НАТО-гийн гишүүн орнуудын жил бүр зохион байгуулдаг “BALTOPS” тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт энэ оны хувьд пүрэв гарагт буюу зургадугаар сарын 5-нд Балтын тэнгист албан ёсоор эхэллээ. Сургуулилалтыг АНУ-ын Зургаадугаар флот болон Европ, Африк дахь Тэнгисийн цэргийн хүч хамтран удирдаж байгаа бөгөөд энэ удаа Германы Тэнгисийн цэргийн хүчний штаб байрладаг Росток боомтоос эхэлсэн нь онцлог байв.
Сургуулилалтад 16 орны 40 гаруй хөлөг онгоц, 25 нисэх онгоц, 9000 орчим цэргийн алба хаагч оролцож байна. Эхний хөлөг онгоцнууд болох Германы “Magdeburg” корвет, Францын “Vulcain” мина цэвэрлэгч онгоцнууд сургуулилалтын эхэнд Росток боомтоос хөдөлжээ.
Хоёр долоо хоног үргэлжлэх энэхүү сургуулилалтын үеэр эргийн болон тэнгисийн хамтарсан ажиллагаа, их бууны галын дасгал, шумбагч онгоцны эсрэг ажиллагаа, тэсрэх төхөөрөмж илрүүлэх ба аюулгүй болгох мэргэжлийн сургуулилтуудыг хийх юм.
НАТО-гийн Тэнгисийн цэргийн цохилт, дэмжлэг үзүүлэх хүчний командлагч, дэд адмирал Жеффри Томас Андерсон “Энэ жилийн BALTOPS бол зүгээр нэг сургуулилалт бус. Энэ бол эвслийн шийдэмгий байдал, дасан зохицох чадвар, тэнгисийн хүч чадлыг илтгэн харуулж буй үйл явдал” хэмээн онцолжээ.
“BALTOPS” сургуулилалт нь НАТО-гийн тэнгисийн цэргийн чадавхыг бэхжүүлэх, эвслийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн томоохон арга хэмжээ юм.
Эх сурвалж: U.S. Sixth Fleet, NATO Maritime Command