Байшин, орон сууцны улсын тооллого нийслэлд 11-р сарын 19-нөөс эхэлж энэ сарын 22 хүртэл явагдана. Тооллогоор бэлтгэгдсэн тоологч айл өрхөөр орж, тооллогын асуулгыг таблет төхөөрөмжөөр бүртгэнэ гэж Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.
Иймээс тооллогын үеэр эзгүй байсан айл өрхийн иргэдийг тооллогод хамрагдахын тулд харьяа хороо, дүүргийн тооллогын Түр товчоонд хандаж, тооллогод хамрагдахыг уриаллаа.
Хүн ам, орон сууцны улсын хэмжээний тооллого ирэх оны эхээр болохтой холбогдуулан нийслэлийн байшин, орон сууцны тооллогыг энэ онд багтаан явуулж байгаа аж. 1960 оноос хойш анх удаа хаягийн зурагт суурилсан бие даасан байдлаар тооллогыг явуулж байна.
Уг тооллогыг явуулснаар, Монгол Улсын байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн тодорхойлох бөгөөд орон сууцны фонд, хийц, ашиглалт, хүчин чадал, дэд бүтцийн хүртээмжийн талаар мэдээллийн дэлгэрэнгүй сантай болох гэнэ.