Н.УЧРАЛ МИНИ УЛС ТӨР ХӨӨЖ, АРД НИЙТ МЕГА ТӨСӨЛ ХҮСЭЖ БАЙНА...
Ерөнхий сайд Н.Учрал нэг өдрийн өмнө аймаар мэдэгдэл хийж. Тэр: Хүүхдийн зуслангууд бүгд томчуудын зуслан болсон. “Хандгайт”, “Хараацай”-г хэн хувааж авч идээд дууссаныг мэдэж байгаа. Зах замбараагаа алдсан. Тэрийг ил болгоно. Би оролцоогүй учир зоригтой үзнэ гэсэн байна. Ерөөс: Н.Учрал Ерөнхий сайд болсноосоо хойш мини улс төрөөр занималдаад байх болсон. ТҮЦ, мах, зуслан гээд. Гэтэл нь: Энэ улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, иргэд аж ахуйн нэгжүүд үгээ хэлж үйлээ бараад удлаа. Энийг Ерөнхий сайд анзаарч байгаа ч шинж алга. Мини улс төрөө хөөсөөр. Уул нь: Н.Учрал зуслан ярих цаг биш. Юуны чинь мини улс төр вэ, “Эрдэнэс Монгол”-ыг татан буулгалаа, энэ мега биш гэж үү гэж уурлах байх. Биш биш. Засгийн газар нь 1 ч төгрөггүй болоод энэ хэмнэлтээс 67.3 тэрбум төгрөг хэмнэх төдий. Оны өмнө нэг их наядын татварыг том компаниудаас урьдчилж аваад үрчихсэн. Төсвөө тодотгох гэсэн ч мөнгө байхгүй. Аргагүй. Энэ улс ямар ч орлогогүй, хэмнэлтийн байдалтай жил амьдарлаа. Оюу толгойн багахан татвар, Харбины гэрээний орлого хоёроор гол зогоож буй. Одоо энийгээ зогсоогооч Ерөнхий сайд аа. Тэгээд мега төслүүдээ ярь, хөрөнгө оруулалт татаж эдийн засгаа эргүүлэхгүй бол Монголын ирээдүй бүрхэг боллоо. Өвөл болно, тог тасарна, бүгдээрээ лаагаа бэлдээд уул руу гарна. Энэнээс халширсан ард нийт мега төсөл хүсэж байна…
ХААН ТӨРҮҮЛЭХ 6+6...
Монголыг Төв Азийнхан хаадын нутаг гэж хэлдэг гэж Ерөнхийлөгч соёл урлагийнхантай уулзахдаа хуучилж. Түүхэн талаасаа тийм. Агуу түүх бий бидэнд. Гэтэл нь: Эдүгээ цагт тэр дахин давтагдаж магадгүй болж. Хуульдаа: Зөвхөн нэг удаа зургаан жилээр томилно гэсэн бүрэн эрхтэй дарга нар тохироо хийж хууль өөрчлөөд, эсхүл зөрчөөд өөрийгөө сунгадаг боллоо. Ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёрыг дуурайгаад Ерөнхий шүүгч, Цэцийн дарга хоёр сунгагдахаар бэлдэж байгаа тухай хаа сайгүй ярих. Нотлох мэт Цэц Ерөнхий шүүгчийн сунгагдах боломжийг хэлэлцлээ. Тэгмэгц Дээд шүүхийн хэвлэлийн албыг олон жил даасан бүсгүй: Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэсэн заалт ч Дээд шүүхийн санаачилгаар хуульд орж батлагдсан. 2020 онд Ерөнхий шүүгч болсон Д.Ганзориг ч энэ заалтыг дэмжиж байсан гэж ойлгодог. Бусад хүмүүс ч тэгж үздэг байх. Гэтэл өнөөдөр яг буух болонгуутаа үзэл бодол, итгэл үнэмшил нь өөрчлөгдөж буй нь хачин хийгээд маш эргэлзээтэй гэж интернэт хуудсанд бичжээ. Энэ зөвхөн хэвлэлийн бүсгүйн санаа бодол биш, дор хаяж Дээд шүүхийнхний үзэл бодол байх. Хэдэн өдрийн өмнө Дээд шүүхийн шүүгч нар хуралдах үеэр хэлэлцэж буй асуудлаасаа гажаад хэрэлдэж байгаад тарж. Учиг нь: Д.Ганзоригийг дахин дэвшиж магадгүй процессыг олж харсан бусад шүүгч бухимдалтай байж. Хэдий Цэц боломж олгосон ч 29-ний хурлаар Д.Ганзориг биш Ч.Хосбаяр, Ц.Цогт, Д.Мөнхтуяа, Б.Цогт нарын нэг нь ялаад гарч ирж магадгүй. Гэхдээ тэгж ялсан шүүгч болгоомжтой байх хэрэгтэй. Тэгж ялсан шүүгчийг Ерөнхийлөгч батламжлахаас өмнө балбаж мохоогоод хоёр дахь хурлаас Д.Ганзориг тодорч магадгүй л гэх. Цувсан барнаас цугласан шаазгай дээр гэж. Нийлж яриад нэгийгээ Ерөнхий шүүгчид дэмжих нь ононо. Цэцийн гишүүд ч ингэх нь зүй. Тэгэхгүй аваас: Зургаан жилээ дахин сунгасан хэн ч хаан болно. Өөрөөр: 6+6 жилээр томилно гэдэг хаан төрүүлнэ гэсэн үг…
Б.ПҮРЭВДАГВА, Б.ЧАГНААДОРЖ ХОЁРЫН ХАМТАРСАН PR…
“Эрдэнэс Тавантолгой”-н захирлыг хэдэн өдрийн өмнө сольсон. Шинэ очсон Б.Чагнаадорж гэж бараг бурхан шахуу захирал гэдгийг өдөр шөнөгүй цацсан PR-аас нь ойлгосон. Гэвчиг: Мань Б.Чагнаадорж Эрдэнэс Монгол, Монрос гээд төрд нэмэргүй төрийн өмчтэй компаниар баахан явсан, тэгж яваад томилогдсон Дарханы төмөрлөгийн үйлдвэр дээр нь орлого нэмэгдсэн аятайхан үетэй л таарсан төдий хүн байж. Тэрнээс хойш хэдэн өдрийн дараа МАН-ын нарийн бичгийн дарга, МАН-ын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва МАН-ын удирдах зөвлөлийн томилгоогоор Хотын дарга болов. Б.Пүрэвдагва бас л хотод яаж олдсон юм гэмээр дарга гэнэ. PR нь тэгж ойлгууллаа. Өөрөөр: Энэ 2-ын PR нь 1 утгатай. Дөнгөж томилогдоход нь тэнгэрт нистэл шиддэг хамтарсан PR. Шинэ маягийн ажиллагаа. Гэхдээ анхаарах нь: Б.Пүрэвдагва, Б.Чагнаадорж хоёрыг нэг газраас ингэж PR-дсан шинжтэй. Тэгэх жанцан бий л гэнэ. Тэр хоёр маш ойр. Өрөө саваар хамт орж гарч, бусдаас дотночлох юмаа дотночилж, нуухаа нууж явдаг хоёр. Харин: Хэн нь хэнийхээ хүн юм, мэдсэнгүй. Уул нь: “Эрдэнэс Тавантолгой”-д том компаниуд удирдаад сурчихсан дол цохисон нэг хүн очихоор зэхэж, томилогдох өглөө нь Б.Чагнаадорж гэнэт дайрч орж ирээд томилогдож. Бяртай гэж…
Ө.Батбилэг, Өдрийн сонин



