Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Ч.Ундрам болон холбогдох албаны хүмүүс энэ амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллахдаа Орхон сумын төмс, хүнсний ногооны тариалалтын явц, ногоочдын өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр сумын удирдлагууд орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Эко Орхон-2035” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Органик ногоо”, “Орхон хонины цөм сүрэг” хөтөлбөрүүдийг товч танилцуулж, ногоочид, тариаланчид болон орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Тус сум жил бүр дунджаар 24 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг ч одоогийн ашиглаж буй хадгалах зоорийн хүчин чадал ердөө 5200 тонн байгаа нь ургацын хадгалалт, борлуулалтад хүндрэл учруулж байгааг онцоллоо. Үүний улмаас нийт ургацын 80 орчим хувийг намрын улиралд хэт бага үнээр бөөндөж нийлүүлэх нөхцөл үүсдэг байна.
Иймд төмс, хүнсний ногооны хадгалах зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн эх үүсвэрийг төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн оролцоотойгоор шинэ зоориуд байгуулахад анхаарч ажиллах хүсэлтийг орон нутгийн зүгээс уламжиллаа.
Мөн Монголын ууган үүлдрийн нэг болох Орхон хонины цөм сүргийг түшиглэсэн жишиг эрчимжсэн аж ахуй байгуулах асуудалд төрийн дэмжлэг шаардлагатай байгааг ч танилцуулсан юм.
Уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны сайд Ц.Идэрбат Орхон хонины цөм сүргийг хамгаалж, жишиг аж ахуй байгуулах чиглэлд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол Ерөнхий сайд Н.Учрал төсвөөс шууд хөрөнгө гарган зоорь барихаас илүүтэй, хүнсний ногооны хадгалалтын зориулалттай урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын шийдэлд анхаарч ажиллахаар болсныг онцоллоо.
Ингэснээр Орхон сумын ногоочид ургацаа зориулалтын нөхцөлд хадгалж, улирлын үнийн огцом уналтаас сэргийлэхийн зэрэгцээ борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.



