Улс төрд нь юу ч болж, улс орноороо юунд анхаарч байхаас үл хамааран урсгал амьдрал явдгаараа л явдаг...гэж нэгэн уншигч маань над руу бичжээ. Иймэрхүү наана цаадхаа мэдэхгүй сүрэн паран үг хэлэхэд угаасаа нэг их ухаан шаардагдахгүй л дээ. Ядаж хөгжлийн маань фундамент зөв тавигдсан, системүүд маань эрүүл саруул өрөгдсөн, эдийн засаг нь өөрөө өөрийгөө сэлгэхүйц том, иргэд нь ухаалаг улс оронд бол иймэрхүү үг шидчихээд тайван амгалан хэсэгтээ явж бололгүй яахав. Харин бидэнд одоо байгаагаасаа илүү мунхаглах боломж үгүй байна.
Хаврын тариалалт эхлэх гэж байдаг. Болсон болоогүй хэдэн үр газарт булах л байх. Гэхдээ мөнгө хэрэг болно. Зээл өгнө гэсэн юмсан. Тэрийгээ ар өврийн хаалгагүй, амьтан ах дүүсээрээ хуваагаад авчихалгүй хурдан шиг тараагаасай билээ...Тариаланчдын амнаас ийм гутранги үгс унаж байхыг үзээгүй. Тэд бол хэдэн арван жилээр атаршаад хаягдчихсан байсан тариан талбайнуудыг сэрээж чадсан арми шүү дээ. Хичээж байж өндийлгөж ирсэн салбарт нь зорилтот зээл тусламж тэгш хүртээмжтэй ирдэггүй. Дэлхий дахинд нэвтэрч байгаа технологийн дэвшлүүдээс нэвтрүүлж чадахгүй байгаа зэрэг урагшгүй байдлууд тэднийг ийнхүү гуниглуулж байна. Засгийн газраас 2026 оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөн ажиллаж байгаа ч тариаланчид энэ мөнгийг эрх баригчдын ээлжит тоглоом болоод өнгөрнө гэж үзэж байна.
Дэлхий дайн байлдаантай байна. Нефтийн үүдэн дээр энэ дайн болж байгаагаараа онцлог. Ормузын хоолой хаагдахад л бүх юм дуусах хорвоод амьдарч байгаагаа манайхан сая л анзаарч байна. Гэсэн ч Ормуз ямар хамаатай юм гээд орондоо орох завгүй хэмлэлдэн тэмцэлдэж байна. Тариаланчдын амьжиргааны гол хэрэгсэл болох дизель түлш дор хаяж одоо байгаа үнэ дээрээ 800-1000 төгрөгөөр нэмэгдэх магадлалтай гэсэн яриа тариаланчдыг түгшээж эхлээд байна шүү дээ. Энэ хүндрэлийг дийлээд явах компаниуд хэр олон билээ. Тэгээд ар дээр нь хүнсний ногооны үнэ хэд хүрэх вэ. Алт шиг үнэтэй гурил идэх цаг тулж ирчихээд байна.
Хэрэв шатахуун ийм өндөр үнэтэй болчихвол яаж ажиллах вэ гэдгээ тариаланчид бодож тунгаах хэрэгтэй. Нэгдэж нийлж ажлаа явуулах, бага газраас их ургац авах технологи руу орох, хаврын тариалалтынхаа мөнгө төгрөгийг босгох гээд хуучнаасаа арай өөр арга ухаанаар ажиллах хэрэгтэй болох шиг боллоо. Төр засаг нь энэ хэддээ олгох зээлээ түргэн гаргах, гаргасан хэдээ дундын хулгайч түшмэдүүдийн заль мэхээс холуур явуулах гээд ажил мундахгүй их байна. Ямар ч байсан хуучнаараа яваад байж болохгүй бололтой. Ард түмнээ өлсгөчихгүй шиг, энэ хүнд ээдрээтэй цаг хугацааг давж гарах хариуцлагатай үе ирлээ. Гэтэл бид ээлжит хэрүүл тэмцлээ зохиож аваад хоорондоо л үзэлцэж байна.
Өдрийн сонин



