x

Төрийн дээрэм цагаандаа гарлаа

Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дансыг хаагаад эхлэв. Төсөв хүндэрснээс болж хаа хаанаа айдастай байна. Уг нь 2025 оны төсөв төсөөллөөрөө жигтэйхэн мөнгөлөг болсон. Тухайн үед эрх баригчид түүхэндээ байгаагүй өндөр орлоготой, алдагдалгүй, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсөв баталлаа хэмээн гайхуулцгааж байв. Харамсалтай нь тэр төсөөлөлдөө өнөөдөр хүрч чадсангүй. Бодит амьдрал дээр төрийн байгууллагуудын данс шавхагдаж, төсвийн байгууллагуудын санхүүжилт тасарч, хувийн хэвшлийнхний дансыг татвараар боомилж эхэллээ. Төр татварын өртэй 9000 компанийн дансыг хаасан гэдгээ гавьяа байгуулсан аятай зарлаж байна. Үүгээр зогсохгүй татварын байгууллагууд шууд данс хаах, урьдчилан мэдэгдэлгүй таталт хийх арга хэмжээг эрчимжүүлэв.

Сонгуулиар улстөрчид татвар бууруулна, бизнесийн орчныг сайжруулна, хувийн хэвшлээ дэмжинэ, дундаж давхаргаа хамгаална гэж шоуддаг. Гэвч сонгогдсоныхоо маргаашаас энэ амлалтынхаа эсрэг ажилладаг. “Татвар нэмнэ, торгууль тавина” гээд шаагилдаад эхэлдэг. Жинхэнэдээ татварын дарамт иргэн бүрийн толгой дээр бууж байна. Яагаад гэвэл ард түмний өдөр тутмын хэрэглээ, авч буй үйлчилгээг нь үзүүлж буй аж ахуйн нэгжүүд татварын дороос өндийж дийлэхээргүй дарлуулж байгаа. Та нар эрүүл ухаанаар бодоод үз дээ. Ард түмнээ 40-50 хувийн татвараар шулдаг орон дэлхийд Монголоос өөр хаана байна вэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НДШ, НӨАТ-аас гадна шимтгэл, торгууль, хураамж гээд бусад татаасууд нь нэмэгдэхээр нийт орлогын 40 хувь нь тэр чигтээ татвар руу урсдаг. Заримдаа татварын дарамт 50 хувьд дөхдөг гэсэн эдийн засагчдын тооцоолол ч бий. Энэ нь бизнесийнхний хувьд ашиг олж, үйл ажиллагаагаа томруулах боломжийг нь хааж байгаа харгис бодлого. Ер нь төсвийн алдагдлыг татвараар нөхөх нь хамгийн залхуу бас аюултай бодлого гэдгийг шинжээчид анхааруулж байгаа. Тэгвэл одоо төсөв бүрдэхгүй болонгуут шууд хувийн хэвшлийнхний дансыг хаагаад хамаг мөнгийг нь татаж байна. Энэ үзэгдэл төрийн дээрэм ил цагаандаа гарсныг нотоллоо.

2025 оны эхний арван сард төсвийн зарлага 24.9 их наяд төгрөгт хүрч, 1.6 их наядын алдагдалтай гарч, тодотгосон. Үүнд нүүрсний үнэ 40 орчим хувиар унасан нь голлон нөлөөлсөн гэж байгаа. Яг үнэндээ анхнаасаа төсвөө батлахдаа нүүрс, зэсийнхээ үнийг хэт өндрөөр тавьсан алдаатай тооцооллоо амтай болгон нь хамгаалж байжээ. Анхнаасаа өөрсдөө худлаа тоо зохиож тавиад, олсон орлогоо таацанд тултал үрэн таран хийж төрийн дансыг хоосолчихоод эцэс сүүлд нь ард түмнээ дээрэмдэх нь шударга ёсонд нийцэх үү.

Мэдээж, бизнесийнхэн татвараас зугтахгүй. Гэхдээ борлуулалт унасан, орлого буурсан үед хамаг дансыг нь хааж байгаа нь шууд дампуурал руу түлхэж байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр төсвийн орлого тасарсан үед татварын дарамт далд эдийн засгийг дэлгэрүүлэх аюултай гэх юм билээ. Учир нь татвараас зугтсан улсууд орлогоо нууж, хуурамч тайлан гаргахаас өгсүүлээд олон сөрөг үр дагавар үүсдэг байна. Эдийн засаг өнөөдөр элгээрээ хэвтсэн нь төрийн зарлагатай шууд холбоотой. “Төр бүдүүн байх тусмаа ард түмэн тураалд ордог” гэгч л болж байна. Иймд төрийн дээрмийг зогсоох цорын ганц зам нь төрийн данхар бүтцийг цомхотгож, урсгал зардлыг танах юм. Үнэндээ бизнесүүдийнхээ дансыг хааж, үйл ажиллагааг нь боомилж төсөв бүрдүүлнэ гэдэг бол ухаалаг шийдэл биш. Дээр хэлсэнчлэн хамгийн хялбараар мөнгө олох гэсэн арга ядсан үйлдэл. Энэ бүхнээс харахад, Монголын төр иргэдийг зүгээр л санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн хэрэгсэл мэтээр үздэг юм байна.

Төсөв хямрахгүй байх боломж өчнөөн байсан. Гэтэл эрх баригчид ачир дээрээ өөрсдийнхөө тансаг хэрэглээг танахыг хүссэнгүй. Үүнийг төсвийн шинжээчид хэдхэн тоо сөхөж хараад л хэлчихэж байгаа юм. Төрийг хэт данхайлгаж томруулсны уршгаар зардал нь улам өсчээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын нийт цалин 2025 оны эхний 10 сарын нийт дүнгээр 3.5 их наяд төгрөг байх жишээтэй. Ганцхан жилийн дотор 42.2 хувиар өссөн гээд бод доо. Үүн дээр нэмэгдэл, урамшуулал гээд 5.1 их наядын санхүүжилтээр зардлаа тэлсэн байгаа юм. Төрийн албан хаагчдын тоо бодитоор буураагүй, төсвийн зарлагын дийлэнх нь урсгал зардал хэвээр байгаа цагт эдийн засаг улам эвхэгдэх биз ээ.

Бид энэ байдлаас ангижирч, төрийн цомхон бүтцийг бий болгохгүй бол одоогийн энэ түмэн зовлон ирээдүйд ч үргэлжилнэ. Шатахууны хомсдол, эрчим хүчний эмзэг байдал үргэлжилбэл бусад салбаруудынхаа үйл ажиллагааг доош нь татах нь гарцаагүй. Бодит эдийн засгийн өсөлт удаашрахаас гадна иргэдийн орлого тасарч, худалдан авах чадвар сулрах зэрэг олон эрсдлүүд хүлээж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 42 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 44 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 45 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 52 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 54 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 1 цаг 22 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 22 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 1 цаг 22 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 1 цаг 24 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 2 цаг 57 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 2 цаг 57 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2 цаг 58 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 2 цаг 58 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 59 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 3 цаг 2 мин Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав 18 цаг 20 мин Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ 18 цаг 20 мин Өргөдлийн байнгын хороо хүүхэд хамгаалал болон орон сууцны асуудлаар хуралдлаа 18 цаг 22 мин Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Туслах төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа 18 цаг 34 мин Нийтийн тээврийн орлого 69 хувиар өсөж, 2027 оноос өөрийгөө санхүүжүүлэхээр төлөвлөж байна 18 цаг 35 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top