x

УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах хуультай болъё

Төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс эрх мэдлээ хадгалах, үргэлжлүүлэх, эсвэл өөр албан тушаалаар дамжуулан улс төрд нөлөөгөө мөнхжүүлэх оролдлогыг өнгөрсөн 30 гаруй жил хийж ирлээ. Нэг үе Монголын хаан болж байсан Намбарын Энхбаяраас эхлээд Ухнаагийн Хүрэлсүх хүртэлх өндөр албан тушаалтнууд төрийн гурван өндөрлөг гэгдэх УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудалд шилжин, дамжин суух сонирхолтой байдгийг улс төрийн замнал нь нотолсоор байгаа. Дараа үеийн улстөрчид ч ялгаагүй энэ зам, мөрөөр явахыг л бодно. УИХ-ын дарга болчихвол дараагийн карьер нь сонгуулийн циклиэс хамаараад Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайд болохын төлөө хүрээллээ тэлж, нөлөөллөө тогтоодог.

Товчхондоо төрийн гурван өндөрлөгийн аль нэгэнд нь суусан улстөрч өөрийгөө Монголын хаан болгохын төлөө л зүтгэнэ. Ёстой чөмгөө дундартал эрх мэдлийн төлөө зүтгэдэг гэдгийг монголчууд 1990 оноос хойш төрийн гурван өндөрлөгт суусан хүмүүсээс харж байна. Угтаа ардчиллын гол зарчим бол эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байх. Харин Монголын улс төрд эсрэгээрээ эрх мэдлийг аль болох удаан хадгалах, албан тушаалаа сольж үргэлжлүүлэн эрх барих сонирхол л их байна. Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай, нэг удаа сонгодог болсон. Энэ бол зөв шийдэл. Учир нь Ерөнхийлөгч дахин сонгогдохын төлөө ажиллах бус, улсын эрх ашгийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлсэн. Гэвч зөвхөн Ерөнхийлөгч дээр ийм зохицуулалт байгаад хангалтгүй байна. Ерөнхий сайд, УИХ-ын дарга ч гэсэн бүрэн эрхийн хугацааны хязгаартай байх ёстой.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга хэдэн ч удаа сонгогдож болох эрх зүйн орчинтой байна. Намын дэмжлэг, улс төрийн нөхцөл бүрдвэл олон жил дараалан, эсвэл завсарлаж байгаад дахин дахин төрийн өндөр албан тушаал хаших боломжтой. Энэ нь ардчиллын зарчимтай нийцэхгүй. Нөгөөтэйгүүр ардчилсан оронд дарангуйлал гаарахын шалтгаан нь энэ болчихоод байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нарыг нийтдээ хоёр бүрэн эрхийн хугацаа буюу найман жилээс илүү ажиллахгүй байх эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байна, УИХ-ын гишүүд ээ. Та бүхэн бөхийн цол, чимэг, эрэмбэ дарааг хуульчлах гэж хөгөө чирж, үндэсний дархлааг унагааж суухаар парламентын засаглал, ардчиллын дархлааг нэмэгдүүлсэн дээрх эрх зүйн өөрчлөлтийг санаачилж, энэ парламентаараа хэлэлцүүлээч.

УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг Ерөнхийлөгчтэй адил нэг удаад дээд тал нь найман жил байх хуулийн хязгаарлалтыг хийхээс гадна эдгээр албан тушаалыг хашсан хүний УИХ-ын гишүүнээр сонгогдохыг нь хүртэл болиулах шаардлагатай байна. Учир нь ямар ч хүн, ямар ч нам, ямар ч удирдагч удаан хугацаанд эрх мэдэлтэй байх тусам төрийн байгууллагууд хувь хүний нөлөөнд орж эхэлдэг. Албан тушаалын томилгоо нэг хүрээллийн хүмүүсээр дүүрдэг. Шүүмжлэл багасдаг. Хяналт суларддаг. Энэ бол дарангуйлал руу хөтөлдөг эхний шат юм. Өнөөгийн Монголын төр яг л ийм л байгаа шүү дээ.

Өнөөдөр Монголд хэний хамаатан, садан, найз нөхөд, улс төрийн хамтрагчид, бүлэглэл хүчтэй байна вэ. Ямар хүмүүсийн бизнес нь өргөжиж, улс төрийн карьер нь дээшилж, хүссэн албан тушаалдаа очиж байна вэ. Үнэндээ өнөөдөр “Хүүкийн хамаатнууд л гоё байна” гэж дуулдаг шиг Монголын нийгэм, улс төрийн хүрээн дэх эрх мэдлийн хуваарилалт, боломжууд нь тийм л байна. Ингээд бодохоор Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байгаа нь ч урт санагдаад байгаа юм. Цаашид Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр зөвхөн нэг удаа парламентаасаа сонгодог болох ёстой. Нөгөөтэйгүүр анхны 126 гишүүнтэй парламент бүрэн эрхийн хугацааныхаа талд нь орж байна. Энэ хугацаанд эрх баригчид Засгийн газраа гурван удаа солилоо. Их хурлын даргаа хоёр ч удаа солилоо. Цаашид хэдэн УИХ-ын дарга, хэдэн Ерөнхий сайд гарч ирэхийг таашгүй.

Хамгийн гол нь төрийн гурван өндөрлөгийн аль нэгийг хашиж байгаа хүн бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа нөгөө хоёр луугаа зүтгэдэг, зүтгэнэ гэсэн эрх мэдлийн зорилготой байгаа нь буруу юм. Эрх мэдлийн төлөөх энэ хандлага л Монголын төрийг толгойноос нь ялзруулж байна. Энэ утгаараа өнөөгийн УИХ-ын даргыг сонгох асуудал дээр сөрөг хүчний зүгээс С.Бямбацогтоос ам мөчгийг нь авч байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, түүнийг анх нэр дэвшихэд нь намаасаа түдгэлз, УИХ-ын даргын албан тушаалыг дараагийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох гишгүүр болгохгүй шүү гэж амыг нь асууж байж дэмжицгээснийг олон нийт санаж байгаа байх. Тиймээс өнөөгийн парламент эрх мэдлийн тогтолцоо буруу байгааг олж харсан гэсэн үг.

Үнэндээ С.Бямбацогтоос УИХ-ын даргын албан тушаалыг хашчихаад дараа нь Ерөнхийлөгч болохгүй гэдэг нотолгоог аман байдлаар авна гэдэг дэндүү хөнгөн шийдвэр. Аман тохироогоор төрийн ажил хийгдэх ёсгүй л дээ. Тиймээс одоо үүнийгээ хуульчлах хэрэгтэй, гишүүд ээ. Тэгэхгүй бол төрийн гурван өндөрлөгийг зорилго, мөрөөдлөө болгосон улс төрчид аль нэг суудалд нь очихтойгоо зэрэгцээд дараагийн эрх мэдлээ олж авахын төлөө л Монголын төрд ажиллаж байна. Сүүлийн хэдхэн жилд төрийн гурван өндөрлөгт эрх баригч намын хэдхэн нөхөд л ээлж дараалан сууж байгаа.

Г.Занданшатар өмнөх 76 гишүүнтэй парламентын үед УИХ-ын дарга байсан. Дараа нь сонгуулиар Төрийн ордонд биш, Тусгаар тогтнолын ордондоо үлдсэн. Гэсэн ч улс төрийн нөхцөл байдлаа харж байгаад Ерөнхий сайд болоод Төрийн ордонд буцаад ороод ирж байгаа юм. Одоо түүнийг МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа кандидат гэж улс төрийн хүрээнд үздэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн албан тушаалын аль нэгэнд нь хүргэх шат дамжлага болгосоор ирсэн, болгох сонирхол хэн хүнд ч байгаа жишээг үүнээс бодитой харж болохоор байгаа юм. Ерөнхий сайд Н.Учрал өмнө нь УИХ-ын даргын суудалд суусан.

Энэ мэт улстөрчид насаараа албан тушаалын өндөрлөгт байж байх эрх мэдлийн шуналаас болоод төрийн нэр хүнд, ардчилсан орны хөгжлийн бодлого уруудсаар байна. Хамгийн аймшигтай нь Монголд дарангуйллын далд систем улам бэхжиж байна шүү дээ. Иймээс төрийн гурван өндөрлөгийн аль нэгийг хашсан хүн нөгөө өндөрлөг албан тушаалд очдоггүй байх тухай зарчмын зохицуулалтыг хэлэлцэх цаг иржээ, гишүүд ээ. Ерөнхийлөгч болсон хүн дахин Ерөнхий сайд болохгүй. Ерөнхий сайд болсон хүн дараа нь Ерөнхийлөгч рүү шилжихгүй. УИХ-ын дарга байсан хүн мөн адил төрийн бусад өндөрлөг албан тушаалд очихгүй. Ингэснээр төрийн эрх мэдэл хувь хүнээс ангид үлдэнэ. Өнгөрсөн 30 жилийн сургамж, Монголын улс төрийн түүхэнд төрийн өндөр албан тушаалуудыг дамжин хашсан олон улс төрч бий. Гол асуудал нь хэн нэгэн хүн биш. Асуудал нь хэн ч байсан эрх мэдлийг удаан хугацаанд төвлөрүүлэх боломж олгодог тогтолцоо өөрөө юм.

Дэлхийн улс төрийн түүхэнд удаан хугацаанд эрх барьсан удирдагчдын жишээ олон бий. Путин, Эрдоган, Лукашенко, Ким Жон Ун, Мадуро нарын жишээ юуг харуулж, улс орноо яаж сөнөөж байгааг дэлхий даяар мэднэ. Эдгээр орны нөхцөл байдал Монголтой ижил биш ч нэг нийтлэг сургамж бий. Эрх мэдэл удаан төвлөрөх тусам институци сулардаг, хувь хүний нөлөө хүчирхэгждэг. Монгол бол ердөө гурван сая гаруй хүнтэй жижиг улс. Ийм улсын хувьд эрх мэдэл нэг хүний эргэн тойронд удаан төвлөрөх нь бүр ч өндөр эрсдэлтэй. Учир нь улс төр, бизнес, төрийн алба, хамаатан садны холбоо хоорондоо амархан огтлолцдог. Тиймээс л бид хуулиар хаан төрөх боломжийг Монголд хаах хэрэгтэй. Ардчилсан улс оронд сайн хүн гарч ирэхийг хүлээхээс илүү муу тогтолцоо бий болохоос сэргийлэх нь чухал байдаг. Энэ утгаараа төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүсийн ёс суртахуунд найдах бус, эрх мэдлийн хугацааг хуулиар хязгаарлах нь хамгийн зөв гарц болно.

Ерөөсөө л Үндсэн хуульдаа Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно, Ерөнхий сайд нийтдээ найман жилээс илүү ажиллахгүй, УИХ-ын дарга нийтдээ найман жилээс илүү ажиллахгүй, төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг дамжин хашихгүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууссан хүн УИХ-д нэр дэвшихгүй, төрийн өндөр албан тушаалыг хашсан хүн тодорхой хугацаанд улс төрийн томилгоот албан тушаал эрхлэхгүй гээд л тусгачих хэрэгтэй. Ингэж чадвал Монголын улс төрд "Мөнхийн удирдагч" төрөх боломж үндсэндээ хаагдана. Ардчиллыг хүн биш, хууль хамгаалдаг болно. Ямар ч хүн анх гарч ирэхдээ ард түмний төлөө ажиллана гэж амладаг. Гэвч эрх мэдэл уртсах тусам төрийг хөгжүүлэхээс илүү эрх мэдлээ хадгалах сонирхол, шунал нь нэмэгддэг. Тиймээс ардчиллыг хамгаалах хамгийн найдвартай арга бол сайн удирдагч хүлээх биш, хэн ч гарсан эрх мэдлийг хязгаарладаг хуультай байх явдал юм. Угаас сайн удирдагч гэж байдаггүй бололтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 43 мин Мэдээж “Ар нь түүз!” 55 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 20 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 23 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 28 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 33 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 39 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 37 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 41 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 26 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 40 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 20 цаг 52 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top