Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг дэмжих нийгмийн хариуцлагын хүрээнд “Зангиа Портал” компаниас санаачлан ноос, ноолуур, арьс ширний салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан сарын аяныг эхлүүллээ.
Энэхүү үндэсний хөдөлгөөний хүрээнд салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах талаар УИХ-ын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн 63 дугаар тогтоолд тодорхой тусгасан байдаг. “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тус тогтоолд салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхижуулах чиглэлээр:
-Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт болон сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн холбоодтой хамтран шинэчлэх;
-Гадаадын өндөр хөгжилтэй оронд инженер, техникийн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлж, "Ерөнхийлөгчийн илгээлт 2100" хөтөлбөрт хамруулах;
-Салбарын хүний нөөцийг коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургах, нарийн мэргэжлийн ажилтнуудыг дотоод, гадаадын их дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх;
-Улаанбаатараас орон нутгийн хөнгөн үйлдвэрт шилжин суурьших иргэдийг тогвортой ажиллах нөхцөлөөр хангах;
-Үндэсний ажил мэргэжлийн стандарт, цалин хөлсний бодлогыг боловсруулж, хүн төвтэй зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх тарифын хэлэлцээр хэрэгжүүлэх талаар тусгасан.
Тэгвэл дээрх аяны хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын ажлын байрны мэдээллийг нийтэд хүргэх, төгсөх ангийн сурагчид болон шинээр ажлын байр хайж буй иргэдэд салбарыг таниулах, хөнгөн үйлдвэрлэлийн талаарх ойлголт, сонирхлыг нэмэгдүүлэх, залуучуудын салбарт оролцоог идэвхжүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн уялдааг сайжруулахаар төлөвлөжээ.
“Зангиа Портал” компаниас аяныг үр дүнтэй, өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах зорилгоор “Цагаан алт” төрийн бус байгууллага, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.





