Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын соёл урлагийн тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд, хувийн студи, продакшн болон чөлөөт уран бүтээлчдээс бүрдсэн 2000 гаруй уран бүтээлч оролцож, зохион байгуулах арын албанд 500 орчим хүн ажиллаж байна.
Наадмын нээлт, хаалтын бэлтгэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байгаа бөгөөд 80 гаруй хувьтай байгаа Соёл урлагийн салбар хорооноос мэдээлэв. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх гадаадын жуулчид болон наадамчин олонд зориулан нийт 14 соёл, урлагийн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг танилцуулж байна.
Долоодугаар сарын 8-15
Монголын уран зургийн галерейн Их танхимд “Монгол бахархал-монгол адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн.
Долоодугаар сарын 9-20
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн.
Долоодугаар сарын 9
Д.Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол” үндэсний хувцасны наадам.
Долоодугаар сарын 10
Нийслэлийн Соёлын төв өргөөнд “Мөнхөд орших Монгол” хүндэтгэлийн концерт.
Долоодугаар сарын 11
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөнхөд орших монгол наадам” баяр наадмын нээлт, үдшийн тоглолт.
Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш-2026” үдшийн цэнгүүн.
Долоодугаар сарын 11, 12
Хүй долоон худагт “Соёлын наадам”
Долоодугаар сарын 12
Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын хаалтын ёслол
Долоодугаар сарын 13
Хүй долоон худагт “Дэлхийн адууны өдөр-Уяачдын наадам”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд адууны соёл, нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйл ажиллагааг гурван өдрийн турш Хүй долоон худагт зохион байгуулахаар төлөвлөжээ.



