x

Ч.Хонгорзул: Бид эхчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө зоригтой алхам хийсэн

“Ихэс түрүүлэлт, ихэс шигдэлт, давсаг руу шигдсэн” эмгэгийн хүндрэлийн үед эрхтэн хадгалах хагалгааг Монгол Улсад хийдэг болжээ. Эмчилгээний энэ шинэ аргыг нэвтрүүлсэн нийслэлийн “Амгалан” амаржих газрын Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч Ч.Хонгорзултай ярилцлаа.

-Та бүхэн ихэс түрүүлэх эмгэгийн хүндрэлээс үүдэлтэй эрхтэн хадгалах хагалгааг монголд нутагшуулжээ. Хэзээ, ямар баг бүрэлдэхүүнтэй хийсэн бэ?

-Манай баг гадны орнуудаас туршлага судалж байгаад энэ оны гуравдугаар сард ихэс түрүүлсэн, ихэс шигдсэн үед умайг өөлж, эрхтэн хадгалах хагалгааг хийсэн. Бид ОХУ-ын эмч нарын хийж буй хагалгааг “Youtube” цахим хуудсаас харж байгаад дуурайж хийсэн. Амжилттай болсон. Үүнээс хойш арав гаруй удаа энэ хагалгааг амжилттай хийлээ. 

Ур чадвар нэлээд шаарддаг, эрсдэл өндөр хагалгаа учир нэг баг болж ажиллаж байж л эмчилгээг амжилттай хийж байна. Үндсэн бүрэлдэхүүнийг “Амгалан” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд ахалсан. Түүнээс гадна жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эмч миний бие, мэдээгүйжүүлэх тасгийн хоёр эмч, нярайн эмч, сувилагч, эх баригч эмч, асрагч гээд арав гаруй хүн баг болж, нэг хүн шиг ажилласан. Хагалгаанд орсон өвчтөнүүд ямар ч байсан нөхөн үржихүйн гол эрхтэн болох саваа авхуулах хагалгаанд эргэж ороогүй. Үүнд л бид баярлаж сууна даа.

-Тэгэхээр ихэс түрүүлэх гэдэг эмгэгийн талаар жаахан дэлгэрэнгүй тайлбарлаад өгнө үү? Яагаад ийм онош сүүлийн жилүүдэд ихсэх болов?

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд кесарево (кесар) буюу хийсвэр хагалгаагаар төрөх явдал ихэссэн. Манай оронд ч энэ хагалгаагаар төрөх давтамж нэмэгдэж байна. Уг хагалгааны давтамж нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэн, умайд хийх ажилбарын тоо өссөн зэргээс үүдэн ихсийн буруу байрлалт буюу ихэс түрүүлэлт жирэмслэлтийн цөөнгүй тохиолдолд илэрдэг болсон. Тэр тусмаа олон удаа кесар хагалгаанд орсон эмэгтэйчүүдийн сорви руу буруу байрласан ихэс наалдаж улмаар давсаг руу шигддэг. Энэ бол эхийн амь насанд аюултай хүндрэл. Ихэс умайн ёроол буюу их биед байрлах үед хамгийн зузаан гурван давхар булчинд бэхлэгдэх ёстой.

Гэтэл умайн доод хэсэг буюу умайг тагласан хэсгийн булчин маш нимгэн байдаг. Тиймээс эмчилгээний энэ арга барилыг бид нэвтрүүлэхээр шийдэж, амжилттай хэрэгжүүлээд байна. Өмнө нь ийм эмчилгээ нэвтрээгүй байсан учраас энэ хагалгааг Монголд хийдэггүй байсан. Харин энэхүү эмчилгээг нэвтрүүлсэн нь НЭМГ-аас жил бүр олгодог “Сайн туршлага” арга хэмжээний Эмчилгээний шинэ арга технологи төрөлд дэд байр эзэлсэн. Бид хагалгааны арга аргачлал, өөрсдийн багахан туршлагаа түгээхээр ажиллаж байна.

-Мэргэжлийн эмч, сувилагч нар хагалгааны аргачлалыг сонирхож байгаа байх. Үүнийг энгийнээр тайлбарлаад өгнө үү?

-Түрүүлсэн ихэс гадагшаагаа судасжилт үүсгэж, зэргэлдээ эрхтэнд шигддэг. Өөрөөр хэлбэл, ихэс умайгаас хальж, түүний улмаас судасжилт үүсч, эрхтэн гэмтэх аюултай. Хүүхдийг кесар хагалгаагаар авахын тулд умайд 12-18 см зүсэлт хийнэ. Гэтэл энэ үед умайн судсаар минутад 700 мл цус эргэлдэж байдаг. Тэгэхээр цус алдах эрсдэл үүснэ гэсэн үг. Хагалгаа эхлэх үед үүссэн бүх судаснуудыг боож, умайн ёроолд зүсэлт хийж хүүхдийг авч, умайн доод талын нимгэрсэн хэсэг буюу эвэрхий үүссэн хэсгийг өөлж, ихсийг гарган, нөхөн сэргээх мэс засал хийнэ. Ихэс түрүүлэх үед доод тал нь 3000 мл цус алдах эрсдэлтэй байдаг. Энэ бол нэлээдгүй аюултай, эрсдэл дагуулсан хагалгаа. Эмэгтэй хүний хамгийн ариун эрхтэн бол умай. Эмэгтэй хүн анх сарын тэмдэг ирэхэд баярлах ёстой бол үүний дараа үр хүүхдээ хараад баяр баясал үздэг. Хүнд илүү эрхтэн гэж байхгүй. Энэ эрхтнийг үлдээж, аварна гэдэг эхчүүд эмэгтэйчүүд, цаашилбал гэр бүлд нь хамгийн том баяр баясгалан үлдээж байна гэж болно.

-Хагалгааны үед ямар нэг хүндрэл гарсан уу. Цаашид илүү боловсронгуй болгох ямар боломж байна вэ?

-Шинэ зүйл учраас эрсдэл байгаа. Бид хагалгааны үеэр доод тал нь гурван литр цус алдаад байна. Үүнийг багасгахын тулд багтаа өндөр чадвартай судасны эмч болон урологийн эмч авахыг зорьж байгаа. Оросын эмч нар бол энэ хагалгааны үед судсыг нь хаагаад баллон тавьчихдаг юм билээ. Тэгэхээр тухайн өвчтөн цус алдахгүй гэсэн үг. Манайд одоогоор үүнийг нэвтрүүлэх боломж алга байна.

-Ихэс түрүүлэх эмгэгийн үед жирэмсэн эхэд ямар шинж тэмдэг илрэх вэ. Үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Жирэмсний эхний саруудын үед цус алдах шинж тэмдэг илрэх нь бий. Ер нь эмэгтэй хүн жирэмсэн болмогцоо эхний гурван сарын дотор хяналтад заавал орох ёстой. Тухайн эх хүүхдээ тээж чадах уу, янз бүрийн халдвар байна уу, эрт хугацаанд жирэмслэлтийг зогсоох уу, эмчлэх үү гээд олон асуудал бий. Мөн жирэмсний таван сарын дотор ургийн гажгийг оношилдог. Ихэс түрүүлэлт оношлогдсон нөхцөлд эмнэлгийн онцгой хяналтад байлгадаг. Дотуур үзлэгийг ч хориглодог. Яагаад гэвэл ихэс умайн хүзүүг тагласан байдаг учраас үзлэгийн үед цус алдах эрсдэлтэй. Ихэс түрүүлсэн оноштой эхчүүдэд 34-өөс дээш долоо хоногт энэ хагалгааг хийдэг.

-Та түрүүнд умайд мэс ажилбар хийснээс болж ихэс түрүүлэх өвчин элбэгшиж байна гэлээ. Үүнд үр хөндөлт орж байгаа юу?

-Зөвхөн үр хөндөлтөөр хязгаарлаж болохгүй. Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэнээс үүдэн умайд хийх мэс ажилбар нэмэгдсэн. Умайд ямар нэг ажилбар хийж, салст бүрхэвчинд нь өөрчлөлт орсон учраас ихэс умайн доод хэсэгт буюу буруу газар бэхлэгдэж байна. Нэг хэсэг зах дээрээс янз бүрийн эм авч, ууж зулбах тохиолдлууд их гарсан. Үүнээс болж умайг цэвэрлэх ажилбар хийдэг байсан. Үр хөндүүлэх мэс ажилбар бол хүний гарын баримжаагаар далд хийгддэг хамгийн аюултай ажилбар. Эмээр үр хөндүүллээ гэж бодъё.

Доошоо юм гарч байх үед үрэвсэл үүсч, халдвар орох юм бол мөн л умайн салстыг гэмтээнэ. Өгсөх замын халдвар орох эрсдэлийг үгүйсгэхгүй шүү дээ. Эдгээрээс гадна кесар хагалгааны давтамж нөлөөлдөг. Жишээлбэл, тав дахь кесар хагалгаа байх юм бол нийт хагалгааны 67 хувьд нь ихэс түрүүлэх эмгэг үүсдэг гэсэн судалгаа бий.

-Кесар хагалгаанд орсон эмэгтэй дараагийн удаа жам ёсоороо төрөх боломжтой юу. Ингэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?

-Миний хувьд 2004 оноос хойш эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн. Нас явж, туршлага нэмэхийн хэрээр тухайн эхэд тохиох эрсдэлийг тооцож, маш өндөр хяналт дор өөрөөр нь төрүүлсэн арав гаруй тохиолдол бий. Үүний тулд өмнөх хагалгаанд ямар заалтаар орсон, шарх сорви нь яаж эдгэсэн гэх мэтийг харгалзаж үзнэ. Үүний дараа ар гэр, өөрийнх нь зөвшөөрлийг авдаг. Хамгийн гол нь хүүхэд нь жижиг, өөрөө өвдөлт өгч байх ёстой. Урьд нь умайд кесар хагалгаа хийсэн учир сэдэлжүүлэх эм тариа хийж болохгүй юм.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ямар төрлийн өвчлөл түгээмэл байна вэ. Жирэмслэхээс өмнө залуу гэр бүлүүд юуг анхаарч, энэ төрлийн эмгэг болон жирэмсний бусад үеийн хүндрэлээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Жирэмсэн гэлтгүй эмэгтэйчүүдийн дунд шээс, бэлгийн замын халдвар их байна. Ер нь бөөр нь өвддөггүй эмэгтэй хүн нүдний гэм болжээ. Мөн ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл их байна. Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрнө. Бүх эрхтэн систем, сэтгэл санааны хувьд эрүүл байгаа хүнийг л эрүүл гэнэ. Түүнээс биш зөвхөн өвчлөлийн тухай ярьж байгаа юм биш. Бие нь эрүүл ч гэсэн стресстэй, сэтгэл зүйн хувьд хүчирхийлэл дарамтад өртсөн байх юм бол эрүүлд тооцохгүй.

Тохиолдлоор жирэмсэн болно гэдэг өнгөрсөн зууны асуудал. Одоо бол төлөвлөж, биеэ бэлдэж байж ээж болох ёстой. TORCH буюу таван төрлийн вирусийн халдварын шинжилгээг нөхрийнхөө хамт өгөх шаардлагатай. Жишээлбэл, уруул дээр юм гарахаар манайхан “хомхой долоолоо” гэж яриад байдаг. Энэ бол герпес гэх вирусээс үүдэлтэй халдвар. Энэ вирусийн идэвхжил өндөр, эмчлүүлээгүй эмэгтэйгээс амьгүй ураг гарах магадлал 50 хувь байдаг.

-Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийг умайн хүзүүний хорт хавдар тэргүүлж байна. Эмэгтэйчүүдийн өвчлөл газар авахад ямар хүчин зүйл нөлөөлж байна?

-Эмэгтэйчүүдийн хорт хавдрын нэгдүгээрт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Манай эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд маш муу. Нэг талдаа өмнө нь оношилж чаддаггүй байсан бол лабораторийн боломж сайжирсны хэрээр өвчлөлийн тоо нэмэгдсэн. Охид эрүүл бол улс эрүүл. Нөхөн үржихүйн гол үүргийг эмэгтэйчүүд л үүрнэ. Умайн хүзүүний хавдар үүсэхэд хүний биед байдаг хөхөнцөр вирус нөлөөлдөг. Мөн бэлгийн ганцхан хавьтагчтай байх хэрэгтэй. Жилд төрөлхийн тэмбүүтэй 50 хүүхэд төрж байна шүү дээ.

-Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд эмчлэгддэг үү. Цаашдаа эрүүл мэндийн ямар нэгэн асуудал, бие эрхтний хөгжилд нөлөөлөх нөлөөлөл бий юү?

-Эмчлэгдэнэ. Гэхдээ вирус эмчлэгдэх боловч насан туршдаа тээгч болж амьдарна. Хүүхэд эцэг эхдээ л гомдох байх. Нарийн судалгааны дүн байхгүй. Энэ талаар цаашид судлах хэрэгтэй.

-Эдгээр нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул байгаатай холбоотой юу?

-Тийм шүү. Эмэгтэйчүүд ч гэлтгүй манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш муу. Эрүүл мэндийн хичээлийг стандартын дагуу орохгүй байна. Хичээлийн цагийг гүйцээхийн тулд биологи эсвэл химийн багш бүр цаашлаад биеийн тамирын багшаар эрүүл мэндийн хичээл заалгаж байна. Хичээл ороод байгаа мэт боловч үр дүн багатай. Мөн цахимаар дамжуулан ам дамжсан зүйлсийг их хэрэглэх болжээ. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан эмчилгээ л хийлгэх хэрэгтэй. Ер нь манайхны хувьд хүний эрүүл мэнддээ анхаарах анхаарал маш сул.

“Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн Монгол хүн”, “Хавдаргүй Монгол” гээд маш олон хөтөлбөр хэрэгжиж байна. Урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэгт ор оо гээд зарлаж байхад ирэх хүн олдохгүй. Энэ бол хувь хүн болоод эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой. Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ өртөг бага байна. Гадны орнуудад өвдлөө гэхэд тухайн хүний эдийн засагт маш хүчтэй нөлөөлдөг, хамаг байдгаа л өгдөг учраас өвдөхөөс өөрийгөө урьдчилан сэргийлж байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар цагдаагийн хурандаа Н.Ганбаяр томилогджээ 12 цаг 9 мин Хятад сансрын аялал жуулчлалын хөлгөө амжилттай туршлаа 12 цаг 21 мин Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ 12 цаг 23 мин Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 48 айлын орон сууцны санхүүжилтийг шийдвэрлэв 12 цаг 27 мин Замын-Үүд боомтыг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо 12 цаг 28 мин Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулав 12 цаг 28 мин Крикетийн дэлхийн аваргын цомыг Монголд аялуулж байна 12 цаг 30 мин Олон улсын стандартын усан бассейнтай спорт цогцолборыг барьж байна 12 цаг 32 мин ДЦС-5-ын барилгын ажил энэ жил эхэлж, 2028 онд ашиглалтад орно 12 цаг 32 мин Засгийн газар зудын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байна 12 цаг 33 мин Хөдөлмөрийн арбитрчийн тоог 18-аар нэмэгдүүлэв 12 цаг 34 мин Улаанбаатарын 5000 айл өрх хийн халаагуурт шилжиж байна 12 цаг 34 мин Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16, 17-нд болно 14 цаг 22 мин Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ 14 цаг 23 мин Төрийн цахим үйлчилгээний жагсаалтыг шинэчилнэ 14 цаг 24 мин Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 14 цаг 25 мин Аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалын жишиг тодорхойлолтыг баталлаа 14 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 14 цаг 46 мин “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зохион байгуулна 14 цаг 46 мин Ерөнхий сайд Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өглөө 14 цаг 46 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Оюутолгойн хэлэлцээр дээр С.Баярцогтыг томилчих Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ
Top