x

А.Ундраа: Нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох хувилбар яригдаж байгаа

УИX-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ зөвлөмж гаргажээ. Эдийн засагчид судлаачид янз бүрийн л байр суурь илэрхийлж байна. Тэтгэврийн насны хүмүүсээ нэг удаа дэмжих нь болохгүй зүйл үгүй гэдгийг хэлэх нь ч байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Тэтгэвэр нэмэх, 1990-ээд онд хэт багаар тогтоосон зохистой хэмжээнд тогтоох зэрэг арга хэмжээ авах нь ахмад настны амьдралын чанарын асуудалд чухал нөлөөтэй. Гэвч зээлийг тэглэх нь эдийн засагт сөрөг үр дагавартай, инфляц нэмэгдэх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх зэргээр хүндрэл бэрхшээл авчирна гэж бодож байна.

Монголбанкны ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг зогсоох чиглэл банкуудад өгсөн, Сангийн сайд төсвийн тодотгол хийхгүй гэж мэдэгдсэн нь сайн хэрэг. Хэдий тийм ч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан, Засгийн газар бонд шинээр гаргана гэх зэрэг мэдээлэл яригдаж, сайд нар өөр, өөр байр суурьтай байгаа харагдаж байна.

Бонд гаргалаа гэхэд тодотгол хийхээс өөр аргагүй байдалд орно. Гэтэл төсөв алдагдалтай батлагдсан, байдал улам дордох тийшээгээ явах дүр зураг харагдаж байгаад харамсаж байна. Засгийн газар байр сууриа тодорхой болгож кабинетын зарчмаар мэдэгдэл гаргана гэж найдаж, хүлээж байна даа.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ баталлаа. Сонгуулийг томсгосон тойргоор явуулах нь зүйтэй гэж үзсэн нь зөв үү?

-Сонгуулийн тойргийг томсгосон тойргоор явуулж байгаа нь жижиг 76 мажоритар, пропорциональ системийн дундын хувилбар. Үр дүн нь илүү шударга, бодитой гардаг сонгуулийн систем гэж харж байгаа. Тэр утгаараа ахиц дэвшил болсон.

Гэхдээ бодит байдал дээр томсгосон тойргоор сонгуулийг явуулахад тухайн тойрогт өрсөлдөж буй нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг. Магадгүй нэгнийгээ гүтгэж харлуулах, эсвэл илүү мөнгөтэй нэр дэвшигч нь олон ухуулагч хөлслөх, самбар, мэдээллийн хэрэгслээр илүү түрж ажиллах зэргээр өөрийгөө таниулдаг.

Тиймдээ ч сонгуулийн санхүүжилтээс хамаарсан систем. Тухайн намын нэр дэвшигчид хоорондоо таарамжгүй, эсвэл өрсөлдөөд эхлэх юм бол тэр намын мөрийн хөтөлбөр нь утгаа алдана. Угтаа нам олонх болж мөрийн хөтөлбөрөө биел үүлэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Энэ утгаараа бодлогын мухардалд оруулах эрсдэлтэй систем гэж харж байна.

-Энэ тогтолцоо нь залуучууд, эмэгтэйчүүдэд боломж олгодоггүй сөрөг талтай гэх юм. Энэ хэр бодитой вэ?

-Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувьд нь заавал эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квоттой. Нэр дэвших процесст сонгуулийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх чадвар, нөхцөл бололцоо зэргийг харгалзан үзэх юм бол манай соёлын онцлогоос хамаараад эрэгтэй нэр дэвшигчдэд давуу тал үүсдэг. Энэ утгаараа аль ч намын хувьд эрэгтэй нэр дэвшигч давамгайлдаг.

Энэхүү байдлыг засаж, хүний эрхийн хувьд тэгш боломж олгохын тулд квотын системээр сонгуулийг явуулдаг. Квотыг 30 хувиас доошгүй болгох заалтыг оруулахын тулд эмэгтэй гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй ажилласан. Гэсэн ч энэ заалт хоёр саналаар ялагдсан юм.

Улс төрийн хувьд энэ өөрчлөлтийг хийхэд дөхөж очсон ч харамсалтай нь дэмжигдээгүй. Аль ч хүйсийг эн тэнцүү нэр дэвшүүлдэг болсон цагт ийм квотын систем шаардлагагүй болно. Тодруулбал, квот үгүй болох шаардлага нь эрх тэгш байдал хангагдах явдал юм. Эмэгтэй гишүүдийн тоог нэмэх нь нийгмийн эмзэг асуудлуудыг шийдэхэд асар чухал үүрэгтэй гэж хардаг.

Үе үеийн парламентын эмэгтэй гишүүд ч энэ үүргээ сайн биелүүлсээр ирсэн. Гэлээ ч тодорхой шийдвэр гаргахад эмэгтэй гишүүдийн хүч дутдаг нь үнэн. Энэ ч утгаараа эмэгтэй гишүүдийн тоог нэмэх, эрэгтэйчүүдийнхтэй ижил болгох нь нийгмийн эмзэг асуудлыг шийдэхэд чухал үүрэгтэй.

Гэсэн хэдий ч энэ нь сайн эмэгтэй, муу эмэгтэй эсвэл сайн муу эрэгтэйн тухай асуудал бус, сайн муугийн тухай бус тэгш эрхийн тухай асуудал юм. Сайн муу гэх нь үнэн, шударга ёсны тухай хүйсээс үл хамаарах асуудал.

Сонгуулийн тухай хууль батлагдаж, сонгууль дөхөхийн хэрээр УИХ-д зөв, ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлэхэд чиглэсэн маш олон хөдөлгөөнүүд бий болж байна. Залуучууд 2020 оны сонгуульд илүү идэвхтэй оролцох хандлага ажиглагдаж байгаа нь тун сайшаалтай үйл хэрэг. “Уухай” зэрэг хөдөлгөөнүүд авлига, хээл хахууль, хууль бус үйлдлийн эсрэг нэгдэж байгаа нь зөв зүйтэй боловч УИХ-д нэр дэвшүүлэх субъект нь улс төрийн нам. Эсвэл бие дааж нэр дэвшинэ.

Тэгэхээр олон намын төлөөллүүд нэгдсэн хөдөлгөөнүүд өөрсдийнхөө юуг эрхэмлэж байгаа, юуны төлөө явж байгаа вэ гэдгээ нийгэмд тодорхой хүргэх нь зүйтэй байх. Нөгөө талдаа энэ хөдөлгөөнүүд нь нэр дэвшүүлэх чадамжтай, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх субъект биш.

Тиймдээ ч улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг авч үзэх зүй ёсны шаардлага урган гарна.

Тиймээс залуучууд улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг анхааралтай ажиглах, шаардлага хүргүүлэх, тодорхой нийгмийн асуудлуудыг тусгасан эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, нийгмээрээ энэ талаар өргөн хүрээнд ярилцах, шүүмжлэх, задалж анализ хийх, анхааралтай ажиглах нь чухал.

-Одоо тойрог, мандат хуваарилах ёстой. Нийт хэчнээн тойрогтой байхаар тогтож байгаа вэ?

-Мандатын хуваарилалтыг одоохондоо хийгээгүй байгаа. Албан бус мэдээллээр нийслэлийн дүүргүүдийн мандатын тоог цөөлөх, орон нутагт нэмэгдүүлнэ гэсэн чигтэй байна. Хүн амынхаа тоотой дүйцүүлэх юм бол мэдээж Улаанбаатар хотод Монголын хүн амын тал хувь нь амьдарч байгаа учраас 76 мандатын тэн хагас нь оногдох ёстой. Гэхдээ өнөөдрийн байдлаар 28 мандат оногдож байна.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн тус бүр зургаан мандатыг нэгээр бууруулах, төвийн дүүргүүдийн мандатыг ч мөн нэгээр цөөрүүлэх, нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгох зэрэг мэдээлэл байна. Гэхдээ энэ нь хараахан батлагдаж, нотлогдоогүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-УИХ-ын ээлжит сонгууль явуулахад хэдхэн сарын л хугацаа үлдлээ. Таны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийж амжуулав. Ер нь төрд гараад ард иргэдийн төлөө санасан хэргээ гүйцэлдүүлж чадав уу. Тийм боломж байдаг юм байна уу?

-Төрийн түшээ болж цөөнгүй хууль санаачиллаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлалцан түүхэн шийдвэрийн нэг хэсэг болсондоо баяртай байна.

Хууль тогтоомж бодлого шийдвэрийг нэг болон олон гишүүд нийлж санаачлах боловч батлахдаа олонхын шийдвэрээр шийдэгддэг. Тийм учраас хамтын шийдвэрийн байгууллага, парламентын засаглалын амин сүнс нь олонхоо дагадагтаа юм. Тиймдээ ч идэвхтэй санаачлахаас гадна оролцоно гэдэг бас чухал.

Тойргийн бүтээн байгуулалтын ажлыг төсөвт суулгах талаар ажилласан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж, зам талбай гэх зэрэг татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн ажлыг өөрсдөө хийсэн мэтээр тууз хайчилдаг явдлыг анхнаасаа таашаадаггүй байсан.

Тэр утгаараа төсвөөр хийгдсэн ажлыг би хийлээ гэж хийрхэх улс төр зохисгүй. Харин шинжлэх ухаан, боловсролын чиглэлээр оюутан залуусыг дэмжих, тойргийн сургуулиудын элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл гэх зэрэг ажлууд, миний ахлан ажилладаг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны зүгээс НҮБ-д тавьсан Үндсэн анхны улс төрийн өндөр түвшний сайн дурын тайлан, илтгэл зэргийг дурдмаар байна. Ажлаа нэгтгэн тайлангаа видео болон бусад форматаар бэлдэж байгаа.

-Та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ. Ач холбогдлыг нь юу гэж харж байгаа бол?

-Одоогоор хоёр хуулийн төсөл бэлтгэж хууль тогтоох үндсэн ажлаа хийж байна. Тухайлбал, Шинжлэх ухаан технологийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж байна. Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Эрдэнэсийн сангийн тухай хуулийг санаачилж, төслийг бэлэн болгосон.

Өргөн барих тов хүлээж байна. Номын баярын өдөртэй болох хуулийг санаачилж, үзэл баримтлалыг боловсруулсан. Ном, хэвлэлийн салбар, утга зохиолын судлаач зэрэг хүмүүсийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Номын баярын өдөр нь тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт хэлбэрээр орно, амралтын өдрийн тоог нэмэхгүй. Амралтын өдрүүдэд давхцуулах байдлаар Номын баярын өдөртэй болох юм.

Хүүхэд залуучуудыг уншихад дуртай болгох, номын сангуудын шинэчлэл дижитал хэвлэл зэргийг төрөөс бодлогоор дэмжих, нийтээр анхаарахад зориулсан нийтийн баярын өдөр байх болно.

Эрдэнэсийн сангийн тухай хуулиас миний хамгийн их ач холбогдол өгч буй нэг заалт бий. Олборлосон алтыг Монголбанк худалдаж авахдаа ямар гарал үүсэлтэй, олборлох явцдаа байгаль орчинд ээлтэй байсан эсэхийг тооцоолох, тэдгээрт хяналт тавих боломжийг нээсэн зохицуулалт уг хуульд орж байгаа.

Энэ нь Эрдэнэсийн сангийн тухай хуулиар дамжуулж байгаль орчны нөлөөлөлд эерэг үр дүн үзүүлэх чухал үүрэгтэй гэж үзсэн.

-Таныг Хөдөлмөр эрхлэх сангаас мөнгө авсан гэх юм. Үүнд тайлбар өгөөч?

-Энэ ташаа мэдээллийг залруулж, албан ёсны байр суурийн энэ ярилцлагаар илэрхийлмээр байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүд мөнгө авсан мэтээр мэдээлэл гарч байгаа. Энэ дотор миний нэрийг дурдаж бичсэнд би маш их гайхаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас миний бие болон миний хамаарал бүхий компаниуд нэг ч төгрөг аваагүй. Шалгаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарч байгаа боловч энэ байгууллагаас, ийм үндэслэлээр шалгаж байгаа гэх албан ёсны мэдээллийг хэн ч надад хэлээгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг.

Ямар нэгэн байдлаар шалгаж байгаа гэдэг нь тодорхой болох юм бол үүнийг цааш нь тодруулж, залруулга хийхийг шаардах болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 15 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 20 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 23 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 27 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 1 цаг 32 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 1 цаг 41 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 2 цаг 3 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 2 цаг 34 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 2 цаг 56 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 3 цаг 2 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 3 цаг 17 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 3 цаг 28 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 3 цаг 35 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 3 цаг 41 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 3 цаг 46 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 3 цаг 52 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 3 цаг 55 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 3 цаг 59 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 4 цаг 1 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 цаг 4 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top