УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өчигдөр намын бүлгүүд хуралдах ёстой байсан ч хуралдсангүй. Ер нь сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагаа, чуулган, байнгын хороод, намын бүлгүүдийн хурал ирц хүрэхгүй байх хандлага их болж. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тэр дундаа эдийн засгийн чиглэлээр ажиллах үүрэг нь Засгийн газарт байгаа. УИХ бол хяналт тавина, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хууль ёсны болгоно. Тийм л чиг үүрэгтэй. Тэгэхээр УИХ ажлаа хийхгүй байна гэж биш, УИХ угаасаа ажлаа хийж байгаа нь энэ юм. Яагаад гэвэл энэ чинь олон ургальч үзэлтэй, олон намын төлөөлөлтэй парламент. Парламентад дуу хоолой өөр өөр байна. Өөр өөрийнхөө дуу хоолой, байр суурийг хамгаалж, шаардаж, шахна. Зүгээр эрх баригчдын удирдуулсан симфони хөгжим шиг ажилладаг байсан бол УИХ байх ямар ч утга учиргүй шүү дээ. Тэгээд Ардын нам УИХ-ыг, парламентыг намынхаа хурал шиг бодоод байх шиг байна. Намын дарга нь нэг үг хэлбэл түүнийх нь төлөө бүгд зэрэг гараа өргөж байдаг. “Яаралтай, түргэн энэ асуудлыг шийдье” гэхээр тэр асуудлыг нь үг дуугүй шийдэж байдаг гэж андуураад байх шиг байна. Парламент бол тийм биш. Яагаад одоо ингээд байр суурийн ялгаа гараад ирэв гэхээр “гуя дагуулж хүзүү” гэдэг шиг УИХ-д өргөн барьсан төсвийн тодотгол өөрөө зарим талаараа хууль зөрчсөн, хулгай, наймаагаа халхавчилсан, тэрийгээ баллуурдах гэж оролдсон юм шиг тийм үйлдлүүд гарч ирээд байгаа учраас ер нь бол эргэлзсэн байдалтай нягталж байна.
-Тэгэхээр УИХ бол үндсэн ажлаа хийж байгаа гэж ойлгох уу?
-Парламентын хийх ёстой ажил бол нягтлах. Тэр дундаа гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газарт хуваарилж байгаа мөнгө, томилгоо, ямар нэгэн бодит шийдвэрүүдийг гаргаж байгаа Засгийн газрыг нягталж, хянаж, жаахан хэрсүүгээр асуудлыг нь хэлэлцэж байх ёстой. Тэр ажлаа л хийж байгаа. Тийм учраас үүнийг “УИХ ажлаа хийхгүй байна” гэж байгаа биш. Энэ хүмүүс чинь дор бүрнээ бодож, сэтгэж, ажлаа хийгээд, юу нь зөв, юу нь буруу гэдгийг нягталж байгаа шүү.
-Ер нь бүлгийн хуралдаанаар мэдээж ирэх оны төсвийн асуудлыг хэлэлцэх ёстой байх. Та, танай намын бүлгийн хувьд төсөв болон төсвийн тодотгол дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Засгийн газраас УИХ-д төсөв өргөн барьсан. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол дотор гурван асуудал байгаа юм. Нэгдүгээрт, 2026 оны төсвийн гүйцэтгэл гараад ирэхээр тэр нь ил болох байх. Түүнээс өмнө төсвийн тодотголоор энэ алдаагаа засчихъя гэсэн байдалтайгаар Засгийн газар маш их улайрч байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр УИХ-аас батлаагүй чиглэлээр, батлагдаагүй агуулгаар төсвийг захиран зарцуулсан асуудал байна. Их хэмжээний төсвийн хөрөнгийг хуулиас гадуур захиран зарцуулсан асуудлаа энэ төсвийн тодотголоор албажуулж аваад явах гэж байгаа. Сүүлд нь юу хэлнэ гэхээр “Үгүй ээ, үгүй. Та хэд дараа нь зөвшөөрөөд, ингээд төсвийн тодотголоор шийдчихсэн шүү дээ” гэдэг үгтэйгээр хаах гэж оролдож байгаа нэг заль явж байна. Угтаа бид жижиг сажиг хэрүүл дээр анхаараад байгаа болохоос биш, парламентаас буюу УИХ-аас батлаагүй чиглэлээр зардал гаргана гэдэг чинь өөрөө хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газар парламентгүйгээр шууд өөрөө эдэлж байна гэсэн үг.
-Бид нар ийм байдлаар хэрэгжүүлчихье. Дараа нь УИХ дээр ороод ирэхээр цаадуул чинь гараа өргөчихнө. Тэгээд үүнийг шийдээд явчихъя гэдэг байдлаар асуудлыг оруулж ирсэн гэж үү?
-Тийм. Энэ асуудал давхар дотор нь байгаа учраас одоо хүссэн хүсээгүй энэ төсвийн тодотголыг хэлэлцээд, ажлын хэсгүүд байгуулагдаад яваад эхлэхээр уудлагдаж гараад ирэх байх. Хоёрт нь дахиад нэг ноцтой зүйл нь болохоор төсвийг Төсвийн тогтвортой байдлын хуулиас гадуур, одоо байгаа хуулиа зөрчиж өргөн барьчхаад, тэр зөрчиж өргөн барьсныхаа ар дээр Тогтвортой байдлын хуулийг бид бас өөрчилж байгаа юм аа гэдэг агуулгаар асуудал тавьсан.
УИХ-ын гишүүд Хууль тогтоомжийн хуульд заасан шаардлагыг хангахгүй хуулийн төслийг өргөн бариад, тэрнийхээ ард “Хууль тогтоомжийн хуулийг чинь бид өөрчилж байгаа юм аа” гэдэг байдлаар хасаад өргөн баривал УИХ-ын дарга бидэнд өргөн барих тов зарлаж, цаг өгөхгүй. Тамгын газар бас адилхан “Энэ хууль Хууль тогтоомжийн тухай хууль зөрчиж байгаа учраас бүрдүүлбэр дутуу байна” гээд авахгүй. УИХ-ын босгыг давуулахгүй. Гэтэл Засгийн газар хуулиас давсан үйлдэл гаргаж байна.
-Засгийн газрынх бол болдог, гишүүдийнх болохгүй байна гэдэг чинь энд яг ямар асуудал хөндөгдөж байна вэ?
-Хууль тогтоох эрх мэдлийг олонх олонхоороо дулдуйдаад, зүгээр гүйцэтгэх эрх мэдэлд сайн дураараа шилжүүлж өгчихөөд байна. Тийм учраас УИХ-ын гишүүд “давхар стандарт” гэж ярьдаг шүү дээ. Засгийн газар хууль зөрчөөд төсвөө оруулж ирсэнийхээ дараа зөрчсөн хуулиа өөрчилж болдог юм бол УИХ-ын гишүүд ч ялгаагүй Хууль тогтоомжийн хууль зөрчсөн хуулийн төслөө оруулж батлуулчихаад дараа нь зөрчсөн хуулиа өөрчлөөд явдаг байя л даа, тэгвэл.
Эс үгүй бол энэ зарчим чинь Засгийн газарт нэгэн адил үйлчилдэг байх ёстой байна. Уг асуудлын цаана дахиад юу гарч байна гэхээр Үндсэн хуулиар заасан, хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэдэг Үндсэн хуулийн суурь зарчим өөрөө алдагдаад байна. Засгийн газар одоо зөвшөөрөлгүйгээр хууль тогтоох эрх мэдлийг төлөөлөн хэрэгжүүлээд зогсохгүй, УИХ-аас ямар шийдвэр гарах гэж байгаа вэ гэдгийг тэд мэддэг болоод нь “Та нар тэртэй тэргүй ийм шийдвэр гаргах гэж байгаа учраас үг дуугүй энийг хүлээж ав. Энэ асуудлыг ингэж шийддэг” гэсэн тулгалт хийдэг болоод хувирчихлаа. Тэгэхээр энэ бол УИХ, Засгийн газрын аль нь хэн нь ямар байр суурьтай, хэндээ хянагдаад, хэндээ ажлаа хариуцан тайлагнаад ажиллах вэ гэдэг Үндсэн хуулийн дэг журам алга болсон байна л гэдэг илэрхийлэл.
-Өнөөдөр нийгэм, эдийн засгийн амьдрал тун хүнд байна. Үүнээс гаргах шийдэл, бодлого энэ Засгийн газарт байна уу?
-Хүн болгон л харж байгаа. Иргэдийн аж амьдрал төвөгтэй байгаа, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна, бензин шатахуун хомс байна. Ер нь бол эдийн засгийн зөв удирдлагыг энэ Засгийн газар, үе үеийн Засгийн газар сүүлийн 12 жил бараг хэрэгжүүлээгүйгээсээ болоод эдийн засаг маань өнөөдөр ямар хэмжээнд ирчихсэн байна вэ гэдгээ бид дахиад нэг дүгнэх ёстой. Энэ дүгнэлтийг огт хийхгүй байна.
Дахиад л юу болж байна вэ гэхээр ерөөсөө 2027 оны сонгууль. Ер нь энэ улс төрчид нэг ийм юм руу орчихоод байна. Нийгэмд байгаа болохгүй, бүтэхгүй, эс үгүй бол иргэдэд байгаа хүндрэлтэй асуудлуудыг гаргаж ирж, популизм хийж байгаа юм шиг түгээчихээд, түүн дээрээ гишгэж дараагийнхаа эрх мэдэл рүү л алхаад байгаа болохоос биш тэр асуудлаа шийдэх шийдлийг ул суурьтайгаар, урт хугацаанд ерөөсөө төлөвлөхгүй байна. Энэ төлөвлөх чадвар нь алга болчихсон учраас дандаа арагшаагаа харсан, ард хормойгоо авч урд хормойгоо нөхсөн хэлбэртэй. Тэгээд хийж чаддаг ажил нь өнгөрсөн юм дээр л талцаж, хуваагдаж, хэрэлддэг ийм юм руу орчихоод байна.
Өөрөөр хэлбэл, жижигхэн хов яриагаар л асуудлыг шийдэх гэж оролдоод байна шүү дээ. Гэтэл гадаад эдийн засгийн нөхцөл байдал ийм таатай байгаа үед, энд эдийн засгийн нөхцөл байдал таагүй болоход бид дараагийнхаа алхмыг яаж хийх юм бэ гэдгийг төлөвлөхийн оронд зүгээр л энэ мөнгийг нь овоолж авч байгаад хурдхан шиг 2027 оныхоо сонгууль дээр тарааж аваад, яаж өөрийнхөө намаас нэг Ерөнхийлөгчтэй болж авах вэ, Ерөнхийлөгчтэй болсноор өөрсдөө шоронд орохгүй гэж ойлгоод байна. Нөгөө авлига, хулгай. Ингээд нэг нь нэгэнтэйгээ хэрүүл болгож задалсан энэ олон авлигын асуудлын араас өөр нам гарч ирээд явахаас үнэхээр үнхэлцэгээ хагартал айж байна.
-Эрх мэдлээ алдахгүйн төлөө л ажиллаад байна гэсэн үг үү?
-Тийм. Энэ утгаараа эрх мэдлийн оргил дээр дахиад хэдэн жил өөрсдийнхөө хүмүүсийг суулгаж аваад, шоронд орохгүйгээр, болж өгвөл дараагийн томоохон хулгайг хийж аваад, дараагийн сонгуулиудаар буцаад яаж энэ статусаа хадгалж үлдэх вэ гэдэг л тийм богинохон тархины эргэлттэйгээр улс орныг удирдаад явж байна.
-Танай намын бүлгээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэх шаардлага тавиад байгаа. Гэвч Ерөнхий сайд өөрөө өөртөө итгэлтэй байгаагаа хэлсэн. Тэгэхээр дараагийн шаардлага, улс төрийн акц юу байх вэ?
-Ерөнхий сайд өөрөө өөртөө итгэлтэй байгаа асуудлыг бид яриагүй. Энэ бол огт биш. Итгэл үзүүлэх эсэх асуудал бол УИХ Ерөнхий сайдад итгэж байна уу, үгүй юү гэдэг асуудал. АН-аас Ерөнхий сайдыг өөрөө өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ир гэсэн шаардлага тавьсан. Ийм шаардлагыг намын зүгээс гаргаж, бүлгээр дамжуулан оруулсан байна лээ. Ерөнхий сайд өөрийнхөө албан тушаалаар дэнчин тавьж, итгэл үзүүлэх эсэх асуудал ярих нь Үндсэн хуулийн агуулгаар юуг илэрхийлдэг вэ гэхээр өөрийнх нь оруулж ирсэн бодлого УИХ дээр унасан тохиолдолд энэ тухай ярих ёстой юм.
Гэтэл одоогоор УИХ дээр Ерөнхий сайдын бодлого унасан, тийм факт буюу үйл явц болоогүй байна. Яг энэ үйл явдлыг ярихад л факт гарах ёстой, фактаас шалтгаална шүү дээ гэж хэлээд байгаа. Юу вэ гэхээр төсөв нь унасан юм уу, тодорхой бодлогын асуудал нь унасан юм уу, унаагүй байхад Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэхээр энэ бол зүгээр улс төрийн арга хэрэгсэл байхгүй юу. Хууль зүйн арга хэрэгсэл ерөөсөө биш.
-Төсвийн тодотголыг хуулийн хугацаанд баталж амжихгүй бол ямар үр дагавар гарах вэ. Төсвийн тодотгол, ирэх оны төсвөө хольж хутгаад хэлэлцээд байгаа юм шиг анзаарагдаад байна шүү дээ...?
-Төсвийн тодотголыг батлах хуулийн хугацаа мэдээж бий. Хэрвээ хуулийн хугацаандаа амжиж баталж чадахгүй бол Монгол Улс дахь төрийн байгууллын, эдийн засгийн эргэлтэд зогсолт үүсэх байх. Өөр үр дагавар гарахгүй. Ер нь бол парламент төсвийг батлах ёстой. Гэхдээ Засгийн газрын хүссэнээр батлах албагүй. Засгийн газар өөрийнхөө хүссэнээр батлуулахын тулд парламентыг байнга яаравчлуулдаг, цаг хугацаагаар шахах гэж оролддог. Одоо ч гэсэн Засгийн газрын хийж байгаа алхмуудыг хараарай. 2027 оны төсөв орж ирэхийн өмнөхөн нөгөө тодотголоо аваачаад оруулж ирээд, тодотгол дээр бөөн хэрүүл хийгээд, парламентын төсвийг хэлэлцэх боломжтой байсан 14 хоногийг зүгээр л аваад явчихаж байна. Энэ өөрөө юу вэ гэхээр Засгийн газрын тактик шүү дээ. Дахиад энэ 2027 оны төсвийн гэдэс дотрыг уудлуулахгүйн тулд хугацаагаар хавчиж байгаад хойш нь шахаад, тэгээд нэг ам мөлтөс баталсан болж дуусгадаг.
Өнгөрсөн төсвийн баталсан хуралдааныг иргэд анзаарсан байх. Сүүлдээ улаан, ногоон лааз өргөөд, Ардын намын нэг гишүүн сөрөг хүчнээ ямар санал өгөхийг нь удирдаад, симфони удирдаж байгаа юм шиг болсон. Тэгээд түүний дотор юу болсон бэ гэхээр сөрөг хүчний нэр бүхий тодорхой гишүүдийн санал, хувийн саналыг оруулаад, төсвөөр тохироо хийсэн байдлаар ингээд баталсан. Үүний ард хэн хохирдог вэ гэхээр улс орны эрх ашиг хохирдог. Тийм учраас улс орны эрх ашгийн үүднээс төсвөө харж, хэлэлцэж, шүүж батлах ёстой болохоос биш цагийг нь тулгаж байгаад “нэг кноп, хэдэн кноп байвал болчихно” гээд тэр кнопоо төсвөөр худалдаж авах байдлаар энэ аргацаадаг байдлаа бид зогсоох ёстой. Засгийн газрын ийм нэг явуургүй, байнгын явган заль дотор УИХ бүдэрч унадагаа зогсоох ёстой л гэж бодож байна.
Өдрийн сонин



