x

Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь

Гэрэл зургийг Л.Энх-Амгалан /нүүр номоос/

Хөвсгөл нуураас илүүтэй гайхамшигтай зүйл бол манай хамгийн том дарга болохыг тус нуурын төрийн тахилга илчилж өглөө. Түүнийг тэнд хөл тавьж, зан үйлийн утга бүхий үйл хөдлөл хиймэгц “уул, ус, тэнгэр нийлэхүй” хэмээх байгалийн ховор гайхамшигт үзэгдэл болсон байгаагаас үзвэл жилийн 365 хоногийн 364 өдөрт нь тийм зураглал эс тохиодгийг шинжлэх ухаан баталсан байж таарах нь ээ.

Чухамдаа Хөвсгөл нуурыг төр тахисан бус тэрхүү цэнгэг их нуур төрийн тэргүүнийг маань тахисан мэтээр төрийн тахилгад оролцогсод ба сурвалжлан судлагсдын мэдээлэл, сэтгэгдэл хөврөх тул тэнд очиж амжаагүй сая сая иргэдийн нэгэн би бээр тийнхүү ойлговол зохилтой төдийгүй тиймгүй хэмээн гөжүүдлэхийн аргагүйд хүрсэн тул огт өөр сэдвийг энд хөндөхөөр шийдлээ.

Дарга ба даргатай “улаан утсаар” холбогдох нь

Даргыг шүтэн тахихуй хэмээх үзэл улиран одсон социализм, коммунизмтэй балран арилан арчигдах “онол” биш байв. Энд дурдагдан буй хуучин тогтолцоонд өмч төрийнх, нөөцийг хуваарилагч нь “төвлөрсөн төлөвлөгөө”, бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээний гол хамаарал нь төр байсан тул төр ба төрийн үйл хэргийг удирдагч шат, шатны дарга нар нийгмийн гол дүрүүд байсныг ойлгож болох юм. Харин одоо даргыг тахин шүтэхүй нь бидний зан төлөв болж байгаа нь ямар учир шалтгаантай вэ? Үүнийг зүгээр нэг өмнөх нийгмээс гээгдсэн сэтгэлгээний хоцрогдол, мухар олгой маягийн мутаци үлдэгдэл мэтээр тайлбарлавал гэнэн болно.

Капитализм буюу хувийн өмчтэй, бизнесийн эрх чөлөөтэй, зах зээлийн зохицуулалттай либерал эдийн засаг бүхий нийгэм рүү шилжин орж, гучин хэдэн жил түүнийгээ бүтээн босгох гэж хэрүүл тэмцэлтэй явсаар атал нэг мэдэхэд “төсвийн капитализм” хэмээх хайбрид тогтолцоог бараг л сонгодог утгаар нь угсарчихаад буйн далд, егөө шинж тэмдэг нь ДАРГЫГ МААНЬ НУУР ТАХИН ШҮТСЭН явдал юм.

Даргыг төрд гаргаж буй улс төрийн тогтолцоо, үүний хамгийн чухал оролцогч болох улс төрийн нам хэмээх “улаан утсаар” нэг нэгтэйгээ ил, далд холбогдсон сүлжээнд сүлбэлдэж авахгүй л бол амьдрал гээч нь “утсан чинээ улаан амь” болж хувирсан тул даргад хайртай болтлоо бизнес эрхлэгчдээсээ өгсүүлээд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдээ хүртэл шаналж дууслаа. Учир нь өнөөдөр төр нь төсвийн мөнгөнөөс болон түүнтэй зэргэлдээ ажиллах боловч үл үзэгдэх, үл тоологдох “улс төрийн төсөв”-өөс бүх бизнес, үйл ажиллагааны “маш том” худалдан авалтыг хийж байна. Энд “маш том” гэж миний хэлж буй факт хэр том тоо болохыг төсөөлөөд үз дээ?! Энэ бол хийрхэл биш. Монгол Улсын ДНБ өнөөдөр 42.6 их наяд бөгөөд үүнд хувийн хэвшлийн эзлэх хувь хэмжээ 25.8 их наяд төгрөг буюу 61 хувь орчим. Харин үүнд төрийн тендерийн зах зээл буюу төрийн худалдан авалт 15.5 хувийг эзэлнэ. Хувийн хэвшлийн ДНБ-ийг 100 төгрөг гэвэл үүний 15.5 төгрөгтэй тэнцэх хэмжээний төрийн тендер жил бүр зарлагдаж байна. Энэ дүн нь Монголын нийт ДНБ-ий 9.4 хувьтай тэнцэж байгаа нь уул уурхайн салбарын 27.3 хувь, хөдөө аж ахуй салбарын 10-12 хувийн дараа гуравдугаарт буюу бараг л ойролцоо бичигдэх эрэмбэ юм. ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр дөрөвдүгээрт жагсах барилгын салбарын 5-7 хувьтай жишихэд 2-3 дахин том тоо.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээр гуравт бичигдэх хэмжээний төрийн тендерийн зах зээл жилд 4 их наяд төгрөгөөр илэрхийлэгдэх ба нийт тендер, төслийн тоо жилд 40 мянга гаруйгаар тоологдож байна. Үүнд төрийн, төрийн өмчит компанийн, төсвийн бүх тендер багтаж буй бөгөөд төрийн өмчит 109 компанийн /86 нь толгой компани/ зөвхөн нэг нь л болох “Эрдэнэс Тавантолгой” ХК гэхэд 2023 онд 2.7 их наяд төгрөгийн төсөвтэй 130 тендер зарлаж, 2.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, төрийн өмчит компани, төрд хувийн хэвшил бараа, үйлчилгээ нийлүүлэх нь эдийн засгийн агуулгаар тийм муу зүйл биш ч гэлээ нэгд, хэмжээ хязгаар нь арай томорч буйд, хоёрдугаарт, шалгуур нь улс төрийн хамаарал, танил талын нөлөөллөөр шийдэгдэж байгаад, гуравдугаарт, сонгуулийн санхүүжилтийг тийм замаар төрөөс буюу төсвөөс гаргах арга зам болсонд асуудал нь байгаа хэрэг. Хувийн хэвшил эрхлэх боломжгүй нийтийн сайн сайхны төлөөх үйлчилгээ, эмнэлэг, сургууль цэцэрлэг, цаашлаад цэрэг цагдаа, онцгой алба, шүүх цагдааг санхүүжүүлэх замаар иргэний өмнө төрийн хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд зориулан олон нийт татвараар бүрдүүлдэг төсвийн мөнгө улс төрийн санхүүжилт болж, төрийг “худалдан авах” арга зам болж байгаа нь гажуудал.

Хувийн хэвшил, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэд татварын дарамтаа дийлэхгүй болж байхад төсөв, тендер, төсөл нь улстөрд хамаарал бүхий нэг хэсгийг тэжээн тэтгэх зах зээл болоод зогсохгүй улам томорч байгаа нь даргыг дагах, нам дагаж амьдрах, эцэстээ шударга өрсөлдөөн, инноваци, технолог бүтээх, бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зэрэг чөлөөт зах зээлийн нийгмийн эерэг тал, үүнийг дагаж бий болдог нийгмийн хөгжил, соёлыг гацааж байгаа нь эмгэнэл юм. Эмгэнэл гэдэг гашуудал төдийгүй хамгийн сайн, сайхан үгээр мялаагдсан ерөөл байдаг тул энэ үг тийм ч тохиромжтой илэрхийлэл биш байж магад. Зүгээр л хөгжлийн араанд тээглүүлж орхисон бул чулуу гэвэл онох биз. Онол, номын үгээр бол төсвийн капитализм. Хаана, ямар онолын сурах бичигт хэрхэн томъёолсныг гаргаж ирээд нотол гэж шаардвал хаанаас эш татахаа мэдэхгүй байгаа ч “Төсвийн капитализм гэдэг нь үйлдвэрлэлийн хэрэгсэл бүхэлдээ төрийн өмчид шилжээгүй боловч хувийн секторын зах зээл, орлого, санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдвэрт төсөв болон төрийн өмчит компани, байгууллагууд давамгай нөлөөтэй болсон эдийн засгийн тогтолцоо юм” гэж хариулах байна.

Эцэст нь бүр харамсам парадокс ажиглагдаж байгаа нь тендерийн зах зээлийн хэмжээ томрохын хэрээр түүнд оролцогчдын тоо улам хумигдаж, цөөн хэдхэн тоглогчийн гарт зугуухан шилжиж буй үзэгдэл.

Бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 5.9 хувь нь жилд 10-аас дээш тендерт оролцдог байна. Тендерт оролцоход олон шат дамжлага, өндөр шалгуурууд тавигддаг тул тэдгээрийг давж гарахад нөгөө л даргатай улаан утсаар холбогдсон байх ёстой болдог гэсэн үг. Тендер олон байлаа гээд зах зээлийн боломжийг илүү нээж өгч байгаа хэрэг огт биш, харин цөөн компани давамгайлах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн оролцоог шахах зарчим үйлчилж байна.

Уг нь “энгийн” капитализмд компанийн гол хөрөнгө нь технологи; хүний нөөц; брэнд; хуримтлал; хэрэглэгч байдаг бол “манай” төсвийн капитализмд компанийн гол капитал нь улс төрийн холбоо; тендерийн мэдээллийн давуу байдал; шийдвэр гаргагчидтай харилцаа; лицензийн хүртээмж; улс төрийн хамгаалалт байдаг. Компани өмчлөлийн хувьд хувийн боловч эдийн засгийн зан төлөвийн хувьд төрийн дагуул болдог. Одоо бүр хувь хүн бүр улс төрийн дагуул болох боллоо. Нэг үгээр бол “Улс төрийн холбоо эдийн засгийн хөрөнгө болох нь” хэмээх гарчиг дор хураангуйлагдах аж. Тийм л учраас Монголд уул ус, лус савдаг нь хүртэл даргыг тахин шүтэж байх авай.

З.Боргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.138)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services
    2026 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.177.248)
    Хүн шоолсныхоо шанд нь элсэж ордог тийм элэг хатаасан тусгай алба гэж хаа ч бхгүй шүү
    2026 оны 08 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05 Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 2026-10-05 АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 2026-10-05 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
Top