x

Ж.Эрхэмбаатар: Сайд асан Б.Батзориг санхүүгийн хариуцлага хүлээхээргүй болсон

Хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа.

-ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт эдийн засгийн хариуцлага хүлээлгэхээр нэхэмжилсэн ч Дээд шүүх дээр ялагдал хүлээсэн гэж сонслоо. Яг юу болсон юм бэ?

-Өндөр дээд албан тушаалтнууд албаны эрх нөлөөгөө ашиглаад, Нийтийн албанд, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсныг бид мэдэж байгаа. Зээл авах процесс урьдаас төлөвлөж, бэлтгэсэн гэж харагддаг. Үүний тулд хуульд хүртэл өөрчлөлт оруулсан байдаг. Тухайлбал Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд ганцхан ширхэг өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөрөө Засгийн газраас ЖДҮХС-гаас зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг сайд батална гээд ХХААХҮ-ийн сайдад эрх мэдлийг шилжүүлсэн. Ийм л өөрчлөлт оруулсан. Хуульд нэг заалтыг өөрчлөхөд ямар сөрөг үр дагавар гарч болдгийн жишээ нь, энэ. Үүнээс үүдээд Б.Батзориг сайд сонгон шалгаруулах журмаа батлаад, хэнд хэдэн төгрөг өгөх, өгөхгүй байх бүх эрх мэдлийг өөртөө авсан. Нэг хүнд эрх мэдэл төвлөрөхөөр юу болдгийг бас энэ жишээнээс олж харж болно. Ингээд журмаа батлаад, сонгон шалгаруулалтаа хийгээд, зээлээ өгөх явцдаа 2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр А-01 тоот тушаал гаргаад, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ын 6.7 дахь заалтыг хүчингүй болгосон. Энэ нь “Төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн, боловч санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас санхүүжигдээгүй төслүүдэд зээлийн санхүүжилтийг нөхөж олгож болно” гэсэн заалт байсан. Одоогоор мэдэгдэж байгаагаар 54 аж ахуйн нэгж энэ жагсаалтад байсан. Энэ өөрчлөлтөөрөө мөнгө орж ирэхэд эдгээр төслийг санхүүжүүлэх үүргээс өөрийгөө чөлөөлсөн. Урьдчилаад бэлтгэл хангаж байсан гэж харагдаж байгаа юм. Улмаар хоёрдугаар сарын 21-нд А-29 тушаал гаргаад, эдгээр 54 аж ахуйн нэгжид зээл олгох сайдын тушаалыг хүчингүй болгосон. А-29 тушаалын үндэслэл дээр “Мөнгө байхгүй” гэж байгаа юм. Санхүүжилтийн эх үүсвэр байхгүй учраас та бүхний зээлийг санхүүжүүлж чадахаа болилоо гэсэн тушаал гарсан. Гэтэл дөрөвдүгээр сард шинээр сонгон шалгаруулалт зарлаад, тавдугаар сард А-88 тушаалаар одоогийн энэ албан тушаалтнуудын хамаарал бүхий 134 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн зээл олгосон. Өөрсдөө зээл авахын тулд урьдчилаад хуульд өөрчлөлт оруулсан байна. Хэм хэмжээний актад буюу журамдаа өөрчлөлт оруулсан байна. Зээл авах эрх нь нээгдсэн аж ахуйн нэгжүүдэд зээл олгох тушаалыг хүчингүй болгосон байна. Урьдчилсан бэлтгэл бүрэн дүүрэн хангаад, үндсэндээ өөрсдөдөө тэр мөнгийг олж авсан байгаа юм. Дээр дурдсан 54 аж ахуйн нэгжийн нийт зээлийн үнийн дүн ойролцоогоор 30 тэрбум төгрөг байсан. 100 тэрбум төгрөгнөөс 30 тэрбумыг нь тэр аж ахуйн нэгжүүд авах ёстой болоод байж шүү дээ. Ийм л зохион байгуулалттай ажиллагаа байлаа.

Хуульчид стратегийн өмгөөллийн төсөл хэрэгжүүлэхдээ тодорхой зорилго тавьж, үр дүнд хүрэхийг хичээсэн. Тэргүүн ээлжинд энэ зохион байгуулалттай ажиллагааны үр дүнд хохирсон аж ахуйн нэгж, өөрт учирсан хохирлоо гаргуулж авах эрхийг нээх ёстой байсан. Тэдгээр аж ахуйн нэгжид зээл олгоно гэсэн тушаал гарчихаар нэгэнт мөнгө орж ирэх юм чинь гээд банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбарднаас өндөр хүүтэй зээл аваад, бизнесээ эхлүүлсэн байсан. Цаг алдалгүй ажиллах ёстой, улирлын хамааралтай бизнесүүд байдаг. Эд хамраараа газар хатгаад үлдсэн учраас тэдгээр аж ахуйн нэгжийн хохирлыг төлөх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 103-дугаар зүйлд зааснаар хохирлыг төр эхлээд төлнө. Улмаар хууль бус тушаалыг гаргасан тухайн үед алба хашиж байсан иргэн Б.Батзориг төлөх ёстой. Энэ нь санхүүгийн хариуцлага хүлээх буюу хууль бус шийдвэрээс үүдэлтэй, үр дагаврыг санхүүгийн хувьд хариуцах ёстой гэдэг хуулийн заалтыг л хэрэгжүүлэхийг хичээсэн юм.

Ингэж байж л албан тушаалтан, эрх мэдэлтэн шийдвэр гаргахдаа ирээдүйд үүсч болох эрсдэл, хариуцлагыг тооцож, хуульд нийцсэн шийдвэр гаргадаг болно. Түүнээс биш дур зоргоороо авирлаад байж болохгүй. Дур зоргыг нь хаая, зогсооё, бас нэг ийм хуулийн заалт байдгийг мэдрүүлье гэсэн юм.

Манай нэхэмжлэлийн шаардлагыг Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцээд, хүлээж аваад хангасан буюу журамд орсон 6.7 гэсэн заалтыг хүчингүй болгосон А-01 тушаалыг хүчингүй болгосон. Нэгэнт энэ тушаалыг хууль буст тооцож, хүчингүй болгосон учраас энэ шийдвэрийг бариад, аж ахуйн нэгжүүд явах байлаа. Гэтэл Дээд шүүхээс Захиргааны хэргийн шүүх хэм хэмжээний актыг хууль бус байсныг тогтоох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна гээд хэргийг нь хэрэгсэхгүй болгочхож байгаа юм. Энэ бол асар хохиролтой шийдвэр гарсан. Зөвхөн манай нэхэмжилсэн хэрэгт бус цаашдаа хэм хэмжээний актаас үүдэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөж хохироход эрх ашгаа хамгаалуулж чадахгүй байдал руу оруулж байгаа юм. Өдөр тутам нийтэд чиглэсэн захиргааны актууд, хэм хэмжээний актуудыг албан тушаалтнууд гаргадаг. Элдэв журам заавартай бид тулгардаг. Энэ заавар журмууд аж ахуйн нэгжүүд, иргэдийн эрх ашгийг хөндөж байвал шүүхэд хандах эрх нь нээлттэй. Шүүхэд хандаад явж байтал тухайн албан тушаалтан уг журмаа хүчингүй болгочих эрх мэдэл нь байгаа шүү дээ. Маргаад эхлэнгүүт хүчингүй болгочихоор тухайн хэрэг хэрэгсэхгүй болчихно. Уг нь тэр журмыг хүчингүй болгосон ч нэгэнт тухайн журам үйлчлээд, үр дагавар үүсчихсэн, хохирол бий болсон тохиолдолд тухайн журам үйлчилж байх үедээ хууль бус байсан уу үгүй юу гэдгийг тогтоох шаардлага байгаа. Бидний харж байгаагаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар ч энэ боломж нь бий. Гэтэл Дээд шүүхээс энэ боломжийг хаасан тогтоол гарлаа. Албан тушаалтнууд дур зоргоороо хэм хэмжээний дүрэм журам гаргаж, иргэдийн амьдралд нөлөөлөөд, учруулсан хохирлыг шүүхээр нэхэмжлээд гаргуулах боломжийг хаачихлаа. Энэ хэрэг дээр бид үнэхээр ялагдчихлаа.

-Та бүхэн мэргэжлийн хуульчид учраас Захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээг мэдэж байж шүүхэд нэхэмжлэл гаргасан байж таарна?

-Нийтэд чиглэсэн хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцдэг. Давж заалдах шатны шүүхэд бид хандсан. Тухайн үед сонгон шалгаруулалт явуулах журам хүчин төгөлдөр байлаа. Тэр ч утгаараа бид хандсан. 6.7 заалтыг хүчингүй болгосон А-01 тушаал ч хүчин төгөлдөр байлаа. Шүүхээр хэрэг маргаан бүтэн жил дамнаад өрнөсөн. Энэ хугацаанд өнгөрсөн долдугаар сард журмаа шинэчлээд, хуучин журмаа хүчингүй болгочихгүй юу. Одоо бол шинэ журам үйлчилж байгаа. Бидэнд ямар асуудал үүсч байна гэхээр Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь хүчингүй болчихлоо. Бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд, хүчингүй болсон ч энэ хэм хэмжээний актын үр дагавар өнөөдрийг хүртэл оршсоор байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүдэд бодит хохирол учирсан нь тогтоогдсон. Ийм учраас энэ акт тухайн үедээ хууль бус байсныг тогтоолгох шаардлагатай байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнийг Давж заалдах шатны шүүх хүлээж авсан. Хүлээж авахаар барахгүй үндэслэлтэй байна гээд хангаж шийдсэн. Давж заалдах шатны шүүхийн болон Дээд шүүхийн шийдвэр газар тэнгэр шиг ялгаатай байна. Дээд шүүх Захиргааны хэргийн шүүх хэм хэмжээ тогтоосон актыг хууль бус байсныг тогтоох эрх хэмжээ олгогдоогүй байна гэдэг шийдвэр гаргасан.

-Шүүхэд маргаан үүссэн тохиолдолд гаргасан шийдвэр журмаа өөрчлөхгүй гацдаггүй юм уу?

-Сайд журмаа өөрчлөх эрх мэдэл нь бий. Нэг нөхөр шүүхдээд байна гэхээр “Шүүхийн шийдвэр манайд ашиггүй гарах юм байна” энэ журмыг хүчингүй болгоод, хэргийг нь хэрэгсэхгүй болгож, асуудлаас хуурай гаръя гэсэн шийдвэрт хүрч болохоор байгаа юм. Дээр нь журмыг хууль бус байсанд тооцуулах нэхэмжлэлийг Захиргааны шүүх хангахгүй юм бол тушаалаар гаргаж байгаа зүйлсээ бүгдийг нь журамдаа оруулж байгаад Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас өөрийн шийдвэр үйл ажиллагаагаа гаргах хийдэл жишгийг Дээд шүүх гаргалаа.

-Дээд шүүх албан тушаалтнуудад үйлчилсэн юм биш байгаа. Акт нь байхгүй бол асуудал байхгүй гэж үзэх нь арай л шударга биш үү?

-Би Дээд шүүх албан тушаалтнуудад үйлчилсэн гэж бодохгүй байна. Шүүхийн шийдвэр гэдэг бол шүүхээс гарч байгаа бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүний чанар сайн байх нь хуулиас шууд хамааралтай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэм хэмжээний акт нь одоо үйлчилж байвал хууль бус байна уу гэдгийг тогтоож болно гээд бичсэн байна. Гэхдээ хэм хэмжээний акт тухайн үедээ хууль бус байсан уу үгүй юу гэдгийг шийдэх талаар хуульд бичээгүй үлдээчихсэн. Санаатай санамсаргүй ямар ч байсан ийм хуулийн цоорхой бий. Жишээ нь Германд 1978 онд ийм хэрэг шийдэгдэж байсан. Хэм хэмжээний акт хууль бус байсныг хянах эрх хуулиар олгогдоогүй байсан. Гэтэл хэлэлцэж байгаа маргааны хүрээнд тэр актын үр дагавар өнөөдрийг хүртэл оршсоор байгаа. Хоёрдугаарт хохирол бодитойгоор учирсан буюу хохирлоо нэхэмжлэх шаардлага аж ахуйн нэгж болон иргэдэд байгаа тохиолдолд хуулийг агуулгаар нь тайлбарлаад, шүүхээс хэм хэмжээний актыг хууль бус байсныг тооцож шийдсэн байгаа юм. Гэтэл манайд яг ийм нөхцөл байдал сая тулгарлаа л даа. Хуулиа харахаар хэм хэмжээний акт хууль бус байсныг тогтоох эрх мэдэлтэй гэж бичээгүй байна. Энэ бол хуулийн хийдэл. Нөгөө талаар захиргааны байгууллагын үйл ажиллагаа гэдгээрээ хууль бус байсныг тогтоогоод, шийдэх жишиг тогтоох бололцоо Дээд шүүхэд байсан. Сайн жишиг тогтоох, хуулийг агуулгаар нь тайлбарлах биш энэ хаалгыг шууд тас хаасан нь харамсалтай л байна. Хуулийн шууд тусгал шүүхийн шийдвэр болж илэрлээ гэх байна.

-Тэгээд одоо яах вэ, хүмүүсийг хохироосон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй өнгөрөх юм уу?

-Хариуцлага гэдгийг шоронд аваачаад хийх гэж хүмүүс ойлгоод байна. Уг нь бидний хөөцөлдөөд байгаа санхүүгийн хариуцлага бол хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол нь тогтоогдсон бол төр өгөөд, төр буруу шийдвэр гаргасан этгээдээс хохирлоо нэхэмжилж авч байж биеллээ олдог урт процесс юм. Энэ явц олон хүндрэлийг туулж байна. Энэ хуулийг хэрэгжүүлээд нэг албан тушаалтнаас хохирлоо төлүүлж авсан жишээ төрд байхгүй. Жил болгон дунджаар 7,4 тэрбум төгрөгийн хохирлыг иргэд аж ахуйн нэгжид төр хууль бус шийдвэрийн улмаас учруулдаг нь судалгаагаар тогтоогдсон. 2014-2018 оны хооронд 36 тэрбум төгрөгийг иргэдийн хохирол барагдуулахаар өгсөн.

Гэтэл буруу шийдвэр гаргасан этгээдээс энэ мөнгийг нэхэж авч, төрийг хохиролгүй болгох ажил хийгдэхгүй байна. Энэ ажлыг Үндэсний аудитын газар хийх ёстой. Өнөөдрийг хүртэл хийгээгүй. Тийм учраас бас нэг стратегийн өмгөөллийн кейс бол Үндэсний аудитын газар очоод мөнгөө олж ир гэдгийг даалгах нэхэмжлэлтэй хэрэг байсан. Шүүхээс хангасан. Үндэсний аудитын газар хуулиараа ч түүний араас явах ёстой. Шүүхийн шийдвэрийн дагуу ч явах болсон. Нийтийн мөнгөнөөс гараад явчихсан 36 тэрбум төгрөгийг буцаагаад төлүүлж чадвал 36 цэцэрлэг барих мөнгө шүү дээ. Хуулиар хүлээсэн үүргээ төр өөрөө биелүүлж чадвал 36 цэцэрлэгтэй болох боломж гар дор нь байна.

-За ямар ч байсан сайд асан Б.Батзориг санхүүгийн хариуцлага хүлээхгүй юм байна. Өөр ямар хариуцлага хүлээх вэ?

-Ямар ч байсан энэ 54 аж ахуйн нэгж өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх бололцоогүй болсон. Энэ хүний гаргасан бүх шийдвэр өнөөдөр хууль ёсны, хүчин төгөлдөр байгаа. Хууль бус гэж тооцсон шүүхийн шийдвэр алга. Тийм учраас ямар нэгэн санхүүгийн үр дагаварт хариуцлага хүлээхгүй. Ямар ч байсан АТГ-т хэрэг үүсээд шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэр бол эрүүгийн журмаараа шийдэгдэнэ.

-Төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх гэдэг том шийдэл. Зайлшгүй хийгдэх ёстой алхам. Та энэ тухай нэлээд ярьсан. Таны энэ үзэл санаанд нэгдэх хүмүүс хэр гарч ирэв?

-Би зөвхөн яриагүй. Шүүхэд хандаад шийдвэр гаргуулаад авчихсан байгаа. Одоо Үндэсний аудитын газар 36 тэрбум төгрөгийн араас яв гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Ингээд явж байхад харамсалтай дүр зураг харагдсан. Стратегийн өмгөөлөл гэдэг бол нэг талаараа шүүхийн журмаар явна. Нөгөө талаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. УИХ-ын гишүүдтэй уулзаад явж байхад “Төрийн мөнгө уйлдаггүй юм. Манай намын томилсон хүний гаргасан шийдвэрийн улмаас учирсан хохирлыг чи төлүүлнэ гээд яваад байна шүү дээ. Тийм учраас чиний яриад байгаа юмыг яавч дэмжиж чадахгүй нь ээ” гэсэн хүн ч байсан. Монгол Улсын хэмжээнд энэ хуулийг хэрэгжүүлсэн гуравхан тохиолдол олсон. Нэгдүгээрт Дорнод аймагт, хоёрдугаарт Баянхонгорт, Замын-Үүдэд үндэслэлгүйгээр ажлаас халсан маргаанаас үүдээд ажлаас халагдсан хүн шүүхдээд буцаж ажилдаа ороод, цалингийн зардал гээд хэдэн төгрөг гарчихсан. Цалингийн зардлыг төсвөөс гаргачихлаа. Шийдвэр гаргасан Засаг даргаар төлүүлнэ гээд явсан байна, энэ гурван тохиолдолд. Гэхдээ энэ гаргасан мөнгийг хайран юм, татвар төлөгчдийн мөнгө үргүй зарцуулагдаж байна гэдэг утгаараа биш. Нөгөө намаас томилогдсон өмнөх Засаг даргыг чадах зорилгоор л явсан ийм гурван жишээ олдлоо л доо.

Бид АТГ-тай хамтраад 9000 төрийн албан хаагч, төрийн албаны хуульч, төрийн өмчит компаниудын хуульч, дотоод аудиторуудад энэ сэдвээр сургалт хийсэн. Нэг нь ч гараа өргөөд, би энэ мөнгөний араас ингэж явсан гэдэг жишээ хэлээгүй. Төрийн мөнгө үнэхээр уйлдаггүй юм байна. 36 тэрбум төгрөгний ард 290 орчим хууль бус шийдвэр байгаа юм. Үүнээс бид 200-г нь олсон. Энэ 200 шийдвэрт анализ хийгээд, төр ямар харилцаандаа иргэд, аж ахуйн нэгжээ хохироогоод байна вэ, яам, Засаг дарга хохироогоод байна уу, аль түвшиндээ илүү их хохироогоод байна гэдгийг судалж, ийм харилцаан дээр бид алдаа гаргаад байна гэж алдаагаа засах, сургалт явуулах арга хэмжээ огт байхгүй. Төр өөрөө үйлчилгээний чанартаа ерөөсөө анхаарахгүй байна. Жил болгон 7.4 тэрбум төгрөгийн хохирол учруулдаг төрийн үйлчилгээг иргэд татвар төлснийхөө хариуд авч байна.

-Төрийг хохиролгүй болгох бие даасан хууль байх ёстой юм биш үү. Үгүй бол Захиргааны ерөнхий хуулийн 103 билүү төрийг хохиролгүй болгох нэг заалтыг хэн ч тоохгүй хэрэгжих ч үгүй юм байна?

-Үүнийг шийдвэр гаргах түвшний хүмүүс мэдэхгүй биш мэдэж байгаа. 2015 онд яг энэ асуудлыг шийдэхийн тулд Захиргааны ерөнхий хуультай зэрэгцүүлээд, Хохирлын сангийн тухай хууль гэдэг хуулийн төсөл өргөн барьсан байдаг. Иргэд аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг энэ сангаас өгье. Дараа нь энэ сангийнхан буруутай албан тушаалтны араас хөөцөлдөж байгаад төрийг хохиролгүй болгох ёстой гэсэн хуулийн төсөл байсан. Энэ хуулийг өргөн барьсан ч батлалгүй аваад үлдсэн. Өнөөдрийг хүртэл дарчихсан байгаа. Хохирлын сангийн хуулийг барьж очоод батлуулчих гишүүн ч олдоогүй. Бид өнөөдөр ямархуу төртэй байгаагаа л өдөр болгон олж харж байна даа.

-Төрийг хохиролгүй болгох, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулах стратегийн өмгөөлөл хийхийн тулд хэр олуулаа зүтгэж байна вэ?

-Манай хуулийн фирмтэй хамтардаг миний шавь хэдэн залуу хуульч нар л байна. Энэ жижигхэн нөөцөөрөө хичээгээд, үр дүнд хүрчих гээд ажиллаж байна. Тодорхой хэмжээнд олон нийтийн анхааралд оруулж чадсан болов уу гэж найдаж байна. Шүүх дээр ялагдчихлаа. Дахиад нэг хэрэг бий. Тэр А -88 тушаалаар хэд хэдэн албан тушаалтан 16 компанитай холбогдох заалтыг хүчингүй болгуулъя гэсэн юм. Энэ хэргийн шүүх хурал анхан шатан дээрээ энэ сардаа болох болов уу. Зээлээ төлсөн гэж улстөрчид мэдэгдээд байсан шүү дээ. Дөрөвхөн аж ахуйн нэгж зээлээ төлсөн байна. Зээлийг нь төлүүлэхийн тулд энэ тушаалыг хууль буст тооцоод, зээлийн гэрээг нь хүчингүй болгож, ЖДҮХС хугацаанаасаа өмнө мөнгөө буцааж нэхэмжлэх эрх олж аваад, нэхэмжлээд явах ёстой юм. Энэ хаалгыг нээх ажил эхэлж байна.

Б.Янжмаа "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 1 цаг 50 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 2 цаг 1 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 2 цаг 10 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 2 цаг 24 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 2 цаг 29 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 2 цаг 48 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 3 цаг 7 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 22 цаг 45 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 22 цаг 49 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хү... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top