x

З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй

УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын байнгын хороогоор Азийн хөгжлийн банкнаас 450 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ долоо хоногийн Байнгын хороогоор төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн АХБ-аас 450 сая ам.доллар авах асуудлыг хэлэлцээд дэмжсэн. Үүний 200 сая ам.доллар нь АХБ-аас эдийн засгийн тогтворгүй үед төсөвт алдагдал үүсэх юм бол энэ алдагдлыг нөхөх зорилгоор хөгжлийн түнш орнуудад өгч байгаа зээл юм. Харин 250 сая ам.доллар нь болзошгүй гамшиг, эрсдэлийн үед бид бэлэн байдалд байх үүднээс авч байгаа зээлийн шугам. Байгалийн гамшиг, тухайлбал ган, зуд болох, хүнсний хомсдол үүсэх, нефть, түлшний нөөцөд гэнэтийн тасалдал үүсэх зэрэг үед бид шаардлагатай эх үүсвэртэй байх үүднээс энэ зээлийн шугамыг гаргаж авч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд л энэ шугамыг ашиглана. Саяны миний хэлсэн байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэх, онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд Гамшгийн тухай хуулийн дагуу үнэлгээгээ тогтоогоод ашиглах асуудал. Түүнээс биш энэ зээлийн эрх нь нээгдсэнээр бид шууд аваад хэрэглэчихнэ гэсэн үг биш.

-Оюу толгойн гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах асуудал дээр яг гэрээн дээр эцэслэсэн зүйл байхгүй гэдгийг хэлээд байгаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Оюу толгой, Рио тинто групп дээр Г.Дамдинням болон миний бие хоёр ажлын хэсэг гаргаж ажилласан. Тэгээд тодорхой үр дүнгүүд гарсан. Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулсан. Зээлийн санхүүжилтийг эргэн харах хугацааг тохирсон. Менежментийн төлбөрийг бууруулсан. Ингээд сая Рио тинто группийн гүйцэтгэх захирал ирээд Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд саяны энэ ажлын хэсгээр гарсан өөрчлөлтүүдийг тусгасан. Нэг ёсондоо 17 жилийн дараа бид Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анх удаа энэ өөрчлөлтүүдийг хийж, Монголын талын өгөөжийг бүрэн нэмэгдүүлж чадсан. Монголын ард түмэнд, Монгол Улсад хэрэгтэй шийдвэр гарсан. Энэ хэлцлийн хүрээнд нэг тохирсон зүйл бол 2037 оноос эхэлж авах гэж байсан ногдол ашгийг 2027 оноос эхэлж авъя гэдэг дээр хоёр тал тохирсон. Гүйцэтгэх захирал нь ирээд энэ хэмжээний ногдол ашгийг Монголын талд өгөхийг баталгаажуулж байна гэдгээ илэрхийлсэн. Ингээд одоо бид төсвийн хуульдаа гурав орчим их наядыг авна гэдгээ тусгаад оруулчихсан байна.

Энэ хэмжээгээрээ бид 2027 онд 2026 оны компанийн тайлан баланс гарсны дараа ногдол ашиг авах асуудлаа шийднэ. Нэгэнт гүйцэтгэх захирал нь ногдол ашиг өгнө гэдгээ илэрхийлсэн учраас хоёр талын ажлын хэсэг гараад ногдол ашгаа хэрхэн тооцож авах вэ гэдэг дээр энэ онд багтаагаад дуусгана. Ногдол ашгаа авна гэдэг нь тодорхой болчихлоо шүү дээ. Тэгэхдээ одоо бид юу ярьж байна вэ гэхээр Рио тинтогийн тал болон Монголын талын хооронд миний ахалж байгаа ажлын хэсэг ажиллаж байгаа. Ингээд бидний барьж байгаа зарчим маш тодорхой. Монголын Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Монголын талд ирэх өгөөж 53 хувь байх ёстой. Үүнийг хангуулах энэ л ажлыг хийнэ. Энэ хүрээндээ бид ногдол ашгаа авна. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.

-Ногдол ашгийн асуудлаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль зөрчсөн гэж АН-ын бүлгийнхэн хэлж байгаа. Яагаад иргэдээсээ асуухгүй байгаа юм, иргэдийн хуримтлалын дансанд орох ёстой гэж үзээд байгаа шүү дээ. Энэ асуудалд та юу хэлэх вэ?

-Улс төрийг яаж ч хийж болно. Тэгэхдээ одоо нэг юмыг бид ярих ёстой. 2037 онд авах ёстой байсан ногдол ашгийг Монгол Улсын Засгийн газар аваад ирэхээр болчихлоо. Хугацааг нь арван жилээр урагш татаад Монголын ард түмэнд ирэх өгөөжийг нь аваад ирлээ. Эндээсээ нэг их наядыг нь иргэдийнхээ хуримтлалын сан руу хийе. Нөгөөтэйгүүрт урсгал зардал тэлж байна гэж яриад байгаа юм. Энэ урсгал зардал гэдэг чинь юу юм гэхээр ерөөсөө л төрийн албан хаагч нар, ахмадуудын маань тэтгэврийн асуудал байгаа. Энэ зардлуудаа бид өсгөе гэж байгаа юм.

-Нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай шинэ хууль оруулах асуудал дээр аН-ын бүлгийнхэн шүүмжлэлтэй байгаа. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Тэтгэврийг нь нэмж өгье, ахмадуудынхаа тэтгэврийг нэмье, төрийн үйлчилгээний ажилчдынхаа цалинг нэмье гэж байна. Төрийн тусгай, төрийн захиргааны албан хаагчдынхаа цалинг нэмье гэж байна. Иргэддээ энэ эдийн засгийн агшилттай үед жилийн 10 хувийн хүүтэй, жижиг бизнес эрхлэгч, өрхийн бизнес эрхэлдэг, жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүстээ зээл олгоё гэж байна. Орон сууцаа авч чадахгүй байгаа иргэддээ ипотекийн зээл олгоё гээд энэ бүх асуудлыг оруулаад ирэхээр ингээд улстөржүүлээд байх шаардлага байхгүй ээ. Одоо хуралдаа суугаад АН-ынхан маань ажлаа хийгээд, энэ ард түмнийхээ цалинг нэмэх ёстой. Яагаад ахмадуудын тэтгэврийг нэмэхээс, яагаад төрийн албан хаагчдын цалинг нэмэхээс АН гэдийгээд байгаа юм. Залуучуудаа орон сууцтай болгох энэ бодлогыг хэрэгжүүлэх гэхээр яагаад гэдийгээд байгаа юм. Энэ жижиг, дунд ААН-үүд бүгдээрээ дампуурлаа, эдийн засаг муудаж байна гэж өөрсдөө яриад байгаа. Тэрний эсрэг одоо бид бага хэмжээтэй зээл гаргая, амьдралаа авч явж байгаа жижиг бизнес эрхлэгчдээ дэмжье. Ийм бодлого Засгийн газраас явуулахаар яагаад болохгүй гээд байгаа юм. Би тэрийг ойлгохгүй байгаа. Хоёрдугаарт, зүгээр Оюу толгойн хоёр их наядаар бид дэд бүтцийн салбараа ер нь нэг шинэчлээд авъя, хөрөнгө оруулалтын асуудлаа нэг мөр шийдээд авъя л гэдэг байдлаар явж байгаа. Дэд бүтцийн асуудал манай хамгийн том тулгамдсан асуудал болчихоод байгаа юм.

-Монгол Улсын төсөв цаашдаа тэлэхэд хамгийн их чөдөр тушаа болж байгаа салбар бол эрчим хүчний дэд бүтцийн салбар байгаа. Үүнийгээ энэ хөрөнгөөр шийдье гэдэг бодлогыг барьж байна гэсэн үг үү?

-Орон нутагт залуучууд маань орон сууцтай болох гэхээр аймгийн төв дээр дулааны асуудал нь хязгаарлагдмал байна. Тэгээд энэ дулааныг нь шийдээд өгвөл хувийн хэвшлийнхэн маань тэнд орон сууцаа барина, залуучууд маань ипотекийн зээлд хамрагдаад орон сууцтай болох боломж нь бүрдэнэ. Энэ уул уурхайн бүлэг ордуудаа ашиглалтад оруулах, эдийн засгаа тэлэх, экспортыг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэхэд эрчим хүчний эх үүсвэр л дутуу байна. Энэ бүгдийг шийдье гэхээр “болохгүй ээ” гээд байгааг би бас ойлгохгүй байгаа. Бид эдийн засгаа тэлье, ард түмнийхээ амьдралд энэ эдийн засгийн өсөлтийг оруулж ирье, өрх гэрт оруулж ирье л гэдэг бодлогыг явуулж байгаа. Энэ хүрээнд хийж байгаа ажлуудыг мэдээж хэлэлцүүлгийн явцад ард түмнээсээ асууна. Иргэд маань одоо үүнийг шууд авах уу, хуримтлалын сандаа авах уу. Үнэхээр одоо хэдүүлээ Оюу толгойгоос орж ирж байгаа анхны ногдол ашгаараа Монгол Улсад тулгамдаад байгаа, эдийн засгаа тэлэх, хөгжүүлэх, улс орноо хөгжүүлэхэд саад тушаа болоод байгаа тэр салбараа нэг шийдээд авах уу гэдэг асуудал. Энэ нь 10 аймгийн дулааны асуудлыг шийдээд авъя гэж байгаа юм. 10 аймагт дулаантай болно гэдэг чинь иргэд маань л тэр дулааныг хэрэглэнэ биз дээ. Тэнд орон сууц баригдана. Нөгөө талд нь Засгийн газар бага хүүтэй ипотекийн зээлээр санхүүжүүлээд өгье гэж байна. Тэр залуучууд маань орон нутагтаа бизнес эрхлэх, иргэд маань ажил амьдралаа явуулахад нь зориулаад бага хүүтэй зээл гаргаж өгье гэж байна. Өнөөдөр банкны зээлийн хүү 20-24 хувьтай байна. Тэгээд жилийн 10 хувийн хүүтэй зээл гаргаад өгье.

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл дээр нийтдээ 45 мянга орчим иргэний хүсэлт байна. Тэгэхээр энэ асуудлыг нэг мөр шийдье ээ гээд төсөв өргөн барихаар ингээд хуралдаа суухгүй, гарч ирээд ийм асуудал яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна.

-Нийгмийн дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай нэг удаагийн шинэ хууль төсөв дагуулж орж ирж байгааг шүүмжлээд байгаа. Үүнд та тайлбар хэлэхгүй юу?

-Нэг удаагийн хуулиар энийг зохицуулъя гэж байгаа. Яагаад гэхээр Оюу толгойн ногдол ашиг бол төсвийн байнгын тогтвортой орлого биш. Яагаад гэхээр цаашаа энэ чинь бид 2028 он, 2029 онд төсвөө төсөвлөөд, Монгол Улс чинь цаг хугацаагаар цаашаагаа төсвөө төлөвлөөд явах ёстой биз дээ. Тэгэхээр энэ төсөвт дарамт учруулахгүйн тулд нэг удаагийн хуулиар зохицуулалтыг нь хийж орж ирж байгаа асуудал. Түүнээс биш Засгийн газарт ард түмнийхээ эсрэг хийж байгаа ямар нэгэн үйлдэл байхгүй. Бид ард түмнийхээ эдийн засгийн энэ хүндрэлтэй үед яаж Монголын ард түмний аж амьдралыг эдийн засгийн энэхүү үнийн өсөлтөд нэрвүүлэхгүй байх вэ. Яаж төрийн албан хаагч нар, ахмадуудаа энэ үнийн өсөлтөөс хамгаалж, цалин хөлсийг нь тогтвортой түвшинд барих вэ, яаж энэ инфляцид нөлөөлөөд байгаа дотоодын бүтээгдэхүүнүүдийн нөөц бүрдүүлэх вэ гэдэг дээр л Засгийн газар төслийн саналаа оруулж ирсэн. Гэвч үүнийг хэлэлцэхгүй байж ийм юм яриад байгааг л ойлгохгүй байна.

-Хэлэлцэхгүй байна гэдэг нь гишүүд чуулгандаа суухгүй байгааг хэлж байна уу, та?

-Бүгд л харж байна шүү дээ. Ингээд Байнгын хороо хурлаа хийхгүй, чуулгандаа суухгүй, гишүүд нь асуудлаа танхимдаа ярихгүй болохоор яах юм бэ. Үүнийг ард түмэн та бүгд маань бас хэлэх ёстой. Одоо тодотгол хэлэлцэж эхлээд 20 гаруй хоног өнгөрчихлөө. Дөнгөж гуравдугаар хэлэлцүүлэг рүүгээ орж байна. Өнөөдөр л гэхэд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж чадсангүй. Ингээд л бид энэ асуудлуудаа хэлэлцээд шийдэх хэрэгтэй байна. Нөгөө талд улстөржөөд ард түмний амьдрал хэцүү байна гээд байгаа. Хэцүү байгаа тэр асуудлаа бид шийдье гээд ороод ирэхээр шийдэхгүй ээ, хуралдахгүй гээд байгаагаа л гишүүд маань анхаараач ээ гэж хэлье.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 51 мин Бид бол монголоид хүмүүс 1 цаг 4 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 1 цаг 23 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 1 цаг 45 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 2 цаг 3 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 2 цаг 15 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 2 цаг 32 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 2 цаг 32 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 3 цаг 26 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 4 цаг 54 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 5 цаг 50 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Уржигдар 15 цаг 58 мин Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Уржигдар 14 цаг 34 мин Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18
iИх уншсан
Top