x

Уулын өвгөн Али Хамэнэй

УУЛЫН ӨВГӨН АЛИ ХАМЭНЭЙ

Түүхэнд гарсан хамгийн том нь биш ч, хамгийн алдартай террорист байгууллагын нэг бол Ассисин юм. Террористууд аллагад явуулах залуучуудыг удаан хугацаагаар бэлдэн аль нэг хаан, халиф, эмир, султааныг хөнөөх нь диваажинд очин Аллахын ивээлд багтах тухай үнэмшүүлнэ. Үүний тулд даалгавар гүйцэтгэгчийг гашиш хэмээх хар тамхиар мансууруулан тулгар үзэлтэн болгоно. Өнөөгийн амиа золиослогч алан хядагчид ч тэдний үр сад, хойч үе гэлтэй. Иймээс улс - байгууллагаа “хассасин”буюу гашиш гэж нэрлэдэг. Англи хэлэнд улс төрийн аллагыг assassination гэдэг нь энэ байгууллагын нэрээс гаралтай аж. Энэ байгууллагыг анхлан байгуулсан хүнийг Хасан ибн Саббах гэдэг. Тэрээр өнөөгийн Ираны Кум хотноо 1050 онд төрсөн. Лалын шийт урсгалын голлох төв Кумд хожмын Ираны лалын хувьсгалын удирдсан Рухолла Хомэйни мөн энд 1902 онд төржээ.

Араб үндэстэн Саббах Перс рүү явж,1090 онд дагалдагчдынхаа хамт Аламут цайзыг эзэлжээ. Саббах цайзыг зөвхөн дайсагнасан хүчнээс хамгаалахаас гадна дагалдагчдынхаа сургаальд тохируулан өөрчилжээ. Аламут дахь цайзыг эзэмших эрхээ авсны дараа Саббах улс төрийн давуу талыг олж авах, орон нутгийн хүн амыг айлган сүрдүүлэхийн тулд төлөөлөгчдөө ашиглан ойролцоох хот, дүүргүүдэд нөлөөгөө тэлж эхэлсэн. Тэгсэн мөртөө Аламут цайзад очсоноосоо хойш тэндээсээ ганц удаа ч цухуйж үзээгүй гэсэн.

Уулын өвгөн гэх террорист улс санаачлагчийн тухай домог ам дамжин яригддаг байсныг Хятад руу аялах замдаа сонссон Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номондоо хэлж бичүүлснээр Хасан ибн Саббахыг хүн төрлөхтөн мэдэх болжээ. Марко Пологийн хэлснээр Сабба шавь нартаа дарс, үзэсгэлэнт олон хури[1], хиймэл цэцэрлэг үзүүлж, энэ бол диваажин бөгөөд хэрэв тэд түүний хүслийг биелүүлбэл тийшээ очих болно гэж үнэмшүүлжээ.[2]Ийнхүү цаашид 200 жил үргэлжлсэн аймшигт террорист байгууллага үүсгэн байгуулагдах гараа эхэлсэн гэдэг. Тэд энэ хугацаанд гурван халиф, Иерусалимын захирагч, хэд хэдэн мусульман, христийн удирдагчдыг оролцуулан хэдэн зуун хүнийг хөнөөжээ. Аламут цайзынхан эргэн тойрныхоо улс орны удирдагчид тэргүүлэгчид, шашны зүтгэлтнүүд рүү алуурчин явуулан ажжилттайгаар хөнөөж байсан учир урт хугацаанд хамгийн айдас дагуулсан мангас болон өргөжсөн юм.

Алмутын удирдагч биенээ залгамжилсаар он удсан ба тэдэн дундаас хамгийн дуулиантай нь Уулын өвгөн нэрээр алдаршсан Рашид ад Дин Синан юм. 1131-1193 онд амьдарч байсан түүний тухай домог бас л ам дамжин яригддаг байсан, түүнийг ч бас Уулын өвгөн гэж нэрэлдэг байж. Рашид Египтийн султан Саладиныг алах гэж хоёр удаа оролдоод бүтсэнгүй. Султаан аюулаас мултрахын тулд Рашидтай загалмайтнуудын эсрэг хамтарч ажиллахыг зөвшөөрчээ. Ингээд Рашид Ерусламын шинэхэн хаан Конрадыг хөнөөв. Үүнийг Английн хаан I Ричардын захиалгаар үйлдсэн гэдэг. Дараа нь Австрийн хаан V Леопольдод захидал бичин үүнийг өөрөө зохион байгуулсан гэсэн байна. Уулын өвгөн гэгдэн домог болсон Рашид ямар том цар хүрээнд аллага хийж байсан нь эндээс тод харагдана.

1256 онд Хүлэгү хаан Монголын Их Хаан Мөнх хааны зарлигаар баруун зүгийн аян дайнд мордож, Ассассинуудын төв байр болсон Аламут цайзыг довтолж сөнөөсөн юм. Энэ нь түүний баруун Азийн байлдан дагууллын эхний том амжилт байв.

Хүлэгү 1253 онд 100 мянган их цэрэгтэй, тэр дундаа Хятадын бүслэлтийн инженерүүд, капатульт оньсон шидэгч (“Чөдөр оньс” ч гэх болсон, бул чулууг хэрэм давуулан шидэж сүйдэлдэг энэхүү зэвсэг өнөөгийн их буу, баллистик пуужингийн өвөг гэлтэй) техниктэйгээр замд гарчээ. 1256 оны эхээр Иранд орж ирээд Ассасины цайзуудыг нэг нэгээр нь системтэйгээр довтолж эхлэн дор нь буулгав.

Тухайн үеийн Ассасины тэргүүн Рукн ад-Дин Хуршах маш залуу байсан бөгөөд өмнөх Имам Ала ад-Дин Мухаммад нас барсны дараа 1255 онд эрх мэдэлд суусан. Хүлэгү нөхцөлгүйгээр бууж өгөхийг шаардахад Рукн ад-Дин эхэндээ эсэргүүцэж байсан ч цайзыг бүсэлж катапультаар бөмбөгдсөн тул бууж өгөхөөр шийджээ. Цайзыг эзэлсний дараа монголчууд Аламутыг бүрэн нурааж, алдарт номын сан, лаборатори, цэцэрлэг зэргийг сүйтгэсэн. Имам Рукн ад-Дин Хуршахыг Мөнх хаанд илгээсэн боловч замдаа монголчууд түүнийг цаазалжээ.

Аламут "эзлэгдэшгүй" гэгддэг байсан ч монголчуудын үлэмж их цэрэг, дээр нь Хятадаас авчирсан дэвшилтэт бүслэлтийн техник нь тэднийг дарах гэсэн өмнөх дайснуудынхаас огт өөр байсан. Ассасилчуудын нууцаар хөнөөх тактик нь жижиг бүлэглэлд үр дүнтэй байсан ч, цэргийн том хүчний эсрэг шалихгүй аж. Олон цайз нэгэн зэрэг довтлогдож, тусламж ирэх боломжгүй байв. Тэгээд ч Имам өөрөө бууж өгөхийг тушаасан тул ихэнх цайз цус урсгалгүй шилжсэн.

Үр дүнд нь 1256 оны сүүл гэхэд Низарь Исмаилийн төрийн төв Аламут болон бусад цайзууд сөнөж, "Ассассинуудын" байгууллага тэр чигтээ мөхсөн. Энэ ялалт Хүлэгүд Багдад (1258 онд) руу довтлох замыг нээж өгсөн юм. Энэ үйл явдал Монголын байлдан дагууллын хамгийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд лалын түүхэнд ч том өөрчлөлт авчирсан.

Ата-Малик Жувейни өөрийн “Дэлхийг байлдан дагуулагчдын түүх” номондоо 1256 онд Хүлэгүгийн цэрэг Аламутыг эзэлсэн тухай дэлгэрэнгүй бичсэн. Жувейни бичихдээ цайзыг гурван зүгээс довтлон тойрч авсан, довтолгоо бараг тулаангүйгээр эсвэл хурдан шийдэгдсэн гэж дүрсэлжээ. Тэрээр энэхүү үйл явдлыг Хүлэгүгийн их ялалт, Ассасины эсэргүү бүлгийг дарсан гол үйл явдал хэмээн магтжээ. Хэдийгээр Персийн алдарт түүхч Жүвэйни монголчуудын талаар нэлээд сөрөг дүгнэлттэй байдаг авч чухам ассасинчуудыг устгасан явдлыг ихэд сайшааж “Чингис хаан болон түүний албатууд нь энэ балмад буруу номтнуудыг устгахаар бодож Бурханы илгээсэн цээрлэлийн зэмсэг аж. Чингис хаан мандан гарч ирсэн нь Бурхaны нууц зорилгын үнэн санааг тодруулж байна”[3] гэсэн байна.

Ингээд Хүлэгү их цэргээ удирдан лалын нийслэл Багдад хот руу хөдлөв.

Монголчууд лалын дотор буй бусармаг буруу номтныг устгаад зогсоогүй нийт лалын ертөнцийг доргион өдий хүртэл тогтсон байсан байдлаас нь гаргаж өөр урсгалд оруулжээ. Бүтэн таван зуун жил лалын нийслэл болж байсан Багдадыг түймэрдсэнээр дахин сэргээхгүйгээр шахам болгожээ. Үүнээс хойш Багдад төвийн үүргээ хэзээ ч гүйцэтгээгүйгээр үл барам лалын ертөнцийг алтай овгийн үндэстнүүд толгойлох болсон юм.

Хүлэгү Багдад олзолсон хөрөнгө эрдэнэсийн хагасыг Хархорум руу ачуулаад, хүүрээр дүүрсэн хотыг цэвэрлүүлсний дараа бүтэн үлдсэн сүм дуганыг нь загалмайтанд хүлээлгэж өгөв. Загалмайтнууд Хүлэгүг бишрэн хүндэтгэж, түүний нэр Итали, Францад түгэн, эхнэрийнх нь хамт Ариун Константин, Елена нартай зүйрлэн ярьж байжээ. Армений нэгэн түүхч баяр хөөр болон бичихдээ “…Багдад тэргүүлэн оройлж байх үедээ үл ханах цус сорогч мэт загнаж ертөнцийг залгиж гүйцэж байв. Одоо тэрээр түмэн амьтны цус сорсныхоо төлөө, бузар нүгэл үйлдсэнийхээ төлөө, шулмын үйлдлийг үргэлжлүүлснийхээ төлөө залхаан цээрлүүлэлтэнд орлоо…”

Лалын шашинтнуудын дайнд монголчууд Месопотам, Сири, Палестиний загалмайтнуудыг ивээсэн монгочуудыг “Шар загалмайтны аян дайн”-д оролцогч гэж ч нэрлэж байлаа. 1246-54 онд Хархорумд ирсэн Ромын папын болон Францын хааны элч төлөөлөгч Плано Карпини, Гийом Рубрук лалынхны эсрэг тэмцэж буй загалмайтнуудад туслахыг хүсжээ. Энэ ёсоор, мөн Ойрхи Дорнодын загалмайтнуудын хүсэлтээр 1255 онд Хүлэгүгийн удирдсан монгол цэрэг Багдадын халифын эсрэг дайн зарласан юм. Хүлэгү өөрөө буддын шашинтай ч түүний хатан Догуз, цэргийн жанжин онгууд ноён Хитбух нар нэсторын загалмайн шашинтай байлаа. Багдадыг эзлээд Хүлэгү халифын ордныг нэсторын шашны патриархт бэлэглэв. Хүлэгү Месопотамыг эзлээд Иран руу буцсан бол тэнд үлдсэн Хитбух загалмайн шашинтнуудад ээлтэй бодлого хэрэгжүүлжээ. Хитбух Армяны Киликигийн хаан Хэтум I[4], Антиохийн гүн католик шашинтай Боэмундтэй[5] холбоо тогтоож, Боэмундаар дамжуулан Ерүсалимын хаант улстай холбогдож, загалмайн шашинтай ахан дүүстээ туслахаар Сири, Палестин руу их цэргээ хөдөлгөв. Ойрхи Дорнодын загалмайн шашинтнууд монголчуудыг лалын шашинтнуудаас аварсан ачтанаа гэж харж байлаа.

Харин католикуудтай эвээр харилцаж чадсангүй. Католикууд монголчуудыг зэрлэгүүд хэмээн үзэж, тусламжийг нь авахаас нь татгалзжээ. Сири, Дамаскийг эзэлсэн Хитбухын цэргийг католик цайзууд нэвтрүүлсэнгүй. Тиймээс их цэрэг цөл газар ус ундгүй, сэлгэх морьгүй болжээ. Ийм байдалд эгдүүцсэн монголчууд загалмайтнуудын хэд хэдэн отряд, цайз бэхлэлтийг үгүй хийсэн ч лалуудтай үргэлжлүүлэн дайтсаар байлаа. 1260 онд монголчууд анх удаа ялагдсан нь өнөөгийн Палестиний газын зурвас орчим өрнөсөн Айн Жалутын тулалдаан юм. Тэгэхэд Египетийн мамлюкууд Хитбухын цэргийг хиар цохиж, Хитбух олзлогдон лалын цэргийн жанжин Кутузын өмнө өвдөг сөхрөхөөс татгалзаж цаазлуулав.

Үүний дараа монголчуудтай хамтран лалуудтай тэмцэхийг Пап хүссэн ч хожимджээ. Монголчууд загалмайтнуудыг өөрсдөөс нь урвасныг уучилсангүй. Францад загалмайтан тамплиерүүдийг[6] олноор нь цаазалсан явдал ч Хархорумыг католикуудтай ойртуулсангүй.

[1] Лалын шашинд Хури гэдэг нь үзэсгэлэнтэй, цэвэр ариун гэргий бөгөөд ихэвчлэн том хар нүдтэй (араб хэлний haura нь "үзэсгэлэнт хар нүдтэй") онгон охид гэж дүрсэлдэг бөгөөд "Нуугдсан сувд" гэгдэх тэр охидыг шагнал болгодог бөгөөд, тэд үнэнч сүсэгтнийг диваажинд (Jannah) хүлээж байдаг гэх домогтой

[2]The Travels of Marco Polo Wordsworth Editions Ltd1997

[3] Juwayni, Ata Malik. The History of the World Conquror. Nabu Press 2011

[4] Хэтум I (1213-1270) Армэний хаан хаан. 1226 онд Хэтумидийн династи байгуулсан.

[5] Боэмунд Тарэнтийн VII (1237-1275) Антиохын хаан. Монголчуудыг идэвхитэй дэмжигч.

[6] Тамплиерууд - Тамплиерууд (Сүмийн рыцариуд) нь 1119 онд Ариун газар (Иерусалим)-т байгуулагдсан хамгийн баян, хүчирхэг цэрэг-шашиныбүтэц. Тэд загалмайтны аян дайны үеэр мөргөлчдийг хамгаалах үүрэгтэй байсан ч, санхүүгийн асар их нөлөөтэй болж, 1312 онд татан буугдсан. Францын IV Филипп хааны зарлигаар тэдний бөөнөөр нь цаазалжээ.

                                                                                                                         Б.БААБАР 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав 12 цаг 2 мин Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж 12 цаг 7 мин Н.Номтойбаяр: Онцгой байдлын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлнэ 12 цаг 8 мин Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр ажлын хэсэг байгуулав 12 цаг 12 мин Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongol” хэмээн нэрлэж, бичих нь зүйтэй гэж үзэв 12 цаг 12 мин Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна 12 цаг 19 мин “Барс” захын хойно байрлах 2612 ам метр талбайг чөлөөлж, ногоон байгууламж болгон тохижуулна 12 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 4-6 хэм дулаан 12 цаг 29 мин Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ 14 цаг 57 мин Толь руу нулимахаа больцгооё...  15 цаг 11 мин С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй 15 цаг 27 мин Улсын хэмжээнд 4.2 сая мал төллөж, хаврын тариалалтын бэлтгэл эхэллээ 15 цаг 51 мин УИХ-ын гишүүд Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 15 цаг 52 мин БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 15 цаг 57 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 17 цаг 43 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 17 цаг 46 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 17 цаг 50 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 17 цаг 52 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 18 цаг 1 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 20 цаг 17 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Чойбалсангийн сэжигтэй үхэл Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Top