Германы Канцлер Фридрих Мерц АНУ-д хийж буй анхны албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, Украины эсрэг Оросын дайн болон батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Цагаан ордонд болсон уулзалтын дараа тэрбээр Дональд Трампыг “дайныг зогсоох хүчин чармайлтын гол хүн” гэж тодорхойлсон нь анхаарал татлаа.
Ф.Мерц “Энэ дайн ямар аймшигтай вэ гэдэг дээр бид санал нэгдсэн. Үүнийг хэрхэн зогсоох талаар хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн мэдэгдсэн бөгөөд АНУ-аас Орост үзүүлэх шахалтыг улам нэмэгдүүлэхийг уриалжээ. Тэрбээр "АНУ бол энэхүү дайныг зогсоох хүчтэй нөлөө бүхий улс" хэмээн онцолж, Европын Холбоо болон Герман улс Украинтай эв санааны нэгдэлтэй гэдгээ нотлон, Киевийг цаашид ч дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
Түүний мэдэгдэлд Оросыг “түрэмгийлэгч” хэмээн нэрлэж, дайныг өдөөсөн тал гэж тодорхойлсон нь Украины талд баримталж буй хатуу байр суурийн илрэл байв. Харин Ерөнхийлөгч Трамп тодорхой байр суурь илэрхийлээгүй ч ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэхийг үгүйсгээгүй бөгөөд хэрэв дайн үргэлжилбэл хатуу бодлого баримтлах болно хэмээн анхааруулжээ.
Д.Трамп “Владимир Путин Украин орныг бүхэлд нь эзлэхийг хүсэж байгаа ч ийм зүйл болохгүй” гэдгийг онцолсон ба өөрийг нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед ийм довтолгоо гарч чадахгүй байсан гэж үздгээ дахин илэрхийлсэн байна.
Уулзалтын үеэр Трамп Германы батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлж буйг сайшааж, цаашид Германд байрлаж буй АНУ-ын цэргүүдийг татахгүй гэдгээ баталгаажуулжээ. Тэрбээр Канцлер Мерцийг “Германы гайхалтай удирдагч” хэмээн үнэлсэн байна.
Эх сурвалж: DW