x

Б.Өлзийбаяр: Төр чадахгүй л байгаа болохоос "ТЭТГЭВРИЙН САН"-гийн мөнгө бага биш

Өнгөрсөн лхагва гаригт “Тэтгэврийн реформ” хөдөлгөөн байгуулагдсаныг хэсэг эдийн засагчид зарлав. Тэдгээр эдийн засагчдын үзэж буйгаар хэрэв тэтгэврийн тогтолцоог яаралтай өөрчлөхгүй бол цаашдаа тэтгэвэр тавих ямар ч боломжгүй болно. Мөн одоо байгаа мөнгө ч бага биш. Хэрэв тэтгэврийн сангийн тогтолцоог зөв болгож чадвал дотоодын томоохон төслүүдийг ч санхүүжүүлэх эх үүсвэртэй болно. Энэ талаар тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяртай ярилцлаа.

"Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь хохирч, төлөөгүй нь хожиж байна"

-Та бүхэн арваад жилийн өмнө ярьж байсан зүйлээ яагаад өнөөдөр хөдөлгөөн болгохоор шийдэв?

-УИХ, Засгийн газар саяхан нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийг оролдсон. Энэ бол Төр гартаа атгаж байгаа Нийгмийн даатгалын сан дампуурч байгаагийн томоохон илрэл.

Үнэн хэрэгтээ даатгалын санг зөв менежментээр удирдвал нийгмийн даатгалыг нэмэх биш, бууруулах ч боломжтой. Бидний хөдөлгөөн бол цөөн тооны эдийн засагчдын санаачилга биш. Нийгмийн захиалга, шаардлагаар гарч ирсэн хөдөлгөөн.

-2020 оны сонгууль угтсан хөдөлгөөн гэж хардаад байна л даа?

-Тэгж ойлгож болно. Гэхдээ бид хийнэ гэж хэлээгүй. Бид өндөр хөгжилтэй орнуудын нийгмийн даатгалын сангийн тогтолцоог л Монголдоо нэвтрүүлэх санаачилга гаргаж байгаа юм. 2020 онд сонгуульд орох бүх намуудад бид төслөө санал болгоно. Бидний төслийг хүлээн зөвшөөрсөн намуудыг дэмжихийг уриална. Мөн ялсан намын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулахын төлөө ажиллана.

-Хөдөлгөөн байгуулах нэг хэрэг. Тэтгэврийн сангийн тогтолцоог өөрчлөх бүр том үйл болох байх шүү?

-Амаргүй ажил гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хэрэв бид өнөөдөр өөрчлөлтийг эхлэхгүй бол ирээдүйн тэтгэвэр авах тухай өнөөгийн залуус бодохын ч хэрэггүй. Өнөөгийн ахмадууд социалист тогтолцооны хамгийн том золиос болсон. Тэдний хүүхдүүд бас буруу тогтолцооны золиос байж таарахгүй.

-Манай тэтгэврийн тогтолцооны буруу нь юу байна?

-Та бүхэн мэднэ. Өндөр хөгжилтэй орны иргэд тэтгэвэртээ гараад л гадны орнуудаар жуулчилдаг. Гэтэл манай ахмадууд тэтгэврийн 300 гаруйхан мянган төгрөгөөр амьдарч байна. Энэ мөнгөөр Монголын хамгийн сайхан байгаль гэдэг Хөвсгөлдөө ч амарч чадахгүй биз дээ.

-Та 300 гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэр авч байна гэж хэллээ. Ахмадууд түүнээс илүү авах боломж байсан гэсэн үг үү?

-Тэтгэврийн тогтолцоо зөв байсан бол 300 мянган төгрөгөөс илүү авах боломж бий. Гэтэл өнөөдөр социализмын буюу хуваарлилтын тогтолцоо хэвээрээ байна.

-Тэгэхээр Монгол Улс зах зээлийн эдийн засагтай гэдэг нь худлаа юм уу?

-Үнэн байсан бол тэтгэврийнхэн гадаадад аялахгүй юм гэхэд цайны сүүний мөнгө хүрэхгүй байна гэж гомдоллохгүй биз дээ. Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь ямар ч зөв хуваарилах зарчим байхгүй. Бүх насаараа зүтгээд өндөр шимтгэл төлж байсан хүн, ажилгүй арав гаруй жил тэнэж явсан хүнтэй адилхан тэтгэвэр авна. Энэ шударга ёс мөн үү. Шимтгэл төлснийхөө мөнгийг шимтгэл төлөөгүй нь идээд байхаар яаж шударга ажилласан ахмадуудын амьдралд хүрэхээр тэтгэвэр өгөх юм бэ. Өөрөөр хэлбэл шимтгэл төлсөн нь хохироод, төлөөгүй нь хожоод байна шүү дээ. Энэ социалист хуваарлилтын л зарчим юм.

-Юунаас болж ийм байдалд хүрэв?

-Одоогийн энэ тогтолцоо ганцхан манай улсад л байна. Өндөр хөгжилтэй орнуудаас эхлээд бидэнтэй адилхан социализм байгуулж байсан орнууд ч тэтгэврийн тогтолцоогоо өөрчилсөн. Яагаад өнөөг хүртэл өөрчлөөгүй вэ гэвэл тэтгэврийг улстөр болгочихсон. Сонгуулийн поп амлалтуудын нэг болгочихсон учраас л өнөөг хүртэл өөрчлөөгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд тоглодог хөзөр болгож хувиргасан.

-Жишээлбэл?

-Нэг улс төрийн хүчин гарч ирээд л ажилгүй, шимтгэл төлөөгүй иргэдийг жаахан мөнгө төлүүлээд л тэтгэвэр авах эрхтэй болгож байна. Тэгэхээр нөгөө шимтгэл төлсөн хүмүүс яах болж байна. Шимтгэл төлсөн иргэдийн мөнгөнөөс зулгаана биз дээ.

-Яг хэн шимтгэл төлөөгүй байж тэтгэвэр авах гээд байна?

-Жишээлбэл саяхан малчдыг 1995-2018 он хүртэл нөхөн төлбөр төлөөд тэтгэвэртээ гарч болох шийдвэр гаргалаа. Одоо шимтгэл төлсөн иргэд олигтойхон тэтгэвэр авч чадахгүй байхад яагаад дахиад төлөөгүй иргэд тэтгэвэр авах ёстой гэж.

-Манай нийгмийн даатгалынхан сайн ажилладаг гэдэг шүү дээ?

-ААН-үүдэд нийгмийн даатгалынхан яаж ханддаг билээ. Хэдхэн хоног шимтгэл төлөөгүй байхад л бөөн юм болдог биз дээ. Данс хаахаас эхлээд байр савыг лацдах, зээлийн мэдээллийн санд оруулах зэргээр сүржигнэдэг. Тогтолцоо, хэрэгжилт, гүйцэтгэл нь яг социализмын үе. Ийм байхад ахмадуудын амьжиргаа яаж дээрдэх болж байна.

"Тэтгэврийн хувийн хэвшлийн сан байгуулах компаниуд хангалттай байна"

-Та бүхэн ямар санал дэвшүүлж байна?

-Эхний ээлжид Төрийн тэтгэврийн сан байж л байг. Харин үүнтэй зэрэгцүүлээд хувийн хэвшлийн Тэтгэврийн сан байгуулах хэрэгтэй.

-Нэг л ой тойнд буухгүй байна?

-Үнэн л дээ. Хувийн хэвшлийн Тэтгэврийн санг гадаадад олон жил болсон иргэд зарим эдийн засагчид л ойлгодог. Иргэд сонголттой байх хэрэгтэй. Хувийн тэтгэврийн санг банктай адил төсөөлж болно. Та банкинд мөнгө хадгалуулаад, хүүтэй буцааж авдаг. Түүнтэй адил. Бидний санал болгож байгаа тогтолцоо бол хувийн хэвшлийн даатгалын сан байгуулаад иргэн бүр өөрийн нэр дээр данс нээнэ. Одоо иргэд төрийн даатгалын санд сар тутам мөнгө хийж байгаа боловч хэдэн төгрөг болж өссөн, буурсан зэргийг мэддэггүй. Харин хувийн даатгалын сан байгуулчихвал хэн ч өөрийн тэтгэврийн санд хэдэн төгрөг яаж өсч байна, хаана хөрөнгө оруулалт хийж байна гэдгийг гар утсаараа хянаад байх боломж бүрдэнэ.

-Хэн нэгэн хүнд баахан шимтгэл төлчихсөн чинь Капитал банк шиг болчихвол яах бол?

-Нарийн хуулиар зохицуулагдана. Тухайн санг хэн нэг нь байгуулж болно. Хамгийн чухал нь удирдлагадаа байгаа юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн өндөр түвшний менежерүүд удирдана. Хяналт хатуу байна. Заавал одоогийн дампуу тогтолцоотой жиших шаардлага байхгүй.

-Тэтгэвэртээ гарчхаад гадаадаар тэнэдэг хөгшчүүдийн даатгалын тогтолцоо энэ мөн үү?

-Мөн. Хувийн тэтгэврийн санд оруулсан тохиолдолд ахмадууд маань тэтгэвэртээ гараад хэдэн төгрөг авахаа мэднэ. Тэгээд төлөвлөлт хийнэ. Тэр бүү хэл хувьцаанд хөрөнгө оруулж өсгөнө.

-Маргааш та бүхнийг Ерөнхийлөгч хүлээж аваад “Би Засгийн газарт чиглэл өгье. Та нарт бодлого, боловсон хүчин байна уу. Ямар хугацаа шаардлагатай вэ” гэж асуувал яах вэ?

-Бидэнд тооцоо судалгаа гээд бүх асуудал байна. Үнэхээр төр хүчилбэл үүнийг хоёр жилийн хугацаанд хийх боломжтой. Хамгийн гол нь эрх зүйн орчингоо бүрдүүлэх байгаа юм.

-Хувийн сан байгуулаад энэ их урт хугацаатай мөнгийг яаж эргүүлэх вэ?

-Үүнийг мэргэжлийн менежерүүд хийнэ. Гадны орнуудад Ийм сангууд банктай өрсөлдөж байна. Маш том хөрөнгө оруулагч болж хувирна. Одоогийн манай эдийн засгийн хөгжил хөрөнгө оруулалт дээр л гацаж байна.

"Зээлийн хүү буурахад тэтгэврийн том сангууд л нөлөөлдөг"

-Санхүүгийн том хөрөнгө оруулагч болно гэж үү?

-Тийм. Тэтгэврийн томоохон сангууд л зээлийн хүүг бууруулахад нөлөөлж чаддаг. Өнөөдөр барьцаалан зээлдүүлэгчийн хүү хэд байна. Энэ бол зээл олгогчийн буруу биш. Хаанаа хомсдол байна, тэнд бараа үйлчилгээ үнэтэй байдаг гэдэг зарчмаар явж байгаа.

-Төр зээлийн хүүг бууруулна гэж амласан шүү дээ?

-Социализм байгуулах гээгүй бол тэгж тэнэгтэж болохгүй.

-Яагаад?

-Та өөрийн хүслээр зээл авч байгаа. Буу тулгаж зээл өгөөгүй биз дээ. Түүний оронд зээлийн эх үүсвэрийг олшруулбал хүү өөрөө бууна биз дээ.

-Тэр санг удирдах менежерүүд манайд байгаа юу?

-Байгаа. Одоо манай холбоо олон улсын байгууллагатай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом олгох сургалт залууст явуулж байгаа.

-Сургалтад хамрагдахад ямар шалгуур хангах ёстой вэ?

-Санхүү, эдийн засгийн бакалавраас дээш боловсролтой байх шаардлагатай.

-Хэл шаардах уу?

-Угаасаа дэлхийн банк санхүүтэй холбогдоход хэл байх шаардлагатай шүү дээ.

-Төгссөн залуус хэр их мөнгө эргүүлэх чадвартай болох бол?

-Мөнгө өсгөх чадвар л чухал болохоос хэдийг эргүүлэх нь чухал биш байдаг.

-Манай улсын Тэтгэврийн санд хэр их мөнгө эргэлдэж байна?

-Тэнд ерөөсөө мөнгө эргэлдээгүй. Нийгмийн даатгалын хуулиар далайлгаж Засгийн газар булааж аваад л тарааж байгаа.

-Булаасан, тараасан мөнгөний хэмжээ нууц уу?

-Нууц биш. Даатгалын санд 1.2 их наяд төгрөг цуглуулаад 1.8 болгож тарааж байгаа.

-Тэгвэл өссөн л байна шүү дээ?

-Үгүй ээ. Жилд 600 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаж байгаа байхгүй юу. Ингэхээр нийгмийн даатгал төлсөн хүн чинь давхар даатгал төлөөд байгаа биз дээ.

-Яаж?

-Та нийгмийн даатгалаа тусад нь төлсөн бас Хүн амын орлогын албан татвар төлж байна. Хүн амын орлогын албан татвар төлсөн мөнгөнөөс чинь 600 тэрбум төгрөгийг дахиад Нийгмийн даатгалын сан руу хийчхэж байгаа байхгүй юу. Үүнийг л ажил хийж байгаа хүн нийгмийн даатгалд давхар татвар төлж байна гэж үзээд байгаа юм. Тэгээд ажил хийгээгүй иргэд нь тэтгэвэртээ гарахдаа давхар татвар төлсөн иргэдтэй адилхан цуслаад байгаа нь шударга ёс уу.

"Банкууд нээлттэй болох сонирхолтой байна, гэвч..."

-Тэтгэврийн сангийн мөнгөөр хувьцаа авах боломжтой болбол хувьцаа нь олдох уу?

-Том компаниуд хувьцаа гаргах сонирхолтой байгаа. Тэр бүү хэл банкууд ч хувьцаа гаргахад бэлэн байна. Харамсалтай нь хувьцаанд хөрөнгө оруулах хүн алга.

-Гадныхан оруулахгүй байна уу?

-Өглөө сэрэнгүүтээ хуулиа гэнэт өөрчилдөг улсад хэн ч мөнгө оруулахгүй шүү дээ.

-Тэгээд бидний мөнгийг хууль гаргаад дээрэмдчихвэл яах болж байна?

-Энэ харин өөр асуудал. Саяхан нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх гээд больсон. Нийгэм Төрөө хянаж чадах эхлэл. Яг үүнтэй адил Тэтгэврийн сангаар оролдвол хачин юм болно биз дээ. Хүний мөнгө өөрийн мөнгө хоёрын ялгаа энэ. Иргэд төсвөөс мөнгө хулгай хийхийг тоохгүй байна. Тэгвэл хувийн Тэтгэврийн санд хийсэн мөнгөнийхөө тоо, хүүг харж байгаа хүн түүнийг дээрэмдэхэд зүгээр хараад суухгүй.

-Банкууд хувьцаа гаргах нь үнэн үү?

-Би сониноор худлаа ярих болж байна уу, Голомт банк хувьцаа гаргах оролдлого хийж байсан. Зарим хүмүүс банкийг луйварчин шулаачаар нь дууддаг. Банкууд чинь нээлттэй болох сонирхолтой болсон. Гэтэл гаргасан хувьцааг авах хүн алга. Харин томоохон сангуудтай болчихвол тэр сангууд нь хөрөнгө оруулаад эдийн засгаа сэргээнэ шүү дээ.

"Одоо иргэддээ хэдэн төгрөг өгсөн нь дээр байж дээ гэж боддог"

-Та иргэдэд Тавантолгойн хувьцаанаас ашиг олгохыг эсэргүүцэж байсан. Энэ бодол чинь хэвээрээ юү?

-Харамсдаг.

-Яагаад, юунд тэр вэ?

-Би тэр үед Тавантолгойг ашгийн төлөө компани гэж мэргэжлийн нүдээр харж байсан. Өөрөөр хэлбэл, энэ компани ашгийн төлөө явна. Ашгаа өсгөх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна гэж бодож байсан. Улс төрөөс хараат бусаар хөрөнгө оруулалт хийнэ гэж найдаж байсан. Үнэхээр мэргэжлийн бизнесийн үйл ажиллагаа явуулах байх гэж харж байсан. Гэтэл өнөөдөр Тавантолгой компани дэндүү улстөржсөн шийдвэрүүд гаргасан. Ямар ч бизнесийн үнэр байхгүй. Тийм учраас иргэддээ цөөн ч болов хэдэн төгрөг өгсөн дээр байж гэж бодож байна. Ингэж улстөржинө гэж үнэхээр бодоогүй. Энэ компанийн ашиг улс төр болчихно гэж зүүдлээ ч үгүй.

-Мэргэжлийн хөрөнгө оруулалт хийсэн бол өмнөх бодол чинь зөв байсан уу?

-Тийм. 700 тэрбумын ашиг тэр чигээрээ төмөр зам руу орсон.

-Төмөр зам барих нь буруу юу?

-Энэ мөнгө 20 жилийн хугацаатай хүүгүй бонд болж хувирсан. Зүүн тийш явж байгаа төмөр замд хүүгүй оруулчихсан.

-Тэгээд хөрөнгийн зах зээл маань юу болж хувирав?

-Хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд идэвхжиж байна. Энэ жил 43 тэрбум төгрөг босголоо. ТОП 20 болон зах зээлийн үнэлгээ өсөлттэй гарсан.

-Хөрөнгийн зах зээл макро эдийн засгаас хамаарах уу?

-Хамаарна. Хэдийгээр хөрөнгийн зах зээл өсөлттэй байгаа ч эдийн засаг хаашаа эргэх дээр эргэлзээнд орж байгаа. Жишээлбэл америк хятадын худалдааны асуудал. Нүүрс, зэсийн үнэ, экспорт бууралттай гарч байна. ДНБ-ний өсөлт гуравдугаар улиралд буурсан. Ийм үед хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гэхээсээ илүү бондын сонирхол нэмэгддэг.

-Сүүлийн хоёр жилийн хөрөнгийн зах зээлийн сэргэн мандалт гэж үзэж болох уу?

-Хөрөнгийн зах зээлийг төр засгийн зүгээс бодлогоор дэмжээгүй компаниуд өөрсдийн чармайлтаар л мөнгө босгож байна. Монголын эдийн засагт бизнесийн шинэ үе орж ирж байна. Тэдний сэтгэхүй шал ондоо. Өмнөх үеийнхнээсээ ялгарч байна.

-Өмнөх үе нь ямар байсан бэ?

-Хөрөнгөө хав дарсан. Минийх л гэсэн сэтгэлгээтэй. Нийгмийн хариуцлагагүй. Гэтэл одоогийн залуус нээлттэй компанийн мөн чанарыг ойлгосон. Нээлттэй компани байгуулж олуулаа нийлж томоохон бүтээн байгуулалт хийх эрмэлзэлтэй болсон.

-Залуучууд хөрөнгийн захаас мөнгө босгох боломж байгаа юу?

-Бээжин, Шанхайн залуус хөрөнгийн биржээс маш их мөнгө босгож байгаа.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • 123456789 (150.129.143.15)
    Тэтгэврийн данс улсдаа л байг. Та нар шиг нь оролдоод яахав.Ардчилал гэдэг үлгэр шиг болгох нь
    2020 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.108.227)
    тэтгэвэрээрээ хохирсон хүмүүс маш олон улс төрөөр хожсон нь олон УГЖ Сосорбарамын эхнэр улсад ажил хийж татвар төлсөн нь тун бага хугацаа гэтэл одоо сая төг аваад сууж бна. Зарим нь 30 гару жил ажил хийгээд 300-г аваад амьдарч бна
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.108.227)
    сайхан зүйл яриад цагаа болохоор хувирчихдаг шүү дээ. Энэ санаачлагчид хэрэг нь бүтэхээр үнэхээр тэтгэвэр авагчдад нэмэр болох уу? бас эргэлзээтэй
    2019 оны 12 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 7 цаг 0 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 7 цаг 10 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 8 цаг 12 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 8 цаг 30 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 8 цаг 30 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 8 цаг 38 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 8 цаг 50 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цаг 4 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 9 цаг 7 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 9 цаг 20 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 9 цаг 24 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 9 цаг 37 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 10 цаг 13 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 12 цаг 27 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 12 цаг 30 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 13 цаг 38 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 14 цаг 34 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 15 цаг 9 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 16 цаг 2 мин ОРОС дахь АЛЛАГА 16 цаг 59 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” ОРОС дахь АЛЛАГА Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top