Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран хэрэгжүүлж буй нярайн эндэгдэл бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЖиЖи Ритэйл ХХК, Baby world хүүхдийн дэлгүүрийн Lansinoh брэндийн дэмжлэгтэйгээр хөдөө орон нутагт анх удаа хөхний сүүний банк байгуулагдлаа.
Уг сүүний банк нь эхийн болон донорын хөхний сүүг тусгай шалгуурын дагуу нөөцлөн хадгалж, дутуу төрсөн нярай болон төрөлхийн шалтгаанаар хөхний сүү хэрэглэх боломжгүй нярайн хэрэгцээнд зориулан хүргэх зорилготой. Хөхний сүү нь нярайд халдварт өвчинтэй тэмцэх чадвар, дархлааны тогтолцоог бүрдүүлэх чухал эх үүсвэр бөгөөд орлуулшгүй хоол тэжээл юм.
Сүүний банкийг байгуулснаар дараах үр нөлөөг өгнө гэж үзэж байна:
-
Дутуу төрсөн нярайн амьдрах чадвар сайжирна
-
Халдварын эсрэг дархлаа нэмэгдэнэ
-
Нярайн эндэгдэл буурна
-
Суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ
Монгол Улсад анх удаа хөхний сүүний банк байгуулагдсан тохиолдол нь 2024 онд Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний тасагт бүртгэгдсэн юм. Харин одоо уг туршлагыг орон нутагт амжилттай нэвтрүүлж эхэллээ.
Эх барих эмч нарын зөвлөж буйгаар, хүүхдийг хөхөөр хооллох үед арьс, арьсаар шүргэлцэх нь окситоцин буюу аз жаргалын дааврын ялгаралтыг нэмэгдүүлж, хүүхдийг илүү тайван, аюулгүй, стресс багатай өсөхөд тусалдаг. Түүнчлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд:
-
Танин мэдэхүйн чадвар өндөртэй
-
Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, асуудал даван туулах чадвартай
-
Халдварт өвчин, таргалалт, чихрийн шижин, харшил, шүдний эмгэг, цусны хорт хавдраас хамгаалагддаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Дашрамд дурдахад, “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг Дэлхийн холбооноос санаачлан 1992 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, ЖиЖи Ритэйл ХХК