Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хүрээнд Говь-Алтай аймаг 108 сая мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлсэн.
Тус аймгийнхан Японы Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Цогт сумын заган ойг нөхөн сэргээх, ойжуулах төслийг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь заган ойн экосистемийг сэргээн хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах, ойг тогтвортой хамгаалж, зохистой ашиглах, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчны талаарх мэдлэг, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа аж.
Төслийг хэрэгжүүлснээр заган ойг хамгаалах, нөхөн сэргээх урт хугацааны тогтвортой менежментийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.





