Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжээд байна. Үүнээс шалтгаалж жижиг бизнес эрхлэгчид, зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, банкны зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа тухай МҮХАҮТ-аас мэдээлсэн байдаг.
Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд аж ахуй нэгжүүдийн банкны зээлийн хүүг хөнгөлөх, чөлөөлөх, түр зогсоох саналыг УИХ-ын зарим гишүүдээс гаргаад байгаа. Гэвч зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломжгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МҮХАҮТ болон Монголбанкы ерөнхийлөгчийн хамт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэрээ хэлжээ.
УИХ-ын дарга "Бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Үнэгүй зүйл гэж байхгүй. Зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөх боломжгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас тодорхой аж ахуйн нэгжийн зээлийг чанаргүй зээлд тооцох хугацааг зохицуулах тал дээр Монголбанк судлах байх" гэжээ.