаггуй ухэрнууд шуу Монголчууд
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.14.37.6)
    Гоё юмаа, сэтгэл хөдөлж уншлаа. Зорилготой зоригтой ажил хийжээ. Их хуралд орж яадгийн, бизнесээ өргөжүүлээд л амьдрах хэрэгтэйшд, тийшээ орвол хорчин луйварчин л болох байлгүй дэ
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.109)
    Энэ ш дээ.үнэн сэтгэл гаргаж шударга бвал иргэд яаж дэмждэг,хамтардаг бодит үр дүн.мундаг сэтгэлтэй залуу юм.Амжилт.
    2020 оны 03 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 5 цаг 24 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 5 цаг 28 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Өчигдөр 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өчигдөр 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Өчигдөр 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Өчигдөр 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Өчигдөр 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Өчигдөр 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Өчигдөр 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top