Налайх дүүрэгт хэсэгчлэн тавьсан хөл хориог цуцалсан тухай тус дүүргийн ЗДТГ-аас мэдээлжээ. Учир нь Багануур дүүрэгт тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусний халдваргүй гарчээ.
Багануур дүүрэгт “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байсан иргэн энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн бөгөөд хоолой нь өвдөж, эмнэлэгт хандсан тухай өмнө мэдээлсэн билээ. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс тухайн иргэнийг яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна. Тухайн ирсэн өдрөө Налайх дүүргийн наймдугаар хороонд байдаг эгчийндээ орсныг нь тогтоожээ. Улмаар тус айлд зочилсон дөрвөн айлыг шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаад байсан юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 70 гаруй хүнийг тусгаарлаад байна.