x

Ж.Гомбожав: ҮХЦ ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг субьект байхаа больсон

Монгол Улсын гавьяат эдийн засагч Ж.Гомбожав гуайтай уулзаж ярилцлаа.

"Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд алсын үр дагавар муутай боллоо"

-2019 он өндөрлөж байна. Нэгэн жил болоод ер нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-2019 оны хувьд их сонин жил болж өнгөрч байна. Юуны өмнө энэ жил Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийлээ. Төр засаг энэ жилийн бараг 5-6 сарыг энэ асуудалд зориуллаа шүү дээ. Энэ асуудал яригдаж эхэлснээс хойш хоёр жил гаруй хугацаанд манай төр засгийн холбогдох байгууллагуудын ажлуудын нэлээд нь чиглэгдлээ. Миний хувьд Үндсэн хуулинд өөрчлөлтүүд хийх нь зүйтэй гэдэг байр суурьтай байдаг хүн. Гэхдээ Их хурлынхны баталчхаад баярлаад байгаа өөрчлөлтүүд бол таалагдахгүй байна.

-Таалагдахгүй байгаа шалтгаанаа та тайлбарлаж хэлэх үү?

-Би ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүний сонгуультай. Үндсэн хуулийг тогтоолцсон 430-аад депутатуудаас 230 гаруй нь амьд сэрүүн байна. Энэ холбооны тэргүүний хувьд бидний зүгээс “Ийм ийм өөрчлөлтүүд нь дутуу дулимаг байна” гэдгээ бичгээр болон биеэрээ уламжилсан. Нэгэнт өөрчлөлт хийх гэж байгаа бол тогтолцооны томоохон өөрчлөлт хийх нь зүйтэй. Сүүлийн гучаад жилийн хугацаанд ард иргэдийн амьдрал 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн зарчмаар хэрэгжиж, үр дүнгээ үзүүлж чадсангүй. Тэр нь бидний ойлгоод байгаагаар 1992 оны Үндсэн хууль муу болоод ийм зам руу орчхоод байгаа юм биш. Төрийн удирдлагад байгаа тодорхой нэр бүхий хүмүүсийн мэдлэг чадвар, ажил зохион байгуулах арга барилтай шууд холбоотой. Гурван парламент дамжсан юм чинь өөрчлөх нь зүйтэй гэж тайлбарласан. Энэ бол бидний бодож байгаагаар Үндсэн хуулиндаа биш. Манай нийгэмд шийдэгдээгүй олон асуудал хуримтлагдсан байна. Ялангуяа сүүлийн гурав, дөрвөн парламенттай холбоотой. Гэтэл эдгээр нөхдөд дутагдлаа чихэх эзэн хэрэгтэй болсон. Тэр эзэн нь амьгүйгээрээ Үндсэн хууль болж таарлаа. Үндсэн хууль руугаа хамаг буруугаа чихээд өнгөрөөе гэсэн зорилгын үүднээс ийм ажил хийлээ шүү дээ.

"ҮХЦ ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг субьект байхаа больсон"

-1992 оны Үндсэн хууль сайн хууль уу?

-1992 оны Үндсэн хууль бол өөгүй цэвэрхэн сайн хууль гэж бид өөрсдөө ч үзэхгүй байгаа. Тэр үед Үндсэн хуулийг шинээр батлахдаа дутуу бодсон зүйл нэлээд байгаа учраас өөрчлөлт хийх нь зүй гэж үзэж байгаа.

-Тухайлбал?

-Бид 1992 онд нэг намын тогтолцоо, нэг хүний удирдан чиглүүлэх үйл ажиллагаанаас татгалзаад 76 гишүүнтэй УИХ-ын нэг танхим байгуулсан. Гэтэл энэ нь хязгааргүй эрх мэдэлтэй, парламентын үйл ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг тогтолцоог нь үгүй хийчихсэн юм байна гэдгээ ойлгосон. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад хоёр танхимтай парламент нь зүйтэй байжээ. Манай улс 1924 онд шинэ Үндсэн хуулиа хоёр танхимтай баталж байсан. 1992 онд АИХ, бага хурал гэсэн хоёр танхимтай байсан. Би дээд танхимынх нь даргын албыг хашиж байлаа.
Тэр үед прокурор, шүүх, Засгийн газар хяналттай, хязгаартай байсан. Харин одоо ганц танхим нь дуртай юмаа хийдэг, дургүй юмаа хийдэггүй ийм тогтолцоо руу орчихжээ.

Хоёрдугаарт, бид тэр үед АИХ дээр Үндсэн хуулийн биелэлтэд хэн хяналт тавих вэ гэдгийг бодоогүй биш бодсон. Ингээд Үндсэн хуулийн цэцийг түүхэнд анх удаа байгуулсан. Үүнийг бас дутуу боджээ. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ-аас, гурвыг нь Дээд шүүхээс санал болгоод байгаа чинь өөр өөрийнхөө томилж өгсөн тэр хүмүүстээ үйлчилдэг гурван багц хүн болчхоод байна. Өөрөөр хэлбэл ҮХЦ бол ард түмний нэрийн өмнөөс хяналт тавьдаг субьект байхаа больсон байгаа нь бид хуулиа дутуу бодож хийсэн байна. Жишээ нь Үндсэн хуулиас эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр хэрэгжээгүй 19 жил болж байна.

-Тэр нь юу вэ?

-2000 онд Үндсэн хуулинд оруулсан долоон өөрчлөлтийг ҮХЦ эцсийн шийдвэрээ гаргаад энэ өөрчлөлтүүд хүчингүй 1992 онд батлагдсан. Үндсэн хуулийн бүх зүйл заалт хүчин төгөлдөр гуравхан заалттай гэсэн тогтоол гарсан нь биелэгдээгүй. Цэц ард түмний нэрийн өмнөөс Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүллээ. Гуравдугаарт, дээд танхим байхгүй учраас шүүх засаглалын байгууллагууд Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхдээ шударга ажиллаж чадахгүй байна. Уг нь эдгээр байгууллагуудад төр хяналт тавих ёстой шүү дээ.

 Хувь хүнийг хэдэн жилээр яллах вэ, ямар хэрэгт холбогдуулах вэ гэдэгт нөлөөлөх ёсгүй. Хууль мөрдөгдөж байна уу, үгүй юу гэдэгт төр хяналт тавих ёстой.Тэр өнөөдөр байхгүй учраас бүх шатны шүүх, прокурорууд, цагдаа, авлигатай тэмцэх газар дээр олон тооны хэргүүд завхарч байна.

Дээд хяналтгүй болсон УИХ чинь улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхолд нийцсэн хуулийн заалтуудыг органик хуулиудад оруулаад ял завшиж байгаа өдий төдий тохиолдлуудыг ард түмэн мэдэж байгаа. Тийм учраас өнөөгийн Монголын төр ард түмнийхээ итгэлийг алдсан. Мөн хууль дээдэлдэггүй төр болсон байна. Ийм төр хэзээ ч хүчгүй байдаг. Монголын нийгэм хүчгүй төртэй болжээ. Бидэнд хүчтэй төр зайлшгүй хэрэгтэй болоод байна.

"Улсын их хурал ард түмний төлөөлөгч болохоос намын төлөөлөл биш шүү дээ"

-Тэгвэл хүчтэй төрийг яаж бий болгох вэ?

-Төрийнхөө тогтолцоог л өөрчлөх ёстой. Үүнийг өмнө өгүүлсэн.

-Энэ жилийн Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтүүдээс та ямар хор холбогдол олж харж байна вэ?

- Жишээлбэл сая Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа намыг энэ хуулинд оруулаад ирлээ шүү дээ. 1992 оны Үндсэн хуулинд нам гэж нэр дурдагдсан 78, зүйл байдаг ч ийм өндөр үүрэгтэй байгаагүй. Өнөөгийн өөрчлөлтөөр нам төрийн бүтцийн байгууллага болж орж ирээд тэр байтугай санхүүжилтийг нь төрөөс зохицуулахаар болж байх шиг. Энэ маш хортой. Энэ заалттайгаа уялдаад Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч Улсын их хурлаасаа хасч байна. Их хурлын эрх мэдлийг хасна гэдэг чинь цаагуураа ард түмний эрх мэдлийг хасч байна гэсэн үг. Улсын их хурал гэдэг чинь ард түмний төлөөлөл болохоос намын төлөөлөл биш шүү дээ.

Өнөөдийн их хурлын 76 гишүүн ард түмний төлөөлөгч биш намын төлөөлөл болсон байна. Удирдах зөвлөл дээр ямар шийдвэр гаргана түүнийг намын бүлэгт даалгавар болгодог. Намын бүлэг нь ямар шийдвэр гаргана түүнийг УИХ-ын гишүүд өөрийн бодол, толгойгүйгээр хэрэгжүүлдэг, кноп дардаг хүмүүс болчихсон байгаа шүү дээ. Бид ийм тогтолцоог 70 гаруй жил мөрдөж яваад 1990 оны хоёрдугаарт 23-ны өдөр энэ эрх мэдлээсээ нам татгалзсан шүү дээ. Гэтэл тэрийг сэргээсэн заалт болсон. Хоёрдугаарт, Ерөнхий сайдад эрх мэдлийг өглөө. Ерөнхийлөгч ёс төдий оролцох юм байна. Ерөнхий сайд, сайд нараа шууд томилно. Ерөнхий сайд ялсан намын дарга болдог. Тэгтэл сайд нь агентлаг, газрынхаа дарга нарыг намынхаа хүнээр тавина. Тэр дарга нар нь хэлтсийнхээ дарга, мэргэжилтнүүдээ мөн л ингэж тавина. Монгол Улсын засгийн газар ялсан намын Засгийн газар буюу ажил олгогч том эзэн болж хувирч байна. Гэтэл манайх чинь маш тогтворгүй улс төртэй улс. Дөрвөн жилийн дотор л ээлжлээд, солигдож байдаг. Ийм байхад улс орны ажил явах уу. Төрийн мэргэшсэн албан хаагч гэж үгүй болох ийм хортой өөрчлөлтийг хийлээ гэж үзэж байна.

Бас нэг зүйл гэвэл 2000 онд оруулсан саналыг илээр хураах заалт хэвээр үлдлээ. Саналыг илээр хураалаа гэдэг чинь намын дарга нь манай намын гишүүд бидний шийдвэрийн төлөө саналаа өгч байна уу, үгүй юу гэдгийг хянаад хар дэвтэртээ бичиж байна л гэсэн үг. Мөн шүүх засаглалтай холбоотой ноцтой заалт орлоо. Дээд шүүхийн тавыг нь УИХ-аас, тавыг нь өөр газраас томилохоор боллоо. Энэ чинь төр, шүүх засаглалд нөлөөлж өөрийнхөө хүнийг тавих боломжийг бүрдүүлж өгч байгаа гэх мэтчилэнгээр энэ жилийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд алсын үр дагавар муутай өөрчлөлтүүд боллоо.

-Бид болохгүй байна гээд Үндсэн хууль, Сонгуулийн хууль, бусад хуулиа өөрсдөдөө тааруулж өөрчилж байна. Ёс зүй өөрчлөгдөхгүй бол юу өөрчлөгдөх юм бэ. Тухайлбал энэ жил олон албан тушаалтнууд асуудалд орооцолдлоо. Энэ талаарх таны бодол...?

-Ер нь хүн төрөлхтөн хоёр л хэм хэмжээг дагаж амьдардаг. Нэгдэх нь хууль. Хуульчлагдаагүй бүхэн ёсзүй дээр тогтож байгаа. Жингийн туухай дээр тавих юм бол бараг 90 хувь нь ёсзүй дарах байх шүү. Тухайлбал 530-600 хууль баталсан гэж ярьдаг. Германд бол 1200-1500 хуультай гэхэд маш цөөхөн зүйлийг хүний нийгэм хуульчилдаг. Хүн нийгмийн харилцааны бараг 90 хувь нь ёсзүй дээр тогтож байна гэсэн үг. Манай өнөөдрийн төрийн хүч чадал муутай байгаа нь хоёр зүйлээс шалтгаалж байна.

-Тэр хоёр нь...?

-Нэгдүгээрт, төрд бэлтгэгдсэн боловсон хүчнийг манай сонгогчид сонгож чадахгүй байна. Хэн мөнгөтэйг, хэн эрх мэдэлтэйг л дагаж хошуурч байна. Миний ганц санал ямар нөлөөлөх юм биш тэрэндээ өгчихье гэдэг. Мөн манай сонгогчдын дийлэнх олонх нь сонгуульд оролцохоо байчихсан. Тэр дундаа залуучууд ерөөсөө сонгууль өгдөггүй. Ахмад настнууд бүр сонголтоо өөрчлөх тухай бодохыг ч хүсдэггүй. Сонголт нь бүр хэвшил болчихсон байдаг. Сонгогчдын улс төрийн боловсрол их муу байна. Намууд энэ тал дээр ажиллаж байх учиртай. Нам үзэл баримтлалаараа ялгарч байх ёстой. Хоёрдугаарт, төрийн бодлогын залгамж чанарыг намууд дагаж явах учиртай. Гэтэл сонгууль бүрээр өөр өөр хөтөлбөр боловсруулдаг нь энэ улсын алс ирээдүйг бодсон юм байдаггүй.

Төрийн дунд урт хугацааны бодлогод нийцүүлсэн хөтөлбөрийг нам боловсруулан гаргах учиртай. Түүнд тавьдаг хяналт гэж байхгүй. Дээд шүүх бол намыг ёс төдий бүртгэдэг л ажил хийдэг. Дээд шүүх уг нь намуудыг бүртгэхдээ төрийн бодлогын дагуу энэ намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавих механизмыг нь хуулиар хийж өгөөгүй. Энэ дотроос хамгийн засууштай зүйл нь манай төрийн дээд байгууллага ч, аппарат ч мэргэшсэн боловсон хүчин байхгүй болсон. Бид бэлээхэн харж байна шүү дээ. Жишээ нь хаантай улсууд тэр хааныг эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас нь бэлдэж хүмүүжүүлж байна. Манай төрийн дээд албан тушаалтнууд яаж бэлтгэгдэж байна вэ.

"Монголын гол тулгуур буюу монгол хүн боловсролтой болох уу, монгол хүн эрүүл байх уу гэдгийг манай эмэгтэйчүүд шийдэж байгаа"

-2020 он сонгуулийн жил. Олон нийт одоогийн засаглалд итгэл алдарч, аргаа барж хэнд, юунд итгэхээ ч мэдэхгүй байх шиг...?

-Ард түмэн бол аргаа барна гэж байхгүй. Ард түмэнд арга байгаа. Ард түмэн үнэн зөв мэдээлэлгүй байна. Хоёрдугаарт эвлэлдэн нэгдэж чадахгүй байна. Мөн улс төрд ямар замаар, хэнийг дагаж орох вэ гэдгээ шийдэж чадахгүй байна. Зориуд ард түмнийг мэдээллээр будлиантуулж байна. Нэг дуулиан шуугиантай хэргийг нөгөө дуулиантай хэргээр дардаг арга хэрэглэдэг болов. Өмнөх дуулиан шуугианаа мартаад дараагийнхыг нь дагаад явдаг. Ингэсээр байгаад ерөөсөө хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж байгааг ялгахаа болилоо. Энэ бол ард олны цөхрөлийг бардаг муу бульхайтай, зальтай улс төрчдийн сонгодог арга нь.

Тиймээс би Монголын ард түмэнд хандаж эвлэлдэн нэгдээч ээ Монголынхоо төлөө гэж хэлмээр байна. Алийн болгон аль нэг бүлэглэл дагаж талцах юм бэ. Яг хуульзүйн бүртгэлээр нь авч үзэх юм бол 35 намтай, тэднийг дагасан хэрэгтэй, хэрэггүй баахан байгууллага байна шүү дээ.

-Улс төрд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо дутсанаас нийгмийн хамгийн эмзэг асуудлууд орхигдож байна гэж үзэх хандлага их байдаг. Аргаа бараад төрд эмэгтэйчүүдийг олшруулбал байдал дээрдэнэ гэж үзэх нэг хэсэг ч байна. Жишээ нь одоогийн төрд байгаа эмэгтэйчүүд 30 хувийн квотын төлөө шаардах хуудас барьж тэмцэж байна. Та энэ талаар юу гэж үздэг вэ?

-Монголын хүн ам сүүлийн жилүүдэд их өслөө. Хүн ам өсөхийн хэрээр энэ нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байна. Одоо олон салбарт эмэгтэйчүүд удирдах албан тушаалыг хашиж байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, шүүх, үйлчилгээний байгууллагууд гэх мэт Монголын гол тулгуур буюу монгол хүн боловсролтой болох уу, монгол хүн эрүүл байх уу гэдгийг манай эмэгтэйчүүд шийдээд аваад явж байна. Би шийдвэр гаргах түвшин гэдгийг зөвхөн Их хурал, Засгийн газар, яам тамгын газар гэж битгий ойлгоосой гэж хэлмээр байна. Та нарын нуруун дээр энэ улсын гол салбарууд явж байгаа шүү дээ. Монгол хүн хойшид дэлхийн жишигтэй боловсролтой байх уу, монгол хүн хүмүүжилтэй Монголоо гэсэн сэтгэлтэй байх уу гэх мэт дээр манлайллаа үзүүлмээр байна.

Бид Япон ямар сайхан хөгжилтэй улс вэ, тэдэн шиг хөгжмөөр байна гэдэг. Тэгвэл тэр Японд чинь эхчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг роль маш өндөр байдаг. Гол нь төрөөс нь энэ тал дээр нь маш их дэмжлэг үзүүлдэг. Дарга болох эмэгтэйчүүдийн тоо цөөхөн, нийгэмд нөлөөлж чадах бүсгүйчүүдийн тоо олон байх нь. Энэ үүргээ бүр сайн биелүүлэх нь зүй. Гэхдээ миний энэ хэлж байгаа санаа төрийн дээд албан тушаалд эмэгтэйчүүд ороход дургүй байгаа санаа огтхон ч биш шүү. Төрийн дээд албан тушаалд эмэгтэйчүүд гараасай гэж дэмждэг хүний нэг нь би.

 Гэхдээ өнөөдрийнх шиг Их хуралд байгаа эмэгтэйчүүд шиг квотоор орох гэж зүтгэх нь ганц хувилбар биш. Төрдөө эмэгтэйчүүдээ бэлтгээч ээ. Төрийн албан тушаалд очоод нэг яамыг аваад явчих хэмжээний, хууль тогтоолцох хэмжээний хүмүүсээ өөрсдөө гаргаад ирээсэй. Тэр гаргах эрх нь эмэгтэйчүүдэд өөрсдөд нь байгаа. Хүн амын 51 гаруй хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүд хүн амын цөөнх байгаа эрчүүдээс квот бүү гуйх нь бараг дэмий юм биш үү. Квот бүү гуй, эрчүүдийг бүү гуй, өөрсдөө хүлээн зөвшөөрүүлээд гараад ир гэж хэлмээр байна. Янжмаа гуай шиг, Удвал гуай шиг эмэгтэйчүүдээ өөрсдөө гаргаад ир. Энэ эрх мэдэл, энэ боломж эмэгтэйчүүд өөрсдөд нь байдаг юм шүү.

-Гэхдээ эрчүүд, эмэгтэйчүүдээс илүү лобби хийдэг, түүгээрээ шийдвэрээ хүч түрж гаргадаг. Эмэгтэйчүүдийг төр барилцахад дуртай биш эсвэл цөөнх болохоор нь үгийг нь сонсохыг хүсдэггүй гэдэг шүү дээ...? Та үүнд бас эрэгтэй хүний зүгээс хандаж байна уу?

-Ер нь лобби хийж төрийн хэргийг явуулж байгаа нь өөрөө буруу шүү дээ. Эр ч бай, эм ч бай мөнгөөр асуудлыг шийдэж байгаа нь өөрөө луйвар, булхай. Ард түмний мөнгийг буруу замаар буцааж авъя гэсэнтэй агаар нэг. Мөнгө тарааж байгаа хүнийг сонгохгүй байх хэрэгтэй. Би жишээ нь 1976 оноос эхлээд АИХ-ын депутатаар ажилласан.

Тэр үед бүх хүн адилхан А4-ийн хэмжээтэй цаасан дээр намтар, түүхээ бичээд энэ хүний төлөө саналаа өгнө үү гэсэн ганцхан лоозонтой тэгж л өрсөлддөг байсан шүү дээ. Өөр сурталчилгааны шанага, таваг, бидон байгаагүй шүү дээ. Тэгж яах юм. Түүнийг би одооныхоос муу байсан гэж би хэлэхгүй. Эмэгтэйчүүд, эрчүүдийг та нар биднээс илүү мөнгө гаргаж байна гэж байгаа бол буруу. Чи үнэхээр гармаар байгаа бол тэр дүүргээсээ, тэр аймаг, сумандаа хүлээн зөвшөөрөгдөж танигдсан байх ёстой шүү дээ. Би эрдэмтэй, номтой, ёсзүйтэй, чадвартай гэдгээ баталсан байх хэрэгтэй. Сонгогчид ч тийм л хүнийг олж судлаад сонгох хэрэгтэй.

Гэхдээ ер нь эмэгтэйчүүдээ унагадаг сонгогчид нь эмэгтэйчүүд өөрсдөө л байдаг гэдгийг ч бас хэлмээр байна. Энэ чинь атаархуу зантай нь шууд холбоотой. Монголчуудын тамын тогооны үлгэр гэдэг чинь энэ. Тэгэхээр бид атаа жөтөө, албан тушаалын хэнээ, мөнгөний шуналаасаа эр, эмгүй татгалзах хэрэгтэй.

-Сонгуулийн хууль нь хувь хүн чадлаараа гараад ирэхэд нь боломжтой тийм хууль мөн үү?

-Сонгуулийн хууль сонгогчдод зориулсан хууль. Тийм ч байх ёстой. Гэтэл одоо өөрийгөө сонгуулах гэсэн хүмүүс нь тэр хуулийг өөрсдөдөө тааруулаад батлаад байгаа байхгүй юу. Жишээ нь 1991 оны Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт би орж ажилласан. Бид малчин, ажилчин, сэхээтний төлөөллүүд тэр хуулийн төслийг боловсруулалцахад бүгдийг нь оролцуулсан.

Тэгээд тэр үед хамгийн ардчилсан, хамгийн зардал мөнгө багатай сонгуулийг бид хийж чадсан. Ер нь 1991 оных шиг сонгууль сүүлийн 30 жилд болсонгүй шүү дээ. Хүссэн хүн өөрийгөө, хамт олон нь хүнээ дэвшүүлж байсан. Энэ намууд чинь 30-аад жилийн дотор өөрөө төлөвшиж чадаагүй байна. Намаас дэвшдэг болсон юм бол нам хүнээ бэлтгэж боловсруулах ёстой.

"Төрийн өндөр албан тушаалтны алдааны хор хохирол нь засагдахын аргагүй байдаг тул алдаа гаргах эрхгүй"

-Төрийн түшээ хүн гэж ямар байх ёстой вэ, ямар хүнийг сонгогч сонгох ёстой юм бэ?

-Манайх өнөөдөр төрд намаас орж ирдэг тогтолцоотой. Нам бол тухайн улс орны оюуны чадамжтай, ёсзүйтэй, Монголоо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй элитүүдийн эв санааны нэгдлийн байгууллага байх ёстой. Төрийн түшээ хүн гэдэг төрийн доод буюу анхан шатны байгууллагаас бэлтгэгдсэн хүн байх ёстой. Төрийн түшээ хүн гэдэг Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн болоод сурч байдаг хүн биш. Сонгогдлоо шууд ажлаа аваад явж чадах хүн байх ёстой. Түүнээс биш бараг албан тоот ч төлөвлөж үзээгүй хүн төр барилцаад “Би алдаа гаргачихлаа ахиад эхнээс хийе намайг дахиад сонгоод өгөөч” гэдэг ажил биш.

1992 оны хоёрдугаар сард Солонгост 21 хүнтэй баг авч явж сургалтад хамрагдсан. Бид ирээд Засаг захиргааны яам гэдгийг байгуулаад хууль боловсруулсан. Тэр хуулиар одоогийн мерит гэж нэрлээд байгаа шатлан дэвших тогтолцоо юм. Жишээ нь, сайдыг төрийн албанд дор хаяж 25 жил ажилласан хүн хийх ёстой. Түүнээс биш нэг өглөө босоод хийчихдэг ажил биш. Тохиолдлын байдлаар төрд сонгогдсон хүмүүс “Би ажил хийж байгаа юм чинь алдаа гаргалгүй яах вэ” гэдэг. Төрийн өндөр албан тушаалд ажиллаж буй хүн алдаа гаргах эрхгүй. Ийм албан тушаалтнуудын гаргасан алдааг засах боломж байдаггүйгээрээ ард түмэнд хор хөнөөл нь өгүүлшгүй их байдаг. Тийм учраас төрд мэдлэгээр, сэтгэлээр, зүтгэлээр, чадвараар бэлтгэгдсэн хүнийг л сонгох ёстой. Тэр хүнийхээ тухай судалж мэдэх хэрэгтэй.

Аав, ээж нь, өвөө, эмээ нь хэн юм, юу хийж бүтээж, ямар алба хашиж байсан юм бэ гэдгээс л эхэлнэ. Сонгогчид өөрсдөө юм уншиж мэдэх хэрэгтэй. Ер нь юм өгөөд байгаа хүн чинь “Би чадваргүй хүн тул миний хөрөнгөнд саналаа өгөөч ээ” гэж байгаагаас ялгаагүй шүү дээ. Сонгуулийн сурталчилгааны хоногууд нь маш цөөхөн бүх юм нь бужигнаад их л яарсан улсууд байдаг. Монголчууд үүнийг чинь “Бушуу туулай борвиндоо баастай” гээд хэлчихсэн байна шүү дээ. Бушуухан бушуухан гэж яаруулаад булхайгаа баталгаажуулах гээд яараад байна. Төрийн эрхээ хэнээр бариулах сонголтондоо ингэж яаруу сандруу хандах нь цаанаа өөр учиртай байна. Тэр албан тушаалд тэд яарч очих гээд байна шүү дээ.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top