x

Хулгайчийг дэмжих нь хулгайлахыг нь хүлээн зөвшөөрч буй хэрэг юм

-ИРГЭНИЙ ИНДЭР-

Нам бол мөргөж залбираад байдаг бурхан шүтээн, лам багш биш, энхрий хайрт гэж элгэмсэж нялхамсаад байдаг ч эд ч биш, эрх мэдэл, мөнгөний төлөө зүтгэсэн гэмт хэргийн бүлэглэл, луйварчин нэгний халаасны цаас бүр биш. Харин улс үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдэлсэн, үнэт зүйл, үзэл баримтлалтай, алсын хараа, холын бодлоготой, олон гишүүдтэй, олон гишүүд нь өөр өөрийнхөө эрх ашиг, хүсэл сонирхлыг нэгтгэн нэг зорилгод чиглэсэн жирийн иргэдийн нэгдэл байх учиртай.

Товчхондоо улс төрийн нам бол жирийн иргэдийн өөрийгөө, өөрөөрөө дамжуулж улс орноо хөгжүүлэх гэж байгуулсан эв энгийн нэгдэл юм. Гэхдээ улс төрийн интитуци болохын хувьд өөрийн гэсэн дүрэм журам, дэг жаягтай, эрэмбэ дараатай. Эрэмбэ, дараа гэдэг нь дарга, цэргийн тухай биш, түрүүн хэлсэн нэг хүний болон нийтийн ашиг сонирхлын тухай юм.

Монгол улс олон намын тогтолцоотой, олон ургалч үзлийг тунхагласан, төрийн эрхийг барихын тулд намууд нь өөрсдийн дэвшүүлсэн бодлогоор өрсөлдөж, ардчилсан сонгуулийн үр дүнд олонхын саналыг авч төрийг удирддаг гэж бид итгэдэг. Бас тэгж тийм байгаасай гэж хүсдэг. Нам бол эгэл жирийн иргэдийн хүсэл зорилго, үзэл санаа, үнэт зүйл дээр тулгуурласан нэгдмэл зүйл. Нийтлэг хүсэл сонирхолтой, нэгдмэл үзэл санаатай хүмүүс эвлэлдэн нэгдэж, зохион байгуулалтанд орж байж төрийн, засгийн эрхийн төлөө өрсөлдөж, эсвэл тэр эрх мэдлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг улс төрийн байгууллага.

Тиймээс намын гишүүн, жирийн иргэн хоёрыг тусад нь салгаж үзэх боломжгүй, нэг зүйлийн хоёр тал юм. Ардчилсан гээд байгаа бидний одоо амьдарч байгаа нийгэмд эгэл жирийн иргэн хүн сонгох, сонгогдох улс төрийн эрх харьцангүй чөлөөтэй. Улс төрийн аль нэг нам хүчнийг сонгон гишүүнээр элсэх, бодлогыг нь дэмжих, үзэл санааг нь сурталчлах эрх нь Монгол Улсын иргэн бүрт нээлттэй. Үүгээрээ дамжуулаад төрийг удирддаггүй юм гэхэд бодлого шийдвэрт нь шууд болон шууд бусаар нөлөөлж чаддаг байх ёстой.

Иймд жирийн иргэн бүр улсын, төрийн ажилд гар бие оролцохгүй байлаа ч ядахдаа улс төрийн намуудад биеэр болон сэтгэлгээний хувьд оролцоотой байх хэрэгтэй.

Нам бол тэнгэрт хөвдөг үүл биш, хэн нэгэн олигархийн халаасанд явдаг тусгай зөвшөөрөл ч биш. Харин жирийн иргэн нь намын гишүүнийхээ хувиар өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, бодлогод нь нөлөөлдөг, намын удирдлагууд нь нийтлэг эрх ашгаа хамгаалдаг, улс төр, бизнесийн элдэв бүлэглэлийн төлөөлөл болдоггүй, үүргэлж өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг амьд организм байх ёстой.

Тиймээс бид ирээдүйдээ үнэхээр санаа зовж байгаа бол улс төрийн намуудыг шинэчлэх, бодлогыг тодорхойлох, өөрчлөгдөж хөгжихөд нь иргэн бүрийн оролцоо чухал болоод байна. Хэн нэгэн олигархи, луйварчин ардчилсан сонгуулийг ашиглаж төрийн эрх мэдлийг атгадаг, тэр эрх мэдлээс салж хагацахгүйн тулд хөгжлийн хөтөлбөрийг биш, хувийн хөтөлбөрөөр хуурдаг, эрх мэдлээр хөрөнгөө аривжуулж, хөрөнгөөрөө эрх мэдлээ баталгаажуулахад зарцуулдаг байж болохгүй. Ийм хүмүүст нийгмийн шударга ёс, улс үндэсний эрх ашиг түй ч хамаагүй гэдгийг бид улам бүр ухаарч ойлгож байна.

Өнгөрсөн 30 жилийн түүхэнд Монголын улс төрийн бүх намыг ердөө 50 хүн удирдан чиглүүлж байлаа. Хийж гийгүүлсэн зүйлийг нь хангалттай харсан.

Монголчууд бидэнтэй хамт нэг гараанаас гарч, чөлөөт эдийн засагтай болсон орнууд болох Казакстан, Чех хөгжлөөрөө илт тасарч, харин бид бахь байдгаараа үлджээ. Бүр 1990 оноос өмнө байсан бүх үйлдвэрүүд нь балгас болж, авилгал хээл хахууль дээд цэгтээ хөгжин цэцэглэж, ядууралдаа ард түмэн нь живж, мөнгө эрх мэдлээр шударга ёсыг хэмжсэн тийм л нийгмийг бүтээн байгуулж бид чадлаа. Зөвхөн импортод тулгуурласан эдийн засагтай, уул уурхай түшиглэсэн ажлын байруудтай, ирээдүйдээ үлдээж болох баялгаа маргааш үхэх гэж байгаа юм шиг ухсан тийм л улсыг 50-хан луйварчин удирдаад ийм болгов. Одоо эднээс нэгэнтээ салж, энэ улс төрийн намуудын толгойноос, иргэн бүрийн оролцоотойгоор хөөж явуулах цаг болсон байна.

Улсын хөрөнгө зоориноос илүү өөрийнх нь хөрөнгө нь үлэмж өссөн, нэр төр гэхээсээ идсэн ууснаараа, хууль бус үйлдлээрээ алдаршиж, нэр нүүрээ нэгэнт барсан ч Монгол улсын төрөөс, улс төрийн төрийн намуудын толгойноос буухгүй байсаар байна. Мөнгө байгаа цагт намыг удирддаг болов. Олонхи иргэдийн хувьд намуудын мөрийн хөтөлбөр, улс төрийн бодлогыг хоосон бөгөөд хөнгөхөн амлалтаар төсөөлж, айлын тогоонд бууж ирэхээр нь биелж байна гэж ойлгодог явцуу бөгөөд ядуу сэтгэлгээгээр сонголтоо хийж ирсний үр дүн ийм болгов.

1990 оны ардчилсан хувьсгалаар олж авсан ардчилсан сонголтын зарчмаас ухарсан нэг үйлдэл бол намын жагсаалт бөгөөд нэг ч хүний санал аваагүй хүмүүс тэр дундаа улс төрийн карьер нь нэгэнт дууссан, эсвэл мөнгөөр хахаж цацсан луйварчин, луйварчны гар хөл гэх мэт хүмүүс төрд гарч ирэх боломжийг олгосон явдал юм. Хотод нэрээ барахаар, хөдөө явна, хөдөө нэрээ барахаар, жагсаалт худалдаж авна.

 Намуудын удирдлагад фракцийн толгойлогч нэртэй мафийн удирдагчид байх бөгөөд улсаа дээрэмдэх бүлэглэл фракц нэрээр оршиж, бялуу нэрээр албан тушаалын наймаа хийж, амаа хамхидаггүй популистыг хоногийн хоолтой нь залгуулах нь фракцийн үндсэн зарчим байна. Энэхүү гэмт хэргийн бүлэглэл нь албан ёсны нэр хаягтайгаар айж эмээхгүй оршиж байгаа шалтгаан нь намын жирийн гишүүд, жирийн иргэдийн хол ойрыг тунгааж бодохгүй харанхуй сохроор намыг шүтдэгт байна.

Монголын жирийн иргэдийн улс төрийн үзэл хандлага нь туйлбаргүй, үзүүр түрүүний бөхийн засуул шиг хаашаа л бол хаашаа ханарч унадаг, мөнгөнд явдаг, сонголтоо ухаанаар бус сүсгээр хийдэг, нам бусчууд нь төр засгаа чөлөө завгүй муулах атлаа хэн гарсан ч ялгаагүй гэсэн идэвхгүй гөлгөр нүдээр өдөр хоногийг өнгөрөөдөг, сонгуульдаа оролцохгүй сугарч үлдээд луйварчдад луйвардах боломжийг нь олгодог учраас бид өөрсдөө үүнд буруутай. Монголын төр ийм байгаад гурван сая монголчууд бүгдээрээ өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй.

Ардчилсан сонголтоо хоногийн хоол, архины мөнгө, үнэгүй үйлчилгээгээр худалдаж байгаа иргэн бүр энэ заваан завхарсан нийгмийн үр шимийг хүртэж байна. Энэ бүх шударга бус зүйлийг хөхүүлэн дэмжсэн бидний шагнал гэж ойлгож болно. Толгойлсон хулгайчийг дэмжиж байгаа бол хулгайлахыг нь бүгдээрээ хүлээн зөвшөөрч байгаатай ижил.

Мөнгө эрх мэдлийн хойноос шунасан хүмүүсийг дагаж гүйж өдрийн өлөө залгуулж байгаа хүмүүст хэлэхэд маргааш таны эрх гэж байхгүй, маргааш таныг хамгаалах хууль гэж байхгүй, шударга ёс гэж байхгүй гэдгийг долдойнууд ойлгох хэрэгтэй. Эрх мэдэл мөнгөндөө ташуурсан хүмүүст ч энэ үг хамаатай бөгөөд эрх мэдлийнх нь чадал нь буураад, мөнгөнийх нь хүч багасаад ирэхийн цагт ирээдүйдээ чирч ирсэн гай чинь толгойг чинь цусдаж магадгүйг эрт ухаарах нь зүйтэй. Өчигдөр шударга байгаагүй, өнөөдөр шударга бус байгаа хүмүүс маргааш гэнэт бурхан болчихгүй.

Энэ завхарсан нийгмийн эхлэлийг монголчууд бид өөрсдөө тавьсан. Улс төрийн намуудын үйл ажиллагаа, гишүүнчлэлд оролцдоггүйгээс хулгайч нарын үүр болгосон. Сонгуульдаа хайхрамжгүй хандаж ирснээс төрийг ч бас луйварчдын орогнох газар болголоо. Энэ жонхуунаас хэн нэгэн шилдэг удирдагч, шинэ цагийн агуу хаан гарч ирээд монголчуудыг аврахгүй. Бид өөрсдөө идэвхитэй, оролцоотой байж, энэ намуудыг шинэчлэгдэхэд нь хувь нэмрээ оруулж, чадвартай, чадалтай хүмүүсийг татаж чангааж урагш нь түлхэж байж намаг балчгаасаа гарна.

Намууд бол нэг улс үндэстнийг талцуулж хуваадаг, хагалж хагаралдуулдаг зүйл биш гэдгийг өрх гэр, айл хотол дотроо, сум дүүргээрээ мэдэж, мэдрүүлж, ярьж хэлж байвал зохилтой. Эхнэр нөхөр хөнжил дотроо нам яриад, там талцаад хэрэлдэж байх шиг ичиж үхмээр зүйл байхгүй. Тиймээс улс төрийн намуудыг зөв болговол Монголын хөгжил өөрөө ирнэ. Тэгэхийн тулд иргэн бүрийн оролцоо, ухамсарт үйл ажиллагаа намуудад хэрэгтэй. Үүнгүйгээр бол хүсээд байгаа хөгжил дэвшлээ зүүдэндээ ч гэсэн үзэх чадахгүй л болов уу.

 С.Лхагважав

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.161.97)
    үнэхээр санал нэг байна шүү
    2019 оны 11 сарын 13 | Хариулах
  • Zochin2 (66.181.161.27)
    Uneen zuv yarijee. Odoo iim zuv setgelgelgee, zuv handlagatai zaluuchuud negdeh heregtei bnaa
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Zochin (103.69.140.84)
    Zuv um yarij bna amjilt
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.108.106)
    Unen
    2019 оны 11 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 7 цаг 51 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 10 цаг 42 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 10 цаг 43 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 10 цаг 45 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 10 цаг 47 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 10 цаг 47 мин Газрын тосны үнэ дахин өслөө 10 цаг 48 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 10 цаг 49 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 12 цаг 39 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 12 цаг 54 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 12 цаг 59 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 13 цаг 0 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 13 цаг 2 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 13 цаг 2 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 15 цаг 29 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 15 цаг 33 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 15 цаг 34 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 15 цаг 35 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 15 цаг 37 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 16 цаг 39 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top