Ерөнхий сайд Г.Занданшатар Баянхонгор-Шаргалжуут чиглэлд тавьж буй хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцав.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй тус төслийн бүтээн байгуулалт өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн. Төслийн хүрээнд нийт 54.18 км урттай зам тавьж ус зайлуулах 94 хоолой, 2 гүүр барих бөгөөд 27 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэгчээр Бридж бюлдинг ХХК, Их богд зам ХХК, Их харгуйн зам ХХК тус тус ажиллаж байна. Ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна. Замын ажлыг энэ онд багтаан 40 хувьд хүргэнэ гэж гүйцэтгэгч компанийнхан танилцууллаа.
Баянхонгор аймаг болон Өлзийт, Эрдэнэцогт сумыг дайран өнгөрөх тус замаар жилдээ зөвхөн Шаргалжуут рашааныг зорьж 10 мянган хүн зорчдог. Харин амарч, аялангаа энэ чиглэлд дунджаар 5000 хүн зорчиж, дамжин өнгөрдөг байна. Замтай болсноор аялагч, амрагч, сувилуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр нутгийн иргэдийн бодит орлого нэмэгдэж, энэ бүсэд аялал жуулчлал түлхүү хөгжих, шинэ гарц нээгдэх боломж нээгдэх юм.
Дээрх замын бүтээн байгуулалтыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу барьж байна.