x

"Байнга л ашиг орлого ярьдаг залуу, дандаа л зүүдээ боддог бүсгүй хоёр яваандаа л хоёр тийшээ болчих байх"

Олны дунд үнэнээрээ байх амаргүй. Урсгал сөрж сэлэх ч амаргүй. Зоригтой, өөрийнхөө байж, түүнийхээ төлөө тэмцэж, цаг үеэсээ хоцрохгүй хөл нийлүүлэх байтугай чирч алхаж буй нэгэн эмэгтэйтэй ярилцан суухад түүнийг ямар амьдрал хүлээж буй нь тааварлашгүй оньсого мэт санагдлаа. Гуру Медиа компаний кино продюсер Ц.Ариунаагийн ярилцлагыг хүргэж байна. 

-Таны анхны сурсан мэргэжил онолын физик. Энэ мэргэжил таны амьдралтай яаж уялдав?   

-Ямар ч байсан би Москвад сурахад эхлээд хэцүү байсан, гэхдээ яван чангараад дипломоо бол онц хамгаалсан. Дуртай зүйлээрээ сураагүй гэдгээ мэдэж л байсан. Гэхдээ хүн чинь аливаа зүйлийг дадал болгоод хийгээд байхаар тэндээс ямар нэгэн юм, ядахдаа логик сэтгэлгээг олж авдаг юм байна. Манай аав зураач, тэгээд би ч гэсэн дүрслэх урлагийн сургуульд оръё гэж боддог байлаа. Гэхдээ тэр үед эцэг, эх, багш нарынхаа үгийг сонсоод бүтээлч салбарыг сонгоогүй.

Багадаа би нийгмийн ухааны хичээлүүддээ илүү охин байлаа. Бид тэр үед дуртай юмаа ч, дургүй юмаа ч хийдэг тийм дадалд сурсан нь ямарваа нэгэн юмыг хүн давж туулж гарах ёстой гэсэн хүмүүжлийн хатыг суулгасан. Москвад би олон сайн орос найзуудтай болж,  орос хэл, утга зохиол, урлагаар нь дамжуулж Оросын соёлыг зах зухаас нь мэдэрч чадсан нь миний оюутан ахуй цагийг утга учиртай бас сонирхолтой болгосон юм шиг. 

Байгалийн шинжлэх ухаанаас хүн олон зүйлийг ойлгох боломжтой. Ямарваа нэг хатуу төмрийг  маш хатуу болгохын тулд эхлээд уярааж байж дараа нь хатуу болгодог технологи байдаг. Шинжлэх ухаанаас суралцана гэдэг чинь юмны зүй тогтлыг, шүтэн барилдлагыг бас хүний мөн чанарыг ойлгохыг хэлнэ гэж боддог.  Би аравдугаар ангидаа өөрийгөө ер нь гайгүй сурлагатай охин гэж боддог байлаа. 

Харин Москвад сургуульдаа очоод асуудал өөр гэдгийг ойлгосон. Сонгосон мэргэжил онолынх болохоор олон ухаантай еврей хүүхдүүд манай ангид байдаг байлаа. Надаас мундаг хүн байж болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь би бүх зүйлтэй тэмцэлдэж өрсөлдөж, бүх юмны орой нь байх албагүй гэдгийг эрт ойлгуулсан. Тэр л надад дараа дараагийн ажил, амьдралд маш их хэрэг болсон.

-Одоо манай нийгэмд ялна, дийлнэ, оройд гарна л гэх хандлага давамгайлж байна...

-Үнэмлэхүй мундаг байгаа хүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд яах вэ. Гэхдээ тэр чинь бууж өгч байна гэсэн үг биш. Би өөрийгөө мундаг сайн сурлагатай, давгүй, юм юмны түрүүнд байж үлгэр жишээ болох ёстой юм шиг л санаж байсан. Яг үнэндээ шинэ орчин надад тийм биш гэдгийг ойлгуулсан. Намрын наргүй Москвад газар, хэл сайн мэдэхгүй, эхэндээ хичээлээ сайн ойлгохгүй, дээр нь нэмээд таргалчихсан нэг оюутан охин одоо бодоход бага зэргийн сэтгэл гутралд орсон байгаа юм.

Залуу байхад өөрийгөө олж таньж мэдээгүй, сэтгэл зүйн талаар ямар ч ойлголт байхгүй учраас яагаад байгаа учраа ч олоогүй. Гэхдээ би тэр үед бодит байдлаа хүлээн зөвшөөрсөн. Урд нь гараад мандаад  байгаагүй ч урдах хичээлээ чадахаараа л хийгээд яваад байсан, аандаа тэндээ ч бас хичээлдээ ч дасаад, олон юмыг таньж мэдсэн гайхалтай оюутан насны амьдралыг өнгөрүүлсэн гэж боддог. 

-Ямар хүмүүстэй ойр байхыг эрхэмлэдэг вэ? 

-Надад бүх юм нь төгс хүн угаасаа хэзээ ч таалагдаж байгаагүй. Тийм хүн бараг байдаг гэдэгт итгэдэггүй. Ажил нь амжилттай, хүүхдүүд нь хүмүүжилтэй, гэр нь цэвэрхэн, нөхөр нь төгс, өөрөө төгс ийм тийм байх ёстой гэсэн нэг хэвэнд цутгасан мэт нийгмийн шахалтад дургүй. Хэзээ ч тийм болохыг хүсэж байгаагүй. 

Харин надад сониуч, хошин шогийн мэдрэмжтэй, хэвшмэл бус хүмүүс таалагддаг. Сониуч гэдэг амьдралын зүй тогтлын талаар сонирхдог, юмыг томоор хардаг, аливаа зүйлийн харилцан хамаарал, шүтэн барилдлагыг олж харж чадахыг хэлэх байх. Дараа нь мэдээж бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс. Ийм хүмүүс шинэ нээлт хийж, шинэ шийдлийг гаргаж, урт настай уран бүтээл туурвиж, ямар нэгэн өөрчлөлт шинэчлэлийг авчирч байдаг. 

-Та байгалийн шинжлэх ухаанаас соёл урлаг, кино ертөнц рүү яаж яваад орчхов? 

-Ардчиллын анхны жил л миний ажиллаж байсан байгууллага татан буугдсан. Ардчилал надад миний дуртай зүйл юу вэ гэдэгт хариулах боломж өгсөн.  Азаар найруулагч П.Бросенс Д.Төрмөнх ийн “Нохойн Орон” баримтат УСК дээр ажиллах боломж олдсон. Ардчиллын эхний жилүүд хөл толгой нь мэдэгдэхгүй үе байсан. Эхэндээ ийм хүмүүстэй байх дуртай юм байна гэж бодож байснаас энэ салбарт ажиллана гэж ерөөсөө бодоогүй.

Бодоогүй явж байтал тэр боломж гарч ирэхэд түүнийг тосоод л авсан. Дараа нь Соросын санд соёлын хөтөлбөрийг гардан хийж байсан. Тэнд би маш их зүйл сурсан.  Хүн зоригтой бас хүсэлтэй байхдаа хамгийн их юм хийдэг гэдгийг тэнд мэдэж авсан. 

-Өөрчлөлт хийхэд хүнд ямар чадварууд чухал вэ?

-Жилдээ 400,000$-ийн тэтгэлэг  өгдөг Соросын сангийн хөтөлбөрийн захирал байснаа, өөрөө тэтгэлэг хайдаг байгууллагыг авч явах сонголтоо хийсэн. Тэр үед болохгүй чадахгүй байх гэж ерөөсөө бодож байгаагүй. Яаж хийхээ сайн мэдэж байгаагүй гэхдээ хэзээ ч зүрхшээж, айж байгаагүй. Нэгдүгээрт хийж байгаа юмандаа дуртай, сэтгэл зүрхээ өгдөг байх ёстой. Хоёрдугаарт уйгагүй хөдөлмөрч байх. Гуравдугаарт бүх юмыг чи ганцаараа хийж чадахгүй гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүстэй хамтарч ажиллаж чаддаг байх хэрэгтэй. 

-Хувийн амьдралын хүрээнд хүмүүс хоорондоо зохицон амьдрах талаар...

-Намайг байгаа хувь хүнээр минь хүлээж аваад, надад тэр их ажлыг хийх, шинэ юм суралцах, орон зайг өгсөн хүн бол миний нөхөр.  Бас түүнд өөрийн гэсэн орон зайтай эмэгтэй хүн таалагддаг байх гэж боддог. Хэний ч амьдрал хэн нэгэн хүнд зөвхөн зориулагдсан биш. 

Уран бүтээлч хүмүүс арай өөрөөр юманд ханддаг нь надад таалагддаг. Эргүүлээд би ч бас нөхрөө хэвшмэл нөхрийн дүрд тоглохыг шаардаж байгаагүй. Байгаагаар нь хүлээж авдаг. Ямар нэгэн юм таалагдахгүй бол шууд хэлнэ. Миний буруу байсан бол буруугаа хүлээнэ. Тэс өөр зан араншинтай, хүмүүс хамт байж чадаж байгааг л хайр гэж боддог. Дандаа бүх юманд санал нэгтэй байгаад байвал гунигтай. Гэхдээ хамгийн чухал нь яаж ч өөр байж, санал зөрөлдөж болно, гэхдээ үнэт зүйл нэгтэй байх ёстой. 

-Жишээ нь ямар үнэт зүйлийг та хэлж байна?

-Эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө үхэн хатан шуналдахгүй, худлаа хэлж, хүн хуурах үйлдлийг хэзээ ч хийхгүй, тэрэн дээр бие биедээ бат итгэлтэй байдаг. Мөнгөнөөс илүү үнэтэй юм амьдралд байдаг. Бид хоёр угаасаа бизнес хийдэг хүмүүс биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Lifestyle тал дээр хоёулаа нэг зүг харж чаддаг. Алхах, йог хийх, учир начиртай хоол ундаа тааруулах гэх мэт.

Нэг нь юу ч хийхгүй диван дээрээ хэвтээд нөгөөх нь фитнесс хийгээд эрүүлжээд байхгүй. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанд хоёр талаасаа бие биеийгээ ойлгож, сонсож, цаг хугацаа, орон зай өгч байх шаардлагатай. Гэхдээ зөвхөн харилцаагаа нурааж унагахгүй гээд өөрийгөө, хамаг юмаа золиослоод, өөрөө хэн ч биш болоод байх шаардлагагүй. 

-Хайр дурлал, хань ижлийн талаар та эмэгтэйчүүддээ хандаад хэлчихмээр санагддаг юу байна? 

-Өөртөө хайртай хүнтэй суувал амар, жаргана энэ тэр гээд ярьцгаадаг. Надад бол үгүй. Чамд жоохон зовлонтой байж болно, тэр хүн чамд чамаас арай бага хайртай мэт санагдаж болно, гэхдээ яг чамд таалагддаг, хамт байхад сайхан байдаг хүнтэйгээ л цуг байх хэрэгтэй. Хамгийн гол нь цаад үнэт зүйл нь  нэг чигт байх ёстой.  Байнга л ашиг орлого ярьдаг залуу,  дандаа л зүүдээ боддог бүсгүй хоёр яваандаа л хоёр тийшээ болчих бай

-Таны хувьд аз жаргалтай, зөв амьдарсан амьдрал гэж ямар амьдралыг хэлэх вэ?

-Нэгдүгээрт хүн бүх юман дээр төгс биш гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм учраас чиний амьдрал ч гэсэн төгс байх албагүй. Ажлаа карьераа илүү бодвол гэр бүл юм уу харилцааны тал дээр заавал золиос гарна. Аль болох тэр золиосыг бага гаргахын төлөө байх ёстой. Хоёуланг нь зэрэг авч явна гэдэг тун ховор бас хэцүү. Үнэхээр үр хүүхдээ хүмүүжүүлэхэд цаг гаргаад явбал залуугийн чинь амьдрал нэгэн хэвийн уйтгартай санагдаж магад. Гэхдээ хөгширсөн хойноо үр шимээ хураах л байх.

Чи залуудаа гэр бүлээ орхиод ажил карьертаа маш анхаарсан бол магадгүй чиний хүүхдүүд ямар хүмүүжилтэй ямар хүн болсон байхыг мэдэхгүй. Бүх юм харилцан уялдаатай, шүтэн барилдлагатай, үр дагавартай. Ямар үр суулгана тэр үр нь л ургаж үр шимээ өгнө. Үүнийг эрт ойлгож хүлээн зөвшөөрвөл юмыг бас угтаж, зохицуулж болно. 

-Хүлээн зөвшөөрөөд, эрсдэлээ тооцоолбол бас зөв менежмент хийх боломжтой гэж үү? 

-Болно. Бид залуучуудад амьдрал дандаа сайн сайхан байх ёстой биш хэцүү түвэгтэй үе нэг бус удаа гарч ирдэг гэдгийг хэлж ярьж байх ёстой. Амьдрал бэрхшээлтэйгээ өөрөө жинхэнэ амьдрал болдог. Хуучны кинон дээр нэг бол муу дүр эсвэл сайн дүр гэдэг хоёр эрс тэс шугамыг их үзүүлдэг байсан. Одоо ийм дүрийн шугам бол гунигтай бас сонирхолгүй. Одоо бол хүн өөрөө хосолмол, хар цагааны хоёр туйлын дунд хувьсан байх мөн чанартай. Хүний ямар чанар нь хэзээ, яагаад, яаж гарч байгааг харуулсан бүтээл бол харин сонирхолтой. 

-Хүүхдийн хүмүүжлийн талаар ямар зарчим баримталдаг вэ? 

-Өөрөө амьдралаараа үлгэрлэн хүмүүжүүлэхийг л би сайн хүмүүжил гэж боддог. Хамгийн муу хүмүүжил бол яриад байгаа юмныхаа яг эсрэгийг хүүхдүүдийнхээ нүдэн дээр хийх. Бид хоёр өөрсдийнхөө ярьдаг зарчмаараа яг амьдардаг. Түүнийг би хамгийн том хүмүүжил өгч байгаа гэж боддог. Жишээлбэл хүүхдээ ном унш гээд үглээд байхын оронд чи өөрөө ном уншихгүй бол хүүхэд ном уншихгүй. Чи өөрөө ном уншдаг, чиний ном энэ тэнд хэвтэж байхад чиний хүүхэд магадгүй шилжилтийнхээ насанд уншихгүй ч гэсэн дараа нь тэр номыг бариад л авна. Үүнийг бол би амьдрал дээрээ харсан.

Хүүхдүүдээ яг өөрсөдтэйгөө адилхан болгож, өөрсдийнхөө үргэлжлэл гэж харж болохгүй.Тэд нар өөрийн гэсэн хувь заяатай , өөрийн гэсэн бие хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Надаас өөр байж болох юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд ирэхээр надад ч тэдэнд ч амар. Бас хүүхдүүддээ итгэх ёстой. Монголчуудын хамгийн дуртай юм нь ямар нэгэн зүйлийг хам хум хурдан хийх, болж өгвөл товчлох эсвэл аргалах. Хэн ч юуг ч алгасаж чадахгүй, бүх зүйл цаг хугацаандаа болно, харин болж буй зүйлд ул суурьтай хандах ёстой гэдгийг хүүхдүүддээ хэлж байх ёстой.  

-Манай залуучууд алгасаж товчлох хандлагатай байна уу?  

-Хурдан түргэн алдар нэрд хүрэх, уншаагүй хичээлийнхээ төлөө онц авах, ямар ч чармайлт гаргаагүй байж ямар нэгэн амжилтанд хүрдэг гэх мэт зүйл хэзээ ч байдаггүй гэж дандаа хэлдэг, ойлгуулдаг. Зарим хүмүүс нэг их гоё ажил гэдгийг бага ажиллаж их цалин авах гэж бодоод байх шиг байгаа юм. Хамгийн сайхан ажил бол чи дуртай зүйлээ хийгээд, ямар нэгэн сайн сайхан түүхийг бүтээхэд хувь нэмрээ оруулах. 

Ж.Мандхай

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 16 цаг 59 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 17 цаг 3 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22 Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ 2024-04-22 Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана 2024-04-22 Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ 2024-04-22 М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй 2024-04-22 Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна 2024-04-22 Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Намууд ба хамууд Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан
Top