NBA-гийн плей-оффын хагас шигшээгийн цувралд NBA-гийн өнгөрсөн улирлын аварга “Оклахома Сити Тандер” баг “Лос-Анжелес Лэйкерс”-ийг буулган авснаар Баруун бүсийн аваргын төлөөх тоглолтод шалгарлаа.
Цувралын дөрөв дэх тоглолтод Шай Гилжес-Александр 35 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд “Тандер” ийнхүү энэ жилийн плей-оффын шатанд хоёр дахь удаагаа дараалан өрсөлдөгчөө 4:0-ээр илүүрхэж хожсон амжилт үзүүлэв. Тэд өмнөх шатанд “Финикс Санс” багийг ийм харьцаагаар буулган авсан юм.
“Оклахома Сити” баг NBA-гийн аваргын төлөөх тоглолтод шалгарах эрхийн төлөө “Сан Антонио Спөрс” болон “Миннесота Тимбервулвз” багуудын хожсонтой нь тоглоно. Одоогоор тус хоёр багийн цуврал 2:2-оор тэнцүү байгаа юм.
Энэ удаагийн хожил нь “Лос-Анжелес Лэйкерс” багийг аваргын төлөөх өрсөлдөөнөөс хассанаас гадна тус багийн супер од, өдгөө 41 настай Леброн Жеймс ирэх улиралд тоглох эсэхийг улам эргэлзээтэй болголоо.
Тус тоглолтод Л.Жеймс 24 оноо авч, самбараас 12 удаа бөмбөг авсан боловч баг нь хожиж чадсангүй. Тэрбээр ирэх улиралд NBA-д 24 дэх жилдээ тоглох эсэхээ хараахан шийдээгүй байгаа бөгөөд энэ зун “чөлөөт тоглогч” болох юм.
Улирлын төгсгөлд Лука Дончич, Остин Ривз, Л.Жеймс нарын гайхалтай тоглолтын ачаар “Лэйкерс” баг аваргын төлөө тоглох багуудын нэгд тооцогдож байв. Гэвч плей-оффын шийдвэрлэх тоглолтуудад Л.Дончич, О.Ривз нар гэмтсэн нь багийн хүчийг сулруулж, “Тандер”-т ялагдах нэгэн гол шалтгаан болжээ.
Эх сурвалж: France24



