x

Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө

Монгол хэлэнд “хөшөө” гэдэг үг сонин утгатай. Хөшсөн, хөдөлгөөнгүй, цаг хугацааны өмнө бууж өгсөн мэт атлаа түүхийг дуугүйгээр өгүүлдэг зүйл. Өнгөрснөө санахын тулд, дахин давтахгүйн учир хүн төрөлхтөн хөшөө босгодог. Харин Монголын улс төр нэг шинэ практик үзүүлэв. Хөшөө бол хөдөлгөөнгүй зүйл биш, хөдөлгөж болдог, тэгэхдээ шөнийн гурван цагт хөдөлгөдөг аж.

Монголчууд хөшөөтэйгээ үргэлж улс төрийн өнгөөр харилцаж ирсэн ард түмэн. 1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр Х.Чойбалсангийн хөшөө рүү улаан будаг цацсан нь зүгээр нэг вандализм байгаагүй, хядлага, хэлмэгдүүлэлтээр олон жил хуримтлагдсан цусны толбо нь тэр. Дараа нь Б.Цэрэндоржийн хөшөө бас улаан будгаар “мялаалгасан”. Хөшөө буруугүй ч эзнийхээ нүгэл буяныг чулуун нүүрээрээ хүртдэг гэдгийг монголчууд тэгэхэд харуулсан.

Сталины хөшөөг бид олон нийтийн санал, улс төрийн өөрчлөлтийн үр дүнд буулгасан. Лениний хөшөөг ч ил тод шийдвэрээр зайлуулсан. Зөв үү, буруу юу гэдэг нь өөр асуудал, энэ бүхнийг гэгээн цагаан өдрөөр гүйцэтгэсэн. Гэтэл С.Зоригийн хөшөөг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа шөнөөр болжээ. Хот нойрсож, гудамж нь хоосорч, гэрчийн нүдэнд өртөх магадлал хамгийн бага цагийг сонгосны учир юу вэ?

Дэлхийн түүхэнд хөшөө хулгайлсан хэрэг олон бий. Шинэ Зеландад хоёр метр өндөр хүрэл гномыг хулгайлаад гурван долоо хоногийн дараа Авралын армийн үүдэнд малгай өмсгөөд орхисон байдаг. Хулгайч нь ядаж хувцаслаад, хүмүүнлэгийн байгууллагад хүргэж өгсөн байгаа юм.

Лондонд боксчны хөшөөний гутлыг нь үлдээгээд аваад явжээ. Лос-Анжэлэст хотын үйлчилгээний ажилчны хувцас өмссөн хулгайчууд сонин зардаг хүүгийн хөшөөг тайван гэгч нь ачаад явсан бөгөөд хажуугаар нь гарсан хүмүүс “Хотынхон засвар хийж байгаа юм байна” гэж бодоод өнгөрсөн гэдэг.

Австралид бикинитэй эмэгтэйн баримлыг далайн хар шуурга далимдуулан хулгайлсан ч удалгүй мянган километрийн цаана вандан сандал дээр тухалж суухад нь олжээ. Энэ мэт хулгай инээдтэй, хошин шогийн өнгө аястай. Хөшөөг ихэвчлэн хүрлээр үйлдэх тул түүхий эдээр тушааж мөнгө олох сэдэлтэй хулгайлах нь элбэг.

Монголд болсон явдал инээдтэй ч инээхэд бэрх. 2026 оны наймдугаар сарын 31-ний шөнийн 03:00 цагт С.Зориг агсны хөшөөг сууринаас нь салган авч оджээ. Сонирхолтой нь хөшөөний шинэ суурийг урьдчилан бэлдчихсэн байв.

Дэлхийн хөшөөний хулгайчууд хөшөөг хулгайлдаг бол манайхан “түр нүүлгэсэн” гэдэг тайлбар хийв. Монголын улс төр “түр” гэдэг үгийг хайр гамгүй хэрэглэдэг. Түр хороо, түр комисс, түр түдгэлзүүлэлт... одоо бүр түр хөшөөтэй болчихов.

Хөшөөг бүтээсэн уран барималч Б.Дэнзэн “Энэ бол миний өмч биш. Хотынх, ард түмнийх. Бэлгэдэл нурсны дараа улс орон нурдаг юм” гэжээ. Шөнөөр хөшөө хөдөлгөсөн явдалд холбогдох хамгийн ноцтой өгүүлбэр. Асуудал хөшөөндөө бус бэлгэдэлдээ байгаа.

С.Зоригийн хөшөө санамсаргүй хойшоо харж зогсоогүй. Өглөө бүр ажилдаа алхдаг байсан зам дээр нь, гартаа “Стюардес” янжууртай дүрсэлсэн. Олон нийтийн хандиваар босгож, суурин дээр нь "Монголын ард түмнээс" гэсэн бичээс бий. Тэгэхээр ард түмний өмч, ардчиллын бэлгэдлийг хэнд ч хэлэлгүй “хувийнхаа хашаа”-нд “түр” аваачихын учир юунд байв?  

Б.Дэнзэн бэлгэдлийг агаартай зүйрлэжээ. Агаартай байхад хүн анзаардаггүй, дутагдаад ирэхээр амь тэмцдэг. Бэлгэдэл ч ялгаагүй, байж байхад нь тоодоггүй, алга болоход үнэ цэнийг нь ойлгодог. Иргэд энэ үлгэрээр С.Зоригийн хөшөөг, ардчиллын бэлгэдлээ уйгагүй нэхэв.

Хотын дарга Б.Пүрэвдагва энэ үйлдлийг “хулгайн сэдлээр хийгдсэн” хэмээн тодорхойлж, хөшөөг буцаан байрлуулах шийдвэр гаргав. Ингээд Монгол Улс дэлхийн хөшөөний хулгайн түүхэнд нэг өвөрмөц төрөл нэмлээ. Шинэ Зеландад гном буяны байгууллагын үүдэнд очдог. Австралид баримал далайн эрэг дээр амардаг. Лондонд гутлыг нь үлдээдэг. Монголд хөшөө шөнөөр “түр нүүж”, өглөө төр нь “хулгайн сэдэлтэй” гэж тайлбарлаад буцаан авчирдаг шинэ маяг гаргалаа.

Хөшөө хөдөлсөнд асуудал байгаа юм биш, ард түмний өмч, түүхэн бэлгэдлийг хэн хүссэн үедээ шөнөөр зөөж болно гэдгийг харуулсанд асуудал оршино. Хөшөө ярьдаггүй ч хөдөлгөсөн хүмүүс нь бусдаас чангаар дуугарчээ. АН-ын дэд дарга Л.Мөнхбаясгалан “Төр нь зайлуул гэсэн, нам (АН) нь авахгүй гэсэн. С.Зориг агсны хөшөөг МоАХ авалгүй яах вэ” гэжээ. Олон нийтийн эзэмшлийн, түүхийн дурсгалт хөшөөг шөнийн 03:00 цагт, нууцаар, нэг улстөрчийн хувийн шахам байгууллагын үүдэнд “түр амарч бай” гээд авч явдаг ямар хууль, ямар ёс зүй вэ?

Хөшөө хүртэл шөнөөр нүүдэллэж, хууль ёс нь харанхуйд зангидагддаг нийгэмд монголчууд хөшсөн ардчилалтай суугаа юм биш үү? 

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 22 цаг 25 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 22 цаг 31 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 23 цаг 23 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 23 цаг 33 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top