Монгол Улсад анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаар дэмжин баталснаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх олон улсын шийдвэр гарсан нь Монголын нүүдэлчдийн өв соёл, адууны хүн төрөлхтний хөгжилд оруулсан үнэт хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл болов.
Энэ жил Дэлхийн адууны өдрийг 55 улс орон өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэх бөгөөд Монгол Улс энэхүү олон улсын түүхэн үйл явдлын гол төв болон тэмдэглэж буйгаараа онцгой ач холбогдолтой. Тус баяраар үндэсний өв соёл, морин спорт, адууны соёл иргэншил, урлаг соёлыг нэг дор нэгтгэсэн олон улсын цар хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулна.
Хүй долоон худагт энэ сарын 10-13-нд болох Дэлхийн адууны өдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.





