x

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэмээх төөрүүлэг

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах тухай хуулийн төсөл олон нийтийн анхааралд өртөж, алга ташуулсан боловч УИХ-ын гишүүдийн хувьд жинхэнэ маргаан дагуулсан сэдэв болж хувирав.

Уг асуудлыг тойрч байр сууриа илэрхийлсэн гишүүдийн олонх нь “парламентын дархлааг сулруулах гэлээ", "УИХ-ын бүрэн эрхэнд халдлаа, Үндсэн хууль зөрчлөө” гэх мэдэгдлүүдийг хийв. “Жоомоо алах гээд гэрээ шатаах вий” гэж зарим нь сүрдүүлж үзэв. Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр “Гишүүдийг эгүүлэн татах хуулийн төсөл нь эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентат төрийг сулруулах аюултай” хэмээн айлгасан ч байна.

Нэг зүйлийг сануулахад парламент бол эв нэгдэл дээр тулгуурлах бус, эрүүл саруул мэтгэлцээн дээр суурилдаг бодлогын институц. Үүний тулд бид олон намын тогтолцоог бий болгосон. Бодлогын намуудыг, намуудын төлөөллийг парламентад оруулж ирэхийн тулд сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, хувь тэнцүүлсэн сонгууль гэдгийг хийж эхэлсэн гэх мэтчилэн. Харин Ерөнхийлөгчийн хувьд “Үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, Үндсэн хуулийг дээдлэн сахих” тангарагтай хүн.

Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслийн талаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал нар өнгөрөгч долоо хоногт /2026.02.27/ нийтэд мэдээлэл хийсэн. Ингэхдээ "Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр, ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах, иргэд олон нийтийн парламент дах хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс энэ хуулийн төслийг санаачлан боловсрууллаа” гэсэн билээ.

Хуулийн төслийг санаачилсан, боловсруулсан цаг хугацаа чуулган завсарласан үеэтэй давхцаж таарсан болохоор уу, эсвэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар иргэд байр сууриа илэрхийлж, хариуцлага нэхэж эхэлсэнтэй холбоотой юу, гишүүдийн зүгээс их л эмзэг хүлээж авах шиг боллоо. 

Нэгд, Монгол Улсын Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчвөл УИХ түүнийг эгүүлэн татна” гэж цагаан дээр хараар биччихсэн байгаа. Гэтэл Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт нь гарчихсан нэг гишүүн /УИХ-ын дэд дарга асан/ одоо хэр нь бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж л байна. Яагаад эгүүлэн татахгүй байгаа юм бэ? гэсэн чинь “Нэг хэрэгт хоёр удаа шийтгэхгүй, нэг голын усанд хоёр удаа орохгүй” ч гэлүү. УИХ-ын дэд даргаас чөлөөлсөн нь хангалттай юм гэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ хийх ёстой ажлаа хийхгүй, хуулиа биелүүлэхгүй байна аа л гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн төсөл өргөн барих нь Үндсэн хуулийг зөрчлийг арилгаж, өргөсөн тангаргаа биелүүлж буй хэрэг.

Хоёрт, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгийг “дархан эрх” гэж ойлгосон, дархлагдсан нөхөд хэтэрхий олон болж байна. Учир нь манай парламентад гишүүний бүрэн эрхтэй холбоотой ганц л дүрэм үйлчилдэг. “Гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдвал”, эсвэл “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол” нөхдийг буруутай гэж үзнэ. Бусад бүх тохиолдолд суудалдаа дархлагдана. “Таны төлөө морь, нохой мэт зүтгэнэ” гэж амлаж гарч ирээд тангараг өргөснийхөө маргаашнаас танигдахаа байчихдаг. Өргөсөн тангараг энэ тэрээ хааш нь чихэж орхидгийг ёстой чөтгөр бүү мэд.

Наад захын боловсрол мэдлэггүй, дээр нь ёс суртахууны асар доройтолтой, олон нийтийн өмнө биеэ авч явах, өөрийгөө хянах ямар ч чадваргүй нөхөд “намын жагсаалт” нэрээр гарч ирчихээд толгой дээр бараг хүндэрч байна шүү дээ. Намын жагсаалт гэдэг чинь нам нь сонгосон гэсэн үг биш, нийт ард түмний саналаар гарч ирсэн гэсэн үг. Тиймээс тэр хэмжээний ёс зүйтэй, ухамсартай нэгэн байх ёстой.  

Тийм нөхдийг жишээ нь нэр дэвшүүлсэн нам нь өөрөө эгүүлэн татдаг болох ёстой. Тэрний төлөө хууль гаргах хэрэгтэй бол гаргах ч ёстой. Яагаад намын жагсаалт гэж байгаа юм, ар шилэн дээр чинь нэг нөхөр “исгэрээд” зогсч байгаа шүү л гэсэн үг биз дээ. Дараачийн хүнийг нь оруулж ирээд тангараг өргүүлэхэд л болно. Намд ямар ч хохиролгүй, харин ч нэрээ цэвэрлэсэн, хариуцлагыг сайжруулсан алхам болно. Уг нь бол Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй асуудал. Атал намууд нь өөрөө төлөвшөөгүй, төлөвшиж чадахгүй, хариуцлагын механизм ажиллахгүй байгаа учраас хуулиар шийдэхээс өөр аргагүй болж байна л даа.

Хуралдаа нэг ч удаа суугаагүй гишүүнийг хэдэн жил татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх вэ, жишээ нь. Тиймээс намын эв нэгдэл, гишүүний дархан эрхээр шалтаглаад парламентын засаглалаа битгий сулруулаад, нэр хүндийг нь унагаад, олон нийтийн өмнө шившиглээд байгаач ээ. Парламентын засаглалаа авч үлдэхийн тулд парламент өөрөө нээлттэй, ил тод, иргэдийн хяналттай, хашгирсан ч цуурай нь хүрдэг байх ёстой шүү л гэсэн санаа шүү дээ.

Гуравт, Ерөнхийлөгч хууль санаачлах эртэй юу? Эрхтэй. 1993 онд баталж, 2020, 2021 онд өөрчлөлт оруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан. Хуулийн 12-р зүйл “Ерөнхийлөгчийн бүрэн эрх” хэсэгт “Хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу боловсруулсан хуулийн болон түүнтэй холбогдох шийдвэрийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ” /12.6/ гэсэн байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль.

Тэгэхээр Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй юу? гэдэг асуулт тавигдах ёсгүй. Үндсэн хууль зөрчсөн гэдэг яриа ч бас үндэслэлгүй. Харин ч Үндсэн хуулийг чандлан сахиулах, өргөсөн тангаргаа биелүүлэхийн төлөө явж байна гэж ойлговол зохилтой. Тэгээд хамгийн гол нь “айсан хүнд аргал хөдөлнө” гэдэг шиг УИХ дээр төсөл нь орж ирээгүй, өргөн баригдаа ч үгүй байхад манай гишүүд яаран “нуруугаа хугалмааргүй” байна. Ядаж л хуулийн төсөлтэйгээ танилц, үз хар. Далимд нь сайн муу, сайхан муухайгаа нэг сайн ярилцаад ав. Эцсийн дүнд хуулийг батлах нь УИХ шүү дээ.

Б.СЭМҮҮН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 0 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 11 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 36 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 40 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 45 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 50 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 55 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 54 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 58 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 43 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 57 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 9 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top