Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Фридрих Мерц АНУ-д албан ёсны анхны айлчлалаа хийхээр пүрэв гарагт шилжих шөнө Вашингтон хотноо хүрэлцэн иржээ. Түүнийг Канцлераар томилогдсоноос хойш ердөө дөрвөн долоо хоног өнгөрч буй энэ үед Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна.
Хоёр удирдагчийн уулзалт орон нутгийн цагаар пүрэв гаргийн үдээс өмнө болох бөгөөд уулзалтын дараа Цагаан ордны Зууван танхимд сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийхээр төлөвлөжээ. Тэдний гол анхаарлын төвд:
-
Украины дайныг зогсоох олон улсын хүчин чармайлтыг эрчимжүүлэх,
-
НАТО-гийн аюулгүй байдлын хариу арга хэмжээг бэхжүүлэх,
-
АНУ болон Европын Холбооны хооронд үргэлжилж буй гаалийн тарифын маргааныг шийдвэрлэх асуудлууд багтсан байна.
Ф.Мерц, Д.Трамп нар олон жилийн өмнө Нью-Йорк хотноо анх удаа уулзаж байсан бол сүүлийн сар орчмын хугацаанд утсаар хэд хэдэн удаа ярьж, Украины нөхцөл байдлын талаар санал солилцжээ. Тэд одоо бие биеэ нэрээр нь дуудаж, тогтмол мессежээр харилцдаг болсон нь харилцаа ахисны илрэл юм.
Канцлер Мерц АНУ-ын нийслэлд нийт 17 цаг саатаад, Европ руу буцах хуваарьтай байгаа бөгөөд ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгч Трамптай дахин хоёр удаа уулзахаар төлөвлөж байна. Эхний уулзалт Канад улсад болох “Долоогийн бүлэг”-ийн (G7) дээд хэмжээний уулзалтын үеэр, дараагийнх нь сарын сүүлчээр Нидерландад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдана.
Эх сурвалж: Kyodo News