УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийв.
Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна. Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломжийг гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг үзжээ. Тиймээс малын хулгайчид зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулах санал гаргажээ.
Уг саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.