Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар Тойлогтоос Жанхайн даваа хүртэлх авто замын хучилтын ажил үргэлжилж байна.
Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогтын чиглэлийн авто замтай холбох 2 км, Хатгал-Жанхай-Тойлогтын чиглэлд 30.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихайн чиглэлд 5.5 км хатуу хучилттай авто зам барихаар төлөвлөсөн. Мөн Хатгал орчмын долоон байршилд авто зогсоол байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хоёр чиглэлд явган болон морин аялалд зориулсан жимийг тохижуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуур орчмын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулж, олон салаа зам гарган хяналтгүй зорчих байдлыг хязгаарлах замаар байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна. Мөн Монгол орны цэнгэг усны нөөцийн дийлэнхийг бүрдүүлдэг энэхүү бүс нутагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын тав тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.




