x

Дундаж давхаргынхаа "турсагыг хуулах" бодлого

Ажил хийвэл ам тосодно, гар хөдөлбөл ам хөдөлнө гэдэг зүйр үг утгаа алджээ. Харин, бидний гар хөдөлбөл дарга нарын ам хөдөлнө, бид ажил хийвэл дарга нар ам тосодно гэвэл онохоор болж. Ямар xapгиc, хүнээ боддоггүй, хүйтэн хөндий удирдлага дор бид амьдарч байгаа юм бэ. Гомдмоор...

Ийн гомдоллох хамгийн тод бөгөөд хангалттай үндэслэлтэй жишээ нь одоо ид яригдаж буй нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл.

ХАМГААЛАЛТГҮЙ ДУНДЖУУДЫГ ХАВХАНД ОРУУЛАХ ДАРАМТ

Олон улсын валютын сан 2016 онд манай улсыг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хамруулахдаа төсвийн орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр олохыг зөвлөсөн. Ингэхдээ олон улсад ашигладаг өв залгамжлалын болон үл хөдлөх хөрөнгийн татварыг шинээр бий болгох нөхцөл танай улсад хэдийнээ бүрджээ хэмээн сануулсан байдаг.

Харин манай эрх баригчид үүнийг нь сонссон ч сонсоогүй дүр үзүүлж, нүдээ анин чичирсээр хадгаламжийн хүүгийн орлого, суудлын автомашин, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг долоон төрлийн татвар нэмэгдүүлэхээр болсон. Анзаарав уу. Үл хөдлөх хөрөнгийн болон өв залгамжлалын татвар дээд давхаргынханд, тодруулбал, улс төр, бизнесийн чинээлэг эрхмүүдэд илүү хамаатай.

Харин бусад нь өөрийгөө хамгаалах эрх мэдлийн болон хөрөнгө санхүүгийн чадамжгүй, ганц л эвгүй гишгэвэл ядуурал хэмээх ангал руу нисэхэд бэлэн, олсон дээгүүр бэхэлгээгүй алхагчтай төстэй дундчуудын халааснаас гарах татвар, шимтгэл. Эрх баригчид мөрийн хөтөлбөр дэх “Татвар нэмэхгүй” гэх амлалтаа зөрчин байж шийдвэр гаргахдаа ингэж хандсан байдаг. Энэ нь бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ.

Нэгэнт ярьж эхэлснийх, хөдөлмөрийн хөлсөөрөө амьдралаа залгуулдаг дундчуудад хамгийн их хамаатай нийгмийн даатгалын шимтгэлээр жишээ авъя. Энэ парламентаас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг батлахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд мөн хоёр хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнийг тухайн үед хэвлэлүүд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага ч нэлээд эсэргүүцсэн санагдана. Тэгэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар “2020 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бүх арга хэмжээг авна” хэмээн амласан ч үүнийгээ ор тас мартжээ.

Одоо тэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх саналыг 2020 оны төсвийн төсөлд тусган, парламентаар хэлэлцүүлж байна. Төсөв энэ чигээрээ батлагдвал ажил эрхлэгчид цалингийнхаа 26 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая төгрөгийн цалинтай хүн 125 мянган төгрөг хувиасаа, байгууллагаас нь 135 мянган төгрөг нийгмийн даатгалд өгнө.

Үүн дээр хүн амын орлогын албан татварт 87.5 мянгыг төлөөд, гар дээрээ 787.5 мянган төгрөг авна. Нэг сая төгрөгийн цалинтай хүн нийт цалингийнхаа 21.3 хувь буюу 212.5 мянгыг улсад тушаана гэсэн үг. Ажил олгогчийн төлснийг нэмбэл 347.5 мянган төгрөг босно. Тухайн хүнийг ажиллуулж буй байгууллага ажилтандаа их цалин өгөхийнхөө хэрээр өндөр татвар төлөх нь шийтгэл гэмээр.

Дарга нар “Манай улс татвар багатай” гэж байна билээ. Энэ чинь бидэнд, тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүмүүс “Мөнгө амьдралын чухал зүйл биш” хэмээдэгтэй адил тохуутай сонсогдож буйг ойлгож байна уу. Цалингаас цалингийн хооронд өр зээл төлж, урд хормойгоороо хойдохоо нөхөж явдаг, авсан хэд нь амьдралд нь хүрэлцдэггүй. Дэлхийн жишигтэй харьцуулаад ч хэрэггүй бага хөдөлмөрийн хөлстэй бидний хувьд 20 гаруй хувийн татвар, шимтгэл гэдэг дааж давахад бэрх ачаа. Тэр тусмаа тансаг хэрэглээ, өв залгамжлал гэх мэт нийгмийн хөрөнгөлөг хэсэгт хандсан татвараас зайлсхийж, дундаж давхаргын шүүсийг шахаж буй чинь эгдүүцэл төрүүлээд байна.

Цалингийн хэмжээ нэмэгдэх тусам хувь хүн, байгууллагад ирэх ачаа хүндэрч, энэ нь арай ядан хөл дээрээ тэнцэж буй аж ахуйн нэгжүүдийн амыг барих шалтгаан болж байгааг, ажил олгогчид хаалгаа барьдаггүй юм гэхэд цалин нэмэх, шударгаар татвар, шимтгэлээ төлөх сонирхол хумигдсаныг харалган түшээд ойлгохгүй нь гачлантай.

Хүнээ бодсон нийгэм урагшилж, хөгждөг гэдэг. Харин манайд хүнээ бодох, хүн рүү чиглүүлэх бодлого нэгээхэн ч алга. Яг үнэндээ манайд бэхжиж тогтсон дундаж давхарга байхгүй. Харин юуны ч төлөө юм бүү мэд, ажиллах л ёстой гэж бодож тэрэгний морь мэт зүтгэдэг, түүнийхээ буянд ядуурлын гүн рүү живчхэлгүйхэн дүүжигнэж явдаг, ядуурлын ирмэг дээрх давхаргынхан бий. Үүнийгээ бид дундаж давхарга хэмээн нэрлэж буй.

Хүн амын 10 хүн нь ядуу байх хаана ч байх үзэгдэл гэх юм билээ. Харин манайд 30 хувь нь ядуу, 55 хувь нь ядуурлын ирмэгт байгааг мэргэжлийн байгууллагын судалгаа хэлдэг. Энэ бол маш олон зүйл буруу байгаагийн илрэл. Монголчуудын 85 хувь нь ядуу болон ядууралд туйлын ойр амьдарч буйд өөрсдөөс нь гадна өрөөлийн хүчин зүйл олон байгаа. Тэгш бус байдал, хязгаарлагдмал боломж, хүнээ орхисон бодлого гээд олон зүйлийг нэрлэж болох ч улиглахыг хүссэнгүй.

Тиймээс дундаж давхаргаа хамгаалах талаар дорвитой бодлого гаргаж, хэрэгжүүлэх, ядаж л тэднээ сөхөрч унатал нь дарамталдаггүй байх талаар дорвитой алхам хийх хойшлуулшгүй, зайлшгүй шаардлага байгааг төр, засгийнхан минь анзаараасай.

ТЭТГЭВЭР ӨГӨХГҮЙ БАЙХ БОДЛОГО ХЭРЭГЖИЖ БАЙХАД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХЭРЭГ БАЙНА УУ

Ингэхэд бид яах гэж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг вэ. Өвдөж зовбол эмнэлгийн үйлчилгээ авах гэж, насны эцэст тэтгэвэр авч, хэдэн жил хөл хөсөр, гар газар суун, амьдралынхаа туршид зүтгэсэн муу биеэ амраах гэж л биш гэж үү. Гэтэл бодит байдал дээр тэгж чадаж байна уу. Ирээдүйд ингэж чадах уу.

Өнөөдрийн хэрэгжиж буй бодлогоор бол энэ бүхэн үлгэр, хий хоосон горьдлого гээд хэлчихье. Үүнийгээ ч тайлбарлая.

Нэгдүгээрт, бидний бүтэн сарын турш амсхийх чөлөөгүй зүтгэж байж авдаг цалингаас минь авах 26 хувийн шимтгэл миний нэр дээр хуримтлагдахгүй. Ажил олгогч, даатгуулагчийн тухайн жилд төлсөн шимтгэлийн орлогоор Нийгмийн даатгалын санг бүрдүүлж, тэр дор нь зарлагаддаг.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сан доторх Тэтгэврийн, Эрүүл мэндийн, Ажилгүйдлийн, Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин (ҮОМШӨ)-ий болон Тэтгэмжийн даатгалын зэрэг таван санг бидний төлсөн шимтгэлээр санхүүжүүлдэг.

Уг нь Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар 1960 оноос хойш төрсөн нийгмийн даатгал төлөгчдийг бүртгэж, нэрийн данстай болгосноор хуримтлал үүсгэх ёстой ч уг мөнгийг үе үеийн Засгийн газар сонгуулийн шоунд, төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж ирсэн. Бас шат шатны албан тушаалтнууд, улстөрчид сангийн мөнгөөр сайхан тоглодог. Нас барсан иргэдийн тэтгэврийг үргэлжлүүлж авдаг төрийн доод, дунд шатны албан хаагчид нийгмийн даатгалын сангийн мөнгийг эзэмшлийнхээ банканд байршуулж байгаад дампууруулдаг улстөрчдийн тухай бишгүйдээ л сонсоо биз дээ.

Хамгийн ойрын жишээ нь энэ онд дампуурлаа зарласан “Капитал" банканд Нийгмийн даатгалын сангийн 300 тэрбум төгрөг үгүй болсон. Үе үеийн эрх баригчид Нийгмийн даатгалын сангийн мөнгийг сонгуулийн сурталчилгаандаа ашигладаг талаар барим тавим ярьж л байдаг. С.Эрдэнэ л гэхэд  сайд байхдаа тойргийнхоо сумдад эл сангийн мөнгөөр хэн суух нь тодорхойгүй байшинг хэд хэдээр нь  бариулж байв. Нийгмийн даатгалын  ганц байцаагч ажилладаг сумд  бүхэл бүтэн байшин бариулсан нь тансаглал гэхэд ч багадах бөгөөд сангийн мөнгийг угаасан хэрэг гэдгийг тухайн үед олонтоо ярьсан билээ.

2015 оны төсвийн тодотголыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр Ө.Энхтүвшин гишүүний хэлсэн үгийг иш татая. “Та нар 2015 оны төсвийн тодотголд туссан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хар даа. Энэ жил Нийгмийн даатгалын сан 15 тэрбум төгрөгөөр байшин, хашаа, хайс барина гэсэн байна. Хямралын үед ингэж болдог юм уу. Нийгмийн даатгалын сан байшин барьдаг газар уу. Тэтгэврээ тавих, нэмэгдүүлэх, санг өсгөх талаар бодож болдоггүй юм уу. Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэтэй зэрэгцээд байшин бариад явж байна. Ирэх онд бас  30 тэрбумаар байшин барина гэж байна, сангийн мөнгөөр, Тэтгэврийн мөнгөөр С.Эрдэнэ сайд байшин бариад дуусгалаа шүү дээ” хэмээсэн нь түүх болон үлджээ.

Төлсөн шимтгэл минь иймэрхүү маягаар зарцуулагддаг. Харин бид насны эцэст “шүлс” шиг жаахан тэтгэвэр авбал зол, авч чадахгүй байж ч мэднэ. Тодруулбал, өндөр насны тэтгэвэр тогтоох насыг жил бүр гурван сараар уртасгах эрх зүйн орчин үйлчилж буй. Эрэгтэй 60, эмэгтэй 55 настайд тэтгэвэр тогтоолгох эрх нээгддэг байсан бол дээрх зохицуулалтаар жил бүр гурван cap нэмэгдсээр 1977 оноос хойш төрсөн эрчүүд, 2002 оноос хойш төрсөн эмэгтэйчүүд 65 нас хүрч сая тэтгэврийн бараа харна.

Мөн өмнөх зохицуулалтаар 20 жил шимтгэл төлсөн бол тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг байсан бол энэ хугацаа мөн л гурав, гурван сараар уртассаар 2037 оноос 25 жил шимтгэл төлсөн хүн тэтгэвэр тогтоолгох эрхтэй болох нь. Түүнчлэн өмнө нь дараалсан таван жилийн дунджаас тэтгэвэр тогтоодог байсан бол ирэх оноос долоон жилийн дунджаас бодно. Үүнийг тэтгэвэр өгөхгүй байх, егсөн ч багаар тогтоох гэсэн бодлого гэхээс өөр юу гэх вэ.

Тодруулъя. Дараалан долоон жил өндөр цалингаас нийгмийн даатгал төлөх боломж манайх шиг тогтворгүй хөдөлмөрийн зах зээлтэй улсад тийм ч нийтлэг биш. Ялангуяа эмэгтэйчүүдэд ийм боломж туйлын хомс. Улсад 25 жил ажиллаж, өндөр шимтгэл төлсөн ч дундуур нь хүүхэд төрүүлэх гэх мэтээр завсардвал тухайн хүн өндөр тэтгэвэр авахгүй.

Жишээ нь, нэг сая төгрөгийн цалин авдаг хүн үүнийхээ 45 хувь буюу 450 мянган төгрөгийн тэтгэвэр авах ёстой. Гэтэл сая төгрөгийн цалингаасаа 25 жил шимтгэл төлсөн ч үүнийхээ долоон жилд нь дараалж төлөөгүй, жирэмсний амралт болон хүүхэд асарсны чөлөө авах гэх мэтээр завсардвал түүний тэтгэвэр 300 мянга орчим болж багасна гэсэн үг. Насаараа шимтгэл төлсний эцэст бага ч болов тэтгэвэр авбал зол, авч чадахгүй нөгөө ертөнц рүү одох хувь тавилан та бидний хэдийг хүлээж буйг таашгүй.

65 гэдэг монголчуудын хувьд өндөр нас шүү дээ. 65 хүрч тэтгэвэр тогтоолгоод, маргааш нь мажийвал “хохь чинь” болоод өнгөрнө. Ийм л бодлого хэрэгжиж байна. Төр засаг маань тэтгэвэр өгөхгүй байх, аль болох багыг өгөх бодлого хэрэгжүүлж байхад бид нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэрэг байна уу. Шимтгэлд төлдөг мөнгөө хадгаламжид хийх боломжийг шаардвал яасан юм бэ.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (49.0.218.253)
    Bayn yduugiin tuiluud boloh ni yanaa
    2019 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.78.7)
    Boli l doo pzdanuudaa arai davraad bgn bishuu humuus udaan ingej bj tesehgui shuu llruuda
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.14)
    Энэ сарын 26,27 ны өдрүүд бүх нийтээр амрах өдөр байгаатай холбоотой 25ны 1дэх өдрийг 30ны хагас сайн өдөр шилжүүлж болох уу
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • Бухимдсан иргэн (202.126.89.222)
    Яг үнэн, бид цалин гэж авсан мөнгөнөөс 14% НДШ, хүн амын орлогын 10%, дээр нь ахиад нэмэгдсэн өртгийн татвар 10% нийт 30 орчим хувь, байгууллагаас 15% гэхээр 45%- ийн татвар улсад төлж байна шдээ.
    2019 оны 11 сарын 18 | Хариулах
  • Irgen (202.9.45.53)
    Tag unen 30 garui jil ajillaad suuh bson chin baga tetgever onoloo arai haramsaad bn arai ch dee huneer nodding hun mergejiltenguud bn uu ard tumnee zuil uursduu uren taran hj bn shuu dee1960 s hoishih ih hohirch bn bidnii ued tsalingiin zaagd bsan
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • Иргэн (103.212.117.191)
    Хүмүүс ойлгохоор бичсэн байна баярлалаа. Энэ төрд байгаа нөхдүүдийн харалган ард түмнээ боддоггүй, үе үеийн сайд дарга нарт хариуцлага тооцох цаг ирэх байх! Бид энэ нөхдүүдтэй тэмцэх л хэрэгтэй юм байна. С.Эрдэнэ бол ёстой төрөөс хол шоронд байх нөхөр б.а С.Чинзориг гэж бас бүтэхгүй сайхан тархи угаасан новш байна та нарыг ард түмэн яллах цаг иргэн!
    2019 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.246)
    Даатгал төлөхгүй тэр мөнгөө хадгаламжинд.банкинд хүүтэй хийсэн нь дээр юм байна даа.эсэргүйцэх хэрэгтэй.бидний үр хүүхдүүдэд маш хүнд байна.ямарч ашиггүй татварыг эсэргүүцэж босох хэрэгтэй.
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Nn (192.82.73.120)
    Enenii esreg ed ajiilaj bga zaluuchud temtseh hergte daatgal tuluhguiger ajilmar bn yamr ch herggui ter mungu hadgalmar bn ted nariig tejeeh gj .... hugjulj bga ch um alga idej uugal luiwardaal
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.89.246)
    Unexeer uur xurch bn
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 7 цаг 57 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 10 цаг 48 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 10 цаг 49 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 10 цаг 51 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 10 цаг 53 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 10 цаг 53 мин Газрын тосны үнэ дахин өслөө 10 цаг 54 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 10 цаг 55 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 12 цаг 45 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 13 цаг 0 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 13 цаг 5 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 13 цаг 6 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 13 цаг 8 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 13 цаг 8 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 15 цаг 35 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 15 цаг 39 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 15 цаг 40 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 15 цаг 41 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 15 цаг 43 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 16 цаг 45 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top