2025 оны эхний хагас жилийн байдлаар худалдааны салбарын борлуулалтын нийт орлого 30.9 их наяд төгрөг болж, үүний 23 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 77 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэллээ. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 7.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 515.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 23.8 их наяд төгрөг болж, 2.9 хувиар буурсан байна. Ялангуяа шатахууны жижиглэн худалдаа 6.4 хувиар, хатуу, шингэн, хийн түлш болон төстэй бүтээгдэхүүний бөөний худалдаа 13.9 хувиар буурсан үзүүлэлттэй байв.
Нийт борлуулалтын 43.6 хувь нь бөөний худалдаа, 56.4 хувь нь жижиглэн худалдаанд ногдсон бөгөөд жижиглэн худалдааны орлого 17.4 их наяд төгрөгт хүрч, 373.8 тэрбум төгрөгөөр өсжээ. Зөвхөн 2025 оны зургадугаар сард худалдааны салбарын борлуулалтын орлого 6.2 их наяд төгрөг болж, тавдугаар сараас 12.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ сарын борлуулалтын 86.1 хувийг Улаанбаатар, 3.5 хувийг Өмнөговь, 1.2 хувийг Орхон, 1.2 хувийг Дархан-Уул аймаг бүрдүүлж, нийтдээ 92.1 хувийг эзэлжээ.
Эх сурвалж: ҮСХ



