x

Хуульчлагдсан дээрэм буюу У.Хүрэлсүхийн долоо хоног

Өнгөрөгч долоо хоног манай Засгийн газрын хувьд жинхэнэ утгаараа улаан цайм “дээрмийн” долоо хоног болж өнгөрлөө. Даваа гаригт Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Тагнуул, цагдаагийн удирдлага, мэргэжлийн хяналтынханд үүрэг өгч Тост, Тосон бумбад олборлолт явуулж байсан “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлан үйл ажиллагааг нь зогсоов. Лхагва гаригт Байгаль орчин, аялал жууллалын сайд Н.Цэрэнбат нэг удаагийн шийдвэрээр 23 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлав. Баасан гаригт дахин нэг компанийн лицензийг...

“Сауд Гоби коэл транс”-ийн гүйцэтгэх захирал Д.Буянбат тус компанид ажиллаж байсан 400-гаад ажилчин ажлын байргүй болсон талаар мэдээлсэн. Харин үлдсэн 24 компани хэдэн ажилчинтай байсан, хэд нь ажилгүй болсон талаар Засгийн газар мэдээлсэнгүй. Учир нь Засгийн газарт энэ хамаагүй бололтой.

2000-аад онд нэг онигоо яригддаг байсан даа. Америкийн Элчин сайд манайд ирээд Ерөнхий сайдаас асуужээ.

-Танай хүмүүсийн сарын орлого хэд вэ?

-300 доллар...

-Зарлага нь хэд вэ?

-600 доллар...

-Үлдсэн 300 доллараа хаанаас яаж олох вэ?

-Тэр нь бидэнд хамаагүй...

Ерөнхий сайд эргүүлээд асууж.

-Танай хүмүүсийн сарын орлого хэд вэ?

-3000 доллар...

-Зарлага нь хэд вэ?

-1000 доллар...

-Үлдсэн 2000 доллараа юунд зарцуулдаг вэ?

-Тэр нь бидэнд хамаагүй...

Яг үнэндээ бол энэ ямар нэг онигоо биш, гашуун үнэн байлаа л даа. Одоо ч хэвээрээ гэдгийг болж буй үйл явдлууд нотолж байна. Иргэд нь орлоготой байна уу, үгүй юу, ар гэр, ам бүлээ яаж тэжээх нь манай Засгийн газарт хамаагүй. Шударга ёсыг тогтоох нь чухал. Тэр шударга ёс нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэг ч бас хамаагүй. Хамгийн гол нь дийлэнх олонхид таалагдаж байх нь чухал. Олонхи нь харин өөрөөс нь арай илүү амьдарч байгаа нэгнийг үргэлж үзэн яддаг. Мөнгөтэй нь атаархаад үзэхгүй, мөнгөгүй нь өширхөөд үзэхгүй.

Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Тост, Тосон бумбын лицензийг цуцлахад хүргэсэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн н.Нямдаваагийн бас нэг бичлэгийг /хүрз бариад цооног ухаж байгаа/ олон нийтийн сүлжээнээс зарим нь олж харсан байх. Өөрөө бол нинжа л юм билээ л дээ.

Нинжа гэдэг нь зөвшөөрөлгүй алт ухдаг нийгмийн хэсэг бүлгийг хэлдэг гэдгийг эрх биш мэдэх байх. Ямар ч татвар төлөхгүй, байгаль орчны нөхөн сэргээлт энэ тэр хийхгүй, тийм үүрэг ч хүлээгээгүй. Албан ёсны зөвшөөрөлтэй компаниудаа яг саяынх шиг байдлаар шантаажилж, шахаж гаргаад өөрсдөө араас нь ухдаг. Байгаль хамгаалах хөдөлгөөн өрнүүлээд байгаа манай нөхдийн дийлэнх нь тийм л зорилготой.  Гэтэл манай Ерөнхий сайд яасан байхнав?  

У.Хүрэлсүх Б.Чойжилсүрэн хоёрын дунд чухам юу болсныг мэдэхгүй ч нэг л зүйл тодорхой. Монголд байгалийн баялгийн дахин хуваарилалт явагдаж байна. Өмнө нь MCS, “сахал” Д.Эрдэнэбилэг, МАК-ийн Б.Нямтайшир гэх мэт “акул”-ууд Монголын бүх баялгад эзэн суугаад байв. МАК компанийн эзэмшилд байдаг лицензийн тоо гэхэд гуч хол гарсан тооны юм дуулддаг. Зөвхөн нэг компанид шүү дээ. Мэдээж үүнийг сугалаагаар аваагүй нь тодорхой.

Тухайн үеийн эрх мэдэлтнүүдтэй ойр байсан, шадарлаж явсан, хаялгийг нь өгсөн нөхөд хамгийн их баялгийн эзэн болсон. /Энд хэн нь сайн бизнесмэн болох тухай сэдвийг хөндсөнгүй/ Улстөрчдийн нөлөөн дор баялгийн эзэн болсон гэсэн үг. Тэр нөлөөтэй явсан нөхдийг манайхан өнөөдөр нийтэд нь “МАНАН” бүлэглэл гэж нэрлээд байх шиг байна. Харин одоо дараагийн үе нь “МАНАН”-таж эхэллээ. Шударга ёсыг тогтоох нэрийн дор байгалийн баялгийн дахин хуваарилалт эхэллээ. Ингэхдээ хууль хүчний байгууллагуудыг ашиглаж байна. Өмнө нь ч ашиглаж байсан, гэхдээ түүнийгээ олон нийтэд ил цагаан харуулдаггүй байв. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа нийтэд ил тод зарлаж байгаад тагнуул, цагдаа, дотоодын цэргийг хөдөлгөж байгаад ордуудыг төрд хурааж байна. Сонгуулийн өмнө нь шинэ эзэддээ очих биз.

Уг нь бол байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй байна, уул уурхайн компаниуд стандарт хангахгүй байна гэдэг шүүмжлэл шинэ юм биш. Уул уурхай хөгжиж эхэлснээс хойш сүүлийн 20 жил чих дүлийртэл хашгирч байгаа сэдэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил болоход лав энэ талаар юу ч хийгээгүй. Хуруугаа ч хөдөлгөөгүй. Яг үнэндээ тэднийг стандартын дагуу ажиллаж байна уу, байгаль орчин бохирдуулж байна уу, нөхөн сэргээлтээ хийж байна уу? гэдгийг хянах үүрэг нь төрд өөрт нь байгаа. Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны яам гээд үүрэг хүлээсэн нөхөд нь ажлаа хийдэггүй, авилгад автсанаас болж байдал иймдээ тулсан хэрэг. Харин төрийн албыг сахилга хариуцлагатай болгоно, төрд үүрэлсэн авилгыг таслан зогсооно гэж амлаж засаг авсан Ерөнхий сайд энэ хугацаанд юу хийсэн бэ?

Хувийн компани бол мэдээж ашгаа л бодно, зардлаа татана. Харин тэгэх явцдаа стандартаа мөрдөж, хуулиа биелүүлж байна уу, үгүй юу гэдгийг хянах үүрэгтэй хүмүүс бол төрийн албан хаагчид, хууль хяналтынхан. Тэр хүмүүс нь ажлаа хийж чадахгүй, хийх хүсэлгүй байхад дан ганц хувийн хэвшилтэй байлдаад үр дүнд хүрэх үү? Эсвэл хамаг байдаг татвар төлөгчдөө хөөж гаргаад, эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд явах гэж байна уу?

“Шударга ёсоор” халхавчилсан шинэ, хуучин хоёр бүлэглэлийн дунд хамгийн их хохирч байгаа хүмүүс нь дундаж ангийнхан. Аж ахуй эрхлээд, чадан ядан татвараа төлөөд, ар гэрээ аваад явж байгаа нийгмийн дундчууд. Монголын эдийн засгийн 80 хувь нь уул уурхай. Үлдсэн нь тэднээс хамааралтай бизнес эрхэлж байгаа. Уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр монголчууд барилга барьж, зам тавьж, хувийн сургууль байгуулж, тэнд суралцаж байгаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Хэрэв уул уурхай нь зогсвол монголчууд нийтээрээ “банкрот” /дампуурал. Одоо “дефолт” гэж ярьдаг болсон/ болно.

Тиймээс баялгийг хэн эзэмшиж байгаад бус, хэрхэн эзэмшиж, ашиглаж байгаад асуудал байна. Үүнийг хянах цагдах үүрэг нь Засгийн газар, түүний хүний нөөцөд бий. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхэд өөрт нь байгаа. Тийм атал өөрөө ажлаа хийгээгүйн төлөө өрөөл бусдыг нураагаад, хураагаад, шатаагаад байх нь шударга уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.125)
    Нэр хүнд олж л байвал ард түмний амьдрал хамаагүй бололтой. Үнэхээр ПОП юмаа
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Enhaa (202.9.43.96)
    Hurelsuh zugeer socialaar ner hund olj avah gsn bodlogogui hun.
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 18 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 23 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 26 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 21 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 41 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 44 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 48 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 55 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 44 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 45 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 47 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 41 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 38 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 44 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 49 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 22 цаг 5 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 13 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 15 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 21 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 26 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top