Сарны өмнөд туйлыг судлах зорилгоор Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Японы Агаар сансрын судалгааны агентлаг /JAXA/ сарнаа явагчийн туршилтын загварын ажиллагааг танилцуулжээ. Энэ тухай Японы Жижи Пресс /Jiji Press/ агентлаг мэдээлснийг Kazinform дамжууллаа.
Сарны туйлыг судлах /Lunar Polar Exploration/ төслийн хүрээнд усны нөөц байх магадлалтай Сарны өмнөд туйлыг судлах юм. Судалгааны ба өрөмдлөгийн төхөөрөмжүүд бүхий сарнаа явагчийг 2028 онд Японы H3 зөөгч пуужингаар хөөргөхөөр төлөвлөж байна. Харин Энэтхэгийн тал буугч аппаратыг зохион бүтээх ажлыг хариуцах юм.
"Реголит" гэгдэх нарийн ширхэгтэй хөрсөөр хучигдсан Сарны гадаргуу дээгүүр хөдлөх чадварыг үнэлэх зорилгоор уг туршилтын загварыг бүтээжээ. Мөн Сарны гадаргын дор ус хайхад ашиглах өрөмдлөгийн технологийг боловсронгуй болгох зорилготой юм.
Танилцуулах туршилтыг Токио хот дахь JAXA агентлагийн Агаар-сансрын судалгааны төвд өчигдөр хийжээ. Гинжит механизм бүхий дөрвөн тулгууртай уг аппарат нь чулуурхаг газар болон Сарны тогоог дууриалган хийсэн хотгор гүдгэрийг амжилттай туулсан байна.
Ташрамд дурдахад, АНУ-ын НАСА агентлаг 2028 онд Сарны өмнөд туйл руу цөмийн хөдөлгүүр бүхий сарнаа явагчийг илгээхээр төлөвлөжээ.
Kazinform



