Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо.
Сайд Ц.Идэрбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд арьс ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжил, зах зээлийн дархлааг бэхжүүлэх бодлогын цогц арга хэмжээ авах зорилгоор дөрөвдүгээр сарын 27 болон 30-ны өдрүүдэд тус холбооны төлөөлөлтэй уулзаж, салбарын гадаад, дотоод нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Уулзалтын үеэр дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, сум, аймгийн түвшинд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, үхрийн ширийг стандартын дагуу бэлтгэн үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх хөтөлбөрийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр Ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсөн юм.
Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Мал аж ахуй, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөө аж ахуйн бирж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд хамтран ажиллажээ. Ажлын хэсэг эхний ээлжид 5 аймгийг сонгон, түүхий эд бэлтгэлийн төлөвлөгөө боловсруулж, салбарын сайдад танилцууллаа.
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал, түүхий эдийн гэмтлийн түвшин, бэлтгэлийн боломж зэргийг харгалзан эхний ээлжид зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас хаягдаад байгаа үхрийн шир, Хөвсгөл, Архангай аймгаас хонины нэхий бэлтгэх саналыг боловсруулжээ. Мөн Хэнтий аймагт ажилласан ажлын үр дүн, мал нядалгааны төвүүдтэй хийсэн уулзалт, холбогдох мэдээлэл болон Ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг өнөөдрийн уулзалтын үеэр танилцуулсан.
Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлбэл зүүн бүсийн аймгуудын үхрийн шир, Хөвсгөл, Архангай аймгийн хонины нэхийг 6-10 дугаар сард арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх бүрэн боломжтой. Үүний тулд мал нядалгааны төвүүд, малчид, хоршоод, арьс ширний үйлдвэрүүдийн нягт хамтын ажиллагаа маш чухал болохыг Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны төлөөлөгчид онцоллоо.
Сайд Ц.Идэрбат "Цагаан алт" хөдөлгөөний арьс ширний салбарт тусгасан зорилтуудыг хангах хүрээнд Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоог ХХААХҮЯ-тай дараах чиглэлээр хамтран ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:
Эдгээр салбарын цогц арга хэмжээтэй холбоотой тооцоо, судалгаа, төлөвлөгөөний хэрэгжилтийг мэргэжлийн түвшинд хийж, гүйцэтгэн ажиллахыг сайд чиглэл болгов. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.



